Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2026/00600

 

 

 

 

   2026           03             18                                        210/МА2026/00600

 

 

 

 

*******ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/11781 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 42,043,732 төгрөг гаргуулах тухай үндсэн, 17,820,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Нямсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. *******ХХК нь “*******” ХХК-тай 2022.01.20-ны өдөр *******тоот “Систем хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэх” гэрээ байгуулж, гэрээгээр “*******” гар утасны аппликейшнийг хөгжүүлэн боломжит богино хугацаанд захиалагчид акт үйлдэн хүлээлгэн өгч, цаашид Программ хангамжийн үйлчилгээний гэрээ байгуулан системийн хэвийн найдвартай ажиллагааг ханган хамтран ажиллахаар харилцан тохиролцсон. Гэрээний 2.1.1-д заасны дагуу 2022.01.21-ний өдөр 13,365,000 төгрөгийг, 2022.12.07-ны өдөр 13,365,000 төгрөг, нийт 26,730,000 төгрөг шилжүүлсэн.

1.2. Гэрээний хугацаанд “*******” ХХК ажлаа хүлээлгэж өгнө гэж хойшлуулсаар 1 жил 11 сарын хугацаа өнгөрсөн. Ажлаа бүрэн хийж дуусгасан тул ажлаа хүлээлгэж өгөх хүсэлт гаргасны дагуу талууд хамтарсан тестийг 2023.06.12-ны өдөр манай оффис дээр хийж, гарын үсэг зурсан. Нийт 18 тест хийснээс 5 тест хийсэн модул хэвийн ажиллагаатай, 13 тест асуудалтай буюу ажиллагаа хэвийн бус байна. 6 ажил нь “*******” ХХК-ийн ажил дээр журнал олдоогүйгээс эргэн төлөлт хийгдэхгүй алдаа зааж байна гэсэн, үлдсэн 7 ажил хийгдээгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан, ингээд 12 сард дахин тест хийхэд өмнөх алдаа засагдаагүй, ажлын гүйцэтгэл дутуу байсан. Харилцагчид зөв мэдээлэл өгөөгүйгээс зээлийн мэдээлэл, хугацаа хэтрэлтийг бүрэн мэдээлээгүй тохиолдолд ажлаа бүрэн гүйцэд хийсэн гэж үзэхгүй. Ажлаа бүрэн хийж засварлах, дутуу ажлаа гүйцээж хийх хугацааг хангалттай өгсөн боловч ажлаа дуусгахгүй, засварлахгүй байсан учраас гэрээний үүргийг дангаар цуцлах шийдвэр гаргасан.

1.3. Гэрээгээр тохиролцсон ******* апп-ын эх код, дата баазын мэдээлэл байрших сервер болон домайн нэр, түүнийг хамгаалах хамгаалалтын үйлчилгээ авахад манай байгууллагаас 2022.02.25-2023.12.05-ны өдөр хүртэл нийт 8,630,243 төгрөгийн зардал гаргасан. Мөн ******* аппликейшныг ашиглахтай холбогдуулан “*******” ХХК-тай 2022.02.22-ны өдөр “*******”, “*******” үйлчилгээний гэрээг тус тус байгуулж колл итгэлцлийн данс нээсэн, дүн нэмсэн, зээл сунгасан, итгэлцэл хаасан тухай мессеж мэдэгдэл про болон мессежпро үйлчилгээг авч нийт 6,683,489 төгрөгийн зардал гаргаж хохирсон.

1.4. Гэрээний дагуу хугацаа ******* хоног байхаар тохирсон боловч гүйцэтгэгч нь ажлыг хугацаандаа хийхгүй байсан тул 2023.12.13-ны өдрийн ******* тоот албан бичгээр гэрээг цуцалж байгаагаа “*******” ХХК-д мэдэгдэж албан бичиг хүргүүлсэн. Гэрээ цуцалсантай холбоотойгоор гэрээний урьдчилгаанд өгсөн 26,730,000 төгрөг, ажил гүйцэтгэгчийн буруутай үйлдлийн улмаас гэрээнээс учирсан хохирол 15,313,732 төгрөг, нийт 42,043,732 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ... ******* аппликейшны суурь систем нийлүүлэгчээр “*******” ХХК, системийн дизайн хөгжүүлэгчээр “*******” ХХК нар ажилласан. Гэрээний хугацаа сунгагдсан асуудал нь манай компаниас шалтгаалаагүй бөгөөд нэхэмжлэгч компани болон хамтрагч байгууллагуудад алдаа дутагдлаа арилгах хугацаа олгож, хүлээцтэй хандсан.

