| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/10922/И |
| Дугаар | 210/МА2026/01154 |
| Огноо | 2026-05-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2026/01154
*******н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.баяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******н нэхэмжлэлтэй,
*******, ******* нарт холбогдох,
*******аас зээлийн гэрээний үүрэгт 22,552,000 төгрөг, олох ёстой байсан орлогод 4,104,464 төгрөг, *******гээс зээлийн гэрээний үүрэгт 133,288,000 төгрөг, олох ёстой байсан орлогод 22,542,416 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.баяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
******* надтай утсаар холбогдож танаас *******, ******* нар зээл авах хүсэлттэй байгаа гэж хэлснээр хариуцагч *******ын дансанд 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 22,552,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүний дараа тэрээр дахин холбогдож эдгээр хүмүүс дахиад зээл авъя гэж байна, гэхдээ утас нь холбогдох боломжгүй байна, миний данс руу шилжүүлчих би шилжүүлье гэснээр 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 88,000,000 төгрөгийг түүний данс руу шилжүүлж *******т зээлдүүлсэн. Гэтэл энэ мөнгөнөөс ******* нь 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр *******гийн дансанд 13,367,000 төгрөгөөр, 48,000,000 төгрөгөөр, 1,920,000 төгрөгөөр тус тус шилжүүлсэн байсан.
Үүний дараагаар ******* утсаар дахин надтай холбогдож ******* нь 66,000,000 төгрөг зээлье гэж байна гэж дамжуулж хэлснээр *******гийн дансанд 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 66,000,000 төгрөг шилжүүлсэн.
Хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 22,552,000 төгрөг, олох байсан орлогод 4,104,464 төгрөгийг, хариуцагч *******гээс зээлийн гэрээний үүрэгт 133,288,000 төгрөг, олох байсан орлогод 22,542,416 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.
Би, мөнгөн зээлийн үйл ажиллагааг зөвшөөрлийн дагуу явуулдаг бөгөөд эдгээр хүмүүс 2025 оны 05 болон 06 дугаар сард зээлж авсан нийт 155,840,000 төгрөгийг буцаан төлсөн бол энэ мөнгийг бусдад зээлдүүлж зохих хэмжээний орлого олох байсан тул хариуцагч нараас олох байсан орлогыг нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:
Бид ******* гэх хүнийг танихгүй, энэ хүнтэй гэрээ, хэлцэл байгуулаагүй, ямар ч харилцаа үүсгээгүй. Харин ******* нь ******* надаас мөнгө зээлж авсан, зээлсэн мөнгөө өгч чадахгүй болохоороо ******* гэдэг хүнээс зээл авч миний данс руу шилжүүлсэн. Би, *******г надаас зээлсэн мөнгөө буцаан төлөхдөө өөр бусдын данснаас шилжүүлсэн гэдгийг мэдээгүй.
******* нь хариуцагч *******гээс 1 тэрбум гаруй төгрөг зээлж аваад буцааж мөнгө шилжүүлсэн, цагдаагийн байгууллагад *******гийн гомдлоор шалгагдаж буй *******д холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэгт гарсан аудитын дүгнэлтээр өглөг 192,000,0000 төгрөг байна, 66,000,000 төгрөг, 22,000,000 төгрөг *******н дансаар дамжуулж орж ирсэн байгааг дүгнэсэн байгаа.
Мөн цагдаагийн байгууллагад *******д 66,000,000, *******т 22,000,000 төгрөг шилжүүлсэн талаар *******гаас асуухад *******гийн зээлийг төлөх зорилготой байсан гэж хариулсан байсан. *******гаас авах зээлээ нэхэмжлэгч *******н данснаасаа шилжүүлсэн мөнгөн дүнгээр авсан байдаг. ******* нь *******д холбогдуулан цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаснаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа, зээлийн гэрээ байгуулагдсан зүйл байхгүй, гэрээний харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч *******аас 22,552,000 төгрөгийг, хариуцагч *******гээс 66,000,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 114,646,880 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийндугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,332,167 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 270,710 төгрөг, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 487,950 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч нарын давж заалдах гомдлын агуулга:
...Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн шалгаж байгаа *******д холбогдох 2506068300052 дугаартай эрүүгийн хэрэгт 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ******* нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ ...Д.Бат Өлзий гэх хүнээс 22,552,000 төрөг, 66,000,000 төгрөг, нийт 88,552,000 төгрөгийг шилжүүлсэн байна, энэ ямар зорилгоор шилжүүлсэн бэ гэхэд хариулт нь ...би *******г хохиролгүй болгохын тулд ******* гэдэг хүнээс зээлж мөнгийг нь шилжүүлсэн юм, одоо Өвөрхангай аймгийн цагдаад бас шалгуулж байгаа... гэж мэдүүлсэн.
