Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2026/01177

 

 

 

 

 

     

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Азбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2026/03039 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК, ******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэг, зардалд 47,411,070 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1.Өмгөөлөгч ******* нь *******той 2020.03.15-ны өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр хариуцагчийн холбогдсон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцсон. Мөн гэрээнд талууд 2021.06.21-ний өдөр нэмэлт оруулсан. Үйлчлүүлэгч *******оос 2022.12.15-ны өдөр ирүүлсэн мэдэгдлийг үндэслэн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг дуусгавар болгохдоо миний бие 2022.12.27-ны өдөр хариуцагчид мэдэгдэл хүргүүлснээр өмгөөллийн үйл ажиллагаа дууссан. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлс, нөхөн төлөх зардлуудыг төлөх мэдэгдлийг үйлчлүүлэгчид хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдөөгүй байна. Өмгөөлөгч ******* нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргээ бүрэн, зохих ёсоор, хангалттай гүйцэтгэсэн. Иймд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 5.1-т заасан өмгөөллийн хөлсний үлдэгдэл 10,000,000 төгрөг, түүний алданги 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг, гэрээний 5.2-т зааснаар 2022.05.27-ны өдөрт багтаан төлөх нэмэлт хөлс 420,000 төгрөгийг 2022.12.27-ны өдөр хүртэлх 8 сарын хөлс нийт 3,360,000 төгрөг, түүний алданги 1,680,000 төгрөг, нийт 5,040,000 төгрөг, гэрээний 5.5-т зааснаар өмгөөлөгчийн зардал, хариуцагчид хандан шуудангаар шаардлага хүргүүлэхэд гарсан зардалд 24,590 төгрөг, нийт 20,064,590 төгрөгийг хариуцагч ******* төлөх ёстой гэж үзэж байна.

1.2.Өмгөөлөгч ******* нь ******* ХХК-тай 2021.03.01-ний өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр тус компанийн ажилтнуудын эрх, ашиг сонирхлыг хамгаалан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцсон. Энэ гэрээг ******* ХХК-ийн 2022.12.15-ны өдрийн ******* дугаартай мэдэгдэлд үндэслэн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг дуусгавар болгохдоо өмгөөлөгчийн 2022.12.21-ний өдөр мэдэгдэл хүргүүлснээр өмгөөллийн үйл ажиллагаа дуусгаж, өмгөөллийн хөлс, нөхөн төлөх зардлуудыг төлөх мэдэгдлийг үйлчлүүлэгчид хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдөөгүй байна. Өмгөөлөгч ******* нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргээ бүрэн, зохих ёсоор, хангалттай гүйцэтгэсэн. Иймд Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 5.2-т зааснаар 2022.03.27-ны өдөрт багтаан төлөх нэмэлт хөлс 420,000 төгрөгийг 2022.12.27-ны өдөр хүртэлх 10 сарын хөлс нийт 4,200,000 төгрөг, түүний алданги 2,100,000 төгрөг, нийт 6,300,000 төгрөг, гэрээний 5.5-т зааснаар өмгөөлөгчийн зардал, хариуцагчид хандан шуудангаар шаардлага хүргүүлэхэд гарсан зардалд 33,640 төгрөг, нийт 6,333,640 төгрөгийг хариуцагч ******* ХХК төлөх ёстой гэж үзэж байна.

