Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2026/01046

 

 

 

 

 

 

 

 

 

2026 05 08 210/МА2026/01046

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Т.Бадрах, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШШ2026/02698 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох,

Тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай

иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Миний бие *******-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 13/45 тоот тушаалаар Маркшейдерын инженер, уурхайн дэд даргаар томилогдсон бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн.

1.2.*******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн КН-25-09-02 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсгийг баримтлан мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүйн гаргасан нь тогтоогдсон үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

1.3.2015 оноос намайг уурхайн дарга гэж нэрлэх болсон боловч уурхайн даргын үүрэгт ажилд томилсон тушаал болон ажлын байрны тодорхойлолт гаргаж өгөөгүй. Мөн тушаалд Ажилтан зөвшөөрөлгүйгээр компанийн өмч болох техник, тоног төхөөрөмжийг захиран зарцуулсан нь дотоод хяналт, ******* хийсэн ярилцлагаар тогтоогдсон гэсэн боловч уг тушаалд заасан эд хөрөнгийг хариуцуулан хүлээлгэж өгөөгүй, тэдгээр хөрөнгийг захиран зарцуулах эрх олгоогүй.

Ажилтан өөрийн зардлаар компанийн захирлуудын бусдад тараасан техник, тоног төхөөрөмжийг сэргээн засварлаж, уурхайн талбайд авчирч хүлээлгэн өг гэж тушаасан нь үндэслэлгүй. Техникийг зөөх тээвэрлэх засварлахад ямар ч төсөв хөрөнгө гаргаж өгөөгүй.

1.4.Компанийн дотоод журмын 4.4-д Ажил хүлээлцэх комисс нь иргэдийг ажилд авах, ажлаас чөлөөлөх үед ажлын байрны нөөц хэрэгсэл, эд хөрөнгийг хүлээлгэн өгөх, хүлээн авах тухай ажил хүлээлцсэн актыг ажил олгогчид танилцуулах үүрэгтэй. гэж заасан боловч ажилд томилохдоо байрны нөөц хэрэгсэл болон эд хөрөнгийг хүлээлгэн өгч, акт үйлдсэн зүйл байхгүй.

1.5.Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолоор Ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино гэж тайлбарласан.

Ажил олгогчийн итгэлийг алдаж мөнгө эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан нь хууль, санхүүгийн болон дотоод хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон зүйл огт байхгүй. Эд хөрөнгийн тооллого хийнэ гэж хэдэн хүн ирээд архидаж байгаад буцаад явсан. Миний бие компанийн хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан зүйл байхгүй.

Иймд *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн КН-25-09-02 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 7,900,086 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Нэхэмжлэгч нь 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн уурхайн даргаар томилогдон 2025 оны 09 дүгээр сар хүртэл нийт 12 жилийн хугацаанд ажилласан.

2.2.Тэрээр Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн заавар, хөдөлмөрийн дотоод журам болон бусад холбогдох баримт бичгээр хүлээсэн дараах чиг үүргээ зөрчсөн. Үүнд:

-2023 оны 08 дугаар сард ачигч ковш уурхайгаас ******* руу авч явсан. Хөрөнгийг зохих ёсоор ашиглаж, түрээслэх замаар компанид орлого олох гэж байна гэж төсөөлсөн боловч бүтэн жилийн хугацаанд ахиц гараагүй. *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 24-07-01 тоот тушаалаар ачигч ковшийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны дотор буцааж авчирч өгөхийг даалгасан боловч удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй.

-Компанийн албаны хэрэгцээнд ашиглуулахаар итгэмжлэн хариуцуулсан Hyundai Truck, арлын дугаар-*******, улсын дугаар-*******; Рuеl Саr, улсын дугаар *******; генератор, агуулахын бүртгэлд бүртгэгдсэн; Land Cruiser, ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэрэг хөрөнгийг компанийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр уурхайн талбайгаас гаргаж, өөрийн ашиг сонирхолд ашигласан нь дотоод хяналт, шалгалтаар тогтоогдсон. Payloader, ******* улсын дугаартай төхөөрөмжийг удирдлагын зөвшөөрөлтэй гуравдагч этгээдэд хөлслүүлэхээр явсан боловч гэрээ байгуулаагүй, буцааж авчраагүй, ямар ч хамгаалалтгүй хоосон газар орхисон. Хөрөнгийг компанийн удирдлага удаа дараа буцаан өгөхийг шаардсан боловч бүрэн хүлээлгэн өгөөгүй.