2.2. Урьдчилгаа төлбөр нь тус ажлыг биднээр хийлгэнэ, систем хөгжүүлэлтийн тест хийж байгаа гэдгийг нотлоод гүйцэтгэлийн төлбөрийн 2 дах хэсгийг шилжүүлсэн. Манайхаас систем хүлээлцэх актыг гүйцэтгэлийн тайлантай хамт 3 удаа явуулсан. Үүний хариуд тухай бүрт нь системийн нэмэлт хөгжүүлэлтийн ажил хийгдсэний дараа хүлээж авна гэдгээ аман байдлаар, үнийн санал авах байдлаар ажлыг хүлээж авахгүй санаатайгаар удаа дараа хойшлуулж байсан нь ажлыг хүлээлгэж өгөөгүй гэх үндэслэл болохгүй. ******* апп-г 2023 оны 5 сард бүрэн дуусгасан, үүнээс хойших хугацаанд нэмэлт хөгжүүлэлтийн ажил хийгдсэн, ажил гүйцэтгэх гэрээгээр хийж гүйцэтгэсэн систем нь 24 цаг ажилладаг, хаанаас ч хандах эрхтэй бөгөөд заавал хоёр талаас байлцаж хүлээлцэнэ гэх зүйл байхгүй. Талууд ажлыг татаж аваад тестэлж байсан тул бид акт үйлдэн хүлээлцсэн. *******ХХК-ийн ажлын байранд системийн дизайны нэмэлт ажлуудыг тестэлж үзсэн боловч тэмдэглэлд суурь системээс шалтгаалан ажиллахгүй байгаа зүйлийг манайх гэж бичсэн учраас гарын үсэг зураагүй.

2.3. Үүнээс гадна 3 удаа ажил хүлээлцэхийг хүссэн боловч нэхэмжлэгч хүлээлцэхгүй байсан нь имэйлд хийсэн үзлэгийн тэмдэглэлд нэмэлт хөгжүүлэлтийн ажлыг хамт хийсний эцэст үнийн санал авч ажил хүлээлцэнэ гэж тусгагдсан. Хэрэв манайх ажлаа дутуу хийсэн нь манай компанитай холбоотой, манайхаас шалтгаалсан бол серверийн төлбөрийг манайхаас нэхэмжлэх эрхтэй байхаар гэрээнд заасан боловч тухайн үед тест хийхэд манайхаас шалтгаалаагүй учраас нэхэмжилсэн баримт байхгүй. Серверийн төлбөрийг манай компани төлөх заалт гэрээнд байхгүйгээс гадна сервер унтарсан тохиолдолд ******* апп ажиллахгүй. Бид тасралтгүй гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж дууссан тул ******* аппликейшн системийг туршиж хүлээн авч, акт үйлдэж гэрээг дуусгавар болгох тухай 2024.01.10-ны өдрийн 01/01 тоот албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн. Гэвч нэхэмжлэгч нь бидний албан бичгийн хариуг ирүүлээгүй буюу гэрээнд заасанчлан ажлын үр дүнг хүлээн авах үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч гуравдагч компаниудтай байгуулсан гэрээний үүргийг биднээс ямар үндэслэлээр шаардаж, төлбөр гаргуулахаар нэхэмжилж байгаа нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, бусад компаниудтай гэрээ байгуулан үйлчилгээ авч, хариуд нь төлсөн төлбөрийг биднээс шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй, манай компани гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Харуицагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