1.3.Өмгөөлөгч ******* нь ******* ХХК-тай 2021.03.01-ний өдөр байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт өмгөөллийн үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон. Гэрээг ******* ХХК-ийн 2022.12.15-ны өдрийн ******* дугаартай мэдэгдэлд үндэслэн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг дуусгавар болгохдоо өмгөөлөгчийн 2022.12.21-ний өдөр мэдэгдэл хүргүүлснээр өмгөөллийн үйл ажиллагаа дуусгаж, өмгөөллийн хөлс, нөхөн төлөх зардлуудыг төлөх мэдэгдлийг үйлчлүүлэгчид хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдөөгүй байна. Өмгөөлөгч ******* нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргээ бүрэн, зохих ёсоор, хангалттай гүйцэтгэсэн. Иймд Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 5.1-т заасан өмгөөллийн хөлсний үлдэгдэл 10,000,000 төгрөг, түүний алданги 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг, гэрээний 5.2-т зааснаар 2022.05.27-ны өдөрт багтаан төлөх нэмэлт хөлс 420,000 төгрөгийг 2022.12.27-ны өдөр хүртэлх 8 сарын хөлс нийт 3,360,000 төгрөг, түүний алданги 1,680,000 төгрөг, нийт 5,040,000 төгрөг, гэрээний 5.5-т зааснаар өмгөөлөгчийн зардал, хариуцагчид хандан шуудангаар шаардлага хүргүүлэхэд гарсан зардалд 112,790 төгрөг, нийт 20,152,790 төгрөгийг хариуцагч ******* ХХК төлөх ёстой гэж үзэж байна.

1.4.Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардал 860,050 төгрөг зарцуулсныг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Өмгөөлөгч ******* нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөллийн үйлчилгээг бүрэн үзүүлээгүй атлаа гэрээнд заасан төлбөрөөс хэд дахин их мөнгө нэхэмжлэн авсан. Өөрийн хийгээгүй үйл ажиллагааны төлөө төлбөр нэхэж байгаа нь хуульчийн үйлдлийг хууль бусаар хэрэгжүүлсэнтэй адил байна. ******* нь "*******" ХХК-д нягтлан бодогчоор ажилладаг бөгөөд энэхүү компаниас олсон орлогоос тооцон *******ын өмгөөлөгчийн төлбөрт нийт 62,400,000 төгрөгийг төлсөн. Мөн нэхэмжлэл нь ойлгомжгүй, яг хаанаас энэ их хэмжээний мөнгөн төлбөрийг гаргаж ирсэн болон хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу эцэслэн шийдвэрлэсэн болон тууштай явж дуусгасан ямар нэгэн хэрэг, маргаан байгаа эсэх нь тодорхойгүй, энэ талаар нэг ч удаа дурдаагүй байх бөгөөд өмнө нь авсан эдгээр төлбөрүүдийг айлган сүрдүүлэх, хууран мэхлэх замаар хэрэг маргааныг мэдэж байгаа гэх үндэслэлээр авсаар гэрээнд зааснаас их хэмжээний мөнгөн төлбөр авсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. "*******" ХХК, ******* нар нь нэг ашиг сонирхолтой болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч *******оос 20,300 төгрөг, хариуцагч ******* ХХК-аас 117,249 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс 47,273,521 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415,544 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******, ******* ХХК нараас 4,776 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1.Хариуцагч *******оос 20,494,615 төгрөг, хариуцагч ******* ХХК-аас 26,916,455 төгрөг, нийт 47,411,070 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч ******* нь 2020.03.15-ны өдөр байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 5.1, 5,4-т зааснаар өмгөөллийн хөлсний үлдэгдэл 10,000,000 төгрөг, түүний алданги 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг болон 2022.05.27-2022.12.27-ны өдөрт багтаан төлөх өмгөөллийн нэмэлт хөлс 3,360,000 төгрөг, түүний алданги 1,680,000 төгрөг, нийт 5,040,000 төгрөг буюу нийт 20,040,000 төгрөгийг хариуцан төлөх ёстой. Нэхэмжлэгч би хариуцагч *******т холбогдсон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас эрүүгийн хэргийн анхан шат, давж заалдах шатны шүүхийн ажиллагаанаас бусад бүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүний өмгөөлөгчөөр оролцсон. Хариуцагч нь өмгөөлөгчөөс татгалзаж гэрээ цуцлагдсан нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан өмгөөллийн хөлс, түүний алдангийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй, нэхэмжлэгч би хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ цуцлагдсан 2022.12.27-ны өдрийг хүртэлх хугацааны өмгөөллийн нэмэлт хөлс, түүний алдангийг нэхэмжилсэн. Мөн хариуцагч ******* нь нэхэмжлэл гаргах, нотлох баримт цуглуулахад зарцуулсан зардлаас 430,025 төгрөгийг мөн хариуцан төлөх ёстой.

