Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2026/01261

 

                                                                *******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШШ2026/04246 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Гуравдагч этгээд: *******

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь *******-тай 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ/105 дугаар зээлийн гэрээг байгуулж, уг зээлийн гэрээний үүргийг биелүүлэх зорилгоор өөрийн өмчлөлийн, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******, , //, , , хаягт байрлах, 4 өрөө, 79,9 м.кв талбайтай орон сууцыг, мөн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, *******, , //, , , хаягт байршилтай, 3 өрөө, 68 м.кв талбайтай орон сууцыг тус тус барьцаалсан.

1.2 *******-иас шүүхэд нэхэмжлэл гаргаж, би өөрийн төлөх ёстой төлбөрийг хүлээн зөвшөөрч төлөхийг зөвшөөрсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* зээлийн шаардах эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлж, нэхэмжлэгч солигдсон. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2023/03507 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Улмаар, зээлийн асуудлаа шийдвэрлүүлэх, барьцаа хөрөнгөд тавьсан эрхийг бүртгэлээс хасуулах хүсэлтийг банканд гаргасан боловч хариуцагч хариу өгөөгүй.

Иймд дээрх шийдвэрээр уг зээлийн шаардлагыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул дагалдах барьцааны эрхийг хүчингүй болох тул дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагчийн барьцааны бүртгэлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ******* нь *******-тай 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ/105 дугаар зээлийн гэрээг байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож БГ/310-3Г/105 дугаар барьцааны гэрээ байгуулан, түүний өмчлөлийн орон сууцыг барьцаалсан ба зээл, барьцааны гэрээнүүд шаардлага хангасан хүчин төгөлдөр.

2.2 Зээлдэгч ******* нь 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 119,523,030.14 төгрөг, үндсэн хүү 83,570,789.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,125,315.88 төгрөг, нийт 219,219,135.45 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Зээлдэгч нь үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ дуусгавар болж, банк барьцаа хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөх боломжтой. Түүнчлэн, банк шаардах эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлсэн эсэхээс үл хамааран зээл, барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэгч тухайн гэрээнүүдийн үүргээс чөлөөлөгдөх боломжгүй гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

3.1 ******* нь *******-тай 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2022/5-1 дугаар Чанаргүй зээлийн багц худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж 27 зээлдэгчийн шаардах эрхийг шилжүүлэн авсан. Өнөөдрийн байдлаар гэрээний талууд гэрээг дуусгавар болгоогүй байна.

3.2 Зээлдэгч ******* нь манай компанитай зээлийн үнэ дээр тохиролцож зээлээ төлсөн тохиолдолд дээрх барьцаа хөрөнгүүдийг чөлөөлөх бичгийг *******-д өгөх болно гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1 Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч *******ын хариуцагч -нд холбогдох эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, , //, байр 4 өрөө 79,9 м.кв орон сууц, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, , //, байр 3 өрөө 68 м.кв орон сууцуудыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 Шүүх нэхэмжлэлийн шаардлага, хүрээнээс давсан, энэ хэрэгт хамааралгүй, өөр хэргийн, өөр нэхэмжлэлийг шийдвэрлэсэн байна гэж үзэж байна. Манай нэхэмжлэлийн шаардлагын хүрээ бол *******ын нэхэмжлэлтэй *******-д холбогдох барьцаа хөрөнгийн бүртгэлийг чөлөөлүүлэх шаардлагатай. Харин *******-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох хэрэг биш. Өөрөөр хэлбэл ******* нь *******ын өмнөөс гүйцэтгэсэн үүргийг ямар үндэслэлээр, хэрхэн, хэзээ шаардах нь тухайн эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийн асуудал болохоос *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй хамааралгүй. Өөрөөр хэлбэл ******* нь өөрсдийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзвэл нэхэмжлэл, гомдол, санал гаргах эрхтэй. Уг эрхийг нь анхан шатны шүүх урьдаар шийдэж, *******аас мөнгөө шаардаж чадахгүй болсон тул *******ын нэхэмжлэлийг хангахгүй гэсэн ямар ч логикгүй шийдвэр гаргасан байна.

Үндсэндээ шүүхийн хэлэлцүүлэгт *******-иас тайлбар гаргахдаа зээлийн үүргийг өөр этгээдээс хүлээн авсан учир манай банкны эрх ашиг хөндөгдөөгүй гэж тайлбарласаар байтал ******* зээлээ банканд төлөөгүй байна, иймээс үүрэг нь дуусаагүй гэж дүгнэлт хийсэн. Хариуцагч манай эрх ашиг хөндөгдөөгүй гэж байр сууриа тайлбарласан ч анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ нэг талын ашиг сонирхлыг илт хангаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

5.2 ******* *******-д нийт 174,272,097 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн бөгөөд үүнийг банк үгүйсгэж байгаагүй. ******* 90,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцэх хүсэлт гаргасан боловч банк хүлээж аваагүй. Гагцхүү зээлийн маргааныг хянан шийдвэрлэж чадаагүй шалтгаан нь дараах хүчин зүйлээс үүдэлтэй. Илт алдаатай зээлийн тооцоолол, банкнаас өгсөн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 21/380 тоотод 79,274,199.11 төгрөг, зээлийн хүү 2,339,753.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 179,438.67 төгрөг нийт 81,79,390.87 төгрөгийн төлөх өр төлбөртэй гэсэн байдаг. Гэтэл шүүхэд 127,796,486 төгрөгийн зээлийн үлдэгдэл нэхэмжлэхдээ нэмэлт зээл аваагүй байхад үндсэн зээлийн хэмжээг учир битүүлгээр нэмэгдүүлсэн. Иймд хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан тул зээлийн тооцоолол дээр маргасан.