Тухайн эрүүгийн хэрэгт дээрх мэдүүлгийг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/491 дугаартай ******* ХХК-ийн дүгнэлтэд ******* надад учруулсан 284,030,000 төгрөгийн хохирлоос *******гөөс шилжүүлсэн 88,552,000 төгрөг болон бусад байдлаар шилжүүлсэн 103,800,000 төгрөг нийт 192,3220,000 төгрөгийг хасаж *******г *******гаас 136,008,000 төгрөгийг авлагатай гэсэн.
Бидний дансанд орсон мөнгөн дүн нь *******д зээлүүлсэн мөнгөний буцаалт бөгөөд гуравдагч этгээдийн дансаар дамжин шилжсэн болно. Нэхэмжлэгч нь мөнгөө *******д шилжүүлсэн байж болзошгүй бөгөөд энэ нь надад шууд хамааралгүй, бидний хувьд ямар нэгэн төлбөрийн үүрэг үүсэх үндэслэл болохгүй.
...Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
...******* нь ******* ******* нарт өртэй болчихлоо та миний зээлийг төлөөч би танаас мөнгө авна гэж хэлээгүй, ******* ******* нар нь танаас мөнгө зээлье гэж хэлээд мөнгө зээлсэн. Энэ хүн нь *******ын ******* байсан. Би шилжүүлэхдээ овгоор нь шилжүүлсэн байсан. Надад хэлэхдээ будааны наймаа хийдэг хүмүүс гэж хэлсэн учраас будаа гээд гүйлгээний утга дээрээ бичсэн. Би өөрөө Дундговь аймагт амьдардаг, тухайн хүмүүс Улаанбаатар хотод амьдардаг. ******* ******* нар нь мөнгө зээлье гэсэн утгатай зүйл яриад би *******, ******* нар 88,000,000 төгрөг /22,000,000 + 66,000,000/-ийг авсан гэж бодож байна, би данс руу мөнгөө шилжүүлсэн.
Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн. Харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг удирдлага болгоод тайлбарласан. Гуравдагч этгээд ******* болон хариуцагч нар хооронд залилуулсан асуудал эрүүгийн журмаар шалгагдаад байдаг. Аудитын дүгнэлтийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ эцсийн шийдвэр биш нэхэмжлэгчтэй ямар ч хамааралгүй гэж дүгнэсэн. Хариуцагч нарын ******* нь өртэй байсан болохоор миний шилжүүлсэн мөнгөөр зээлээ төлсөн гэх тайлбар нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан *******аас зээлийн гэрээний үүрэгт 22,552,000 төгрөг, олох ёстой байсан орлогод 4,104,464 төгрөг, *******гээс зээлийн гэрээний үүрэгт 133,288,000 төгрөг, олох ёстой байсан орлогод 22,542,416 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Тордуулбал,
нэхэмжлэгч нь ...******* надтай утсаар холбогдож танаас *******, ******* нар зээл авах хүсэлттэй байна гэсний дагуу *******ын данс руу 22,552,000 төгрөг, *******гийн данс руу 66,000,000 төгрөг, мөн *******гийн данс руу шилжүүлсэн 88,000,000 төгрөгөөс 63,287,000 төгрөгийг *******д шилжүүлсэн тул эдгээр мөнгийг хариуцагч нараас гаргуулан, түүнчлэн би мөнгөн зээлийн үйл ажиллагааг зөвшөөрлийн дагуу явуулдаг бөгөөд эдгээр хүмүүс зээлсэн мөнгөө хугацаандаа өгсөн бол тухайн мөнгийг бусдад зээлдүүлж олох ёстой байсан орлогыг нэхэмжилж байна... гэсэн бол,
хариуцагч нар ...бид нар ******* гэх хүнийг танихгүй, энэ хүнтэй гэрээ, хэлцэл байгуулаагүй, ******* нь хариуцагч *******гээс 1 тэрбум гаруй төгрөг зээлж аваад буцааж мөнгө шилжүүлсэн, цагдаагийн байгууллагад *******гийн гомдлоор *******д холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэгт гарсан аудитын дүгнэлтээр *******гөөс шилжүүлсэн гэх 66,000,000 төгрөг, 22,552,000 төгрөгийг *******гийн өгөх ёстой өглөгөөс хассан, мөн ******* нь *******гийн зээлийг төлөх зорилготой эдгээр мөнгийг шилжүүлсэн гэж мэдүүлсэн байдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.
3. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.
Тайлбарлавал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч нь зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.
4. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч *******гийн Хаан банк ХК дахь тоот данснаас:
4.1. 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч *******ын тоот данс руу 22,552,000 төгрөг будааны тооцоо гэх утгаар, /1.х.х-ийн 9/
4.2. 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр *******гийн тоот данс руу 88,000,000 төгрөгийг d b гэх утгаар, /1.х.х-ийн 7/
4.3. 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч *******гийн тоот данс руу 66,000,000 төгрөгийг t b гэх утгаар тус тус шилжүүлжээ. /1.х.х-ийн 8/
Зохигч дээрх мөнгөн гүйлгээ хийгдсэн талаар маргаагүй, харин тухайн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс хариуцагч нарт зээлдүүлсэн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.
5. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус заасан.
Тодруулбал, зохигч мөнгө зээлэх талаар харилцан хүсэл зоригоо илэрхийлж, улмаар зөвшөөрч гэрээ байгуулж, гэрээний зүйлийг шилжүүлснээр зээлийн гэрээний харилцаа үүснэ.
Гэвч нэхэмжлэгч ******* нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг этгээд мөн хэдий ч хариуцагч *******, ******* нар түүнээс мөнгө зээлэх талаар шууд болон шууд бус /хүнээр дамжуулан/-аар хүсэл зоригоо илэрхийлж байсан болох нь дараах баримтаар тогтоогдсонгүй. Үүнд:
5.1. Нэхэмжлэгч *******н 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн цагдаагийн газарт хохирогчоор өгсөн мэдүүлэгт
...2024 оны 04 дүгээр сард Дундговь аймгийн сумындугаар багийн нутагт худалдааны төвийн 3 номерын өрөөнд байж байгаад шамбармын эмчилгээнд сайн гээд тосон түрхлэг хүнд зарах гээд танилцуулаад байж байтал гаднаас ******* гэх хүн би коридорт сууж байсан чинь надад хэрэгтэй юм зарах гээд байх шиг сонсогдлоо гэсээр орж ирээд тухайн тосон түрхлэгээс нэгийг аваад явсан. Тэгээд 2 хоногийн дараа буюу 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дахин манай лангуун дээр ирээд манай нөхөр Солонгос улс руу явах гэсэн чинь байршуулах мөнгө хэрэгтэй болчхоод байна гэхээр нь 4,000,000 төгрөгийг өөрийн Хаан банк ХК дахь тоот данснаас *******гийн нөхөры данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш 1 сар орчмын дараа дахин утсаар холбогдож би Өвөрхангай аймагт байна, манай нөхрийн найз н. гэдэг хүн 5,000,000 төгрөг зээлье гэж байна гэж хэлэхээр нь зөвшөөрөөд н. гэдэг хүний данс руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөн удалгүй ******* над руу яриад н.ы охин н. 5,000,000 төгрөг зээлье гэж байна гэхээр нь би барьцаа авалгүй н. гэх хүний данс руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн ба уг хүмүүс зээлсэн мөнгөө удалгүй надад буцаан өгсөн. ******* дээрх байдлаар Өвөрхангай аймгаас надтай холбогдож олон хүнд мөнгө зээлдүүлж буцааж хүүтэй нь өгдөг байсан болохоор миний итгэлийг олсон байсан.