2.Хариуцагч ******* ХХК-д эрүүгийн хэрэгт холбогдох хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 5.2, 5.3-т тус тус зааснаар 2022.03.27-2022.12.27-ны өдөрт багтаан төлөх өмгөөллийн нэмэлт хөлс 4,200,000 төгрөг, түүний алданги 2,100,000 төгрөг, нийт 6,300,000 төгрөгийг төлөх ёстой. Мөн талуудын хооронд иргэний хэрэгт холбогдох хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 5.1, 5.4-т зааснаар өмгөөллийн хөлс 10,000,000 төгрөг, түүний алдангид 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг, гэрээний 5.2, 5.4-т зааснаар 2022.05.27-2022.12.27-ны өдөрт багтаан төлөх өмгөөллийн нэмэлт хөлс 3,360,000 төгрөг, түүний алдангид 1,680,000 төгрөг, нийт 5,040,000 төгрөг, нийт 20,040,000 төгрөгийг төлөх ёстой. Уг төлбөрүүдийг гэрээ цуцлагдсан 2022.12.27-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцон нэхэмжилснийг гэрээ цуцлагдсан эсэхээс үл хамааран төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч ******* нь бүхий хэрэг, маргаан хянан шийдвэрлэх бүх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцсон байхад анхан шатны шүүх ойлгомжгүй, тодорхойгүй үндэслэлээр хариуцагч ******* ХХК-ийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 5.1, 5.4-т заасан өмгөөллийн хөлс, түүний алданги төлөх үүргээс чөлөөлсөн. Мөн хариуцагч нар нь нэхэмжлэл гаргахтай холбоотой нотлох баримт цуглуулах, бүрдүүлэхэд зарцуулсан 860,050 төгрөгийг хариуцан төлөх ёстой. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч *******оос 20,470,025 төгрөг, хариуцагч ******* ХХК-аас 26,770,025 төгрөг, нийт 47,240,050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч нар тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

6.Хариуцагч нарын давж заалдах гомдлын агуулга:

1. Анхан шатны шүүх үйл баримтыг бүрэн гүйцэт үнэлж, дүгнээгүй, гэрээ цуцлагдах болсон нөхцөл байдлыг зөв гүйцэт үнэлж дүгнэсэнгүй.

1.1.а. Зохигчийн хооронд хууль зүйн туслалцаа үзүүлэх 3 гэрээ байгуулагдсан. Үүнд: ******* эрүүгийн хэргийн хохирогч, яллагдагчийн хувиар өмгөөлөгч *******тай 2020.03.15-ны өдөр гэрээ байгуулсан ба гэрээнд нэг удаа нэмэлт орсон. ******* ХХК нь 2021.03.01-ний өдөр *******тай эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн туслалцаа авахаар тохиролцсон. Өмгөөлөгчийн ажлын хөлс 3 гэрээнд нийт 40,000,000 төгрөг байхаар тохиролцсон. *******, ******* ХХК-ийн захирал ******* нар эхнэр нөхрүүд ба ******* ХХК нь тэдний үүсгэн байгуулсан компани бөгөөд хариуцагч нар нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд юм.

1.1.б.Эдгээр гэрээнүүд 2022.12.15-ны өдрийн ******* дугаартай албан бичиг, мэдэгдлээр цуцлагдсан. Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар үйлчлүүлэгч өмгөөлөгчөө чөлөөтэй сонгох эрхтэй тул гэрээг хэдийд ч дуусгавар болгох эрхтэй. ******* нь 2020.03.15-ны өдрөөс хохирогчоор, 2021.06.21-ний өдрөөс холбогдогч болсон ба гэрээ 2022.12.15-ны өдөр цуцлагдах хүртэл *******, ******* ХХК нарын хэргүүд ч эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан ба Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д зааснаар гэрээний хугацааг харгалзахгүй гэрээнээс татгалзаж болох бөгөөд үйлчлүүлэгч нь өмгөөлөгчөө өөрөө сонгох эрхтэй тул гэрээг хэдийд ч дуусгавар болгох эрхтэй тул гэрээ цуцлагдсанд хариуцагч тал буруугүй.

