Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 1422

 

 

 

 

 

 

 

Ц.Туяацэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

          Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2016/00008 дугаар шийдвэртэй,

 

          Нэхэмжлэгч Ц.Туяацэцэгийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч Б.Баясгаланд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 30 750 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

         Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.        

 

         Шүүх хуралдаанд:

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Цэндсүрэн,

         Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Очирваань,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Баясгалан нь 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 30 000 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй зээлж, зээлээ 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Би зээлдүүлсэн 30 000 000 төгрөгөө Б.Баясгалангийн 5001041315 дугаарын Хас банкны дансанд шилжүүлсэн. Зээлдэгч Б.Баясгалан нь хугацаандаа зээлсэн мөнгийг эргүүлэн төлөх үүрэг хүлээсэн боловч өнөөг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд удаа дараа холбоо барин гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч ямар нэгэн хариу өгөхгүй өнөөдрийг хүрч намайг хохироож байгаад маш гомдолтой байна. Иймд зээлийн гэрээний үүргийн биелэлт болох үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүү 750 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг нийт 45 750 000 төгрөгөөс 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 15 000 000 төгрөгийг хасч тооцоод 30 750 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би А.Урансайханд зуучилсан гээд 1 500 000 000 төгрөгийн дүнтэй тендерийн ажлын 2 хувийг хүн олж өгсөн урамшуулалд авсан юм. Уг авсан 30 000 000 төгрөгөөс 15 000 000 төгрөгийг нь би төлчихсөн. Үлдэх 15 000 000 төгрөгийг А.Урансайханаар төлүүлэхээр нэхэмжлэгч Ц.Туяацэцэг нь гэрээ хийсэн байдаг. Миний хувьд Ц.Туяацэцэгтэй зээлийн гэрээг мөнгө зээлэх зорилгоор байгуулаагүй, зүгээр мөнгө өгсөн авсан баримт үйлдэх гэж хийсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр бидний хооронд хийгдсэн зээлийн гэрээ нь тухайн гэрээг байгуулах хүсэл зориг байхгүйгээр өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн гэрээ юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон түүний нөхөр Ц.Батмөнх нь “худалдан авах ажиллагааны газраас барилга нураалтын ажлыг авмаар байна ажил байна уу” гэхээр нь миний бие Ц.Батмөнх болон, Ц.Туяацэцэг нарыг Урансайхантай холбож өгсөнөөр 30 000 000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Миний хувьд 30 000 000 төгрөг хүүтэй зээлэх, зээлдүүлэгчийн тухайд мөнгө хүүлэх хүсэл зорилгогүй зөвхөн зуучлалын гэрээг халхавчилахын тулд хийгдсэн хэлцэл болно. Миний бие нэхэмжлэгчийн “Бат строй” ХХК-д нь барилга нураалтын тендерийн ажил олж өгөхөөр зуучилсан тул зуучлалын хөлсөнд 15 000 000 төгрөгийг зуучлуулагч нараас авсан. Үлдэх хэсгийг А.Урансайхан нь нэхэмжлэгч болон түүний нөхөр Батмөнх нарт нураалтын ажил олж өгөхөөр авсан төлбөр байдаг. Үүнийг ч нэхэмжлэгч Б.Туяацэцэг болон түүний нөхөр Батмөнх нар нь тухайн үед ойлгож мэдэж байсан. Анх гэрээ байгуулахаас өмнө нэхэмжлэгч Б.Туяацэцэг түүний нөхөр Батмөнх нар нь А.Урансайхантай уулзаж барилгын нураалтын ажил авахаар ярилцаж байсан бөгөөд тус ажлын мөнгийг миний дансаар дамжуулан шилжүүлсэн тул түүнийгээ үйлдлээ баталгаажуулах зорилгоор тус зээлийн гэрээг надтай байгуулсан болно.  А.Урансайханы олж өгөх нураалтын ажил бүтээгүй тул эдгээр хүмүүс нь тус хэлцэл байгуулах болсон шалгаан нөхцөлийг нууж намайг мөнгө зээлэх гэсэн хүсэл зорилготой байсан мэтээр тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна. Иймд 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Ц.Туяацэцэг болон Б.Баясгалан бид нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Б.Баясгалантай байгуулсан зээлийн гэрээ нь ямар нэгэн хэлцэл, гэрээг халхавчлах зорилгоор хийгдээгүй, сайн дурын үндсэн дээр хийгдсэн хүчин төгөлдөр зээлийн гэрээ юм. Бид зээлийн гэрээ байгуулсан учраас 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Б.Баясгалангийн Хас банкин дахь 5001041315 дугаартай дансанд нь бэлнээр 30 000 000 төгрөгийг гэрээний дагуу шилжүүлсэн. Сөрөг нэхэмжпэлд дурдсан А.Урансайхан гэгч эмэгтэйд мөнгө зээлүүлээгүй, А.Урансайхан гэх эмэгтэй надад төлөх төлбөргүй. Харин Б.Баясгалан нь зээлсэн мөнгөө өгч чадахгүй болохоороо манай төрсөн эгч, эсвэл манай ээжийн дүү худалдан авах ажиллагааны газар ажилладаг Сайханаа гэдэг эгч бий, би танд барилга нураалтын ажил олж өгч чадна гэж гуйж, мөн санал тавьж байсан боловч би зөвшөөрөөгүй. Учир нь манайх нураалтын ажил хийдэг компани биш, тэгээд ч би ямар нэгэн компанийн эзэн захирал биш учраас зөвшөөрөөгүй. Ингээд Б.Баясгалангаас амралтын өдрүүдэд мөнгөө нэхэж байнга гэрт нь очиж, маш их зардал гаргасан, сүүлдээ зээлсэн мөнгөө өгөхгүй, гэрт нь очихоор хаалгаа тайлахгүй, утсаа авахгүй зугтаагаад байдаг байсан. Мөнгө нэхээд өгөхгүй болохоор нь шүүхэд хандана, цагдаагийн байгууллагад гомдол гаргана гэсэн чинь нэхүүлж нэхүүлж 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 15 000 000 төгрөг өгөхөөр болсон. Тухайн өдөр би өвчтэй байсан учраас нөхөр Батмөнхийг явуулахад 2 цаг гаруй унжиж гэрээний ар талд манай эгч Б.Урансайхан нь “үлдэгдэл төлбөрийг төлнө, Б.Баясгалан надтай тооцоогүй" гэж заавал бич, бичихгүй бол 15 000 000 төгрөгөө өгөхгүй гээд байхаар нь манай нөхөр бичиж өгсөн гэсэн. Би Б.Баясгалантай зээлийн гэрээ байгуулж 30 000 000 төгрөгөө зээлүүлсэн, харин Б.Баясгалан өөрийн эгч А.Урансайхантайгаа тооцоогоо хийх, хийхгүй нь надад хамаагүй, би Б.Баясгаланд мөнгө зээлсэн учраас Б.Баясгалангаас мөнгөө гаргуулна. Б.Баясгалан нь мөнгө зээлж авахдаа их сайхан ааштай, боловсон харьцаатай байсан ба мөнгө авсаны дараа догшин ширүүн, их омогтой, дээрэлхүү шинжтэй болсон. Хэрэгтэй үедээ авч хэрэглэчихээд өгөх болохоороо ийм муухай ааш авир гаргаж байгаа нь энэ хүнийг ямар хүн бэ гэдгийг харуулж байна. Иймд Б.Баясгалангийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