3.1. *******” ХХК-д суурь систем нийлүүлэгч болох “*******” ХХК-ийн “*******” гэх нэртэй санхүүгийн суурь системийн ******* холболтын бэлэн бус байдал, алдаатай, огт ажиллахгүй байх, мөн систем хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Санхүү, бүртгэлийн системд суурилсан онлайн санхүүгийн аппликейшн системийн модулиудын ажиллах зарчим, бизнес шаардлага” нь удаа дараа өөрчлөгдсөн зэрэг асуудлууд нь тус системийг хөгжүүлэх бидний үйл ажиллагаанд хүндрэлийг учруулж байсан. Тус систем хөгжүүлэлтийн ажил дууссантай холбоотой бидний зүгээс захиалагчид албан бичгээр систем хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгон, акт үйлдэх талаар удаа дараа мэдэгдсэн. Гэвч нэхэмжлэгч нь ямар нэгэн хариуг өгөөгүй тул дахин системийг хүлээн авах, гэрээнд заасан үлдэгдэл төлбөр төлөхийг тус тус шаардсан. Гэрээнд заасны дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээж аваагүй нь манай компанийн буруутай үйл ажиллагаа биш бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн хариуцлагагүй асуудал. Иймд гэрээгээр тохирсон ажлаа бүрэн хийж гүйцэтгэн ажлын үр дүнг акт үйлдэн хүлээж авахыг нэхэмжлэгч байгууллагаас шаардсан боловч ажил хүлээж авахгүй эс үйлдэхүй гаргасан учир гэрээний үлдэгдэл төлбөр болох 17,820,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч талын татгалзал, тайлбарын агуулга:

4.1.*******” ХХК нь гэрээгээр тохиролцсон хугацаанд чанарын шаардлага хангасан ажил хүлээлгэж өгөөгүй, аппликейшн нь үүргээ бүрэн гүйцэтгэхгүй байсан учир гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй. Ажил гүйцэтгэх хугацааг 78 хоног гэж тохиролцсон боловч ажлаа бүрэн гүйцэд хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөх хугацааг хангалттай олгосныг нэмэлт хугацаа олгосон гэж үзэж байна. Гэвч хариуцагч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд аппликейшныг бүрэн гүйцэд хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй, нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч үр дүн гарахгүй нь тодорхой болсон учраас 2023 онд гэрээг цуцлах талаар мэдэгдсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хавсралтад *******, ******* үйлчилгээ тусгагдсан байдаг. ******* аппликейшнаар дамжин дуудлага ирэх учиртай, манайх уг үйлчилгээг авсан боловч хариуцагч гэрээгээр тохирсон ажлаа хийж гүйцэтгээгүйн улмаас манайх шаардлагагүй үйлчилгээний хөлсөнд маш их хэмжээний мөнгө төлсөн. Хэрэв тохиролцсон ажлыг тохирсон хугацаандаа хийж гүйцэтгэсэн бол ийм хэмжээний зардал манайхаас гарахгүй байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

5.1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч “*******” ХХК-иас 33,413,489 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,630,243 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч “*******” ХХК-аас 17,820,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “*******” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

5.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1- т заасныг тус тус баримтлан хариуцагч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 325,017 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 368,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,050 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. 2025.12.19-ний өдөр үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэх үндэслэлээр хангахаас татгалзсан. Талуудын тэгш эрхийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах ёстой байхад шүүх нэг талд давуу байдал бий болгож нөгөө талын хуулиар эдлэх эрхийг хязгаарлаж, маргааны гол учир зангилааг тайлах ажиллагааг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн явдал нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Талуудыг эрх тэгш мэтгэлцүүлээгүй тул өмгөөлөгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3, 92 дугаар зүйлийн 92.1, 91.1.3-т заасан үндэслэлээр шүүгчээс татгалзсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4, 92.6-д заасныг зөрчиж, зөвлөлдөх тасалгаанд орж хэлэлцэхгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан.

6.2. Шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 7г-д заасан дүгнэлт үндэслэлгүй. Хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу гэрээний ажлын төлөвлөгөөний биелэлт, нэхэмжлэгчид хүргүүлсэн имейлүүд, гэрээний төлбөр шаардсан нэхэмжлэх, гэрчээр *******, *******, ******* нараас мэдүүлэг авхуулах хүсэлт, шүүх шинжилгээний ерөнхий газрын дүгнэлт зэрэг баримтуудаар нэхэмжлэгчийн буруутай үйлдэл хангалттай нотлогдож байхад хариуцагч тал нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй гэснийг зөвшөөрөхгүй.

