Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 385

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин ,

Иргэдийн төлөөлөгч Ш.Цэнд-Аюуш,

Улсын яллагч  А.Оргилбаяр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ч.Г-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа

Шүүгдэгч О.О.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.А-т холбогдох эрүүгийн 1918000000340 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн операторчин мэргэжилтэй, ам бүл 3, ээж, хүүхдийн оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй Дархан-Уул аймгийн шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-т зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 13-ны өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байсан, О.А-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч О.О.А- нь 2019 оны 07 дугаар сарын 06- ны өдрийн 06 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, 3-р баг, Хараагийн 3-р гудамжны 43 тоотод оршин суух иргэн А.А.Б-ийн хашаанд архи, пиво уун согтуурч, улмаар хамтран амьдрагч Г.Г.Г-ийг “хэл амаар доромжилж, хөл гарлуу цохилоо хэмээн” хэвлийн тус газарт нь хутгаар нэг удаа санаатай хутгалж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч О.О.А- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2019-06-28-ны өдөр талийгаачтай хамт вагонд явсан. Цалин мөнгөө авсан. Г.Г- цалингаа гэрийнхэндээ аваачиж өгсөн. Би Г.Г-т 200,000 төгрөгийг ээжид өгөөрэй гэж өгсөн. 20,000 төгрөгөөр нэг шил архи, пиво аваад нэг айлынд очоод уусан. Г.Г- гарч явсан. Би тэнд сууж байгаад явлаа гээд явсан. Г.Г-ийг дахиад нэмээд ууж идсэн байж магадгүй гэж бодоод очсон. Тэгтэл Н.Б-, Б.О- хоёрыг дагуулаад нэг шил архи барьсан ирж байсан. Цуг орсон. Ороод ээжид мөнгө өгөөрэй гэж хэлсэн биз дээ гэж хэлсэн. Хөл өвдөөд хөлөө бариулж байсан. Тэгээд гуталнаас нэг зүйл мэдрэгдэх шиг болсон. тэгтэл хутга байсан. айлгах гээд тэр хутгаар хатгасан. Талийгаач надад гар хүрсэн болохоор айлгах гээд ийм зүйл болсон” гэв.

     Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ч.Г- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Манайх 6 хүүхэдтэй. Талийгаач нь манай дунд хүүхэд. 1983 онд Дархан суманд талийгаач нь төрсөн. Дарханд цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад Хөтөлд амьдарч байсан. Хөтөлийн 10 жилийн сургууль төгссөн. Найзархаг, хүнд итгэмтгий хүн байсан. Би талийгаачид хутга шөвөгнөөс хол байгаарай гэж хэлсэн. Тэгтэл ийм зүйл болохгүй. Шүүгдэгчтэй олон жил хамт амьдарсан зүгээр гэж хэлдэг байсан. Талийгаач өнгөрөхөөсөө өмнөх өдөр нь над руу холбогдож очоод хонь авч өгнө гэж хэлж байсан. Тэгээд над руу цагдаагийн байгууллагаас залгаж ийм зүйл болсон талаар хэлсэн. Шүүгдэгчийг урьд нь ийм хүн амины хэрэгт холбогдож байсныг мэдээгүй. Шүүгдэгч нь дахин хүн амины хэрэг хийсэнд маш их харамсалтай байна. Миний хүү нь хүнд итгэмтгий, сайхан залуу байсан. Талийгаачийн зургийг шүүхэд авчирсан. Жаазлаад та бүхэнд үзүүлье. Талийгаачийн ах дүү нар нь биднээс илүү харамсаж байгаа. Талийгаач нь өвчнөөр биш хүнд алуулж нас барсанд харамсалтай байна. Миний хүү гадуур биш хашаан дотор найзындаа ууж байгаад  хутгалуулж өнгөрсөн. Шүүгдэгч нь шүүхэд талийгаач гар хүрсэн гэж худал ярьж байна. Шүүгдэгч нь хүний венийн судас руу шууд хатгасан байгаа. Нас барахаасаа өмнө шүүгдэгчийг хатгачихлаа л гэж хэлсэн байгаа. Гомдол санал байгаа. Талийгаачийн оршуулгын зардалд нэг ч төгрөг өгөөгүй. Шүүгдэгчийн ар гэрийнхнээс ирж ерөөсөө уулзаагүй. Буяны байгууллагад 900,000 төгрөг. Нийт 3,200,000 төгрөгийг талийгаачийн оршуулгын зардалд гаргасан. Шүүгдэгчийн тал уг байдлыг бодолцож үзэх байхаа” гэв.