Зээлийн тухай шаардлагыг шүүхэд гаргахаас урьд зээл гаргуулсан банкны салбарт хандаж хоёр барьцаа хөрөнгийн нэгийг худалдан борлуулах замаар зээлийг төлөх хүсэлтийг гаргасан. Гэтэл банкнаас шүүхэд хандаж зээл төлүүлэх ажиллагаа хийдэг гэж тайлбарлаад даруй 4 сарын дараа 4 сарын хүү бодсон нэхэмжлэлийг гаргасан байсан.

5.3 ******* нь *******-иудын хооронд байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2022/05-01 дугаар Чанаргүй зээлийн багц худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж өөр этгээдийг энэ маргаанд оролцуулсан. Банк нэгэнт зээлээ өөр этгээдээр төлүүлсэн учир шүүхэд хандах шаардлагагүй болсон, харин зээлийг шилжүүлж авсан этгээд нь банкны зээлийн журмаар нэхэмжлэл гаргаад буруудсан тул дахин нэхэмжлэл гаргах үндэслэлээ олохгүй байгаа.

Нэгэнт анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаагүй шалтгаанаар ******* *******ыг 219,219,135 төгрөг төлөх ёстой гэсэн шаардлага тавьсан бол ******* 160,000,000 төгрөг төлсөн тохиолдолд барьцаа хөрөнгийг чөлөөлж өгье гэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг агуулга:

6.1 Анхан шатны шүүх үүргийн эрх зүйн харьцангуй байх зарчмыг буруу тайлбарлаж, шүүхийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөх үүргийг явцууруулж дүгнэсэн. Гэвч бодит байдалд *******ын зээлийг ******* нь 137,868,434 төгрөгөөр худалдан авч, үүний үр дүнд ******* олон нийтэд нээлттэйгээр нэгж хувьцаа арилжих үнээ тогтоож, арилжин Банкны тухай хуульд заасан үүргээ биелүүлж, нээлттэй хувьцаат компани болсон. Харин уг зээлийг худалдан авч буй ******* нь Санхүүгийн зохицуулах хорооноос Факторингийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй этгээд тул банкны нэгэн адил үүргээ биелүүлэх хүртэл гэрээгээр тохирсон хүү тооцох, банкны барьцааны эрхийг өөрт шилжүүлэн авах зэрэг эрхгүй байсан. Уг гэрээнээс татгалзах, эсхүл хуульд нийцээгүйн улмаас өгсөн авснаа буцаасан эсвэл буцаах хүсэл зоригтой байгаа эсэхийг шүүхээс лавлахад гэрээнээс татгалзаагүй, өгсөн авснаа буцаахгүй талаар ******* болон *******-ууд хүсэл зоригоо тодорхой илэрхийлсэн.

Үүнийг эрх зүйн хувьд дүгнэвэл тодорхой үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй компани ийм зөвшөөрөл аваагүй бол уг үйл ажиллагааг хэрэгжүүлсэн хэлцэл нь хуульд нийцэхгүй. Харин тухайн үйл ажиллагааны үр дагаврыг буцаах хүсэл зориггүй бол энэ үр дагавар нь ямар үр дүнд хүргэж буй талаар шүүх эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай. ******* тусгай зөвшөөрөлгүй тул чанаргүй зээлийг худалдан авах буюу анхны зээлдүүлэгч болох банкны статусаар уг гэрээний залгамжлагч болох боломжгүй ч хуульд зааснаар үүсэх үүргийн үүрэг гүйцэтгүүлэгч болсон юм. Тухайлбал, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар *******-д хуульд зааснаар үүсэх үүргийн үүрэг гүйцэтгүүлэгчийн статус одоо ч хүчин төгөлдөр хадгалагдаж байгаа юм.

Харин дээрх үйл баримтын үр дүнд ******* болон *******-ийн хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-ний үүрэг нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр дуусгавар болсон.