6.3. Манай компаниас 2023.05.18, 2023.12.12-ны өдрүүдэд ажил хүлээлцэх актыг хүргүүлсэн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5-д заасан зохицуулалтын дагуу гэрээний үүргээ биелүүлсэн учир ажлаа хүлээлгэж өгөхийг хүссэн. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Гэтэл захиалагч талаас гэрээний 4.2.5, 4.2.6-д заасныг зөрчиж ажил хүлээлцэх болон хүлээж авах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Улмаар 2023.12.13-ны өдөр захиалагчаас гэрээг дангаар цуцлах шийдвэр гаргасан гэх агуулга бүхий албан бичгийг имэйлээр явуулсан. Гэрээ цуцлах мэдэгдлийг эс зөвшөөрч 2024.01.19-ний өдөр гэрээний үлдэгдэл төлбөр болох 17,820,000 төгрөгийг шаардаж албан бичиг хүргүүлсэн. Энэ тухай шүүхийн шийдвэрт огт тусгагдаагүй. Гэрээний 6.2, 6.3-т заасныг шүүх анхаарч үзээгүй, зөвхөн нэхэмжлэгч талд ашигтай байдлаар хуулийг тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь буруу.

6.4. Шүүх захиалагчид ашигтай байдлаар хэргийг шийдвэрлээд байвал захиалагч нь гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эсэхээс үл хамааран өөрийн дур зоргоор хүлээж авахгүй байх, нөгөөтэйгөөр гэрээг дангаар үндэслэлгүй цуцлах үйлдлийг шүүх дэмжиж буйтай ялгаагүй байх бөгөөд шүүхийн практикт буруу жишиг тогтох сөрөг үр дагавартайг харгалзаж үзнэ үү.

6.5. Шинжилгээний ерөнхий газрын 2025.07.09-ний өдрийн ******* дугаар дүгнэлтийн 6-д “*******” программыг гэрээнд заасан ажлын үр дүнг систем хэвийн ажилласан нөхцөлд дүгнэх боломжтой гэсэн байдаг. Гэрээгээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэсэн болохыг шинжээч дүгнэсэн ба тухайн систем хэвийн ажилласан гэж дүгнэх боломжтой гэж дүгнэсэн. Тус дүгнэлтийг харгалзалгүйгээр гүйцэтгэгчийг ажлаа хийгээгүй гэж хэт явцуу дүгнэсэн нь үндэслэлгүй.

6.6. Хэргийн 19-29 талд авагдсан 2022.02.22-ны өдөр байгуулагдсан *******, ******* дугаар гэрээнүүдийг үндэслэж хохиролд 6,683,489 төгрөг гаргуулахаар шаардсан. Тус гэрээнүүдэд заагдсан дуудлага, мессежний үйлчилгээнээс гадна оффис багц гэх хэсэг байгааг шүүх харгалзаж үзээгүй. Захиалагч нь яриа, мессежнээс гадна өөр үйлчилгээг тухайн “*******” ХХК-аас авч төлбөр төлдөг байсныг үгүйсгэхгүй. Гэтэл шүүх энэ талаар нэхэмжлэгчээс тодруулахгүйгээр тухайн баримтыг 100 хувь үнэн зөв гэж дүгнэн учирсан хохиролд тооцож манай компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлгүй.

6.7 Хариуцагч талаас гаргасан баримтыг үнэлэхгүй орхигдуулсан нь шүүх хөндлөнгийн байх хэрэг хянан шийдвэрлэх диспозитив зарчим, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмаар явуулах зарчимд нийцэхгүй. Иймд хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

