Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2020/0408

 

2020 оны 07 сарын 01 өдөр           Дугаар 221/МА2020/0408                          Улаанбаатар хот

И.С-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гуравдагч этгээд М.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ү.А нарыг оролцуулан Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлын дагуу И.С-н нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч И.С, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.А нараас Өлгий сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Өлгий сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 104 дүгээр захирамжийн И.*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, “Өлгий сумын Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 110 дугаар, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104 дүгээр захирамжийн М.А-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... шүүх уг шийдвэрийг гаргахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргав.

Үйл баримтын тухайд, миний бие И овогтой С 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Өлгий сумын Засаг даргын захирамжаар тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Толбо сум явах хар зам дагуу батлагдсан схем зургаар уртаашаа 50 метр, өргөөшөө 30 метр буюу нийт 1,500 м.кв газрын үйлдвэр барих зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшсэн. Тухайн олгосон газрын ойр орчмын газарт ямар ч айл өрх, бусад зориулалтаар газар эзэмшсэн иргэн, аж ахуйн байгууллага байхгүй, харин би түрүүлж 2014 оны зун хашаа татаж, үйлдвэр үйлчилгээ явуулахаар ажлаа эхлүүлсэн боловч М-н А гэх залуу гарч ирж “... чи миний газарт хашаа татаж авсан байна, би чамайг өгдөг газарт чинь өгнө ...” гэж маргаан үүсгэсэн бөгөөд өнөөдрийг хүртэл бусдын хууль бус үйл ажиллагааны буруугаас болж үйлдвэр, үйлчилгээ эрхлэх боломжгүй байдалд хүрсэн. Ингэхдээ уг газрын маргааны асуудлыг шийдвэрлүүлэхээр хандахад мөн л хариуцсан албан хаагч нар байгаагүй тул газрын маргааны асуудал сунжирч эхэлсэн байдаг.

Дараа нь газрын албаны Өлгий сум хариуцсан даамалтай биечлэн уулзаж, Өлгий сумын Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 110 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн газрын холбогдох материалуудыг авах, танилцах гэсэн боловч миний материал архиваас олдоогүй гэсэн хариу өгсөн байх ба мэргэжилтэн А.Е-с 110 дугаартай захирамжийн хуулбарыг арай гэж авсан. Ийнхүү холбогдох материал байхгүй, иргэн М.А-н миний газартай давхацсан гэж хэрүүл маргааны улмаас өнөөдрийг хүртэл явж ирсэн. Гэтэл Өлгий сумын Засаг дарга болон бусад холбогдох албан тушаалтнууд надад огт мэдэгдэлгүйгээр захирамж гаргасан.

Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлийн тухайд:

1. Нэхэмжлэгч талаас би нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл маргаан бүхий тухайн газрыг хууль, журмын дагуу эзэмшсэн тул хүчингүй болгосон нь үндэслэлгүй, газар эзэмшигчийн хувь эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна хэмээн үзэж байна.

2. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх нь хөндөгдөж болзошгүй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох буюу сонсох ажиллагаа хийх үүрэгтэй байх ба хариуцагч нь маргаан бүхий актад тусгасан үндэслэлээр шийдвэр гаргаж гэж буй тухай надад мэдэгдэж, ямар нэгэн тайлбар аваагүй. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулиар тодорхойлсон сонсох ажиллагаа нь захиргааны байгууллага шийдвэр гаргахаас өмнө шийдвэр гаргах үндэслэл, нөхцөл байдлын талаар шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчид мэдэгдэж, түүнээс тайлбар, санал авч, тус саналыг шийдвэр гаргахад харгалзан үзэх буюу санал, тайлбар авсны үндсэн дээр шийдвэр гаргах явдал байдаг. Өөрөөр хэлбэл, дарааллын хувьд сонсох ажиллагааг хэрэгжүүлсний дараа шийдвэр гаргах ёстой бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 27.3 дахь хэсэгт зааснаар тухайн газрыг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн, тодорхой зөрчлүүд гарсан талаар мэдэгдэж, түүнд тайлбар авсны дараа ямар шийдвэр гаргахаа шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна.

3. Маргаан бүхий газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан.