-Хөдөлмөрийн гэрээний 4.3.г, 4.3.и дэх хэсэгт заасан компанийн өмч хөрөнгө үрэгдүүлж, ашиглан завшиж, компанид хохирол учруулж, хариуцсан ажил үүрэгт хариуцлагагүй хандсан зөрчлийг гаргасан.

2.3.*******ийн 2022 оны 08 сарын 03-ны өдрийн ажлын тодорхойлолтыг ******* гаргасан хүсэлтийн дагуу Уурхайн дарга албан тушаалд ажилладаг үнэн болохыг тодорхойлсон албан бичиг, уурхайн даргын 2015 оны 02 сарын 13-ны өдрийн Төв захиргаанд гаргасан албан бичгээс харвал ******* гарын үсэг, компанийн бланк, тамгатай байх ба тэрээр сэлбэг, тоног төхөөрөмж хүсэж байсан байна. Түүнчлэн, компанийн албан ёсны Гүйцэтгэх захирал нь уурхайн өдөр тутмын ахуйн үйл ажиллагаанд оролцдоггүй, өөр улсад байнга оршин суудаг учраас Монгол Улсад ирж, уурхайг цөөн хоногоор эргэх зарчмаар ажилладаг. Иймээс уурхайн хэвийн үйл ажиллагааг хангах, өдөр тутмын удирдлага, зохион байгуулалт, шийдвэр гаргалтыг ******* даатган үлдээсэн ба 12 гаруй жил үйл ажиллагааг хариуцаж байснаас харвал ******* нь уурхайн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, чухал шийдвэрүүдийг гаргаж, уурхайн бүхий л үйл ажиллагааг хянан зохицуулж байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр шаардах эрх зүйн үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 158.1.5, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******-д холбогдох Гүйцэтгэх захирлын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн КН-25-09-02 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 7,900,086 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх гэж заасныг зөрчсөн.

Гүйцэтгэх захирлын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн тушаалыг 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шуудангийн байгууллагаас хүлээн авч ажлаас чөлөөлөгдсөн болохыг мэдсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-т заасны дагуу 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гурван талт хороонд гомдол гаргасан.

Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шуудангаас хүлээн аваад 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 191/Ш32025/48183 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дахин шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Улмаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчид дахин хэрэг хуваарилагдаж хэргийг хянан шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй.

4.2.Анхан шатны шүүх *******-ийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Дотоод хяналт шалгалтын дүгнэлт гэх баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон. Гэтэл 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул тушаал гарснаас хойш үйлдэгдсэн нотлох баримтыг үнэлж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй. Тухайн баримтыг шүүхээр маргааныг шийдвэрлэх үед ажил олгогч давуу байдлаа ашиглан, өөрт ашигтайгаар үйлдсэн.

4.3.Шүүх ******* зөвшөөрөлгүйгээр компанийн өмч болох техник тоног төхөөрөмжийг захиран зарцуулсан нь ...тогтоогдсон. Энэ нь ажил олгогчийн өмчийг хууль бусаар ашиглаж, хохирол учруулсан үйлдэл байх бөгөөд ...ажилтанд итгэх боломжгүй болсон гэж дүгнэсэн. *******-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 3.5, 3.6, 3.7., 3.8, 3.9 дэх зохицуулалтаас үзвэл ажил олгогч нь *******г сахилгын зөрчил гаргасан эсэхийг тогтоож, хэрэв зөрчил гаргасан бол гаргасан зөрчилд нь тохирох сахилгын шийтгэл ногдуулах үүрэгтэй байна.

******* Хөдөлмөрийн дотоод журам, түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээгээр компанийн өмч хөрөнгийг захиран зарцуулах эрх олгогдоогүй, энэ эрхийг зөвхөн компанийн гүйцэтгэх захирал хэрэгжүүлэх эрхтэй, тушаалд дурдсан техникүүд *******-ийн өмчлөлд бүртгэлгүй зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан, нэхэмжлэгч энэ талаар тайлбар өгсөн байхад анхан шатны шүүх эдгээр нотлох баримтад үнэлэлт өгөөгүй.

*******-ийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний дугаар бүхий жагсаалтад Хюндай маркийн ******* маркийн Майти, ******* улсын дугаартай усны Цистерн машин байхгүй. Мөн Автотээврийн үндэсний төвөөс гаргуулсан лавлагаагаар *******-д биетээр байх зарим тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь *******, ******* болон иргэн ******* нэр дээр байсан.