7.1. Зээл авдаг ******* нэртэй application-г 78 хоногт хийлгэхээр тохиролцсон боловч жил гаруй хугацаанд хүлээсэн. Аpplication-г ажиллуулдаг серверийн зардлыг хариуцагч байгууллага төлөх ёстой. Гэтэл санхүүгийн боломжгүй гэсэн тул нэхэмжлэгч төлсөн боловч application ашиглалтад ороогүй. Хариуцагч бусад байгууллагаас ажил авч давхар ажиллаж байсан учраас нэхэмжлэгч байгууллагын ажлыг хийж гүйцэтгээгүй тул гэрээ цуцлах асуудал яригдсан. Аpplication зориулалтын дагуу ажиллаж байгаа эсэхийг шалгаж зорилгоор уулзалт хийж шалгахад бүрэн хэмжээнд ажиллаагүй. 2023 онд гэрээнээс татгалзах санал хүргүүлсэн. Гэрээнээс татгалзсаны дараа “*******” ХХК-ийн захирал ******* ирж уулзсан бөгөөд тухайн үед application-г шалгаж үзэхэд ажиллахгүй байсан. Энэ талаар нэг бүрчлэн бичсэн хүснэгт хэрэгт авагдсан. ******* актад гарын үсэг зураагүй. Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргахгүй удсан, шинжээч томилуулах хүсэлт гаргасан.

7.2. Шинжээчийн дүгнэлтэд ******* нэртэй application ажиллаж байсан гэх нэг ч өгүүлбэр бичигдээгүй. Серверийг ажиллуулж үзсэн тохиолдолд application ажиллаж байгаа эсэхийг шалгах боломжтой гэж дүгнэсэн. Шүүх аппликейшныг үзэж ажиллаж байгаа эсэхийг тодорхойлох боломжгүй. Шинжээчид нэмэлт асуулт тавих боломжтой байсан бөгөөд ажиллагаа дутуу байгаа тул серверийг ажиллуулах хүсэлт гаргах эрх нь нээлттэй байсан. Гэтэл үүнийг шүүхийн буруу гэж байгаа нь ёс зүйд нийцэхгүй. Нэхэмжлэгч байгууллага серверийн зардлыг төлж чадахгүй гэдгээ илэрхийлсэн. Үүнээс гадна ******* мессеж үйлчилгээ, ******* серверийн үйлчилгээний төлбөр гэх мэт application ажиллуулахтай холбоотой сул зардал гарч байгаа тул серверийн төлбөрөө өөрсдөө төлөөд application-г бэлэн болгосон тохиолдолд хүлээн авахад асуудалгүй гэх саналыг 2023 онд албан бичиг хүргүүлсэн. Ажил хүлээлцэхээр удаа дараа “*******” ХХК-д хандсан. Гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол шаардсан бөгөөд шүүх зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэсэн. Давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

                                                                     ХЯНАВАЛ:

  1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

  2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 42,043,732 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “*******” ХХК нь “...хугацаа хожимдуулсан нь суурь системийн ажил гүйцэтгэсэн байгууллагаас болсон...ажил хүлээлгэн өгөх хүсэлтийг удаа дараа өгсөн боловч хүлээн аваагүй... бусад байгууллагатай байгуулсан гэрээний төлбөрийг хариуцахгүй” гэх үндэслэлээр маргаж, улмаар гэрээний үлдэгдэл төлбөр 17,820,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

   3. Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. “*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд 2022.01.20-ны өдрийн ******* дугаар “Систем хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэлийн гэрээ” байгуулагдаж, гэрээгээр гүйцэтгэгч нь санхүү бүртгэлийн системд суурилсан онлайн санхүүгийн “*******” нэртэй аппликэйшн систем программ хангамжийг хөгжүүлж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь 53,460,000 төгрөг төлөхөөр тохирчээ. /1хх-6-8/

3.2. *******ХХК-аас 2022.01.21, 2022.12.07-ны өдөр тус бүр 13,365,000 төгрөг, нийт 26,730,000 төгрөгийг “*******” ХХК-д шилжүүлсэн. /1хх-37-38/

3.3. *******ХХК-аас 2023.12.13-ны өдөр ******* дугаартай албан бичгээр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг “*******” ХХК-д өгсөн байна. /1хх-27/

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт үндэслэлтэй.

5. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар гүйцэтгэгч захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй.