4. Иргэн И.С-д жижиг, үйлдвэр барихад зориулж эзэмшүүлэх М1:4000 гэсэн газрын схем зургийг архитектор Х.С үйлдэж, холбогдох албан тушаалтнууд зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба Өлгий сумын Засаг дарга асан Х.О гарын үсэг зурж, баталгаажуулсан. Дээрх байдлаас дүгнэхэд, холбогдох мэргэжилтэн, албан тушаалтнуудын зохих зөвшөөрлийн дагуу газар олгогдсоноос гадна маргаан бүхий тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд тухайн газрыг эзэмшүүлж болохоор заасан байхыг анхаарч үзэх нь зүйтэй. Мөн тухайн газарт газар эзэмших эрх бүхий этгээдүүд хашаа татаж, үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр эхлүүлсэн боловч бусдын буруугаас болж энэ эрхээ өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэх боломжгүй байгаа.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч И.С нь өөрт оногдсон газраас илүү гаргаж хашаа татаж авсан тул эрх бүхий байгууллага албан тушаалтнуудыг буруутгах үндэслэл байхгүй гэж дүгнэсэн байна. Бидний хувьд тухайн газарт илүү хашаа татаж авсан асуудалд маргахгүй ба газрын даамал н.А-н үзүүлсэн газарт хашаагаа татаж авсан гэдгийг хэлье. Энэ талаар Өлгий сумын Засаг дарга ч маргаагүй. Хэрэв илүү татсан гэж үзвэл тухайн газрыг нь чөлөөлж өгөхөд бэлэн.

Гэтэл шүүхийн уг шийдвэрээр тухайн газарт нэхэмжлэгч, гуравдагч этгээд нь эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй талаар “... эдийн засаг, санхүүгийн боломжгүй байдлаас болсон” гэж тайлбарласан боловч энэ нь хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан биш бөгөөд гуравдагч этгээд нь эзэмшлийн газартаа 6 жилийн хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа огт явуулаагүй, нэхэмжлэгч нь өөрийн газар гэж үзэн бусдын газарт хашаа татсан байх боловч энэ үйлдлийг нь тухайн газрыг үйлдвэрийн зориулалтаар ашигласан гэж шүүхээс дүгнэх боломжгүйгээс гадна нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд газрын талаар маргаан үүсэх үед мэдсэнээс хойш хуулийн хугацаанд Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т зааснаар маргааныг зохих шатны Засаг даргаар шийдвэрлүүлэх эрхээ аль аль нь хэрэгжүүлээгүй, зохих ёсоор шийдвэрлүүлээгүй тул “бусдын хууль бус үйлдлээс болж газрыг зориулалтын дагуу ашиглаагүй” гэж үзэх үндэслэлгүй байна гэжээ.

Уг дүгнэлтээс үзэхэд нэхэмжлэгч И.С-г эдийн засгийн боломжгүйгээс үйл ажиллагаа явуулж чадаагүй гэж дүгнэжээ. Нэхэмжлэгч миний хувьд эдийн засгийн бололцоо байгаагүй биш байсан ба тухайн газарт 2 удаа хашаа татаж байсан гэдгийг хавтаст хэрэгт газрын даамал А, З, Ө, Б, Ж гэх гэрчүүд гэрчилсэн ба шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, газрыг байршлыг тогтоосон зургуудаас тогтоогдсон. Мөн шүүхийн шийдвэрээр уг газарт нэхэмжлэгч И.С нь хашаа татаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэдгийг өөрөө нотолж, дүгнэсэн байдаг.

Харин өөрт оногдсон газраас илүү газар татаж авсан гэж шүүхээс мөн дүгнэсэн явдалд нэхэмжлэгчийн зүгээс маргахгүй гэдгээ дахин хэлмээр байна.

Шүүхээс уг маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримт, хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгт ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэж үзнэ.

Гуравдагч этгээд М.А нь тухайн газрыг намайг хууль бусаар давхардуулж өөртөө авсан мэтээр тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хуульд заасан журмын дагуу тухайн газрыг өмчилж авч байсан. Би М.А-н газарт хашаагаа 2014 онд татаж байсан нь газрыг үзлэгээр тогтоогдсон ба энэ талаар миний хувьд маргахгүй.

