Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 1029

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж  шүүх хуралдааны танхимд хийж: 

нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Сансар 23 дугаар байр 5 тоотод оршин суух Боржигон овогт Отгонбаярын Саранчимэг /РД:НВ86051501, утас:94244211/-ийн нэхэмжлэлтэй,       

хариуцагч: Төв аймгийн Баян сумын 3 дугаар баг Дашгай хороо 12-14 тоотод оршин суух Боржигон овогт Баясгалангийн Нямжав /РД:НВ86112317, утас:99422975/-д холбогдох “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Саранчимэг, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.Саранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Миний бие Б.Нямжавтай 2005 онд танилцан үерхэж байгаад 2007 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас охин Н.Мөнхчимэг 2008 оны 07 сарын 13-ны өдөр төрсөн. Эхний жилүүдэд бидний амьдрал сайхан байсан боловч Б.Нямжав нь амьдрал ахуйгаа дээшлүүлэх талаар огт санаа тавьдаггүй, архи ууж, агсам согтуу тавьж баярхахаас өөрийг мэдэхгүй, охин бид хоёр байнга айдас түгшүүртэй амьдарч байна. Энэ байдлаас болж охин минь миний аав ээжтэй хамт амьдардаг. Манай охин одоо 2 дугаар ангид сурч байна. Б.Нямжав нь охиноо сургуульд хүргэж өгөх, авах, хичээл номыг нь давтуулах зэрэг эцэг хүний хийх ажлыг огт хийдэггүй. Нөхрөө ажилтай болгох, архинаас гаргах гэж би болон манай гэрийнхэн их санаа тавьсан. Ажил хийж чадахгүй, ажлаа хаяад явчихдаг, олсон мөнгөөрөө архи аваад уучихдаг, охин бид хоёрт мөнгө төгрөгний  туслалцаа үзүүлдэггүй. Сүүлийн үед гэрийнхээ аль өнгөтэй бүхнийг зарж архи уудаг болсон. Үүгээр ч зогсохгүй гэр бүлээс гадуур хүнтэй холбогдсон. Шүүхээс 3 сарын хугацаанд түдгэлзүүлж эвлэрэх хугацаа өгсөн хэдий ч  энэ хугацаанд гэр бүлийн талаар эвлэрэх ямар нэгэн санаачлага гаргаагүй. Цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцалж өгнө үү. Би охин Н.Мөнхчимэгийг өөрийн асрамжинд авна, хүүхдийн тэтгэлэг гаргуулна, бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй.

Б.Нямжав нь 2016 оны 06 сарын 24-нд зарласан шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, мөн өнөөдрийн шүүх хуралдаанд ч шалтгаангүйгээр ирээгүй байна. 

Ийм учраас шүүх хуралдаанд хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Б.Нямжав шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие О.Саранчимэгтэй гэр бүл болсон нь үнэн. Би охин, эхнэр хоёртоо агсам согтуу тавьж, ямар нэг зүйлээр дутааж байгаагүй. Хадам эх, эцэг хоёр надад анхнаасаа дургүй байсан. Эхнэр бид хоёр хэрэлдэж муудалцсан зүйл байхгүй. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар гэрлэгчдийн гэрлэлтийн баталгаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Эрүүл мэндийн төвийн эмчийн хүүхэд “эрүүл бойжиж байгаа тухай” тодорхойлолт, зохигчдын бичгээр ирүүлсэн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Саранчимэг, хариуцагч Б.Нямжаваас гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Зохигчид нь 2005 онд гэр бүл болж иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд 2007 оны 3 сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн хууль ёсны гэр бүл байна. Гэрлэгсдийн хамтын амьдрал үргэлжилж байх хугацаанд 2008 оны 07 сарын 13-нд охин Н.Мөнхчимэг төрж эцэг, эхийнхээ асрамжинд хүмүүжиж байгаа болох нь зохигчдын өөрсдийн тайлбарууд болон хэрэгт цугларсан гэрлэгсдийн гэрчилгээ, хүүхэд төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

Гэрлэгсэдийн дунд урьд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан боловч амжилтгүй болж шүүх хурлаар   гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх   талын  арга хэмжээг авч 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч үр дүнд хүрээгүй, гэрлэгчид эвлэрээгүй байна.

Хариуцагч Б.Нямжав нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчтэй эвлэрэх, гэр бүлээрээ цаашид хамт амьдрах талаар идэвхи санаачлага гаргаагүй, хурлын товыг  мэдсэн  боловч  шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

Нэхэмжлэгчээс хариуцагчийг оролцуулахгүй хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хүсэлтийг хүлээн авч зохигчийн тайлбар болон  хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч цаашид хамтран амьдрах боломжгүй гэж гэрлэлт цуцлахыг шаардаж байх тул “Эвлэрүүлэн зуучлалын тухай” хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д заасан гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ буюу сэтгэл зүйч, гэр бүл судлаач, сурган хүмүүжүүлэгчээс зөвлөлгөө өгүүлэх зэрэг ач холбогдолтой ажиллагааг дахин явуулах шаардлагагүй гэж үзэж тэдний гэрлэлтийг цуцалж, 2008 оны 07 сарын 13-ны өдөр төрсөн охин Н.Мөнхчимэгийг эх О.Саранчимэгийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.  

Зохигчдыг эвлэрүүлэх хугацаанд хүүхдийн тэтгэлэг түр тогтоож байсан ба  цаашид үргэлжлүүлж, зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Боржигон” овогт Отгонбаярын Саранчимэг, “Боржигин” овогт Баясгалангийн Нямжав нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2008 оны 07 сарын 13-нд төрсөн охин Н.Мөнхчимэгийг эх О.Саранчимэгийн асрамжинд үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Н.Мөнхчимэгийг 11 нас хүртэл тухайн бүс нутгийн амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Нямжаваас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг мэдэгдсүгэй. 

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 28 209 төгрөг гаргуулж улсын орлогод тус тус оруулсугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн /тасагт/ байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Л.Мөнхдөлд даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.ОЮУНЦЭЦЭГ