Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2026/01262

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2026/03019 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь тай 2025 оны 01 дүгээр сард БНХАУ-ын Шаньдун мужийн гурилын үйлдвэрээс 35 тонн гурилыг худалдан авахаар харилцан тохиролцож, ийн нэр заасан данс руу гурилын үнэд 52,195,840 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн захиалсан гурилыг тээвэрлүүлэхээр БНХАУ-ын Шаньдун мужаас Эрээн хот хүртэл тээвэрлэлтийн зардалд 3,011,400 төгрөгийг аар дамжуулж *******д 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн.

1.2 Харин БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хот хүртэлх тээврийг ийн хэлсний дагуу түүний төрсөн дүү болох *******аар хийлгэхээр болж, тээврийн хөлсөнд 30,000,000 төгрөгийг *******д шилжүүлсэн. Гэтэл Замын-Үүд боомтын гааль дээр тээвэрлүүлэх гэж байсан гурил гаалийн мэдүүлэг буруу мэдүүлснээс хураагдсан гэж хэлсэн. Улмаар тээвэрлүүлэх гэж байсан гурил хураагдсан тул ******* тээврийг хийж гүйцэтгээгүй.

Иймд *******аас бараа тээвэрлүүлэхээр шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 *******аас 30,000,000 төгрөгийг хүлээн авсан. Би тээвэр хийж гүйцэтгэсэн ба БНХАУ-ын Эрээн хотоос Замын-Үүд хүртэл тээвэрлэсэн. Надад анх гурил гэж хэлээгүй ба эрдэнэшишийн цардуул гэж хэлсэн. Манайх тээврийн компани болохоос тусгай зөвшөөрөлтэй гурилыг манайх оруулж ирж чадна гэсэн зүйл биш. болон *******, ******* нар аман гэрээ байгуулж мөнгийг миний данс руу шилжүүлсэн.

2.2 Тусгай зөвшөөрөлгүйн улмаас гурилыг гаалийн байгууллага хураан авсан. 30,000,000 төгрөгөөс жолоочид цалин болон хоногийн алдангид нийт 12,000,000 төгрөгийг өгсөн. Мөн гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр *******д 16,000,000 төгрөгийг төлсөн.

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч *******аас 30,000,000 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Засгийн газрын 199 дугаар тогтоол нь гурилыг иргэний гүйлгээнээс хасаагүй, харин импортын квот, зөвшөөрлийн хүрээнд зохицуулсан захиргааны шийдвэр юм. Тухайн барааг тээвэрлэхээр тохирсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл биш. Нэхэмжлэгч өөрөө импортын зөвшөөрөлгүй байсан нь хэлцлийг хүчин төгөлдөр бус болгох бус, харин захиргааны журмаар хариуцлага хүлээх, эсхүл тээвэрлэлт саатах эрсдэлийг нэхэмжлэгч өөрөө хариуцах үндэслэл болно.

4.2 Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тээврийн хөлсөнд шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлж шаардлага гаргасан боловч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэр гаргаж хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн.

4.3 Анхан шатны шүүх тээвэрлэгч бичиг баримтыг шалгах үүргээ биелүүлээгүй гэж хариуцагчийг буруутгасан. Гэтэл Иргэний хуулийн 394 дүгээр зүйлийн 394.1 дэх хэсэгт захиргааны ажиллагаанд шаардагдах бичиг баримтыг тээвэрлэгчид өгөх үүргийг ачаа илгээгчид даалгасан. Хуулийн тус заалтын төгсгөлд Бичиг баримтын дутуу буюу буруугаас гарсан хохирлыг ачаа илгээгч хариуцна гэсэн императив заалт бий. Гурил гааль дээр саатсан нь нэхэмжлэгч бичиг баримтаа бүрэн бүрдүүлээгүйгээс болсон байхад шүүх хуульд заагаагүй үүргийг хариуцагчид халдаан хэрэглэж, хохирлыг хариуцагчаас гаргуулсан нь Иргэний хуулийн 394 дүгээр зүйлийн 394.1 дэх заалтыг зөрчсөн.

4.4 Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээд хөрөнгийг буцааж өгөхдөө тухайн хөрөнгийг олж авахад гаргасан зайлшгүй зардлаа суутган тооцох эрхтэй. Хариуцагч тухайн мөнгийг тээвэрлэлтийн зардалд бодитоор зарцуулсан нь хэрэгт авагдсан банкны хуулга болон гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Нэгэнт тээвэрлэлт бодитоор хийгдэж, хил хүртэл ачааг хүргэсэн байхад хариуцагчаас бодит зардлыг нь хасалгүйгээр нийт дүнгээр гаргуулсан нь үндэслэлгүй.

4.5 Шүүх хуралдаан дээр шүүгчийн танилцуулсан шийдвэр болон гардаж авсан шийдвэрийн тогтоох хэсэг өөр байсан. Тодруулбал, шүүгч талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн байх боловч Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.3 дахь хэсэгт зааснаар дагалдах бичгийг тээвэрлэгч өөрөө шаардаж авах үүрэгтэй байсан энэ үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ гэж шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулсан атлаа бичгээр гаргасан шийдвэртээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэн.

Шүүх хуралдааны дараа шүүгч шийдвэртэй холбоотой ойлгомжгүй асууж тодруулах зүйл байна уу гэж асуух үед нь миний зүгээс 492 дугаар зүйлд зааснаар шийдэж байгаа юм уу гэж асуухад. Үгүй 492 биш гэж хэлсэн атлаа шийдвэрээ гардаж авах үед 492 дугаар зүйлийг баримталж шийдвэрлэсэн. Гэтэл шүүх хуралдаан дээр танилцуулсан шийдвэр болон гардаж авсан шийдвэрийн тогтоох хэсэг өөр байна.

