| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоо Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/05897/и |
| Дугаар | 210/МА2026/00527 |
| Огноо | 2026-03-11 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2026/00527
2026 03 11 210/МА2026/00527
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/09280 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******ХК, ******* нарт холбогдох,
Цахилгааны дэд өртөөг төвийн эрчим хүчнээс салгуулж, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Нямсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч ******ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
1.1. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010.01.21-ний өдрийн ******* дугаар захирамжаар ******* гэж хүнээс, түүний төрсөн дүү болох *******гийн нэр дээрх тухайн үеийн нэгж талбарын дугаар ******* тоот газрыг, тухайн газарт байрлалтай ******* дугаартай цахилгааны дэд өртөөг аман хэлцлээр худалдан авч өөрийн аав болох ******* овогтой ******* руу зохих хууль журмын дагуу шилжүүлэн авсан. Тухайн газар дээрх цахилгааны дэд өртөөг ******* гэж хүнээс шилжүүлэн авах талаар удаа дараа шаардаж байсан боловч тухайн хүн элдэв шалтаг хэлсээр шилжүүлж өгөөгүй байсаар 2021 онд нас барсан. Миний аав ******* нь 2023 онд нас барсан бөгөөд би өв залгамжлалаар аавынхаа нэрнээс шилжүүлэн авч одоо байгаа нэгж талбарын дугаар нь ******* бөгөөд Чингэлтэй дүүргийн ******* хороонд хаягтай болно. Энэ дэд өртөөг эзэмшиж байсан ******* нас барснаар тус дэд өртөөг эзэмших хүнгүй болсон. Миний бие энэ өртөөг өөрийн нэр дээр шилжүүлэн авахыг хүсэхгүй бөгөөд гагцхүү би газраа бүрэн эзэмшиж чадахгүй байна. Өндөр хүчдэлд холбогдсон цахилгааны дэд өртөөг буулгах ямар ч боломжгүй бөгөөд энэ дэд өртөөг буулгаж газраа бүрэн эзэмшиж чадахгүй байгаагаа *******д удаа дараа гаргасан боловч тус компани миний хүсэлтийг хүлээн аваагүй, асуудлаа шүүхээр шийдвэрлүүл гэж албан бичгээр хариу өгсөн тул тухайн ******* дэд өртөөг төвийн эрчим хүчнээс салган буулгаж миний газрыг чөлөөлж өгөхийг тус компанид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******ХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэлд дурдсан ******* дэд өртөөнөөс ******* цахилгаан эрчим хүчний ******* кодтойгоор цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулан тэжээгддэг. Тус дэд өртөө нь иргэний хувийн өмчлөлийн хөрөнгө бөгөөд *******ХК-ийн өмч буюу төрийн өмчийн хөрөнгө биш юм. Тухайн асуудлаар иргэн ******* нь манай компанийн Ашиглалт, засварын зүүн төвд хандсан бөгөөд манай нэгжээс хариу албан бичигт “...дээрх дэд өтрөө манай байгууллагын өмчлөлд байдаггүй болно”...гэж хүргүүлсэн байдаг. Иймд тус асуудал нь иргэн хооронд үүсэн харилцаа байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******ий тайлбар, татгалзлын агуулга:
3.1. Миний аав ******* ******* дугаартай станцыг өөрийн хөрөнгөөр барьж, цахилгаан түгээх байгууллагатай байгуулсан гэрээний дагуу ашиглаж ирсэн. Миний аав 2021 онд нас барсны дараа тухайн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг миний ах *******, дүү ******* нарын нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээ гарч, улмаар цахилгаан хангах байгууллагатай эрчим хүчээр хангах гэрээ байгуулан үргэлжлүүлэн эрчим хүчээр хангагдаж ирсэн. Бодит байдал дээр тухайн газрыг олон жилийн өмнө шилжүүлсэн нь үнэн боловч тус газар дээрх цахилгааны дэд өртөөг цаашид хугацаагүйгээр үргэлжлүүлэн ашиглахаар харилцан тохиролцсон. 15 жилийн хугацаанд ямар ч хэл амгүй ашиглаж байсан нь үйл баримтаар хангалттай нотлогдоно. ******* миний бие болон ах *******, дүү ******* нар нь өөрсдийн газар дээрх орон сууц, барилга, байгууламжийг тус дэд станцаас цахилгаанаар хангадаг бөгөөд хэрвээ энэ цахилгааны эх үүсвэрийг таслах тохиолдолд бидний болон тухайн барилга, байгууламжид нөгөөтэйгөөр нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан хуулийн шаардлагыг хангахгүй. Учир нь *******ХК-ийг хариуцагчаар татаж, газрын эрхтэй холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдолд хамаарна. Тодруулбал ******ХК нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.1-д заасан Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг, төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллагад хамаарах юм. Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй мэдээллийн цахим сан www.opendata.burtgel.gov.mn вэб сайтад тус компанийн хувьцаа эзэмшигч нь *******, ******* байгаа бол ******* компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь ******* газар байгаагаар энэ нь батлагдаж байгаа юм. Монгол Улсад Эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, зохицуулалт, түгээлт нь хүн амын нийтийн ашиг сонирхолтой холбоотой амин чухал асуудал болохын хувьд үүнийг төрийн бодлого, нийтийн эрх зүйн салбарын холбогдох хууль, дүрэм журмаар нарийвчлан зохицуулдаг тул энэ маргаан нь хувийн эрх зүйн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шийдвэрлэх боломжгүй болохыг илтгэн харуулж байна. Ийм учраас төрөөс иргэдийн эрчим хүчээр хангагдах суурь хэрэгцээ шаардлагыг хангаж буй эрчим хүчний хангамж нь хугацаагүй байдлаар зохицуулагдсан нь иргэнд хугацаатай олгосон газар эзэмших эрхээс давуу ач холбогдолтойг харуулж буй хэрэг юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Нэхэмжлэлд дараахь зүйлийг тусгасан байна” гэж, мөн зүйлийн 62.1 4-д “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт” гэсэн боловч хуулийн энэ зүйл нэхэмжлэлд тусгагдаагүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-д заасныг баримтлан *******ХК, ******* нарт холбогдох, Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, *******, ******* нэгж талбарын дугаар бүхий 699 м.кв газарт байрлах *******ий өмчлөлийн ******* дугаартай цахилгааны дэд өртөөг төвийн эрчим хүчнээс салгуулж, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч тал анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасны дараа зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээгээ шүүхэд ирүүлсэн байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад зохигчид эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******ХК, ******* нарт холбогдуулан цахилгааны дэд өртөөг төвийн эрчим хүчнээс салгуулж, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******ХК, ******* нар эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрт нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргасныг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн газарт байрлах АТП1461 дугаартай цахилгааны дэд өртөөг 2029.03.11-ний өдрийн дотор буулган авахаар харилцан тохиролцож эвлэрчээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар зохигчид маргаж буй зүйлийн талаар эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд уг эрхээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой.
5. Талуудын хооронд байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь тэдгээрийн тайлбар, хэргийн баримтын хүрээнд Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа талууд эвлэрсэн тохиолдолд давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/09280 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, *******, нэгж талбарын ******* дугаартай, 699 м.кв газарт байрлах ******* дугаартай цахилгааны дэд өртөөг 2029.03.11-ний өдрийн дотор буулган авч газрыг чөлөөлөхөөр эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т зааснаар нэхэмжлэгч *******ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т заасны дагуу хариуцагч тал энэхүү магадлалыг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
Г.НЯМСҮРЭН