Эрүүгийн 1918000000340 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч О.О.А-ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...гэрээсээ ногоо арилгадаг жижиг хутгыг аваад Г.Г-ийг хайхаар явсан. Би Г.Г-ийг хайгаад А.Б-ийн гэрт очиход А.Б-, Г.Г- 2 байгаагүй.  Тэгээд хашаанаас нь гараад явж байтал А.Б-, Г.Г-, Батаа, Х.О- нар гудамжаар ирж байсан. Тэд нар “Түмний хишиг” 1 литрийн 1 шил архи авсан байсан. Г.Г- л тэр архийг авсан байх. Бид хоёр мөнгөнөөс болоод маргаантай байсан. Бид нар хамт суугаад архи уусан. Тэгтэл Г.Г- миний баруун хөл рүү өшиглөөд зүүн гараас базаж татаад толгой руу цохиод гичий, янхан гээд хэл амаар доромжлоод байхаар нь уур хүрээд гутландаа хийсэн байсан хутгаар Г.Г-ийн гэдсэнд нь хутгалсан. Гэтэл Г.Г- газар унасан. Тэд нар Г.Г-ийг сандал дээр суулгаад эмнэлэг дуудсан.” гэх мэдүүлэг /хх 142-143/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ч.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний хүү Г.Г- нь 1983 онд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн. Бидний 3 дахь хүүхэд нь байгаа юм. Би 6 хүүхэдтэй юм. Г.Г-ийг 3 настай байхад нь бид Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд очиж амьдраад тэндээ цэцэрлэг, сургууль төгссөн. Сургууль төгсөөд эрхэлсэн тодорхой ажил хийж байгаагүй хар бор ажил хийгээд явдаг байсан. Нэлээд хэдэн жилийн өмнө Улаанбаатар хотод нэг хүнтэй амьдарч байсан. Тэр хүнийг нь сайн мэдэхгүй түүнээс салсан. Сүүлийн 3-4 жил энэ О.А- гэж эмэгтэйтэй хамт амьдарч байгаа гээд байгаа юм. Би яах гэсэн юм гэхээр зүгээрээ архи л уудаг болохоос гайгүй шүү дээ гээд байдаг байсан. Манай хүү зан харьцааны хувьд цайлган хүнтэй их найзархаг, хүнтэй эвтэй харьцдаг, тэгэхээр нь би хүн болгон найз биш шүү болгоомжтой байгаарай гэж хэлдэг байсан. Хөтөлд ирэхээрээ архи бол уудаггүй харин Дарханд байхаараа л их архи уугаад явдаг юм шиг байгаа юм. Сүүлийн 5-6 жил архи уугаад явдаг арай гудамжинд уугаад явдаггүй болов уу гэж бодох юм. Бид нар хөгшин хүнтэй хамт яваад байх юм наад хүнээсзэ салаач гээд зөндөө хэлдэг байсан.” гэх мэдүүлэг /хх 38/,

 

Гэрч А.А.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай гудамжаар ороод бид 4 явж байхад Г.Г-ийн эхнэр нь А- манай хашаанаас гарч  ирээд гудамжинд таараад “та нар юу авсан юм” гэхээр нь би нэг шил архи авсан юм гудамжинд уугаад яахав манай хашаанд ороод ууя гээд хашааруугаа орж байшингийн зүүн талд гадаа тойрч суугаад нөгөө архиа хувааж уусан. Эхлээд гайгүй байсан чинь сүүлдээ талийгаач Г.Г-, эхнэр Аптанхөлөг нар хоорондоо хэрэлдээд байсан. Тэгж байтал О.А- нэг юмаар Г.Г-ийг хатгах шиг болоод талийгаач Г.Г- намайг хатгачихлаа шүү дээ гэхээр нь О.А-рүү харахад шар иштэй хутга оймос дотроо хийж байхаар чи хүн хутгалчихаа гээд хутгыг нь булааж аваад сууж байсан буйдангийн ар хэсэг рүү шидсэн. Г.Г- сандал дээр сууж байгаад арагш унахаар нь би өндийлгөөд харсан чинь хүйснийх эь тэнд улайсан байсан цус гараагүй ухаан нь балартаад байсан.” гэх мэдүүлэг /хх 41/,