4.6 Талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн. Гэтэл шүүх хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй гэж дүгнэсэн нь логик зөрчилтэй болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж, шийдвэрээ гаргасан. Хариуцагч *******ы эгч нь анх БНХАУ-аас гурил оруулж ирэх импортын тусгай зөвшөөрөлтэй, би танай гурилыг нийлүүлж өгье гэж 50,000,000 гаруй төгрөгийг нэхэмжлэгчээс авсан. Мөн нь 50,000,000 гаруй төгрөгийг нэхэмжлэгчээс авсны дараа танай гурилыг манай дүү *******ы тээврийн компаниар тээвэрлүүлье гэж *******ыг бидэнтэй холбож өгсөн. Бид гурил тээвэрлүүлэхтэй холбоотой хөлсөнд *******д 30,000,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл гурил тээвэрлэх тусгай зөвшөөрөлгүй болох нь гаалийн хяналт шалгалтаар тогтоогдож, гурил гаальд хураагдсан учир гурил тээвэрлэх харилцаа огт хийгдээгүй. тусгай зөвшөөрөлгүй атлаа гурил оруулж ирнэ гэж өөрийн төрсөн дүү болох *******тай нэхэмжлэгчийг холбож, ******* улсын хилээр оруулахыг хориглосон барааг тээвэрлэхээр тохиролцсон харилцаа нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна.

5.2 Иргэний хуулийн 394 дүгээр зүйлийн 394.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд ачаа тээвэрлэсэн харилцаа огт үүсээгүй буюу манай талд тухайн ачааг хүлээлгэж өгөөгүй. Тиймээс тээвэрлэгч тухайн ачааг ачаа хүлээн авагчид хүлээлгэж өгснөөр хариуцагч талын гаргасан үүнтэй холбоотой гомдлын шаардлага гаргах эрх нээгдэнэ. Бодит байдал дээр ачаа хүлээн авагч Улаанбаатар хотод ачаагаа хүлээн авахаар хүлээж байсан боловч ачаа Улаанбаатар хотод ирээгүй.

5.3 Манай талын зүгээс хариуцагчийн өмгөөлөгчийг Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж, давж заалдах гомдол гаргасан гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээдээс хөрөнгийг шилжүүлсэн этгээд нь буцаагаад хөрөнгөө шаардахтай холбоотойгоор гарсан зайлшгүй зардлуудаа шаардах эрхийг Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасан зохицуулалт бий болгож өгсөн. Түүнээс хариуцагчаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хөрөнгөө буцааж өгөхтэй холбоотойгоор гарсан зардлуудыг тооцох үндэслэл байхгүй.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.1 Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хот хүртэлх 35 тонн гурилыг тээвэрлүүлэх *******тай тохиролцож, тээврийн хөлсөнд 30,000,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл Замын-Үүд боомтын гааль дээр тээвэрлүүлэх гэж байсан гурил хураагдсан тул ******* тээврийг хийж гүйцэтгээгүй тул 30,000,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж тодорхойлсон. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Тусгай зөвшөөрөлгүйн улмаас гурилыг гаалийн байгууллага хураан авсан. 30,000,000 төгрөгөөс жолоочийн цалин болон хоногийн алдангид нийт 12,000,000 төгрөгийг өгсөн. Мөн гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр *******д 16,000,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж татгалзсан.

3. Нэхэмжлэгч нь БНХАУ-д үйлдвэрлэсэн, нийт 35 тонн гурилыг БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хот хүртэл хариуцагчаар тээвэрлүүлэхээр харилцан тохиролцож, тээвэрлэлтийн хөлсөнд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс мөн оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд нийт 30,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байхаас гадна зохигч үүнд маргаагүй. /хх 5-7/

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбарыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэн, уг хэлцлийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

4.1 Учир нь, зохигч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргасан эсэхээс үл хамаарч шүүх үүнд эрх зүйн дүгнэлт хийх учиртай. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодолсон жагсаалтад нэмэлт оруулах тухай 199 дугаар тогтоолд гурил-ыг улсын хилээр оруулахыг хориглосон байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна.

Талууд Монгол Улсын хилээр хориглосон барааг оруулахаар тээвэрлэлтийн гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн хэлцэлд хамаарч байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус болно. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн хуулийн 394 дүгээр зүйлийн 394.1 дэх заалтыг зөрчсөн. Нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэр гаргасан гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

5. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгийг хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй.

5.1 Хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу талууд өгсөн, авснаа харилцан буцаан шилжүүлэх үүрэг үүснэ. Иймд анхан шатны шүүх талуудын байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосны үр дагаварт хариуцагчийг 30,000,000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэн, уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгосон нь зөв байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн ...талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн. Гэтэл шүүх хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй гэж дүгнэсэн нь логик зөрчилтэй болсон гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

6. Хариуцагч нь хүчин төгөлдөр бус хэлцэлтэй холбоотой хохирол шаардаагүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн ...хариуцагчаас бодит зардлыг нь хасалгүйгээр нийт дүнгээр гаргуулсан нь үндэслэлгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Анхан шатны шүүхийн шийдвэр бичгийн хэлбэрээр гарахдаа уншиж сонсгосноос өөрөөр гарсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй. Өөрөөр хэлбэл, хэрэгт 1 ширхэг сиди авагдсан байх бөгөөд давж заалдах шатны шүүх уг баримтыг үнэлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт нийцэхгүй.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2026/03019 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас төлсөн 308,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА

ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ

М.БАЯСГАЛАН