4.4.Компанийн дүрмийн 8.1-д заасны дагуу компанийн машин техникийн захиран зарцуулах асуудал гүйцэтгэх захирлын шийдвэрлэх ёстой үүрэг байна. 2011 оноос намайг ажлаас халагдах хүртэлх хугацаанд машин техник худалдах гэрээг гүйцэтгэх захирал эсхүл түүний олгосон итгэмжлэлээр бусдад шилжүүлж байсан.

Тушаалд дурдсан техникүүдийг ашиглалтын хугацаа дуусч хуучирсан гэж үзээд Гүйцэтгэх захирал өөрөө худалдан борлуулах санал гаргаж, миний бие гүйцэтгэх захирал Чойгийн хүсэлтээр худалдан авах сонирхолтой хүмүүстэй захирлыг уулзуулж, тэд үнээ тохироод захирал Солонгост очоод гэрээ хийх итгэмжлэлийг надад явуулна гээд явсан. Очоод захирал ажлаас чөлөөлөгдсөн. Дараагийн гүйцэтгэх захирал машин техникийг зарахгүй, байранд нь авчирч тавь гэсэн шаардлага тавьсан. Уурхайгаас Улаангом хүртэл 200-д километр зайтай, нэг машиныг Баян-Өлгийн хүн худалдан авахаар гэрээ хиймэгц мөнгөө шилжүүлэхээр тохирсон байснаас тэд өөрсдийн зардлаар уурхайд эргүүлэн хүргэх боломжгүй гэсэн. Иймд машин техникийг байгаа газарт нь лацдаад хаалгыг цоожилж битүүмжлэн орхисон тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн.

Ажил олгогчоос Хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй ажлыг өөрөөр хэлбэл өмнөх захирлын худалдана гэж тараасан техникүүдийг өөрийн зардлаар уурхайн талбайд авчрахыг ажилтанд даалгасан нь үндэслэлгүй бөгөөд ажлаас чөлөөлсөн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасныг зөрчсөн. Надад эдгээр техникийг зөөвөрлөн авчрах зардал байхгүй.

4.5.Уурхайн даргаар томилсон гүйцэтгэх захирлын тушаал гаргаагүй атлаа ажлаас халах тушаалд уурхайн дарга гэж бичсэн тул уурхайн даргаар томилсон тушаалыг шүүхийн журмаар гаргуулахаар хүсэлт гаргасан боловч хариуцагчаас гаргаж өгөөгүй. Мөн миний гарын үсэггүй, надад танилцуулж байгаагүй Уурхайн даргын ажлын байрны тодорхойлолт гэсэн баримтыг шүүхэд ирүүлсэн.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т заасан хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажилтанд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хувийг баталгаажуулж өгөх үүргээ биелүүлээгүй. Үүнд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй.

4.6.Хэдийгээр би уурхайн дэд дарга гэсэн албан тушаалыг хашиж байсан хэдий ч ажлын байрны тодорхойлолт болон талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд техник тоног төхөөрөмжийг захиран зарцуулах эрх олгогдоогүй. Техникүүд нь бусдын өмчлөлд шилжсэн, худалдан авахаар тохирсон хүмүүс ашигласан зүйлгүй, битүүмжлэгдсэн байдалтай байхад ажилтан зөвшөөрөлгүйгээр компанийн өмч болох техник тоног төхөөрөмжийг захиран зарцуулсан гэж дүгнэж, шүүх уг дүгнэлтийг дэмжсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хууль ёсны байх шаардлагад нийцээгүй.

4.7.Компани 815 га талбай бүхий нүүрсний уурхай бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд аймаг орон нутаг сумаас наадам баяр ёслол зэргээр арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх, хандив туслалцаа хүссэн хүсэлтүүд ирдэг. Түүний нэг болох ******* сумын ойгоор дурдсан генераторыг 10 хоног гуйж ашигласан. Генераторыг хувьцаа эзэмшигч ******* авч явсан гэж би огт хэлээгүй. Хувьцаа эзэмшигч ******* урьд нь компаниас дур мэдэн эд хөрөнгө авч явсан тухай захиралд ярьж байсныг дүгнэлтэд андууран орчуулсан байх магадлалтай. Учир нь хариуцагчаас энэхүү дотоод хяналтын дүгнэлт гэх баримтыг шүүх хуралдаан эхлэхэд гаргасан тул танилцах боломж олдоогүй, шүүхийн шийдвэрээс уншиж танилцсан.