1.1.в. Бизнесийн байгууллагын хувьд цаг хугацаа нь мөнгөний үнэ цэнтэй ба ******* ХХК нь ******* ХХК-аас их хэмжээний авлагаа авахын тулд анхнаасаа хууль зүйн эрсдэлээс урьдчилан сэргийлж өмгөөлөгч хөлсөлсөн. Гэтэл өмгөөлөгч ******* нь өмгөөллийн туслалцааг туйлын хариуцлагагүй үзүүлж, манай талыг их хэмжээний цаг хугацаа, мөнгөний алдагдалд оруулсан ба бид заавал манай талд зарга авах ёстой гэж хандаагүй ба өмгөөлөгч урьдчилан шийдвэрлэх журмаа мэдээгүй, илт мэргэжлийн бус байснаас хэрэг хэрэгсэхгүй болж, маш их цаг хугацаа алдсан. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.2-т зааснаар гэрээний зүйл нь эрүү, иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх явдал юм. Нэхэмжлэгчийн гүйцэтгэх үүрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон Өмгөөллийн тухай хуулиар тодорхой зохицуулагдсан ба өмгөөлөгч нь хууль зүйн мэргэжлийн туслалцааг бүрэн үзүүлээгүй, тууштай хамгаалаагүй, үйлчлүүлэгчдээ өмгөөллийн үйл ажиллагааны мэдээллийг тухай бүр өгч, мэдэгдэж байгаагүй, мөн мэргэжлийн үүргээ бүх боломжийг ашиглан шуурхай ажиллаагүй тул үйлчлүүлэгч цаашид ажиллах боломжгүй гэж гэрээг цуцалсан. Иймд өмгөөлөгч их хэмжээний мөнгө шаардаж буй нь илт үндэслэлгүй.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийг буруутай мэтээр дүгнэж Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хохирол зардалд 20,300 болон 117 249 төгрөгийг тус тус гаргуулсанд гомдолтой байна.

1.2.Гэрээний ажлын хөлсний талаарх заалтууд хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийсэнгүй.

1.2.а. Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1-д Энэ хуулийн 221 дүгээр зүйлд заасан хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд ажиллагч нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй гэж заасан. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 1.6-д ...гэрээний хугацаа гэж энэхүү гэрээний агуулгад тусгагдсан хууль зүйн туслалцаа нь холбогдох хууль тогтоомжийн үндэслэлээр эцэслэгдэх хүртэл үргэлжлэхийг ... ойлгох юм. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 2.4 дүгээр зүйлийн 2-т хуульч нь үндэслэлгүй хөлс, зардал тогтоох авахыг хориглоно гэжээ. Өмгөөллийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөллийн хөлсийг нөхцөлтэйгөөр тохиролцохыг хориглосон. Гэтэл өмгөөлөгч ******* нь гэрээний 5.2-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 12 сар буюу 1 жилээс дээш хугацаагаар үргэлжилбэл 13 дахь сараас эхлэн, Засгийн газраас тухайн жилд тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх нэмэлт хөлсийг сар бүрийн 4 дэх 7 хоногт багтаан төлнө, 5,3-т Үйлчлүүлэгч нь энэхүү гэрээний дагуу өмгөөлөгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнгээр урамшуулал олгоно гэх мэтчилэн тохиролцож буй нь хууль бус юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэдий хугацаанд үргэлжлэхийг иргэн хүн шийдвэрлэхгүй бөгөөд удааширсны хариуцлагыг үйлчлүүлэгч иргэн хариуцахгүй. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэсэнгүй. Гэрээний хугацааг талууд Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар 2020.03.15-ны өдрөөр, гэрээний дуусгавар болох хугацааг мөн хуулийн 71.2-т зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эцэслэгдэх хүртэл гэж тодорхойлсон. Учир нь Төрийн мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлдэг байгууллагын хэргээ хэзээ шалгаж дуусгах хугацааг хохирогч, холбогдогч, өмгөөлөгч нар тодорхойлж дийлэхгүй бөгөөд тэдний эрх мэдлийн хүрээний асуудал биш. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 1 жилээс дээш хугацаагаар үргэлжлэх нь хэргийн оролцогч *******ын гэм буруутай холбоогүй тул нэмэлт хөлс тохиролцож, түүнд тооцсон алданги бүхэлдээ хууль бус юм.

