Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 381

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн,

Улсын яллагч  А.Оргилбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч Д.Д.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.С-д холбогдох эрүүгийн 1918005890415 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 08 сарын 25-ны өдөр Ховд аймаг, Ховд суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт оршин суух, урьд Дархан-Уул аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 344 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй,  Д.С-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.Д.С- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангирт 8 дугаар хэсэг 4-34а тоотод өөрийн эхнэр Б.Б.О-ыг “архи уулаа” хэмээн маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа олон тооны удаа цохиж эрүүл мэндэд “дагзны хуйх болон нүүр хэсгийн зөөлөн эдийн няцрал, дух, зүүн шанаа, хацар, баруун зүүн доод эрүүнд цус хуралт бүхий” хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Д.Д.С- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.

Эрүүгийн  1918005890415 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Д.Д.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Б.О- манай гэрт ирсэн бөгөөд би ирэхэд нь тосож авсан юм. Б.Б.О- бид хоёр автобусны буудлаас маргалдаж явсаар байгаад манай гэрийн хашаанд орсон. Хашаанд гэрийн гадаа манай ээж Б.Ө-, төрсөн дүү нь болох М-нар байсан. Ингээд Б.Б.О- бид 2 маргалдаж байсан чинь над руу дайраад “чи намайг тэгвэл алчих” гээд намайг бариад авсан. ...Б.Б.О- араас гэрт орж ирчихээд дахиад хэрүүл өдөөд байхаар нь би уурлаад нүүр лүү нь хоёроос гурван удаа алгадсан. Тэгэхэд Б.Б.О- унахдаа орны толгой мөргөөд унасан” гэх мэдүүлэг /хх 23/,

 

            Хохирогч Б.Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ажил дээрээ байж байгаад манай ажлын хүмүүс их цэвэрлэгээ хийсэн. Цэвэрлэгээ хийж байхдаа тэр архинаас 2-3 удаа татсан. Манай нөхөр Д.С- уурлаад байхаар нь 17 цагийн үед ажлаасаа гараад таксинд суугаад Мангиртын эцсийн буудал дээр ирэхэд манай нөхөр тосож аваад манай дүүтэй утсаар намайг өдөр болгон архи ууж согтуу ирж байна гэж хэлэхээр нь би уурлаад “Ажлаасаа согтуу хэзээ ирсэн юм яахаараа худлаа ярьдаг юм” гэж хэлсэн. Тэгээд гэртээ ороод байж байхад миний зүүн хацарт 2 удаа баруун гараараа алгадаад дараа нь толгойны шанааны орчим нэг удаа гараараа цохиход ухаан алдсан байсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй намайг нэмж зодсон юм шиг байсан” гэх мэдүүлэг /хх 9/,

 

            Гэрч Б.Б.Ө-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Д.С- Б.Б.О-д хандаж “хоёулаа сайхан амьдрах гэхээр чи архи уугаад байх юм” гэсэн утгатай үг хэлж байсан. Тэгээд Б.Б.О-, Д.Д.С- хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн бөгөөд маргалдаж байснаа Б.Б.О- нь босож ирээд Д.Д.С-г заамдаж барьж аваад “яадаг юм бэ би архи уусан, чи намайг алаад өг” гэж хэлсэн. Тэгсэн Д.Д.С- Б.Б.О-ыг түлхээд газар унагаасан. ....Б.Б.О- би гэрлүү орно гээд Д.С-гийн араас гэрт орсон юм. Ингээд хэсэг тэр хоёр чимээгүй байж байснаа дахиад өндөр дуугаар хэрүүл хийгээд эхлэхээр нь би гэрт орсон. Мөнхжаргал гадаа суугаад үлдсэн, ингээд би гэрт ороход Д.Д.С- Б.Б.О-ыг хоёр удаа алгадсан тэгэхэд Б.Б.О- орны толгой мөргөөд газар унасан юм.” гэх мэдүүлэг /хх 10/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 702 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.2.Б.Б.О-ын 2019.08.16-ны өдөр бусдад зодуулсны улмаас үүссэн байх боломжтой дагзны хуйх болон нүүр хэсгийн зөөлөн эдийн няцрал, дух, зүүн шанаа, хацар, баруун, зүүн доод эрүүнд  цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна.

4.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

5.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй /хх 14-15/,

 

Шүүгдэгч Д.Д.С-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа // 24-29/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 30-31/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Д.С- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангирт 8 дугаар хэсэг 4-34а тоотод өөрийн эхнэр Б.Б.О-ын эрх чөлөөнд архи уусан гэдгээр шалтаглан халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараахь нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

Гэрч Б.Б.Ө-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би гэрт ороход Д.Д.С- Б.Б.О-ыг хоёр удаа алгадсан тэгэхэд Б.Б.О- орны толгой мөргөөд газар унасан юм.” гэх мэдүүлэг /хх 10/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 702 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.2.Б.Б.О-ын 2019.08.16-ны өдөр бусдад зодуулсны улмаас үүссэн байх боломжтой дагзны хуйх болон нүүр хэсгийн зөөлөн эдийн няцрал, дух, зүүн шанаа, хацар, баруун, зүүн доод эрүүнд  цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 5.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй /хх 14-15/,

                       

Шүүгдэгч Д.Д.С- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

 

Шүүгдэгч Д.Д.С-гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүн/-н улмаас хохирол, хор уршиг учруулсныг гэмт хэрэгт тооцох зохицуулалттай.

 

Иймд шүүгдэгч Д.Д.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирогч Б.Б.О-ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр /хх 7/ шүүгдэгч Д.Д.С-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Д.С- нь ажил хөдөлмөр эрхэлдэг, өөрийн гэсэн орлого олдог эсэх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа нь нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэл болсон болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.С-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.С-г 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Д.С- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д.С-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.ТӨМӨРХҮҮ