Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 331

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Хохирогч Д.Д.Б-,

Шүүгдэгч Д.Д.Г- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шанд овогт Дорждэрэмийн Д.Г-ад холбогдох эрүүгийн 1918000000369 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Д.Г- 1980 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.Д.Г- нь 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 41-162 тоотод байх өөрийн гэртээ эхнэр Д.Д.Б-ын эрх чөлөөнд халдаж, суран ташуураар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч Д.Д.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Бид 2 дэлгүүр ажиллуулж байгаад арай том дэлгүүрээ би дур мэдэн зарчихсан юм. Манай эхнэр дэлгүүр зарахыг зөвшөөрөхгүй байсан учир тэр дэлгүүрийг зарснаас хойш бид хоёр нэлээн хоног маргалдсан. Сүүлд нь манай дэлгүүрийг худалдаж авсан хүн “дэлгүүрээ тоолж авъя” гэж ирэхэд нь би эхнэртээ “хоёулаа нэгэнт дэлгүүрээ зарчихсан юм чинь тооллого хийж дэлгүүрээ өгье” гэж хэлэхэд манай эхнэр “би зарахгүй, би тооллого хийж өгөхгүй” гэснээс болж маргаан болсон. Тэр маргаан даамжирсаар байгаад ийм зүйл болсон

...би буруу зүйл хийснээ ойлгож байна. Тухайн үед их бухимдсан байсан, нэлээн олон хоног маргалдсан байснаас болсон. Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, цаашид дахин ийм асуудал гаргахгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Д.Д.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид хоёр дэлгүүр зарснаас болж маргах болсон. 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дэлгүүрийн бичиг баримт шилжсэн. Би зарах ёсгүй байсан юм гэж нөхөртөө хэлсэн. Гэтэл 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дэлгүүр худалдаж авсан хүн утсаар яриад хүрээд ирсэн. Би дэлгүүрээ өгмөөргүй байна гэхэд манай нөхөр хоёулаа тооллого хийгээд өгье гэхэд нь би дэлгүүрээ зарахгүй шүүхээр явна гэхэд манай нөхөр дахин тоолоод өгье гэж хэлэхэд нь би тоолж өгөхгүй гэвэл чи яадаг юм бэ, хэрэв дэлгүүрээ зарна гэвэл би сална гээд гараад явахад манай нөхөр намайг зодсон.

...манай нөхөр эмчилгээний зардлыг төлсөн. Би эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.

...Манай хүүхэд 1 дүгээр ангид орсон. Нөхөр дэлгүүртээ суугаад, би хүүхдээ асарч байгаа, хэргийг нааштай шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 2-4/,

-1 ширхэг суран сүлжмэл ташуурыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 5/,

 

-Гэрч Г.Г.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ээж гаднаас орж ирээд цагийг нь сайн санахгүй байна дахиад нөгөө дэлгүүрийн асуудлаас болж “чамаас сална, хоёр хүүхдээ аваад явна.” гэж хэлсэн. Тэгээд аав, ээж хоёр маргалдаад эхэлсэн. Аав ээжид хандан “чи анхнаасаа өөрөө тэр хүмүүстэй холбогдоо биз дээ, бүх зүйл хуулийн дагуу болсон шүү дээ, буцаах ямар ч хуулийн боломж байхгүй шүү дээ.” гэж хэлсэн. Тэгээд би ээжид хандан “гэртээ байж бай, гэрээсээ гарахаараа янз бүрийн юм яриад ороод ирэх юм аа. гэж хэлсэн. Тэгсэн чинь надад хандан “би яахаараа гэр орноосоо гарч болдоггүй юм” гээд над руу уурласан. Тэгээд ээж гэнэт хаалга руу гэрийнхээ хувцастай хөл нүцгэн гарах үйлдэл хийж хаалган дээр очтол аав ээжийн гарнаас татан газар шалан дээр унагаасан чинь ээж босож ирээд аавтай хэрэлдтэл аав том өрөөнд байсан суран бор өнгөтэй морины ташуурыг авч ээжийн дээрээс ороолгоод байсан. Ээж тухайн үед гараараа хаах үйлдэл хийж байсан. Тухайн мөчид би ээж аав хоёрын дундуур орж салгаж аавыг аваад өөр өрөөнд орсон. Ийм л асуудал болсон.” гэх мэдүүлэг /хэргийн 8-9/,