1.3.******* нь гэрээ дуусгавар болоогүй цуцлагдсан байхад хөлсийг бүтэн нэхэмжилж буй нь илт үндэслэлгүй ба их хэмжээний мөнгийг хариуцагч талаас шилжүүлэн авсныг шүүх дүгнэсэнгүй. Хариуцагч нь 2020.3.15-нд 4,000,000 төгрөгийг 409023872 тоот *******ын ХХБ-ны эзэмшдэг дансаар, мөн 2020.03.30-ны өдрөөс 2022.04.18-ны хооронд нийт 62,400,000 төгрөгийг түүний шаардлагаар төлсөн ба 20,000,000 төгрөг төлбөл зохих гэрээнд 42,400,000 төгрөг илүү төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6.Хариуцагч нарын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Баатар дулаахан хан ХХК-ийн ******* өмгөөлөгч нь 2022.12-р сард зодоон болоход байсан ба гэрчийн мэдүүлэг өгсөн. ******* өмгөөлөгчийн охин нь ******* ХХК-ийн хуулийн ажилтан. Ийм хүмүүс байхад надад хүсэлт тавьсан ба өмгөөлөгчөө сонгох нь өөрийн эрхийн асуудал байдаг. Зарим хэрэг маргаан 10, 20 жил ч үргэлжилдэг ба анх 10,000,000 төгрөг авчихаад 10 жил ямар ч үнэ хөлсгүй ажиллана гэсэн ойлголт байхгүй. Гэрээний чөлөөт нөхцөл байдал өмгөөлөгч үйлчлүүлэгч харилцан тохиролцоод 13 дахь сараас эхэлж өмгөөлөгчийн хөлс төлнө гэж тохиролцсоны дагуу төлбөр төлөгдөөд явж байсан. Миний ажлын хариуцлага үр дүнгийн асуудлаас болж гэрээ цуцлагдсан мэтээр ярьж байна. Гэтэл өөрийнх нь өгсөн 2022.12.15-ны өдрийн мессеж болон бусад баримтаар төлбөр мөнгөтэй холбоотой асуудлаар цаашид харьцах боломжгүй болсон гэж мэдэгдсэн. Сүүлд өгөх тохиролцоогоо зөвшөөрөөгүй учраас би өөрөө өмгөөлөхөөс татгалзаж гэрээ цуцлагдсан. Тохиролцсон өмгөөллийн үйл ажиллагааг бүрэн дүүрэн явуулсан. Эрүүгийн журмаар тухайн үед шалгагдаад маргааны гол үндэслэл болсон гэрээ нь хуурамчаар үйлдэгдсэн асуудал мөрдөн шалгах ажиллагаа нь хэрэгсэхгүй болдог. Энэ асуудал нь цаашид үргэлжлэх боломжтой байсан ч үргэлжлээгүй. Сөрөг нэхэмжлэлээ гаргаад явах боломж байсан, мөн намайг 62,400,000 төгрөгийг авсан мэтээр тайлбар гаргадаг ч тухайн мөнгийг намайг авсныг нотлох баримтаа гаргаж өг гэж би шаардсан ч гаргаж өгөөгүй. Би энэ төлбөрийг аваагүй, харин 20,000,000 төгрөг авснаа зөвшөөрч нэхэмжлэлээс хасаж нэхэмжилсэн. Хариуцагчийн гомдол үндэслэлгүй тул миний давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, зохигчийн давж заалдах гомдлоос нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК, ******* нарт холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 47,411,070 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, нэхэмжлэгч гэрээнд зааснаас илүү төлбөр буюу 62,400,000 төгрөг авсан ч ажлаа бүрэн гүйцэтгээгүй, гэрээний дагуу ажиллаж эцэслэн шийдвэрлэгдсэн нэг ч хэрэг байхгүй гэж тайлбарлан маргажээ.