 

Гэрч Ц.Ц.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...унтаж байтал үүрээр талийгаач эхнэрийн хамт манай гэрт буцаж ирсэн гэсэн. Энэ үед нь би унтаж байсан учраас мэдээгүй. Гэтэл 06 цагийн орчимд манай нөхөр А.Б- намайг сэрээгээд утас чинь хаана байна түргэн тусламж дуудаадхъя гэхээр нь би шууд босоод гараад харсан. Тэр үед газар талийгаач хэвтсэн байдалтай манай нөхөр А.Б-, талийгаач Г.Г- эхнэр Хөлөгөө нар байсан. Би тэгэхээр нь түргэн дуудчихаад газар хэвтүүлээд яахав дээ ядаж сандал дээр хэвтүүл гээд сандал руу суулгасан. Тэгээд удалгүй түргэн тусламж ирж ардаас цагдаа нар ирж шалгасан” гэх мэдүүлэг /хх 43/,

 

Гэрч Х.Х.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г.Г- Хөлөгөө 2 бие рүүгээ элдэв муухай үгээр хэлээд дайраад хэрэлдээд байсан. Г.Г- нь архи ууна гэсэн чинь Хөлөгөө уу чи уу гээд Г.Г-ын урд байсан рүнк рүү нь архи хийж өгөөд байсан. Хөлөгөө босч ирээд Г.Г-ыг заамдаж аваад зогсож байтал Г.Г- газар уначихсан. Тэгсэн А.Б- Хөлөгөөг “чи нөхрийгөө босгооч яаж байгаа юм бэ, уувал уусан шиг уулдаа” гэхэд Хөлөгөө “яах юм бэ наадах чинь өөрийгөө мэдэж байгаа босоод ирнэ, би нөхрийгөө мэдэж байна” гэж хэлсэн. Тэгэхэд А.Б- босоод Г.Г- дээр очоод толгойноос нь өндийлгөх гээд босооч миний дүү бос бос” гэж хэлсэн чинь Г.Г- босч чадахгүй тэгсэн хэрнээ толгой нь хөдөлж байсан. Тэгээд А.Б- Г.Г-ийг босохгүй болохоор нь цамцыг нь дээш нь сөхөх шиг болсон тэгсэн чинь Г.Г-ийн гэдэс орчим шарх байсан тэгсэн А.Б- “юу бэ яасан бэ? чи яаж байгаа юм бэ” гээд Хөлөгөө рүү дайрсан. Тэгэхэд нь би харж чадахгүй нөхрийгөө дагуулаад А.Б-ийн байшин руу орсон. А.Б- эхнэрийгээ эмнэлэг дууд гээд А.Б-ийн эхнэр Алтаа байшингаас гарч ирээд эмнэлэг дуудаад нөхөр бид 2-г “яв яв харь та 2-т хамаагүй” гэж хэлсэн тэгээд нөхөр бид А.Б-ийн хашаанаас гараад гэрлүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх 45/,

 

Гэрч О.П- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өглөө 7 цагийн орчим сэрэхэд талийгаач Г.Г- манай охин О.А- нар байхгүй байсан. Тэгээд би цай уугаад сууж байтал манай гэрийн гал тогооны шүүгээнд байдаг ногоо арилгадаг жижиг шар хутга байхгүй байсан. Эргэж хэвтээд унтаж байтал А.Б-ийн охин манай гэрт ирээд Г.Г- ах ухаан алдаад уначихлаа гэж надад хэлсэн. Тэгээд намайг А.Б-ийн охинтой хамт гэрт нь очиход түргэн тусламжийн машин ирчихсэн эмч нь үзэж байгаад та нар энэ хүнд битгий хамаагүй хүрээрэй нас барчихсан байна гэж хэлээд яваад өгсөн: Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хх 47/,