5.1. Талуудын байгуулсан гэрээний 5-д гүйцэтгэгч нь ажлыг гүйцэтгэсэн талаар захиалагчид мэдэгдэх, үүний үндсэн дээр хоёр талын төлөөлөгчийг байлцуулан шалгаж үзэн хүлээн авсан акт, гүйцэтгэгч талын гэрээ дүгнэсэн акт, бусад ажлын явцад үүссэн баримт зэрэг хавсралт бүхий ажил хүлээлцсэн актаар ажил хүлээлцэхээр харилцан тохирсон бөгөөд гүйцэтгэгч ийнхүү хүлээлгэн өгсөн гэдгээ баримтаар нотлоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

5.2. Хариуцагчийн 2023.05.18, 2023.12.12-ны өдрийн гэрээ хүлээлцэх акт хүргүүлэх тухай цахим шуудан, нэхэмжлэгчийн 2023.12.13-ны өдрийн цахим захидал, тус өдрийн гэрээ цуцлах мэдэгдэл, хариуцагчийн 2024.01.19-ний өдрийн хариу цахим шуудан зэргээс үзэхэд талууд гэрээний 5 дугаар зүйлд тохирсон ёсоор ажлын үр дүнг хүлээлцсэн гэж үзэхгүй. /1хх-207-222/

Тодруулбал, талуудын байгуулсан гэрээний 1.2-т “Энэхүү гэрээнд заасан ажлын гүйцэтгэл нь хэрэглэгчийн эрхийн зохицуулалттай /админ, ажилтан гэх мэт эрхийн түвшин/, эрхийн болон биет байдлын /код/ доголдолгүй, хөгжүүлсэн бүтээгдэхүүн захиалагчийн тавьсан шаардлагад бүрэн нийцсэн, бүтээгдэхүүнийг цаашид хөгжүүлэх, нэмэлт хөгжүүлэлт хийх боломжтой, ажлын даалгавар болон бусад баримтад заасан үйлдлийг бүрэн гүйцэтгэх чадвартай байна.” гэж ажлын үр дүнгийн талаар тохиролцсон шаардлагад нийцсэн үр дүнг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025.07.09-ний өдрийн ******* тоот дүгнэлтэд гэрээний дагуу тодорхой ажил гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон боловч ажлын үр дүнг систем хэвийн ажилласан нөхцөлд дүгнэх боломжтой гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, системийг ажиллуулж ажлын үр дүнг шалгах боломжийг бүрдүүлээгүйн улмаас ажлын үр дүнгийн талаар шинжээч дүгнэлт гаргаагүй байна. /2хх-12-28/

Хариуцагчийг ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, гэрээний үндсэн үүргээ биелүүлээгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу баримтаар нотлоогүй байна.

5.3. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ ноцтой зөрчсөн үндэслэлээр гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Нэхэмжлэгч гэрээний дагуу өгсөн төлбөр, гарсан зардлыг учирсан хохиролд тооцон нэхэмжлэх эрхтэй.

Хэдийгээр гэрээг цуцлах ойлголт нь үүргийн харилцааг дуусгавар болгоход чиглэсэн үйл баримт болохын хувьд эрх зүйн үр дагаврын хувьд өмнөх үүргийн гүйцэтгэлийг харилцан буцаахгүй, харин учирсан хохирлыг арилгадаг зохицуулалттай. Программ хангамжийн ажил нь төлсөн төлбөрийн хэмжээнд гүйцэтгэсэн ажлыг үнэлэх боломжгүй цогцоор байж бүрэн ажиллах онцлогтой учир нэхэмжлэгчээс гэрээний төлбөрт төлсөн 26,730,000 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-аас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т заасанд нийцнэ.

6. “*******” ХХК-тай 2022.02.22-ны өдөр байгуулсан ******* тоот “*******” үйлчилгээний гэрээний дагуу 2022.05.26-ны өдрөөс 2023.12.05-ны өдөр хүртэлх хугацаанд төлсөн 6,683,489 төгрөг гэрээ цуцалснаас учирсан хохиролд шаардсан боловч гэрээний хугацааг удаашруулсанд нэхэмжлэгчийн үйл ажиллагаа нөлөөлсөн тул уг зардлыг нэхэмжлэгч өөрөө хариуцах нь зүйтэй гэж үзэв.

6.1. Талуудын байгуулсан 2022.01.20-ны өдрийн ******* дугаар “Систем хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэлийн гэрээ”-ний 1.4-т “Систем хөгжүүлэлтийн хугацаа гэрээ баталгаажуулснаас хойш 78 хоног байна.” гэж заажээ.