4.8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөнд анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй, уг баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Хавтас хэргийн 83 дугаар талд уурхайн манаач ажилтай ******* шүүхэд тайлбар тодруулга бичиж байгаа мэт баримт үйлдэн үүнийг бичээд зөвшөөрч байгаагаа илэрхийлж захирлын өмгөөлөгч рүү явуул гэж шаардсан нь үзлэгийн тэмдэглэлээр нотлогдоно.

4.9.Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 13-д Ажилтан бүртэй Хөдөлмөрийн гэрээ байгуулах ба эд хөрөнгө хариуцсан хүмүүстэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ хийнэ. гэж заасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулах ёстой боловч ийм төрлийн гэрээг надтай байгуулаагүй. Гэрээ байгуулсан байгуулаагүйгээс үл хамаарч, компанийн дээрх хөрөнгийг би захиран зарцуулсан зүйл байхгүй.

4.10.Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д: Ажил олгогч ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах тохиолдолд ажлыг нь түр, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тохиолдолд бүрмөсөн хүлээн авна. гэж заасан. Гэтэл компанийн удирдлагууд өнөөдрийг хүртэл ажлыг хүлээн аваагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1.Нэхэмжлэгч Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг хүлээн аваад шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дуусгавар болсон. Нэхэмжлэгч 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ч тус шүүхийн шүүгчийн 191/ШЗ2025/48183 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Улмаар нэхэмжлэгч 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дахин нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч хариуцагчаа зөв тодорхойлоогүйгээс шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь нэхэмжлэл гаргах хуулийн хугацааг зогсоох үндэслэл болохгүй. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд тухайн нэхэмжлэлийг гаргаагүйд тооцох бөгөөд нэхэмжлэгч дахин нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хугацааг баримтлах үүрэгтэй болно.

Түүнчлэн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээх боломж нь зөвхөн нэхэмжлэгчээс үл хамаарах, хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд хэрэглэгдэх бөгөөд нэхэмжлэгч өөрийн буруутай үйлдлээс шалтгаалан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй, хариуцагчийг тодорхойлоогүйгээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

5.2.Нэхэмжлэгч гомдолдоо анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хөдөлмөрийн гэрээг хууль бус үндэслэлээр цуцалсан, өөрт нь эд хөрөнгө захиран зарцуулах эрх олгогдоогүй, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй тул итгэл алдсан гэх үндэслэл тогтоогдохгүй гэж тайлбарласан боловч эдгээр тайлбар хэрэгт авагдсан бодит баримтууд болон хөдөлмөрийн эрх зүйн зохицуулалттай нийцэхгүй.

Хэрэгт авагдсан баримт болон ******* анхан шатны шүүх хуралд өөрийн өгсөн мэдүүлгээр нэхэмжлэгч компанийн өмчлөлийн техник тоног төхөөрөмжийг зохих зөвшөөрөлгүйгээр уурхайн талбайгаас гаргах, өөрийн ашиг сонирхлын төлөө ашиглах, өөр этгээдийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, зарим техник хэрэгслийг эвдрэл гэмтэлтэй байдалд хүргэх, буцаан хүлээлгэн өгөхийг шаардахад хугацаанд нь биелүүлээгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон. Анхан шатны шүүх уг нөхцөл байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэлсэн байна.

5.3.Түүнчлэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд удирдах албан тушаалтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан эсэхээс үл хамааран албан тушаалын чиг үүргийн хүрээнд эд хөрөнгийг захиран зарцуулах, хамгаалах үүрэг үүсдэг. Уурхайн даргын хувьд техник тоног төхөөрөмжийн ашиглалт, бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журмаар тодорхойлогддог бөгөөд энэ үүргийг зөрчсөн тохиолдолд ажил олгогч итгэл алдсан гэж үзэх хууль зүйн үндэслэл бүрддэг.

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудыг үнэлэхдээ нэхэмжлэгчид холбогдох дотоод хяналтын шалгалтын дүгнэлт, холбогдох албан бичиг, тайлбар, техник тоног төхөөрөмжийн бүртгэл, талуудын тайлбар зэргийг харгалзан үзэж дүгнэлт хийсэн, байгаагүй нотлох баримтыг бүрдүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин нэхэмжлэгчийн зүгээс өөрийн тайлбарыг нотлох баримтаар хангалттай баталгаажуулж чадаагүй.