 

Гэрч А.А.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би том өрөөнд дүүтэйгээ унтаж байхад өнөөдөр өглөө буюу 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 05 цаг өнгөрч байхад ээж гэрийн гадаа түргэн дуудах уу гээд чанга яриад байсан. Тэгээд би гайхаад хувцсаа өмсөөд гэрээсээ гараад харахад манай аавын багын найз О.А- эгч нөхөр болох Г.Г- ахын хамт байшингийн зүүн талд байх хөх өнгийн сандал дээр О.А- эгч суугаад Г.Г- урд талд нь дээшээ харсан байдалтай амьсгалж чадахгүй байгаа мэт дуу гаргаад байсан. Тэр үед аав, ээж хоёр өөдөөс нь хараад зогсож байсан. Тэгээд би ээжээс яасан бэ юу болов гэж асуухад Г.Г- ах нь ухаан алдаад уначихлаа түргэн дуудахгүй бол болохгүй гээд түргэн дуудсан. О.А- эгч нөхрийгөө хохино энэ муу намайг дандаа зодож, доромжилдог гээд нөхрийгөө газар хэвтэж байхад нь цохих гээд дайраад байхаар нь аав боль гээд болиулсан. Тэгээд би газар хэвтэж байсан Г.Г- ахад санаа зовоод хамар, эрүүнийх нь доор дардаг гэхээр нь дарж үзэхэд амьсгалж байхаар нь гайгүй юм байна гээд бодсон. Тэр үед би гэрээс гарахдаа анзаараагүй нэг харсан хашаан дотор манай гэрээр үе үе ирдэг Н.Б- ах Б.О- эгч хоёр холоос хараад зогсож байсан. Тэгээд ээж надад миний охин О.А- эгчийнхээ ээжийг очиж дуудаарай гэхээр нь би гэрт нь очоод Хөлөгөө эгч Г.Г- ах 2 манайд байна ээж таныг хүрээд ир гэнээ гэж хэлээд би хамт явж очиход эмч ирчихсэн, Н.Б- ах Б.О- эгч явчихсан байсан. Эмч Г.Г- ахыг үзээд нас барчихсан байна битгий хүрээрэй архины хордлогонд орчихсон байж магадгүй, цагдаа иртэл хүрч болохгүй гэж хэлэхэд Хөлөгөө эгч наадах чинь худлаа жүжиглээд маяглаж байгаа юм зүгээр бос чи гээд орилоод байхаар нь ээж чи чимээгүй байгаач гэхэд яадаг юм би алчихсан юм гээд чанга чанга орилсон. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хх 49/,

 

Гэрч Б.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх Дархан сумын 3-р баг Малчин 3-24 тоотод “Дарханжолоо" хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. 2019 оны 7 дугаар сарын 6-ны өглөө 6-7 орчимд байх цагийг нь сайн санахгүй байна. Нэг эмэгтэй дэлгүүрийн хаалгыг цохиод нар дээр хөөрчихсөн байна дэлгүүрээ онгойлгооч ээ гээд орилоод байсан. Тэр эмэгтэйг би зүс танина. Нэрийг нь мэдэхгүй. Өмнө манай дэлгүүрээр хаяа орж ирдэг. Өнөөдөр өглөө хаалга цохиж байгаад би онгойлгоход "Архи ундаа авъя” гэж хэлээд ганцаараа орж ирсэн. Тэгээд “Түмний хишиг” нэртэй 1 литрийн хэмжээтэй архи 1 шилийг ‘Үзэмний шүүс” гэсэн ундаа 1-г авсан. Би авах юмыг нь өгчихөөд дэлгүүрээ хаасан. Цаашаа юу болсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх 51/,

 