 

3.Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд 2020.03.15-ны өдөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр ажиллах, мөн нэхэмжлэгч болон хариуцагч ******* ХХК нарын хооронд 2021.03.01-ний өдөр эрүү, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр ажиллахаар зохигч тус тус хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан, тухайн гэрээнүүдэд өмгөөллийн хөлс, түүний хэмжээ болон урамшуулал хөлс, зардлын талаар тохиролцсон байна.

Эдгээр гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч нь хариуцагч ******* болон ******* ХХК-ийн ажилтнуудын холбогдсон эрүүгийн хэрэг, мөн хариуцагч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж ямар ажил, үйлчилгээг тус тус гүйцэтгэсэн болон зохигч гэрээг 2022.12.15-ны өдөр цуцалсан үйл баримтууд тогтоогдсоныг анхан шатны шүүх шийдвэрийн 4 дэх хэсэгт тодорхойлжээ.

 

4.Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэнийг зөв тодорхойлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоожээ. Хөлсөөр ажиллах гэрээ нь урт хугацаанд үргэлжилсэн үүргийн гүйцэтгэл бүхий, үүргийн эрх зүйн харилцаанд хамаарах ба хариуцагч нар 2022.12.15-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлснээр гэрээ цуцлагдсан явдалд талууд маргаагүй байна.

Гэрээг ийнхүү цуцалсан үндэслэлийн хувьд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь харилцан бүрэн итгэлцэл, тууштай хамтын ажиллагаанд тулгуурлан явагддаг онцлогтой бөгөөд зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзвэл талуудын хооронд цаашид хамтран ажиллах харилцан итгэлцэл, хүсэл зориг үгүй болсон нөхцөл бүрдсэн нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хүндэтгэн үзэх үндэслэл болжээ.

Ийнхүү зохигчийн хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болсноор зохигч гэрээндээ хөлс төлөх журмыг хэрхэн тохиролцсоноос шалтгаалан ажиллуулагч буюу хариуцагч нар хөлс төлөх үүрэгтэй эсэх, ажиллагч буюу нэхэмжлэгч гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй эсэх талаар маргасан байна. Шүүх тогтоогдсон үйл баримтын хүрээнд зохигчийн байгуулсан гэрээнд эрх зүйн дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх учиртай боловч анхан шатны шүүхийн маргааны талаар хийсэн эрх зүйн дүгнэлт нь хэргийн үйл баримтад нийцээгүй, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

5.Хариуцагч *******оос хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэг, хохиролд 20,494,615 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