...2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ******* гэх хүнд зээлж байгаа гэхээр нь *******гийн тоот данс руу 88,000,000 төгрөгийг шилжүүлсэн... гэжээ. /1.х.х-ийн 163/
Дээрх мэдүүлгээс үзвэл ******* нь *******тэй танилцаж, түүнээс өөрөө мөнгө зээлж байснаас гадна хэд, хэдэн хүнд мөнгө шилжүүлж өөрөө болоод тэдгээр хүмүүс нь тухайн мөнгийг хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлдөг байсан болохоос хариуцагч *******, ******* нар нэхэмжлэгч *******гөөс мөнгө зээлж байгаагүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нартай огт харилцаж байгаагүй, зөвхөн *******гийн зааварчилгаа, саналаар түүнд болон бусдын нэрлэн заасан данс руу мөнгө шилжүүлдэг байжээ.
5.2. Мөн хариуцагч *******гийн 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хохирогчоор өгсөн мэдүүлэгт
...би, фейсбүүк дээр зээл хаана гэх зарыг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байршуулсан, тухайн зарын дагуу ******* гэх хүн надтай холбогдож надаас мөнгө зээлж эхэлсэн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд олон удаа мөнгө зээлсэн, тэгээд заримдаа өрөө буцааж өгдөг байсан, заримыг нь буцааж өгөхгүй нэмж авсаар байгаад надад одоо 210,838 төгрөгийн өртэй болсон байгаа. Би, өөрийн Хаан банкны тоот, мөн өөрийн нөхрийн тоот данснаас *******гийн тоот данс руу нийт 1,559,300,000 төгрөгийг шилжүүлснээс 1,345,462,000 төгрөгийг буцааж өгөөд үлдэгдэл мөнгийг буцааж өгөхгүй болохоор цагдаагийн байгууллагад хандсан... гэж, /1.х.х-ийн 116-117/,
5.3. *******гийн Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгт
...анх би өөрийнхөө зээлийг хаах гэж *******гээс өдрийн 4 хувийн хүүтэй 30,000,000 төгрөг зээлж танилцаж байсан. Би, ер нь зээл хаадаг байсан, тэгээд зээл хаагаад хоёулаа хуваагаад авъя гэж яриад бичгээр гэрээ байгуулахгүйгээр амаар тохиролцоод мөнгө авалцаад л явж байсан. ...*******гийн мөнгийг өгөхийн тулд Дундговь аймагт байдаг эгчээс 80,000,000 төгрөг авчихсан чинь намайг цагдаад шалгуулах болсон, уг асуудлыг бөөнд нь шалгаад аудитын дүгнэлт гаргуулж аваад шийдүүлмээр байна... гэж, /1.х.х-ийн 121/
5.4. Хаан соёмбо аудит ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр *******д холбогдох эрүүгийн хэрэгт хийсэн шинжээчийн дүгнэлтээр ...*******гийн тоот данснаас *******гийн 5466722003 тоот дансанд 1,521,000,000 төгрөгийн орлого орж, *******гаас *******д буцааж 1,236,970,000 төгрөг шилжүүлсэн ба зөрүү 284,030,000 төгрөг... гэж, /2.х.х-ийн 40/
5.5. Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн шалгах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад С.гийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай саналд ...******* нь *******н Хаан банкны тоот данснаас *******гийн тоот данс руу 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 22,552,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 66,000,000 төгрөг шилжүүлсэн... гэж, /1.х.х-ийн 235-236/
5.6. Түүнчлэн ******* 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө:
...та ******* гэх хүний Хаан банкны тоот данснаас *******гийн нөхөр *******ын тоот данс руу 22,552,000 төгрөг, мөн *******гийн тоот данс руу 66,000,000 төгрөг нийт 88,552,000 төгрөг шилжүүлсэн байна. Энэ мөнгийг ямар зорилгоор шилжүүлсэн бэ... гэх асуултад ...би, *******г хохиролгүй болгохын тулд ******* гэдэг хүнээс зээлж мөнгийг нь шилжүүлсэн юм. Одоо ******* намайг Өвөрхангайн цагдаад бас шалгуулж байгаа... гэж хариулжээ. /2.х.х-ийн 33/
Үүнээс үзвэл хариуцагч *******, ******* нар *******д зээлдүүлсэн мөнгөө түүнээс буцаан авч байсан, нэхэмжлэгч *******гөөс шилжиж ирсэн мөнгийг *******г зээлээ төлж байсан гэж ойлгосон гэх тайлбар үндэслэлтэй, мөн ******* нь *******гөөс өөрийн дансаар мөнгө авч байснаас гадна *******, ******* нарын данс руу мөнгө шилжүүлүүлж байсан зэргээс үзвэл нэхэмжлэгч ******* болон хариуцагч *******, ******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.