Гэрч Н.Н.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г.Г.Г-, О.О.А- нар бие биенээ хардаад хэл амаар доромжлоод хэрэлдээд байсан. Тэгээд А.А.Б- “хүн авч ирчихээд хоорондоо хэрэлдээд байх юм” больцгоо гээд уурласан. Тэгээд нэг хэсэг хэрэлдэхгүй архиа уусан. Тэгээд талийгаач болон түүний эхнэр О.О.А- нар согтоод хоорондоо дахиж хэрэлдээд эхнэр О О.А- нь таалийгаачийн гэдэс рүү цохичихлоо гэж би харсан боловч гэдэс рүү нь хатгасан байсан. Талийгаач өөрөө хэлэхдээ гэдэс рүү хатгачихлаа гэж хэлсэн. Тэгээд А.А.Б- бид хоёр талийгаачийг өргөөд сандал дээр суулгахад гэдэс нь дээр нь жижиг нүх харагдсан. Тэгээд манай эхнэр Х.Х.О- намайг дуудаад миний хажууд зогсож бай гэхэд нь би эхнэрийн хажууд хамт зогссон. Тэр үед А А.Б-ийн охин талийгаач дээр очоод ухаан алдсан байж магадгүй гээд уруулны дээд хэсэгт дараад байсан. Тэгээд А.Б- эхнэртээ хэлэхдээ “Наадахыг чинь сая хутгалчихсан юм аа эмнэлэг дууд” гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг ирэх үед А.А.Б-ийн эхнэр намайг болон манай эхнэр бид хоёрыг гэрт ороод байж бай гэж хэлсэн. Эхнэр бид хоёр гэрт нь орсон. Тэгээд удалгүй А.А.Б-ийн эхнэр орж ирээд цагдаа нар ирж байгаа та хоёр гэр лүүгээ явж бай гэсэн” гэх мэдүүлэг /хх 53/,

 

Гэрч О.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай дүү Аптанхөлөг шоронд байж байгаад 5-6 жилийн өмнө суллагдаж ирсэн. Тэгж ирэхдээ энэ Г.Г-ийг дагуулж ирсэн. Тэгээд дүүгээ шоронгоос гараад ирэхээр нь би хадамынхаа хашаанд байдаг юм тэр хашаанд хадмын байшин байдаг тэр байшинд ээжийн хамт амьдарч байг гэж бодоод оруулсан чинь энэ О.А-, Г.Г- нар нийлж архи уугаад хоорондоо маргалдаад хулгай зэлгий хийгээд маш хэцүү байсан. Гэхдээ би байнга хамт байхгүй болохоор сайн мэдэхгүй. Надад их төвөгтэй байсан. Хадмын хашаа байшинд байлгаад байхад архи дарс уугаад байдаг байсан нь их л хэцүү байсан. Тэгээд бид нар тэр хоёрыг хоорондоо амьдарч чадахгүй бол яв гэж хэлээд явуулж байсан. Би тэр талийгаач Г.Г.Г-ийн аав, ээж гэж ямар хүн байдаг талаар нь мэдэхгүй тэр хүмүүс нь ирдэггүй ах дүүсийг ч мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх 56/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 70 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.Талийгаачийн биед хэвлийн өмнө хэсгээр хэвлийн хөндий рүү нэвтэрч чацархай артери судсыг гэмтээсэн шарх, баруун хөлийн шилбэн дэх цус хуралт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь амьд ахуй үед үүсгэгдсэн болно.

3.Талийгаачийн биед тогтоогдсон хэвлийн өмнө ханан дахь хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг шарх нь ГЗТЖ-н 3.1.11-т зааснаар амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.

4.Талийгаачийн биед илэрсэн баруун хөлийн шилбэн дэх цус хуралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг цус хуралт нь ГЗТЖ-н 3.1.11-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5.Талийгаач нь хэвлийн хөндийд нэвтэрч чацархайн артери судсыг гэмтээсэн шархны улмаас дотуур хурц цус алдаж гэмтлийн шокоор нас баржээ.

6.Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин илэрсэнгүй.

7.Талийгаачийн цусанд 0.5 промилли, ходоодны агууламжид 6.7 промилли этилийн спирт илэрсэн нь хөнгөн зэргийн согтолттой, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнийг харуулж байна.