5.4.Нэхэмжлэгч нь зарим техник хэрэгслийг компанийн удирдлагын зөвшөөрлөөр шилжүүлсэн, худалдан авах ажиллагааны хүрээнд ашигласан гэх тайлбар гаргасан боловч энэ талаар албан ёсны шийдвэр, гэрээ хэлцэл, шилжүүлгийн баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч нь компанийн өмчийг захиран зарцуулах аливаа шийдвэр гаргах эрхгүй байсан нь компанийн дотоод журмаар тогтоогдсон.

Анхан шатны шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах шаардлага гаргасныг хариуцагч ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан нь тогтоогдсон үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

3.1.******* нь *******-ийн маркшейдерийн инженер, уурхай хариуцсан дэд даргаар 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс ажилд томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулсан, /хх 104-110/

3.2.*******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн КН-25-09-02 тоот тушаалаар: Компанийн ******* аймгийн ******* сумын нутагт байрлаж буй уурхайн дарга албан тушаалтай ******* нь зөвшөөрөлгүйгээр компанийн өмч болох техник, тоног төхөөрөмжийг захиран зарцуулсан нь дотоод хяналт шалгалт, ажилтан ******* хийсэн ярилцлагаар тогтоогдсон үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.5 болон Ажилтан ******* хийсэн ярилцлагын тэмдэглэлийг тус тус баримтлан ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөр дуусгавар болгосон. /хх 7-8/

 

Талууд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан КН-25-09-02 тоот тушаалын хууль зүйн үндэслэлд маргажээ.

 

4.Анхан шатны шүүхээс ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдсон үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна. Улмаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийн баримтын хүрээнд залруулна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон үндэслэлээр захиргаа ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тохиолдолд ийнхүү итгэл алдсан үйлдэл хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байхыг шаардана.

 

4.1.Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч ******* ажил олгогчийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах эрх бүхий этгээд мөн гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь журмын дагуу үнэлсэн байна.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Увс аймгийн Бөхмөрөн суманд байрлах уурхайн талбарт уурхайн дарга болоод өөр дэд дарга ажилладаггүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д хамаарах эрх бүхий этгээд гэж үзэх үндэстэй. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоос уурхайн даргаар томилоогүй, даргын ажлын байрны тодорхойлолт танилцуулаагүй, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгүй гэсэн хэсэг үндэслэлгүй.

 

4.2.Хэрэгт маргаан бүхий тушаалд үндэслэл болгосон ажилтантай хийсэн ярилцлагын тэмдэглэл баримтаар авагдаагүй, мөн дотоод хяналт шалгалтын тайлан 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийнх буюу тухайн тушаал гарснаас хойшхи хугацаанд үйлдэгдсэн баримт байна.

Хариуцагч хуулийн этгээдийн удирдлага гадаадад байдгийн улмаас тайлан бичгээр баталгаажиж гарахдаа тушаалаас хойшхи огноотой гарсан гэж тайлбарлах боловч захиргаа ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоос өмнө үүнийг шалгаж баримтжуулсан байх учиртай. Мөн хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр би хариуцлага хүлээхэд бэлэн, хуучин захирал ч мөн хариуцлага хүлээх ёстой. Би буруу шийдвэр гаргасан гэж фэйсбүүк чатаар ажил олгогчид цахим захидал илгээснийг ажилтан өөрөө хүлээн зөвшөөрсөн ярилцлагын тэмдэглэл гэж үзэх үндэслэлгүй байна.

 

4.3.Мөн КН-25-09-02 тоот тушаалд компанийн зөвшөөрөлгүйгээр компанийн өмч болох техник тоног төхөөрөмжийг захиран зарцуулсан гэж ажилтны итгэл алдсан үйлдлийг тодорхойлсон байх боловч хэрэгт ирүүлсэн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн тайланд нэхэмжлэгчийг тухайн техникүүдийг худалдан борлуулсан гэж буруутгаагүй, харин 2023 онд гүйцэтгэх захирал худалдахаар шийдвэрлэж боломжит худалдан авагч хайх үүргийг ******* өгсөн, ******* тээврийн хэрэгслийн худалдан авах этгээд байгааг тогтоож ...худалдах үнийг санал болгосон ч Гүйцэтгэх захирал илүү өндөр үнэ санал болгосны улмаас уг хэлцэл хэрэгжээгүй. Ачааны автомашин болон шатахууны цистернийг худалдан борлуулаагүй бөгөөд асуудлыг шийдвэрлэх нэмэлт арга хэмжээ авах шаардлагатай байсан ч ******* энэ талаар огт тайлагнаагүй. Компанийн удирдлага солигдсон боловч мөн тайлагнаагүй... уурхайн гадна байршиж байгааг тайлагнаагүй тул санаатайгаар нуун дарагдуулсан гэж дүгнэх үндэстэй... ******* ачааны машиныг гуравдагч этгээдэд ашиглуулснаар компанид хохирол учруулсан гэж дүгнэхээс аргагүй. гэж тусгагдсан байна.