5.1.Талуудын байгуулсан гэрээний 5.1-д (хавсралт) өмгөөллийн үндсэн хөлс 10,000,000 төгрөг байхаар тохиролцож, гэрээний энэ заалтад 2021.06.21-ний өдөр өөрчлөлт оруулан хөлсийг 20,000,000 төгрөг байхаар заасан. Мөн гэрээний 5.2-т зааснаар үйлчлүүлэгчийн холбогдсон хэргийн хугацаа нэг жилээс дээш үргэлжилбэл үйлчлүүлэгч нь 13 дахь сараас эхлэн сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хөлсийг сар бүр нэмэлт хөлс болгон төлөх бөгөөд хөлс төлөх хугацааг хэтрүүлбэл гэрээний 5.4-т зааснаар алданги төлөхөөр тохиролцжээ. Мөн хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбоотой гарсан зардлыг үйлчлүүлэгч хариуцахаар гэрээний 5.5-д заасан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу *******ын 2020.04.09-ний өдөр хохирогчоор тогтоогдсон эрүүгийн ******* дугаартай хэрэг, мөн эрүүгийн *******дугаартай хэрэгт 2021.05.28-ны өдөр яллагдагчаар татагдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүний өмгөөлөгчөөр ажилласан нь 2-р хавтаст хэргийн 176-250 дахь тал, 3-р хавтаст хэргийн 60-68, 71-88, 110-168 талд авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд *******ын өмгөөлөгчөөр оролцохдоо үйлчлүүлэгчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалан цагдаа, прокурор болон шүүхэд хандан үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхтэй холбоотой хүсэлт, нотлох баримт гаргах, иргэний нэхэмжлэл гаргах, хохиролд холбогдох баримтыг гарган оролцсон, мөн хариуцагчийн яллагдагчаар татагдсан хэргийн асуудлаар зохих шатны проукрорт гомдол гаргаж, эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс прокурорт буцаалган нэмэлт ажиллагаа хийлгэх зэргээр ажилласан байна.

5.2.Иргэний хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1-д зааснаар ажиллагч нь гэрээнд заасан ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэх үүргийг болон Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах үүргээ нэхэмжлэгч зөрчсөн, биелүүлээгүй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Мөн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч хууль зүйн туслалцааг бүрэн үзүүлээгүй, гэрээнд зааснаас их буюу 62,400,000 төгрөгийн хөлс авсан, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй, тууштай ажиллаагүй гэж татгалзлаа илэрхийлсэн боловч тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна. Зохигч гэрээг 2022.12.15-ны өдөр цуцалсан ба *******т холбогдох эрүүгийн хэрэг 2024.01.22-ны өдөр анхан шатны журмаар хянан шийдвэрлэгдсэн байх тул нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ тууштай биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй.

5.3.Иймд нэхэмжлэгч нь Өмгөөллийн тухай хуульд заасан эрх, үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, мөн хуулиар өмгөөлөгчид хориглох үйл ажиллагааг нэхэмжлэгч явуулсны улмаас хариуцагчид хууль зүйн үйлчилгээг зохих ёсоор үзүүлэлгүй хохироосон гэх байдал тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ нотлон шүүхэд гаргасан баримтыг хариуцагч үгүйсгэж чадаагүйг үндэслэн Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1-д зааснаар гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлсөө нэхэмжлэгч шаардах эрхтэй. Мөн нэхэмжлэгч гэрээний хугацаанд болон шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардлыг хариуцагчаас шаардсаныг анхан шатны шүүх гэрээнээс татгалзсаны хохирол гэж дүгнэсэн буруу бөгөөд хариуцагчийн хувьд гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг шаардсан нь мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан хохиролд тооцогдох тул уг зардлыг хариуцагчаас нэмж гаргуулах нь зүйтэй.