Мөн гуравдагч этгээд М.А нь намайг газар татаж аваад н.А гэгчид худалдсан гэжээ. Миний хувьд тухайн газарт хашаа татаж, үйл ажиллагаа эрхлэх зорилгоор явж байхад н.А гэдэг хүн тохир худалдаж авахаар болсон нь үнэн ба худалдсан боловч уг газар нь эрхийн зөрчилтэй байна, газрын гэрчилгээг хүчингүй болгосон гэдэг үндэслэлээр худалдаж авсан газар буцаагдсан.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д “ газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” гэж газар эзэмшигчийн хүлээх үүргийг, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор тус тус заасан.

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нь газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор тухайн газраа зориулалтын дагуу, тодруулбал, үйлдвэр барих зориулалтаар ашиглаагүй, энэ нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хавсралтын холбогдох хэсгээр, шүүхээс хийсэн газрын үзлэгийн тэмдэглэлээр тус тус батлагдсан гэжээ.

Миний хувьд тухайн газарт 2 жил үйл ажиллагаа явуулаагүй биш авснаас хойш буюу 2014 оны 09 дүгээр сард хашаа татаж дуусгасан ба үйл ажиллагаа явуулах зорилготой байсан. Намар болсон тул тухайн газарт үйл ажиллагаа эхлэх бололцоо болоогүй өвөл болсон. Тэгээд дараа нь тухайн татсан хашаа нь салхи шуурганд эвдэрч гэмтсэн ба тэгж яваад дахин хашаа татаж үйл ажиллагаа эхлэх гэтэл гуравдагч этгээд болох М.А нь миний газарт та хашаа буруу татсан гэдэг маргаан үүссэн. Түүнээс хойш би н.А гэдэг хүнд худалдсан ба тэр хүн үйлдвэр үйлчилгээ явуулах барилга барьж эхлэх гэтэл тухайн газрыг хүчингүй болгосон гэдгийг 2019 оны сүүлээр мэдсэн юм.

Үйлдвэр үйлчилгээний зориулалттай газар нь хувийн эзэмшлийн газраас харахад онцлогтой, цаг хугацааны хувьд шаардлагатай байдаг.

Шүүхээс шийдвэр гаргахдаа албан тушаалтны хуулиа хэрэгжүүлээгүй, хууль бус уг үйлдлийг түүнд ашигтайгаар буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна. Мөн түүнээс гадна шүүхээс тухайн газарт үзлэг хийхэд М.А-н өмчлөлийн газраас хойших миний газар гэдэг нь тогтоогдсон ба уг газарт “МТ” бензин колонк нь давхардаж олгогдсон байсан гэдгийг шалгах шаардлагатай болов уу гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Өлгий сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104 дүгээр захирамжийн И.С надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: “... шүүхээс миний 2011 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Өлгий сумын Засаг даргын 34 тоот захирамжаар үйлдвэр барих зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшсэн 1,500 м.кв газрыг Газрын тухай Монгол Улсын хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр миний гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон юм.

Тэр үед надтай хамт үйлдвэр барих зориулалтаар газар эзэмшсэн иргэн Б.А, М.С нар анх уг газарт 2014 онд хашаа татсан ба би ч хашаа татахаар зэхсэн боловч хуулийг хараад газраа эзэмшсэнээс 3 жил өнгөрснийг мэдэж хоосон хашаа татаад яах юм нэгэнт хүчингүй болсон байх гэж хувьдаа ойлгоод тэр чигтээ орхисон юм.

Гэтэл миний эзэмшсэн газраас залгаа газар эзэмших болсон Өлгий сумын 5 дугаар багийн иргэн /нэхэмжлэгч/ И.С гэгчид миний газар энэ хэмээн түүний хүү Баян-Өлгий аймгийн шүүхийн шүүгч А.Д-т газрын даамал Б.А нь миний газрыг зааж өгч түүний ах А.Ж-р торон хашаа татуулан 2017 он хүртэл хууль бусаар эзэмшүүлсэн байсныг сүүлд мэдсэн. Иргэн /нэхэмжлэгч/ И.С-н эзэмших ёстой газрыг миний газрын нэгэн адил Өлгий сумын Засаг дарга Х.Б нь 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104 тоот захирамжаар бүтэн 6 жилийн дараа хүчингүй болгосныг газрын даамал Б.А нь намайг 2019 оны 04 дүгээр сард гудамжинд явж байхад тааралдаж өрөөндөө дагуулж ороод хүчингүй болсон он, сар, өдрийг нь хэлсэн.