 

-Гэрч Д.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Б- залгаад “ирээд бараа тоололцоод өгөөч, дэлгүүрээ хүлээлгэж өгөх гэсэн юм.” гэхээр нь би явж очоод дэлгүүрийнх нь барааг тоолж байсан чинь Д.Б- “бие өвдөөд байна.” гээд царай нь цонхийгоод нэг биш байхаар нь “яагаад байгаа юм бэ? зүгээр үү? нэг мөсөн тоолоод өгчихөөч” гэсээр байгаад орой болтол цуг байлгасан. Тэгсэн чинь Д.Б- “би гарлаа, Галаа надаас салахгүй байна, би чам руу залгая.” гээд хойд хаалгаар гараад явсан. Тэгээд удалгүй байж байсан чинь Галаа надаас “Д.Б- хайчив?” гэхээр нь би “мэдэхгүй, нойл орно гээд гарсан.” гэж хэлсэн. Тэгсэн чинь Д.Б- над руу залгаад “чи цагдаад дуудлага өгчих, би багийн урд байна.” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгөөд дэлгүүрийн барааг тоолж дуусчихаад багийн гадаа яваад очсон чинь Д.Б- зогсож байсан. Эргүүлийн машинтай цагдаа ирж таараад шууд цагдаа руу ирсэн. Тэгээд замдаа юу болсон гээд асуусан чинь “Галаа намайг өчигдөр зодоод” гэж ярьсан. Цагдаа дээр ирээд нойл ороод Д.Б-ын биеийг харсан чинь хүзүүнээс доошоо энэ тэнд гүн хар хөх болоод хөхөрчихсөн байсан.” гэх мэдүүлэг /хэргийн14/,

 

-Эмнэлгийн эмчлүүлэгсдийн картны хуулбар /хэргийн 17-18/,

 

-Д.Д.Б-ын биед зүүн бугалга, баруун, зүүн далны хэсэг, зүүн хавирганы нум, зүүн шилбэнд цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь  тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд нохойд хазуулсны улмаас үүсэх боломжгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 680 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 19-20/,

 

-“...Аюулын зэргийн үнэлгээ 13 буюу өндөр гарсан.” гэх аюулын зэргийн үнэлгээний тайлан /хэргийн 32-33/,

-Хамтарсан багаар хийсэн хурлын тэмдэглэл /хэргийн 35-36/,

-Урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай тэмдэглэл /хэргийн 42-43/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Д.Д.Г- нь 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 41-162 тоотод байх өөрийн гэртээ эхнэр Д.Д.Б-ын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “зүүн бугалга, баруун, зүүн далны хэсэг, зүүн хавирганы нум, зүүн шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч буй этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэх ба шүүгдэгч Д.Д.Г-, хохирогч Д.Д.Б- нар нь 2001 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгэгдсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар /хэргийн 59/ нотлогдож байгаа бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээд мөн байх тул шүүгдэгч Д.Д.Г-ын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч Д.Д.Г-ыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Д.Б-ын эрүүл мэндэд “зүүн бугалга, баруун, зүүн далны хэсэг, зүүн хавирганы нум, зүүн шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан /хэргийн 19-20/ боловч хохирогч Д.Д.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Манай нөхөр эмчилгээний зардлыг төлсөн. Би эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Д.Д.Г- нь 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 41-162 тоотод байх өөрийн гэртээ эхнэр Д.Д.Б-ын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Д.Г-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.Д.Г- нь бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Д.Д.Г- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1200000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш сард 300000 төгрөгөөр тооцож, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгохоор шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг суран ташуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Г-ыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Шанд овогт Дорждэрэмийн Д.Г-ад 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1200000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгох ялын 1200000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр 300000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Д.Д.Г-ад үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Д.Д.Г-ад анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг суран ташуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д.Г-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Я.ТУУЛ