Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2026/01036

 

 

 

 

 

 

 

 

 

2026 05 08 210/МА2026/01036

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Т.Бадрах, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2026/04197 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 129,542,906 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.******* нь *******-тай 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Техник, тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-г байгуулсан. ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нэрээ өөрчлөн ******* болсон.

Түрээсийн гэрээнд заасны дагуу түрээслүүлэгч нь ******* улсын дугаартай, СAT D9R маркийн бульдозер, болон ******* улсын дугаартай, ******* загварын 11,800 литрийн багтаамжтай түлш ачих зориулалттай техник тоног төхөөрөмжүүдийг түрээсэлж, ******* аймгийн ******* сумын нутагт байрлах Хотгорын уурхайд ашиглахаар тохиролцож түрээслэгч тал дээрх хоёр техник, тоног төхөөрөмжийг хүлээн авсан.

1.2.Түрээслэгч *******-иас 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 01/17 тоот албан бичгээр уурхай ашиглах гэрээний хэрэгжилт болон байгаль орчин, орон нутгийн асуудал зэргээс шалтгаалан талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээг цуцалж, Техник, тоног төхөөрөмж хүлээн авснаас 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаарх түрээсийн тооцоо нийлэхийг мэдэгдсэн.

1.3.Уг албан бичгийн дагуу тооцооны үлдэгдлийн баталгаа хийж, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацааны өгч авалцсан зүйлээ нягтлан бодох бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн тооцоо нийлэх гэтэл ******* өнөөдрийг хүртэл тооцооны үлдэгдлийн баталгааны хуудсан дээр гарын үсэг зурахгүй, өр төлбөрөө барагдуулахгүй байгаа. Иймд техник тоног төхөөрөмж түрээслэх гэрээнд заасны дагуу 193,828,620 төгрөг гаргуулахаар шаардсан.

1.4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас ирүүлсэн баримтаар 39,000,000 төгрөг, 15,285,714 төгрөг, 10,000,000 төгрөг, нийт 64,285,714 төгрөгийг түрээсийн төлбөрт шилжүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 64,285,714 төгрөгөөр багасгаж, үлдэх 129,542,906 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.*******  нь 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн дагуу нэрээ өөрчлөн ******* болсон.

2.2.******* нь *******-тай гэрээ байгуулж Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт байрлах Хотгорын уурхайд хөрс хуулалтын ажил гүйцэтгэхээр болсон. Хөрс хуулалтын ажил гүйцэтгэхэд бульдозер болон түлшний машин шаардлагатай болсон бөгөөд эдгээр тоног төхөөрөмжийг түрээсээр ашиглах шаардлага гарсан.

Улмаар ******* -тай 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ТГ2023/02 тоот Техник, тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулж бульдозер болон түлшний машин түрээсэлсэн.

2.3.******* аймгийн ******* сумын ******* уурхайд техник, тоног төхөөрөмжөө зөөвөрлөн аваачих үеэс орон нутгийн иргэдийн эсэргүүцэл гарч удалгүй Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчны байгууллагуудын төлөөлөл уурхайн үйл ажиллагааг эхлэх боломжгүй болгож бүрэн зогсоосон.

2.4.Талуудын хооронд байгуулсан Техник тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний 4.1-д ...бульдозер нэг мото цагийн төлбөр 232,143 төгрөг байна. Нэг сарын түрээсийн төлбөрийг тооцохдоо 232,143 төгрөгийг ажилласан мото цагаар үржүүлэн тооцно. гэж, 4.2-т ...түлшний машины нэг сарын түрээсийн төлбөр 20,000,000 төгрөг байна. гэж тус тус заасан.

Манай компаниас *******-д нийт 101,085,714 төгрөгийг шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас 116,042,906 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,128,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 907 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагчаас 738,165 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.******* нь ******* аймгийн ******* сумын нутагт байрлах ******* уурхайд хөрс хуулалтын ажил гүйцэтгэхээр техник, тоног төхөөрөмжөө зөөвөрлөн аваачих үеэс орон нутгийн иргэдийн эсэргүүцэл гарч удалгүй ******* аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчны байгууллагуудын төлөөлөл уурхайн үйл ажиллагааг эхлэх боломжгүй болгож, ажил зогссон.

4.2.Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1-д ...бульдозер нэг мото цагийн төлбөр 232,143 төгрөг байна. Нэг сарын түрээсний төлбөрийг тооцохдоо 232,143 төгрөгийг ажилласан мото цагаар үржүүлэн тооцно. гэж, 4.2-т ...түлшний машины нэг сарын түрээсийн төлбөр 20,000,000 /хорин сая/ төгрөг байна. гэж техникүүдийг ажилласан цагаар төлбөр төлөхөөр зохицуулсан. Тодруулбал, талуудын хооронд байгуулсан гэрээгээр техникийг ашигласан цагаар төлбөр төлөхөөр тохирсон.

Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 116,042,906 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэтгэлцэх боломжоор хангаагүй, хууль, гэрээнд нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1.Талууд түрээсийн болон тээвэрлэлтийн гэсэн 2 гэрээ байгуулсан. Техник, тоног төхөөрөмжийг уурхайд очих үеэс 100 хувь ажил зогсоогүй, тодорхой хэмжээнд ажилласан. Түрээсийн хугацаанд мото цагаас давсан тохиолдолд илүү цаг бодож явдаг тохиролцоотой түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн үнэ болон тоног төхөөрөмжийн жагсаалтад талууд маргаагүй. Анх нэхэмжлэл гаргахдаа тээврийн төлбөрт төлсөн мөнгийг тооцохгүй, буруу тооцож илүү нэхэмжилсэн байсныг шүүх хуралдаанаар багасгаж шийдвэрлүүлсэн.

5.2.Анхан шатны шүүхээс хариуцагч талыг нотлох баримт гаргаж өгөх, өмгөөлөгчтэй оролцох бүх боломжоор хангаж хэргийг нэг жилийн гаруй хугацааны дараа хянан шийдвэрлэсэн. Тийм учраас оролцогчийн эрхийг хязгаарласан мэтгэлцэх боломж олгоогүй гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч талын гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 193,828,620 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 129,542,906 төгрөг болгон багасгасныг хариуцагч төлбөрт 101,085,714 төгрөг төлсөн, гэрээнд ашигласан мото цагаар тооцож төлбөр төлөхөөр тохирсон үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1.Талууд 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ТГ2023/02 тоот Техник тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-г байгуулсан, уг гэрээгээр: Түрээслүүлэгч болох ******* өөрийн өмчлөлийн ******* улсын дугаартай, ******* маркийн бульдозер, ******* улсын дугаартай, Ultra Novus загварын 11,800 литрийн багтаамжтай түлш ачих зориулалттай техник тоног төхөөрөмжийг ******* аймгийн ******* сум дахь уурхайн талбарт түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаагаар шилжүүлэхээр, Түрээслэгч болох ******* бульдозер нэг мото цагийн төлбөр 232,143 төгрөг, нэг сарын төлбөрийг ажилласан мото цагаар тооцох, түлшний машиныг нэг сард 20,000,000 төгрөгөөр тооцон тус тус төлөхөөр тохиролцсон. /хх 7-8/

3.2.Талууд мөн өдрөө ТЭГ2023/03 тоот Тээвэрлэлтийн гэрээ-г байгуулж, уг гэрээгээр: тээвэрлэгч ******* дээрх техник тоног төхөөрөмжийг тээвэрлэн уурхайн талбайд хүргэхээр, тээвэрлүүлэгч ******* тээвэрлэлтийн хөлс 35,100,000 төгрөг, түлшний зардал 1,700,000 төгрөгийн хамт төлөхөөр тохиролцжээ. /хх 9-10/

3.3.******* хуулийн этгээдийн оноосон нэрээ ******* болгон өөрчилсөнд талууд маргаагүй. /хх 17-18/

 

Талуудын маргааны зүйл төлбөрийг хэрхэн тооцох, төлбөр бүрэн төлөгдсөн эсэх болжээ.

 

4.Анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээ мөн зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан бичгээр хийх хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр талаар үндэслэл бүхий дүгнэжээ.

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

5.Хариуцагчаас түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс цуцлах санал гаргасныг нэхэмжлэгч эсэргүүцээгүй, хүлээн зөвшөөрсөн нь тогтоогдож байх тул энэ өдрөөс гэрээ цуцлагдсан гэж үзэх нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцнэ. Иймд гэрээ цуцлах хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

6.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 116,042,906 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж чадаагүй байна. Уг алдааг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

6.1.Талууд түрээсийн гэрээний 5.2.7-д заасан түрээсийн зүйлийг Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг дахь уурхайн талбайд хүргэх зардлыг түрээслэгч тал хариуцах үүргийн хүрээнд зохигчид тус гэрээнээс гадна тусдаа тээвэрлэлтийн гэрээг мөн өдрөө байгуулсан, тээвэрлэлтийн гэрээний дагуу 35,100,000 төгрөг, шатахууны зардал 1,700,000 төгрөг, нийт 36,800,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон тул хариуцагчийн төлсөн 101,085,714 төгрөгөөс хасаж тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

6.2.Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс нотлох баримтаар ирүүлсэн хэргийн 13 дахь талд авагдсан 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн төлбөрийн нэхэмжлэхийг үндэслэл болгож маргааныг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Харин тухайн баримт дахь төлбөрийн тооцоолол алдаатай байгааг анхаараагүй байна.