           

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ц.Туяацэцэгийн зээлийн гэрээний үүрэгт 30 750 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Баясгаланд холбогдох үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Б.Баясгалангийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Туяацэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314 700 төгрөг, хариуцагч Б.Баясгалангийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Туяацэцэгээс 70 200 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Баясгаланд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Туяацэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээ нь иргэн Ц.Туяацэцэг, Б.Баясгалан нарын хооронд байгуулсан гэрээ болохоос энэ хэрэг маргаанд огт хамааралгүй "Бат Строй" ХХК-ийн үйл ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн хариуцагч Б.Баясгалантай байгуулсан зээлийн гэрээний үүргийг хэрэг маргаанд хамааралгүй А.Урансайхантай холбож шийдвэрлэсэн нь Иргэний хуульд заасантай нийцэхгүй байна. Б.Баясгалангийн хувьд надад холбогдуулан "үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай" сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүхийн зардалд 70 200 төгрөг тушаасан байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д тус тус заасныг  зөрчиж сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсаныг эс зөвшөөрч байна. Шүүхээс зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус өөр хэлцэлийг халхавчилсан хэлцэл гэж үзсэн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-т заасан заалтыг орхигдуулсан. Учир нь Б Баясгалан нь 30 000 000 төгрөг зээлж авсан боловч зээлээ эргүүлж төлөх болохоор "төлж чадахгүй байна, манай эгч Худалдан авах ажиллагааны газар ажилладаг юм. Би танай компанид тендер авч өгье, 15 000 000 төгрөгөө төлөөд үлдэгдэл дүндээ таарсан ажил олж өгнө" гэдэг байсан. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Туяацэцэг нь хариуцагч Б.Баясгаланд холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 30.750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

           Хариуцагч 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан байна.

            Гэвч 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн шүүгчийн захирамжаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан атлаа 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн шүүх хуралдаанаар сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ. /хх-ийн 37, 39, 168-170-р тал/

            Түүнчлэн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-т заасан шаардлагыг хангаагүй байна.

                       

Иймд анхан шатны шүүх дээрх  байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

             1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2016/00008 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.БАТЗОРИГ                                     

                                                          ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ                                                                                                      

                                                                                                          Г.ДАВААДОРЖ