Үүнийг анхан шатны шүүхээс зөв дүгнэж чадаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1 Барьцааны эрх нь зээлийн гэрээтэй зайлшгүй холбоотой дангаар хэрэгжих боломжгүй. Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ гэж заасан. Анхан шатны шүүх хариуцагч болон гуравдагч этгээд нарын хооронд байгуулагдсан гэрээг хууль бус гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар өгсөн авснаа буцаах үр дагавар үүсэх бөгөөд тухайн буцаах үр дагавар нь ******* болон *******-иудын хооронд үүснэ. Уг хэлцэл нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлд зааснаар шаардах эрх шилжүүлэх хэлцэл бөгөөд энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан харилцаа нь Иргэний хуулийн 123, 243 дугаар зүйлд заасан үндэслэлээр зохицуулагддаг. Шаардах эрх хэнд үүссэнээс үл хамааран зээлдэгч буюу нэхэмжлэгч тал нь хэний ч өмнө зээлийн гэрээтэй холбоотой үүргээ биелүүлээгүй. Барьцааны эрх нь зээлийн гэрээтэй салшгүй холбоотой учир дангаар хэрэгжих боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна гэжээ.

8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан, үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч үгүйсгэн маргасан.

2.1 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хариуцагчийг дэмжсэн тайлбар гаргасан.

3. Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1 Талуудын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ЗГ/105 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр зээлдүүлэгч ******* нь 200,000,000 төгрөгийг, жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хариуцагчид зээлдүүлэх, зээлдэгч ******* нь гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл, хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн. /хх 17-20/

3.2 ******* нь *******-тай 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр БГ/310-ЗГ/105 дугаар Барьцааны гэрээ байгуулж, банк зээлдэгчийн хооронд байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ЗГ/105 тоот 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор *******ын өмчлөлийн, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******, , //, , , хаягт байршилтай, 79,9 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, *******, , //, , , хаягт байршилтай, 79,9 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, *******, , //, , , хаягт байршилтай, 68 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан. /хх 3-6/

3.3 Мөн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ******* нь -тай БД/124-ЗГ105 дугаар батлан даалтын гэрээг байгуулсан. /хх 22-23/

3.4 ******* нь *******-тай 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2022/05-01 дугаар Чанаргүй зээлийн багц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч ******* нь хавсралт 1-д заасан чанаргүй зээлийн багцыг холбогдох эрх, үүргийн хамт худалдан авагч талд шилжүүлэх, худалдан авагч ******* хэлэлцэн тохирсон үнийг худалдагчид төлөх, гэрээний зүйлийг шүүхийн бус, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу зээлдэгч, батлан даагч, баталгаа гаргагч, барьцаалуулагч нараас шаардаж зээлийг төлүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх 66-69/ Уг гэрээний чанаргүй зээлийн багцын мэдээллийн хавсралтад *******ын зээлийн үлдэгдэл 137,868,434 төгрөг гэсэн байна.

3.5 Монголбанкны 2023 оны 07 дүгээр сарын 31-ний өдрийн Б-10/598 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичигт ...Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11 дэх заалтад заасан зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрлийг Монголбанкнаас тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан баримтын бүрдлийг үндэслэн зөвхөн банканд олгодог болохыг үүгээр мэдэгдэж байна гэжээ. /хх 55/

3.6 Улмаар, ******* нь *******, -д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 127,796,486 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2023/03507 дугаар шийдвэрээр хариуцагч *******, -иудад холбогдох 127,769,486 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг дээрх барьцаа хөрөнгөөр хангуулах тухай *******-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. /хх 11-15/

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

4.1 Шүүхийн дээрх шийдвэрт ...******* болон *******-иудын хооронд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан 2022/05-1 тоот Чанаргүй зээлийн багц худалдах-худалдан авах гэрээ-ний дагуу нэхэмжлэгчид шаардах эрх үүсэхгүй, Банкны тухай хуульд заасан зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах зохицуулалт нь гагцхүү тусгай зөвшөөрлийн үндсэн дээр банк болон банкны үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдүүдийн хооронд хамаарна гэж дүгнэсэн байна. /хх 14 ар/

Дээрхээс үзвэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр *******-ийн шаардах эрхтэй холбоотойгоор эрх зүйн дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, тухайн хэргийн гуравдагч этгээд ******* болон *******-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2022/05-01 дугаар Чанаргүй зээлийн багц худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгч талын ...нэхэмжлэлийн шаардлага, хүрээнээс давсан, энэ хэрэгт хамааралгүй, өөр хэргийн, өөр нэхэмжлэлийг шийдвэрлэсэн гэх гомдлыг хангахгүй.

5. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт зааснаар үүрэг дуусгавар болох бөгөөд мөн хуулийн бусад үндэслэлийг зохицуулсан. Хэрэгт авагдсан баримтаар зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч нь зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг шаардах эрхээ бусдад шилжүүлсэн нь уг зээлийн гэрээний нэмэлт үүрэг болох барьцааны үүргээс зээлдэгч буюу нэхэмжлэгчийг чөлөөлөх үндэслэл болохгүй. Учир нь, зээлийн гэрээний нэмэлт үүрэг болох барьцааны гэрээний үүргийг тухайн үндсэн үүрэг болох зээлийн гэрээний үүргээс салгаж үл болно.

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд хэлцлийн үндсэн дээр үүсэх үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хуульд зааснаар үүсэх үүргийн хүрээнд хариуцагч *******-д нэхэмжлэгчийн өмнө үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөх үүрэг үүсэхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болсон байх тул ...талуудын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-ний үүрэг нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр дуусгавар болсон гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШШ2026/04246 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН