| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2019/0348/Э |
| Дугаар | 362 |
| Огноо | 2019-10-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 362
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин ,
Улсын яллагч: Г.Уянга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч Ё.Ё.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё.Ё.Ц-д холбогдох эрүүгийн 1918005260397 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1950 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Ингэт толгойн сангийн аж ахуйд төрсөн, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, нормчин мэргэжилтэй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 1а байрны 38 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ё.Ц-
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ё.Ё.Ц- нь 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 15 цагийн үед Дархан сумын 15 дугаар баг 8 дугаар хэсэг 2-27 тоотод Л.Л.О-гийн 2 дал, мөрөнд хутгалж, зүүн гарыг хутгаар зүсэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ё.Ё.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би хүн хохироосон нь үнэн. 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Б- гэх айлд очсон. 20,000 төгрөг байна нэг шил архи аваад ир гэж хэлсэн. Тэгээд явж байтал Л.О-гийн нөхөр нь гадаа надтай тааралдахад архи аваад ир гэж хэлсэн тухайгаа хэлсэн. Тэгээд бид хэд ууж байтал хохирогч тухайн гэрт орж ирчихээд гарахгүй байсан. Тэнд байсан хүмүүс 100 грамм архи өгвөл шар нь тайлагдаад явчих байх гэж хэлсэн. Б- тэргэнцэрийн доор байнга хутга байдгийг би мэдэж байсан. Уг нь хохирогчийг айлгах зорилгоор хоёр удаа хатгасан. Архины үлдэгдэл 6000 гаруй төгрөг үлдсэн ба түүнийг дэрэн доогуураа хийсэн. Тэгтэл хохирогч тэр мөнгийг л авах гээд уг гэрээс гарахгүй байсан. Миний бие хохирогчийг хатгасан нь үнэн. Хохирогч улсад ажиллаж байсан гээд надаас хохирол төлбөр нэхэмжилсэн байна лээ. Тэрийг нь батлах баримт нь хавтаст хэрэгт байгаа эсэхийг мэдэхгүй байна. Хохирогч намайг нэг сая төгрөг өгөхгүй бол шоронд чинь оруулна шүү гэж хэлсэн. Өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.
Эрүүгийн 1918005260397 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Ё.Ё.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Хамт архи ууж байгаад согтоод Л.О- намайг хэл ам доромжилж салаавч гаргаад байсан юм аа, тэгэхээр нь миний уур хүрээд Д.Б-ийн гэрт байсан бор иштэй хутгаар гар нуруу мөр хэсэг рүү нь хатгачихсан юм” гэх мэдүүлэг /хх 36/,
Хохирогч Л.Л.О-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ё.Ц- гуай Б- нар найзалдаг эр, эмийн харилцаа холбоотой юм. Тэгээд хардсан бололтой намайг хөөгөөд байсан. Би өөрөө муудаад байсан учраас Д.Б- ахыг орон дээрээ сууж байхаар нь би цаад талаар нь ороод хэвтээд яг зүйрмэглээд байж байсан чинь зүүн талын дал баруун талын дал хэсэг рүү нэг юмаар Ё.Ц- хатгаад эхэлсэн. Би эхэндээ хутга гэж мэдээгүй. Тэгээд би “та яагаад байна аа” гээд зүүн талаараа ор түшээд баруун талаараа харсан чинь хутга барьчихсан баруун талын гар хэсэг рүү хатгаад авсан. Тэгээд би боссон чинь зүүн талын гарын шуу, бугуй хэсэг рүү хутгалчихсан. Тэгээд “яаж байна аа та яагаад намайг ингэж байгаа юм бэ” гэсэн чинь юу ч дуугарахгүй байсан. Д.Б- ах яаж байгаа юм гээд уурлаж байсан. Тэгээд л миний гарны энд тэндээс цус гараад байсан. Нэг мэдсэн чинь хажуу айлын Мөнхжаргал эгч орж ирээд цагдаа эмнэлэг дуудсан” гэх мэдүүлэг /хх 12/,
Гэрч Г.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б- ахынд анх ороод Л.О-г хутгалуулчихсан байдалтай хэвтэж байгааг хараад сандарсандаа шууд гарч гүйгээд цагдаа дуудаад цагдааг ирэхээр нь шууд цагдаатай хамт орсон.Тэгээд тухайн эргүүлийн цагдаа юу болсон талаар гэр дотор байсан хүмүүсээс асуухад Ё.Ц- эгч би хутгалчихсан юм гээд хутгаа нуусан газраа зааж байсан.” гэх мэдүүлэг /хх 14/,
Гэрч Д.Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн үед Л.Л.О- ирсэн. Бас Ё.Ё.Ц- ирсэн. Бид нар архи уусан. Би өглөө нь архи уучихсан байсан болохоор сайн санахгүй байна. Би муудаад тэргэнцэр дээрээ унтаад өгсөн байсан. Тэгсэн чинь нэг нь намайг татаад сэрээсэн. Л.О- орон дээр хэвтэж байсан. Ор цус болчихсон байсан. Ямар ч байсан Ё.Ё.Ц- ч гэсэн байсан.” гэх мэдүүлэг /хх 17/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 630 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Л.Л.О-гийн биед баруун, зүүн дал, баруун бугалга, зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо.
2.4.Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн 4 удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3.Л.Л.О-гийн тайлбарлаж байгаагаар бусдад хутгалуулах үед үүссэн байх боломжтой.
5.Дээрх шархнууд эрүүл мэндийг 4 долоо хоногоос доош хугацаагаар буюу түр хугацаанд сарниулна.
6.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
7.8.Дээрх шархнууд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх 23-24/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 2/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-5/,
Согтуурал шалгасан тэмдэглэл /хх 6/,
Хохирогч Л.Л.О-гийн яаралтай тусламжийн хуудас /хх 21-22/,
Шүүгдэгч Ё.Ё.Ц-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 39-44/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ё.Ё.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 15 цагийн үед Дархан сумын 15 дугаар баг 8 дугаар хэсэг 2-27 тоотод Л.Л.О-гийн эрх чөлөөнд шалтаг шалтгаангүй халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Гэрч Г.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б- ахынд анх ороод Л.О-г хутгалуулчихсан байдалтай хэвтэж байгааг хараад сандарсандаа шууд гарч гүйгээд цагдаа дуудаад цагдааг ирэхээр нь шууд цагдаатай хамт орсон.Тэгээд тухайн эргүүлийн цагдаа юу болсон талаар гэр дотор байсан хүмүүсээс асуухад Ё.Ц- эгч би хутгалчихсан юм гээд хутгаа нуусан газраа зааж байсан.” гэх мэдүүлэг /хх 14/, гэрч Д.Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Л.О- орон дээр хэвтэж байсан. Ор цус болчихсон байсан. Ямар ч байсан Ё.Ё.Ц- ч гэсэн байсан.” гэх мэдүүлэг /хх 17/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 630 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Л.Л.О-гийн биед баруун, зүүн дал, баруун бугалга, зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.4.Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн 4 удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Л.Л.О-гийн тайлбарлаж байгаагаар бусдад хутгалуулах үед үүссэн байх боломжтой. 5.Дээрх шархнууд эрүүл мэндийг 4 долоо хоногоос доош хугацаагаар буюу түр хугацаанд сарниулна. 6.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 7.8.Дээрх шархнууд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх 23-24/,
Шүүгдэгч Ё.Ё.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Л.Л.О-гийн эрх чөлөөнд халдан хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ё.Ё.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ё.Ё.Ц- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болно.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Хохирогч Л.Л.О- нь хохирол төлбөр нэхэмжлэнэ гэж мэдүүлсэн байх боловч хохиролтой холбогдох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Ё.Ё.Ц-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Хохирогч Л.Л.О- эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний жрмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгч Ё.Ё.Ц- анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял хөнгөрүүлж, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ё.Ё.Ц- нь тэтгэврээс өөр орлогогүй, тэтгэврийн зээлтэй зэрэг байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 12 сарын хугацаанд сар бүр 37500 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ё.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Ё.Ц-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Ё.Ц-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг арван хоёр сарын хугацаанд сар бүрийн 37500 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Ё.Ц- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
6.Хохирогч Л.Л.О- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Ё.Ц-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