5.7. Үүнээс гадна ******* 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ
...би, *******гээс зээлсэн үндсэн мөнгийг өөрийнх нь дансанд, хүүг нь нөхөр *******ын дансанд хийдэг, *******ын дансанд хийсэн хүүгийн мөнгөний гүйлгээний утгыг хүү гэж бичих хэрэггүй будаа, гурил, сахар гэж бич гэдэг байсан тул хэлснээр нь хийдэг байсан... гэснээс дүгнэвэл хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гөөс түүн рүү будааны тооцоо гэх утгаар шилжүүлсэн 22,552,000 төгрөгийг тэрээр *******г зээлээ төлж байна гэж ойлгосон гэх тайлбарыг хүлээн авна.
Хэдийгээр мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох боловч хариуцагч нар нэхэмжлэгчийг танихгүйгээс гадна тэдгээрт нэхэмжлэгчээс зээл авах хүсэл сонирхол байгаагүй тул нэхэмжлэгч *******гөөс хариуцагч *******, ******* нар руу шилжүүлсэн 88,552,000 төгрөг /22,550,000 + 66,000,000/ нь зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.
6. Анхан шатны шүүх хариуцагч *******, ******* нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж заасантай нийцээгүй. Учир нь,
6.1. Нэхэмжлэгч *******гөөс *******, ******* нарт шилжүүлсэн 88,552,000 төгрөг нь андуурсан гүйлгээ байгаагүй, анхнаасаа нэхэмжлэгчийн хүсэл зоригоос гадуур шилжээгүй,
6.2. Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заажээ.
Тодруулбал, ******* нь хариуцагч *******, ******* нарт өглөгтэй байсан бөгөөд тэрээр тухайн өглөгөө нэхэмжлэгч *******гөөр дамжуулж гүйцэтгүүлсэн байх тул хариуцагч нарыг дээрх мөнгийг нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй гэж дүгнэх боломжгүй.
Иймд, хариуцагч нарын ...бидний дансанд орсон мөнгөн дүн нь *******д зээлүүлсэн мөнгөний буцаалт бөгөөд гуравдагч этгээдийн дансаар дамжин шилжсэн, энэ нь бидний хувьд нэхэмжлэгчид ямар нэгэн төлбөр төлөх үүрэг үүсэх үндэслэл болохгүй... гэх гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
7. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нарын үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг шаардах эрхтэй.
Гэвч хэрэгт авагдсан баримтаар зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, хариуцагч нар үндэслэлгүй хөрөнгөжөөгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас олох ёстой байсан орлогод 4,104,464 төгрөг, хариуцагч *******гээс олох ёстой байсан орлогод 22,542,416 төгрөгийг тус тус шаардах эрхгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШШ2026/04035 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 22,552,000 төгрөг, олох ёстой байсан орлогод 4,104,464 төгрөг, *******гээс зээлийн гэрээний үүрэгт 133,288,000 төгрөг, олох ёстой байсан орлогод 22,542,416 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч *******н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******гээс төлсөн 487,950 төгрөг, хариуцагч *******аас төлсөн 270,710 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Б.МАНДАЛБАЯР