8.Талийгаачийн цусны бүлэг AII, Rh/+/ байна. /хх 58-59/,

                       

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 6/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-15/,

Согтуурал шалгасан тэмдэглэл /хх 26-29/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн №69, №153 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 60-63/,

Цогцосны гадна талд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 66/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 589 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 70-71/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №3617, №3620, №3618  дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 75-78, 81-84/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №4242 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 101-102/, №4007 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 107/,  №4009 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 112/, №65 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 116/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа №67/19:

1.Магадлуулагч Ойдов овогтой О.А- нь сэтгэцийн ямар нэг өвчингүй эрүүл болно.

2.Үйлдсэн хэргийн үйлдлийг зөв тайлбарлах, мэдүүлэх чадвартай болно.

3.Магадлуулагч Ойдов овогтой О.А- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл учир түүнд эмнэлгийн чанартай албадан эмчилгээ шаардлагагүй болно.

4.Магадлуулагч Ойдов овогтой О.А- нь сэтгэцийн ямар нэг өвчингүй эрүүл учир хэрэг хариуцах чадвартай болно.

 

Шүүгдэгч О.О.А-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 144/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 145-162/, А.О- төрсний гэрчилгээний хуулбар /хх 169/, арилжааны банкуудаас ирүүлсэн харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолт /хх 172-178/, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын тодорхойлолт /хх 179/, Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт /хх 182/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 186-189/,

Амь хохирогч Г.Г.Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 170/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлсэн болно.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч О.О.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 06 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, 3-р баг, Хараагийн 3-р гудамжны 43 тоотод оршин суух иргэн А.А.Б-ийн хашаанд хамтран амьдрагч Г.Г.Г-ийг “хэл амаар доромжилж, хөл гарлуу цохилоо хэмээн” хэвлийн тус газарт нь 1 удаа хутгалсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараахь нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

Гэрч А.А.Б-ийн...“Тэгж байтал О.А- нэг юмаар Г.Г-ийг хатгах шиг болоод талийгаач Г.Г- намайг хатгачихлаа шүү дээ гэхээр нь О.А- рүү харахад шар иштэй хутга оймс дотроо хийж байхаар чи хүн хутгалчихаа гээд хутгыг нь булааж аваад сууж байсан буйдангийн ар хэсэг рүү шидсэн.” гэх мэдүүлгээр /хх 41/,

Гэрч Ц.Ц.А-ийн...”Тэр үед газар талийгаач хэвтсэн байдалтай манай нөхөр А.Б-, талийгаач Г.Г- эхнэр Хөлөгөө нар байсан. Би тэгэхээр нь түргэн дуудчихаад газар хэвтүүлээд яахав дээ ядаж сандал дээр хэвтүүл гээд сандал руу суулгасан.” гэх мэдүүлгээр /хх 43/,

Гэрч Х.Х.О-ийн...”А.Б- Г.Г-ийг босохгүй болохоор нь цамцыг нь дээш нь сөхөх шиг болсон тэгсэн чинь Г.Г-ийн гэдэс орчим шарх байсан. А.Б- “юу бэ яасан бэ? чи яаж байгаа юм бэ” гээд Хөлөгөө рүү дайрсан.” гэх мэдүүлгээр хх 45/,

Гэрч О.П-...“намайг А.Б-ийн охинтой хамт гэрт нь очиход түргэн тусламжийн машин ирчихсэн эмч нь үзэж байгаад та нар энэ хүнд битгий хамаагүй хүрээрэй нас барчихсан байна гэж хэлээд яваад өгсөн: Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн” гэх мэдүүлгээр /хх 47/,

Гэрч Б.А.А-ийн...”Эмч Г.Г- ахыг үзээд нас барчихсан байна битгий хүрээрэй архины хордлогонд орчихсон байж магадгүй, цагдаа иртэл хүрч болохгүй гэж хэлэхэд Хөлөгөө эгч наадах чинь худлаа жүжиглээд маяглаж байгаа юм зүгээр бос чи гээд орилоод байхаар нь ээж чи чимээгүй байгаач гэхэд яадаг юм би алчихсан юм гээд чанга чанга орилсон.” гэх мэдүүлгээр /хх 49/,