6.2. Нэхэмжлэгчээс 2023.06.09-ний өдрийн цахим шууданд “...Гуравдагч байгууллагын зүгээс удаашралтай, үл ойлголцолтой зүйл байсан...гуравдагч талын ажлын гүйцэтгэл 2023.05.16-ны өдөр дууссан...” гэж дурдсан, гэрч ******* “...78 хоногийн хугацаанд амжаагүй. Удаашрах шалтгаан байсан. Харилцагч талаас хугацаандаа холболт, апп сторе, плэй сторе зэрэг “*******” ХХК-ийн системтэй холболт хийсэн. “*******” ХХК-ийн суурь системд маш их хүндрэлтэй асуудал, алдаа гарсан...”, гэрч *******ий “...”*******” ХХК-ийн аппликэйшны загвар 5 дугаар сард батлагдаж ирсэн. Тэгээд тэрнээс хойш хөгжүүлэлт хийж байхад ахиад мобайл аппликэйшныхаа загварыг сольж, өөрсдөө дотооддоо дахиж загвар цуглуулж байж тэрийг нь ахиж хөрвүүлэх ажил гарсан. Тэгээд суурь системийн “*******” ХХК дээр модулиуд нь бэлэн биш байсан. Дандаа тест хийгдэж ер нь тэрүүгээр их хугацаа алдсан. Ажлын явцад ерөнхийдөө жижиг сажиг өөрчлөлт бас их орж ирсэн...” гэрч *******ийн “...”*******” ХХК-тай холбоотой асуудал “*******” ХХК-тай бага зэргийн холбоотой” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд гэрээний хугацааг хожимдуулсан нь захиалагчийн үйл ажиллагаатай холбоотой байгааг анхан шатны шүүх анхаараагүй. /1хх-178, 2хх-59, 64, 100/  

Тодруулж дүгнэхэд талуудын гэрээгээр тохиролцсон ажлын үр дүнг бүтээхэд гагцхүү хариуцагчийн гүйцэтгэх үүрэг бус, харин нэхэмжлэгч талаас хамааралтай тодорхой холболт, үйл ажиллагаа байх ба хэргийн баримтаар уг үйл ажиллагаанаас шалтгаалан зарим хугацаа хэтрэх нөхцөл болсон байх тул хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан гэж эргэлзээгүй дүгнэх шалтгаант холбоо үгүйсгэгдэж байна.

7. Анхан шатны шүүх хариуцагч ажлын үр дүнг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй үйл баримтыг зөв тогтоож, улмаар гэрээний үлдэгдэл хөлс 17,820,000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т нийцжээ.

8.  Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан талаар гомдлыг хангахгүй.

8.1. “*******” аппликейшнд үзлэг хийлгэх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчөөгүй байна. Программ хангамжийн ажлын үр дүнг бүрэн гүйцэтгэсэн болон түүний хэвийн ажиллагааг шүүхийн үзлэгээр тогтоох боломжгүй, тусгай мэдлэг шаардлагатай гэх үндэслэлээр хангахгүй орхисныг буруутгах үндэслэлгүй.

8.2. Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” 2023 оны 05 дугаар тогтоолд “шүүгчийг татгалзаж үл болно” гэснийг “. . . хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзсан нь хуульд заагаагүй үндэслэлд хамаарна” гэж тайлбарласан.

Хариуцагчийн өмгөөлөгчийн үзлэг хийлгэх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсний дараа шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т “Энэ хуулийн 84 дүгээр зүйл, 91.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болно.” гэх зохицуулалтад хамаарах тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

9. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхэд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 343 дугаар зүйлийн 343.2-т заасан зохицуулалтыг баримталсан алдааг залруулж, тогтоох хэсгийн 1 дэх заалтаас дээрх хуулийн зохицуулалтыг хасаж, ажил гүйцэтгэх гэрээг үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөнөөс гэрээг цуцалж, учирсан хохирлоо шаардах эрхийн зохицуулалт буюу Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т заасныг нэмж оруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/11781 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-т заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас 26,730,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,313,732 төгрөгт холбогдох хэсэг болон *******ХХК-аас 17,820,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “*******” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “325,017” гэснийг “291,600” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч “*******” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 572,067 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.ОЮУНТУЯА

 

                          ШҮҮГЧИД                                        С.ЭНХБАЯР

 

                                                                                               Г.НЯМСҮРЭН