Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 382

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн ,

Улсын яллагч  А.Оргилбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,

Шүүгдэгч А.А.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А-т холбогдох эрүүгийн 1918004460351 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 15-нд өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суух тодорхой хаяггүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 147 дугаар зүйлийн 147.2, 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял, Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 09 сарын 03-ны өдрийн 142 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 10 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, А.А- /

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч А.А.А- нь согтуурсан үедээ 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, 8-р баг, 12 дугаар байранд үйл ажиллагаа явуулж буй “Могжоохон” цэцэрлэгийн хаалгаар нэвтрэн орж иргэн Б.Б.О-ийн гар цүнхийг хулгайлан авч 325.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч А.А.А- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2019-06-16-ны орой 17-18 цагийн орчим 5 дугаар багийн Могжоохон цэцэрлэгийн хажуугаар явж байсан. Тухайн үед эрүүл байсан. 00 орох санаатайгаар ороход гутлын тавиур дээр цүнх байсан. Тухайн үед хаягдсан цүнх байна хэмээн бодож авсан. Дотогшоо ороогүй үүд хэсгээс аваад явсан. Утас болон ганц хоёр гоо сайхны бүтээгдэхүүн, түлхүүр зэрэг байсан. Түүнээс гар утсыг нь аваад бусдыг нь хаясан. Хохирлыг барагдуулах бүрэн боломж байсан. Хохирогчид ийм хохирол учруулсандаа харамсаж байна” гэв.

Эрүүгийн 1918004460351  дугаартай хэргээс:

            Шүүгдэгч А.А.А-ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...Sky буудлын урдуур гараад цаана байсан цэцэрлэгийн гадна очоод цонхоор харахад хар өнгийн эмэгтэй цүнх байсан. Тэгээд цэцэрлэг рүү орж цүнхийг аваад гарах гэтэл үүдээр 2 хүн явахаар нь цэцэрлэгийн үүдэнд хүлээж байгаад явахаар нь гадагш гарсан. Тухайн үед цүнхийг авахад дотор хүний дуу гараад байсан. Тэгээд цэцэрлэгийн урд байрлах Дархан зах руу явдаг автобусны буудал дотор цүнхийг нь үзэж гар утсыг нь өөрөө аваад цүнхэн дотор мөнгө байхгүй болохоор нь тэр автобусны буудалд орхиод замын эсрэг талд гарч цүнхэнд байсан хар өнгийн утсыг зарах гээд таксинд суугаад явсан.” гэх мэдүүлэг /хх 9/,

 

Шүүгдэгч А.А.А-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:”... Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө үйлдсэн хэргийнхээ талаар дэлгэрэнгүй үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Уг мэдүүлгээс өөрчлөгдөж солигдох зүйл байхгүй. Могжоохон цэцэрлэгээс эмэгтэй хүний гар цүнхийг хулгайлсан маань үнэн.” гэх мэдүүлэг /хх 32/,

 

Хохирогч Б.Б.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр би ажил руугаа барилгын материал аваачиж тавьж мөн цэвэрлэгээ хийхээр очсон. Тэгээд цэцэрлэгийн үүдний кордорын хэсэгт байрлах сандал дээр барилгын материалын эд зүйлээ болон өөрийн эзэмшлийн хар өнгийн цүнхээ тавьсан. Тэгээд би цэцэрлэгийг доторх цэвэрлэгээг хийсэн. Тэгээд цэвэрлэгээгээ дуусгаад гадагш гарах гээд цүнхээ үзтэл миний цүнх алга болчихсон байсан. Тэгээд ойр орчмоор хайгаад олдохгүй байхаар нь дэлгүүр орж цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх 22/,

Гэрч Х.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед нэг хүн манайхаар үйлчлүүлсэн юм. Тэр хүнийг орж ирэх үед миний гар утас руу хэсгийн байцаагч Цолмондорж гэх хүн залгаад танай буудал руу 1 хүн явуулчихлаа түр нэг өрөөнд оруулаад байлгаж байгаарай хүн явуулаад авахуулчихна гэсэн. ...Тэгээд нэг их удаагүй 1 цаг орчмын дараа 1 цагдаа орж ирээд тэр хүнийг аваад явсан” гэх мэдүүлэг /хх 54-55/,

                       

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 3/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-5/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 14/,

Шүүгдэгч А.А.А-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар  /хх 18, 40-42/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 19-20/,

“Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх 25-26/,

Шүүгдэгч А.А.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 35/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 51-53/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч А.А.А- нь согтуурсан үедээ 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, 8-р баг, 12 дугаар байранд үйл ажиллагаа явуулж буй “Могжоохон” цэцэрлэгийн хаалгаар нэвтрэн орж хохирогч Б.Б.О-ийн гар цүнхийг хулгайлан авч 325.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч А.А.А- нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлсан үйлдэл нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах” гэмт хэргийн  шинжийг агуулсан байна.

 

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч А.А.А-ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч А.А.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

 

Хохирогч Б.Б.О-...”шүүгдэгч А.А.А-ын эрүүл мэнд болон хувийн бусад байдлыг харгалзан хохирол төлбөрөөс 225000 төгрөг авахаас татгалзаж байна. Түүний өмгөөлөгчөөр дамжуулан хохирлын 100.000 төгрөг хүлээж авсан. Одоо надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй болно” гэсэн тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн хор уршгийг арилгасныг ял хөнгөрүүлэхэд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.А.А-т 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн № 950  дугаартай Шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч 10 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А.А-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.А.А-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.А-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.А-ын цагдан хоригдсон 10 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

            5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А.А-т урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.ТӨМӨРХҮҮ