 

6.3.Талуудын хоорондох гэрээний 4.1-д бульдозерийн хувьд ашигласан мото цагийг нэг цагт 232,143 төгрөг байх, мөн сарын түрээсийг ашигласан мото цагаар тооцохоор гэрээний нөхцөлийг тохирсон байх боловч зохигчид тээврийн хэрэгслийг хүлээлцсэн баримт үйлдээгүйгээс ашигласан мото цагийг тогтоосон дэмжих баримт хэрэгт авагдаагүй, зохигчийн хэн аль нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй.

Хэргийн баримтаар хариуцагч гэрээний зүйлийг гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд бодитоор эзэмшил ашиглалтдаа байлгасан үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч гэрээний 5.1.2-т түрээслүүлэгч нэг сард хамгийн багадаа 560 мото цаг ажиллах үүрэгтэй гэж тохирсныг үндэслэл болгож, бульдозерийн нэг сарын түрээсийн төлбөрийг 130,000,000 төгрөг /232,143 * 560/ гэж тооцсоныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй.

 

6.4.Уг төлбөрийн нэхэмжлэхэд 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх 17 хоногийн хугацаанд түрээсийн зүйлийг ашигласнаар, мото цагийг нэг өдрийн 20 цаг, нийт 340 цаг ашигласнаар тооцож, бульдозерийн түрээсийн төлбөрт 78,928,620 төгрөгөөр тооцон шаардсаныг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй тул энэ хэмжээгээр тооцох нь зүйтэй. Харин түлшний машины хувьд дээрх 17 хоногт ногдох төлбөр 10,967,737 төгрөг байхыг 11,400,000 төгрөг гэж алдаатай тооцсоныг залруулна.

(20,000,000 : 31 хоног = нэг өдөрт 645,161 төгрөг *17 хоног = 10,967,737)

 

6.5.Талууд сарын түрээсийн төлбөрийг сул зогсолтын үед буюу 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойшхи хугацаанд 30 хувиар тооцож төлөхөөр тохиролцсон нь *******-ийн 24/08 тоот албан бичгээр тогтоогдсон, үүнд маргаагүй байна. Харин уг төлбөрийн нэхэмжлэхэд энэ хугацаанаас хойшхи төлбөрийг 30 хувиар бууруулан, хоногоор тооцож гаргахдаа алдаатай тооцсныг залруулбал нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх 29 хоногийн хугацааны бульдозер 36,483,856 төгрөг, түлшний машин 5,612,892 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөр байна.

(130,000,000 :31 хоног = нэг өдөрт 4,193,548 төгрөг *30% =1,258,064 төгрөг *29 хоног

20,000,000 : 31 хоног = нэг өдөрт 645,161 төгрөг *30% =193,548 төгрөг *29 хоног )

 

Дээрхийг нэгтгээд түрээсийн төлбөр 131,993,105 төгрөг (78,928,620 +10,967,737 +36,483,856+ 5,612,892) байх тул төлөгдсөн 64,285,714 төгрөгийг хасаж, үлдэх 67,707,391 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцнэ. Энэ үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлоос гэрээний гол нөхцөлийг мото цагаар тооцохоор тохирсон, ашигласан мото цаг байхгүй гэх агуулгаар гаргасан хэсгийг хангахгүй орхиж, нэхэмжлэлийн шаардлагаас 116,042,906 төгрөг гаргуулсныг зөвшөөрөхгүй гэсэн хэсгийг хангав.

 

7.Шүүх 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШЗ2026/16745 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн гаргасан шүүх хуралдаан хойшлуулах, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2, 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсгийг зөв хэрэглэсэн байна.

 

Шүүх хуралдаан давхацсан талаарх дэмжих баримтыг ирүүлээгүй, хариуцагч өөрийн төлбөр төлсөн баримтыг нэр бүхий банкнаас шүүхийн журмаар гаргуулахыг хүссэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байх тул шүүх эрх хэмжээний хүрээндуг хүсэлтүүдийг хангахаас татгалзаж, хуралдааныг үргэлжлүүлсэн явдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдохгүй. Иймд хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, мэтгэлцэх боломжоор хангаагүй тухай хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

8.Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2026/04197 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч *******-иас 67,707,391 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 61,835,515 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтад 738,165 гэснийг 496,487 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 738,165 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

 

О.ОДГЭРЭЛ