Гэрч Н.Н.Б-гийн...”О.О.А- нь таалийгаачийн гэдэс рүү цохьчихлоо гэж би харсан боловч гэдэс рүү нь хатгасан байсан. Талийгаач өөрөө хэлэхдээ гэдэс рүү хатгачихлаа гэж хэлсэн. Тэгээд А.А.Б- бид хоёр талийгаачийг өргөөд сандал дээр суулгахад гэдэс нь дээр нь жижиг нүх харагдсан.” гэх мэдүүлэг /хх 53/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 70 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Талийгаачийн биед хэвлийн өмнө хэсгээр хэвлийн хөндий рүү нэвтэрч чацархай артери судсыг гэмтээсэн шарх, баруун хөлийн шилбэн дэх цус хуралт тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь амьд ахуй үед үүсгэгдсэн болно. 3.Талийгаачийн биед тогтоогдсон хэвлийн өмнө ханан дахь хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг шарх нь ГЗТЖ-н 3.1.11-т зааснаар амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. 4.Талийгаачийн биед илэрсэн баруун хөлийн шилбэн дэх цус хуралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг цус хуралт нь ГЗТЖ-н 3.1.11-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5.Талийгаач нь хэвлийн хөндийд нэвтэрч чацархайн артери судсыг гэмтээсэн шархны улмаас дотуур хурц цус алдаж гэмтлийн шокоор нас баржээ. /хх 58-59/,

 

Шүүгдэгч О.О.А- нь Г.Г.Г-ийг санаатайгаар хутгалж алсан үйлдэл нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн  шинжтэй байна.

 

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь субьектив шинжийн хувьд хүний амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийх, сэдэл зорилгын хувьд хор уршгийг хүсэж үйлдэгддэг гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч О.О.А- амь хохирогч Г.Г.Г-ийг “надад гар хүрсэн болохоор айлгах гээд ийм зүйл болсон” гэж мэдүүлсэн бөгөөд хэрэг учралын үед амь хохирогч, шүүгдэгч нарын хооронд маргалдаж хэрэлдсэнээс өөрөөр цохиж зодсон гэх үйлдэл гараагүй, шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч О.О.А-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт заасан Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгч О.О.А-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болно.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч О.О.А-ийг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.О.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Амь хохирогч Г.Г.Г-ийг оршуулахтай холбоотойгоор 3.200.000 төгрөгийн зардал гарсан, баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ч.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлснийг шүүгдэгч О.О.А- хүлээн зөвшөөрч нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч О.О.А-өөс 3.200.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ч.Г-ад олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгч О.Алтнхөлөгийн хувийн байдлыг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.О.А-ийн энэ хэрэгт 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан, 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 108 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг хутга, ногоон өнгийн малгайтай цамц 2 ширхэг, футболк, хөх өнгийн биеийн тамирын өмд, хөх өнгийн дотуур өмд, хүрэн өнгийн оймс, хар ногоон өнгийн гутал 2 хос, хар өнгийн куртик, хүрэн ягаан өнгийн хантааз, хар хөх өнгийн хантааз, хар өнгийн биеийн тамирын өмд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О.А-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О.А-ийг 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О.А-т оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч О.О.А-ийн цагдан хоригдсон 108 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч О.О.А-өөс 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Г- -д олгосугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг хутга, ногоон өнгийн малгайтай цамц 2 ширхэг, футболк, хөх өнгийн биеийн тамирын өмд, хөх өнгийн дотуур өмд,, хүрэн өнгийн оймс, хар ногоон өнгийн гутал 2 хос, хар өнгийн куртик, хүрэн ягаан өнгийн хантааз, хар хөх өнгийн хантааз, хар өнгийн биеийн тамирын өмд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О.А-т урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         З.ТӨМӨРХҮҮ

 

                       ШҮҮГЧ                         Г.ГЭРЭЛТ-ОД

 

                       ШҮҮГЧ                         Б.ИХТАМИР