Тэрээр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын нэр дээр 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өргөдөл гаргасан боловч хариуг нь бүтэн 8 сарын дараа өгсөн болно. Тэгээд би уг асуудлыг гартаа авч хөөцөлдөж эхлэхэд иргэн И.С-д миний газрыг хууль бусаар эзэмшүүлж 2017 онд хүчингүй болсны дараа түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж нь бусдад буюу иргэн З.А гэгчид худалдаж тэр хүн дураараа аашлан уг 1,500 м.кв газрыг 1,854 м.кв болгон томсгож модон хашааг 2018 оны 03 дугаар сард татан одоо хүртэл хууль бусаар эзэмшиж байна.

Анх надад газар хэмжиж өгсөн газрын даамал Х.Н, А.Е нар ямар нэгэн байдлаар гэрээ байгуулаагүй, үйлдвэрийг яаж, ямар зориулалтаар барьж яаж ашиглахыг тайлбарлаагүй. Сүүлд хавтаст хэрэгтэй танилцахад газар эзэмших гэрээг өөрсдөө гараар бөглөн миний нэрийг /гарын үсгийг/ дармалаар бичин хуурамч баримт бичиг үйлдэж хавсаргасан байсныг мэдсэн. Мөн иргэн /нэхэмжлэгч/ И.С-д газар эзэмшүүлэх процесс анхаарал татахуйц маягтай явагдсан. Түүнд 2012 онд Өлгий сумын Засаг дарга газар эзэмших захирамж гаргав. 2013 онд газрын даамал Т.З гэрчилгээ олгосон. 2014 онд газрын даамал Б.А нь чиний эзэмшлийн газар энэ хэмээн миний газрыг зааж өгсөн байдаг. Дээрх нэр дурдсан албан тушаалтнуудыг шүүгч гэрчээр байцаасан боловч болсон асуудлыг сайтар тогтоогоогүй нь учир дутагдалтай байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь захиргааны акт батлан гаргахын өмнө эрх нь хөндөгдөж болзошгүй этгээдэд шийдвэр гаргах боломж олгох буюу сонсох ажиллагаа хийх үүрэгтэй байх ба хариуцагч нь маргаан бүхий актад тусгасан үндэслэлээр шийдвэр гаргах гэж буй тухай надад мэдэгдэж ямар нэгэн тайлбар аваагүй.

Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулиар тодорхойлсон сонсох ажиллагаа нь захиргааны байгууллага шийдвэр гаргахаас өмнө шийдвэр гарган ажиллагаанд оролцогчид мэдэгдэж түүнээс тайлбар, санал авч, тус саналыг шийдвэр гаргахад харгалзан үзэх буюу санал тайлбар авсны үндсэн дээр шийдвэр гаргах явдал байдаг. Өөрөөр хэлбэл, дарааллын хувьд сонсох ажиллагааг хэрэгжүүлсний дараа шийдвэр гаргах ёстой бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тухайн газрыг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн, тодорхой зөрчлүүд гарсан талаар мэдэгдэж, түүнд тайлбар авсны дараа ямар шийдвэр гаргахаа шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.

Иймд дээрх хуульд заасан ажиллагааг хийгээгүй тул маргаан бүхий акт хүчингүй болгох хангалттай үндэслэл бүрдэж байна. Газрын тухай Монгол Улсын хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Үүнээс үзэхэд иргэн /нэхэмжлэгч/ И.С-д олгосон газар нь миний эзэмшлийн газар мөн Магнай трейд шатахуун түгээх станцын зунд заагт хэмжигдсэн холбогдох хууль тогтоомжийн заалтуудыг ноцтой зөрчиж олгосон нь газрын даамлуудын хууль бус үйлдэл, хариуцлагагүй байдал гэж ойлгож байна.

