Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 1067

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

Нэхэмжлэгч Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багт оршин суух НФ63042708 регистрийн дугаартай “Баяжих” овогт Содномдоржийн Цэндийн   

 улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч С.Цэнд, нарийн бичгийн дарга А.Солонго нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч С.Цэнд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Миний бие Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул амьдрал нэгдэлд 1982 оноос эхлэн ээжийнхээ хамт хоньчин, үхэрчнээр анх ажилд орж 1992 оны 02 сарын 01-нийг хүртэл ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэрт бичилт дутуу, ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалын зарим архиваас шүүлгээд олдохгүй байгаагаас болж тэтгэврээ тогтоолгож чадахгүй, шүүхэд хандаж байна. Иймд 1982 оны 06 сарын 15-наас 1992 оны 02 сарын 01-нийг хүртэл хоньчин, үхэрчнаар ажиллаж байсан хугацааг миний цугуулсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын тушаалууд, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

С.Цэнд нь Төв аймгийн Эрдэнэсант сумын “Саруул амьдрал” нэгдэлд 1982 оны 06 сарын 15-наас 1992 оны 02 сарын 01-нийг хүртэл хоньчин, үхэрчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ. Үүнд:

1.Төв аймгийн Эрдэнэсант сумын “Саруул амьдрал” нэгдлээс С.Цэндэд 1984 оны 02 сарын 09-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн 2-3 дахь талд “1982 оны 06 сарын 15-наас Угалзат бригадад саальчнаар томилов, 1992 оны 02 сарын 01-нээс Саруул амьдрал нэгдэл татан буугдсан учир малчны үүрэгт ажлаас чөлөөлөв”, 1983-1990 онуудад 87-277 төгрөгийг цалин хөлс авч байсан тухай бичилт,

2.Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын   1984 оны 02 сарын 15-ны өдрийн 16 тоот “Малчид томилох тухай” тушаалын хавсралтын 27 дугаарт “Жаргалант бригадын малчин Цэнд ...” гэж,

-1985 оны 10 сарын 01-ний өдрийн 143 тоот “Ажилд томилох тухай” тушаалын 1 дүгээрт “... Угалзат бригадын ... С.Цэнд, .... нарыг нэг настай мал маллагчаар, 10 сарын 01-нээс эхлэн томилон ажиллуулсугай”,

-1989 оны 11 сарын 10-ны өдрийн 117 тоот “Ажилд томилох тухай” тушаалын 1 дүгээрт “... ногооны зоорийн ажилчнаар С.Цэндийг 10 сарын 21-нээс түр авч ажиллуулсугай”,

-1990 оны 05 сарын 15-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаалын 1 дүгээрт “... ногооны ажилчин С.Цэнд .. өөр газар шилжих болсон, ... тул 10 сарын 15-наас эхлэн тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй”,

-1990 оы 12 сарын 10-ны өдрийн 141 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хавсралтын 27 дугаарт “Сайхан бригадын малчин ... С.Цэнд ... нарыг 12 сарын 01-нээс эхлэн амраасугай” гэсэн тушаалуудын хуулбар,

3.Төв аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 сарын 10-ны өдрийн 637 тоот албан бичигт: “Тус аймгийн Эрдэнэсант сумын нэгдлийн даргын 1982-1984 оны тушаалд холбогдох баримт гараагүй тул иргэн С.Цэндэд лавлагаа олгох боломжгүй байна” гэсэн баримт,

         4.Гэрч Ж.Чүлтэмийн “С.Цэнд нь 1982-1992 оныг дуустал Эрдэнэсант сумын “Саруул амьдрал” нэгдэлд малчин, саальчин зэрэг ажлыг хийж байсан. Анх ээжийгээ дагаж, хамт малчнаар ажиллаж эхэлсэн. Би 1976-1998 он хүртэл Төв аймгийн Эрдэнэсант сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны орлогч даргаар ажиллаж байгаад тэтвэртээ гарсан. 1982 оноос эхлээд С.Цэнд нь аав, ээжийн хамт “Саруул амьдрал” нэгдэлд ажиллаж байсныг гэрчилж байна” гэсэн,

         -гэрч Ц.Улам-Оргихын “С.Цэнд нь 1982 оноос хойш нэгдэл тарах хүртэл Төв аймгийн Эрдэнэсант сумын “Саруул амьдрал” нэгдлийн “Угалзат” бригадад хоньчин, саальчин, малчнаар ажиллаж байсан. Би 1984 оноос эхлээд Төв аймгийн Эрдэнэсант сумын “Саруул амьдрал” нэгдэлд сум нэгдлийн даргын ажил хийж байсан. Энэ үеэс эхлээд С.Цэнд гэж хүнийг таньж мэддэг болсон. Манай нэгдлийн гишүүн байсан. Иймээс С.Цэндийн ажилласан байдлыг гэрчилж байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд ирүүлжээ.  

 

Шүүх хүсэлт гаргагч С.Цэндийн хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан Ж.Чүлтэм, Ц.Улам-Оргих нараас хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр  хүмүүс нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул амьдрал нэгдлийн дарга, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд тус тус ажиллаж байсан болох нь тэдний тайлбараар нотлогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчаас хэрэгт ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг  үндэслэн С.Цэндийг Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул амьдрал нэгдэлд 1982 оны 06 сарын 15-наас 1992 оны 02 сарын 01-нийг хүртэл хоньчин саальчин, малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НФ63042708 регистрийн дугаартай “Баяжих” овогт Содномдоржийн Цэндийг 1982 оны 06 сарын 15-наас 1992 оны 02 сарын 01-нийг хүртэл Төв аймгийн Эрдэнэсант сумын “Саруул амьдрал” нэгдэлд хоньчин, саальчин, малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч С.Цэндийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Л.ОЮУНЦЭЦЭГ