Үүнээс үзвэл өмнөх гүйцэтгэх удирдлагын шийдвэрийн дагуу тухайн ачааны автомашин, цистернийг бусдад худалдан борлуулахаар уурхайгаас гаргасан байсан, удирдлагатай үнийг тохиролцож чадаагүйгээс худалдан борлогдоогүй ... буцаагаад уурхайд авчрах зардлыг шийдвэрлэж өгөөгүйгээс өнөөг хүртэл уурхайд техникийг авчирч чадаагүй байгаа гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй, үүнийг хариуцагч баримтаар няцааж чадаагүй байна. Иймд нэхэмжлэгч компанийн техник хэрэгслийг дур мэдэн бусдад шилжүүлсэн, худалдан борлуулсан, улмаар компанид хохирол учруулсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

4.4.Генераторын хувьд нэхэмжлэгчээс нийгмийн хариуцлагын хүрээнд ******* сумын ойн баярт түр хэрэглүүлээд буцааж тавьсан гэж тайлбарласан, хариуцагчаас ирүүлсэн тайланд 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар уурхайн талбарт үзлэг хийхэд байгаагүй ч 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр уурхайн талбарт ирсэн байсан гэж тусгагдсан байгаагаас үзвэл хэдийгээр уурхайн талбараас гаргахдаа зөвшөөрөл аваагүй байдал тогтоогдсон ч түүний энэ үйлдлийн улмаас компанид хохирол учруулсан, энэ нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гэж үзэхгүй.

 

4.5.Түүнчлэн энэ асуудлаар ажил олгогчийн гаргасан гомдлыг шалгаж ******* аймгийн Прокурорын газрын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 121 тоот прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн 253500238 тоот хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасан байна. Уг тогтоолд: ******* нь *******-ийн дэд даргаар ажиллаж байх хугацаандаа компанийн эд хөрөнгийг хувьдаа авсан, хууль бусаар зарж борлуулсан, бусдад шилжүүлсэн гэх үйл баримт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдохгүй байна. Тодруулбал, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Гэтэл дээрх баримтуудаар компанийн эзэмшлийн эд хөрөнгө болох генератор, ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл, цэнхэр өнгийн пронтер загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслүүд нь бусдын эзэмшил өмчлөлд шилжээгүй болох нь тогтоогдсон хэмээн дүгнэсэн, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна. /хх 85-88/

 

Иймд, ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн КН-25-09-02 тоот тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д нийцээгүй байх тул нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т нийцнэ. Харин КН-25-09-02 тоот тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгчийн гаргасан шаардлага нь бие даасан шаардлага бус нэхэмжлэлийн үндэслэл байгааг дурдав. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

5.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журмыг зөрчсөн байна.

Хэргийн 9-11 дэх талд авагдсан баримтаар нэхэмжлэгч тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-т заасны дагуу 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан, тус хорооноос гомдлыг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183 дугаар тэмдэглэлээр талууд тохиролцоогүй үндэслэлээр дуусгавар болгожээ.

Улмаар нэхэмжлэгч гурван талт хорооны шийдвэрийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шуудангийн байгууллагаас хүлээн авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсанаар энэ нэхэмжлэлийг дахин 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэлийн ар талын шүүхийн дардаст НХАТ гэж тэмдэглэснээр тогтоогдож байна. Ийнхүү Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байх тул нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. /хх 1, 12/

 

6.Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 12,194,580 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

(2,240,000+200,000+4,459,578 = 6,899,578 /3 = нэг сар 2,299,859, нэг хоногт 106,970 төгрөг; 2025.09.08 - 2026.02.23 хүртэл ажлын 114 хоног; 106,970 *114 )

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацаагаар тооцож олговрыг шаардсан хэдий ч уг маргаан гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөлд хамаарах тул үр дагаврыг нэг мөр арилгах үүднээс тушаал гарснаас хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар тооцож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5, 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт нийцнэ.

 

7.Мөн ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт нийцнэ.

 

8.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШШ2026/02698 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч **************-ийн уурхайн дэд даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12,194,580 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг *******-д даалгасугай. гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 210,063 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

 

О.ОДГЭРЭЛ