Дээрх байдлаас үзэхэд анх надад олгосон үйлдвэр барих зориулалтын 1,500 м.кв газар нь холбогдох албан тушаалтнуудын хариуцлагагүй байдлаас болж газрын наймааны золиос болж өнөөдрийг хүртэл тодорхой эзэнгүй байгаад гомдолтой байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 26 тоот шийдвэрийг хүчингүй болгож, миний бие даасан шаардлагыг хангаж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 110 дугаар захирамжаар “Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Толбо сум явах хар зам дагуу батлагдсан схем зургийн дагуу уртаашаа 50 м, өргөөшөө 30 м буюу нийт 1500 м.кв газрыг ФД48062209 регистртэй Х овогт И-н С-д үйлдвэр барих зориулалтаар 30 жилийн хугацаатай”, 2011 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 34 дүгээр захирамжаар “Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Толбо сум явах чиглэлийн хар зам дагуу батлагдсан схем зургийн дагуу ... уртаашаа 30 м, өргөөшөө 50 м буюу 1500 м.кв газрыг БЮ79022757 регистрийн дугаартай Ш Х овогт М-н А-д ... үйлдвэр барих зориулалтаар 30 жилийн хугацаатай” тус тус эзэмшүүлж байжээ.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104 дүгээр захирамжаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмшүүлсэн шийдвэрүүдийг хүчингүй болгосныг нэхэмжлэгч эс зөвшөөрч нэхэмжлэл гарган, гуравдагч этгээдээс нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон шийдвэр болон түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар бие даасан шаардлага гарган маргасан байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заажээ.

Нэхэмжлэгч И.С-н 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 000435571 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд газрын байршлыг “4-р баг, Сакений хашааны зүүн тал” гэж, гуравдагч этгээд М.А-ын 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 0388246 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд газрын байршлыг “4-р багт, Сакены хашааны урд талд” гэж тус тус тэмдэглэжээ.

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй талаар маргаагүй бөгөөд харин газраа ашиглаагүй талаарх шалтгаанаа гуравдагч этгээдийн эзэмшлийн газарт нэхэмжлэгчид давхцуулан газар олгосны улмаас маргаан үүсэж, газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон гэсэн үндэслэлээр маргажээ.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд эзэмшүүлэх газрын схем зураг, гэрчүүдийн мэдүүлэг, кадастрын зураг зэргээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшлийн газар давхацсан болох нь нотлогдоогүй. Анх гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхдээ М.С-д эзэмшүүлсэн газраас шууд залгаа байдлаар, харин нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газрын байршлыг гуравдагч этгээд М.А-д эзэмшүүлсэн газраас урагш шууд залгаа байдлаар тус тус тогтоосон болох нь нотлогдсон байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхдээ түүний хүсэлтийг үндэслэн гуравдагч этгээдийн газартай давхцуулалгүйгээр газар эзэмшүүлсэн байхад уг газраа зориулалтын дагуу ашиглалгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшлийн газарт хашаа татаж хууль бусаар эзэмшсэнээр газрын маргаан үүсэж, газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэлээр тайлбарлан маргаж байгааг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх нь хууль зүйн хувьд боломжгүй юм.    Нөгөө талаар, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга” шийдвэрлэхээр зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс газар эзэмших эрх болон газрын давхцлын талаар үүссэн маргааныг зохих шатны Засаг даргад хандан шийдвэрлүүлж, газраа эзэмших эрхээ хэрэгжүүлэх, маргааныг шийдвэрлүүлэх талаар хандах боломжтой байжээ.

“Сонсох ажиллагаа явуулаагүй” гэх үндэслэлийн тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зохицуулсан сонсох ажиллагааны зорилго нь захиргааны байгууллага захиргааны акт чиглэж буй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох, уг тайлбар, санал нь захиргааны шийдвэрт нөлөөлөхүйц байхыг ойлгоно. Энэ тохиолдолд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд өөрсдийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашигласан болох нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны үеэр буюу шийдвэр гаргахаас өмнө газраа ашиглаж байгаа эсэхийг шалгахад болон захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлогдоогүй байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