5.4.Тооцооллын хувьд гэрээний 5.1-д (хавсралт) заасан өмгөөллийн үндсэн хөлс 20,000,000 төгрөгөөс төлөгдөөгүй 10,000,000 төгрөгийг, мөн гэрээний 5.2-т заасан хугацаа буюу *******ыг 2021.05.28-ны өдөр яллагдагчаар татсанаас хойш 1 жил өнгөрснөөр хариуцагч сар бүр 420,000 төгрөгийн хөлсийг өмгөөлөгчид төлөх үүрэг үүссэнийг гэрээ цуцлагдсан 2022.12.15-ны өдөр хүртэлх 7 сарын хугацаагаар тооцон 2,940,000 төгрөгөөр тооцоход 12,940,000 төгрөг болж байна. Энэ дүнгээс гэрээний 5.4-т зааснаар хариуцагчаас алданги гаргуулж, алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасанд нийцүүлэн 6,470,000 төгрөгийг гаргуулна. Мөн гэрээний 5.5-д үйлчлүүлэгч өмгөөллийн үйл ажиллагааны зардлыг хариуцахаар тохиролцсоныг үндэслэн нэхэмжлэгч 142,400 төгрөгийн зардал гаргасан тухай баримт 4-р хавтаст хэргийн 69-114 дэх талд авагдсанаас гэрээ цуцлах хүртэлх хугацаанд хамаарах 10,940 төгрөгийн, мөн гэрээ цуцлах, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой 434,425 төгрөгийн зардал шаардсан нь 1-р хавтаст хэргийн 21, 22, 44, 45, 3-р хавтаст хэргийн 173-180 дахь талд авагдсан баримтаар тус тус нотлогджээ.

Энэ үндэслэлээр хариуцагч *******оос Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан ажлын хөлс болон мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан зардалд нийт 19,855,365 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, энэ үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

6.Хариуцагч ******* ХХК-аас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэг, зардалд 26,916,455 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

6.1.Эдгээр гэрээгээр талууд өмгөөллийн хөлсийг магадлалын 5.1-д заасан нөхцөлөөр тохиролцсон байх бөгөөд гэрээний 5.1-д (хавсралт) заасан өмгөөллийн үндсэн хөлсийг гэрээ тус бүрд 10,000,000 төгрөг байхаар тусгаснаас бусад зохицуулалт адил байна. Эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн хөлс 10,000,000 төгрөгийг хариуцагч төлсөн тул энэ хөлсийг нэхэмжлэгч хасаж, бусад хөлс, зардлыг нэхэмжлэхдээ гэрээний 5.2-т заасан хугацааг эрүүгийн хэргийн хувьд 2022.04.27-ны өдрөөс, иргэний хэргийн хувьд 2022.02.27-ны өдрөөс эхлэн хөлс шаардах эрх үүссэн гэж тодорхойлжээ.

6.2.Нэхэмжлэгч нь хариуцагч компанитай байгуулсан гэрээний дагуу өмгөөлөгчөөр ажиллахдаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь 1-р хавтаст хэргийн 121-145, 192-197, 226-232 /шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлэн авсан/, 2-р хавтаст хэргийн 113-173 дахь талд авагдсан баримтуудаар, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь 2-р хавтаст хэргийн 146-154, 174-187, 3-р хавтаст хэргийн 1-54, 57-60, 75-82, 87-157, 165-168 дахь талд авагдсан баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

Иймээс хариуцагч ******* ХХК-аас ******* ХХК-д холбогдуулан гаргасан иргэний хэрэг, тус компанийн ажилтнуудын холбогдсон эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч өмгөөлөгчөөр ажиллахдаа гэрээ болон хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагч татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй учир магадлалын 5-д заасан үндэслэлээр талуудын байгуулсан гэрээ цуцлах хүртэлх хугацааны ажлын хөлс, зардлыг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

6.3.Хэргийн баримтаар хариуцагч ******* ХХК-аас ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлд шүүх 2021.04.01-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн байх тул гэрээний 5.2-т заасан нөхцөлөөр нэхэмжлэгч 2022.05-р сараас эхлэн нэмэгдэл хөлсийг шаардах эрх үүссэн гэж үзнэ. Харин эрүүгийн хэргийн хувьд магадлалын 5.1, 5.4-т заасан тооцооллоор нэхэмжлэгчийн нэмэлт хөлс шаардах эрхийг тодорхойлно.

Тооцооллын хувьд хариуцагч компани нь эрүүгийн хэрэгт байгуулсан гэрээний 5.1-д заасан өмгөөллийн үндсэн хөлс 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлснийг нэхэмжлэгч шаардаагүйг дурдаж, бусад хөлсийг энэ магадлалын 5.4-т заасан аргачлалаар тооцно. Иймээс эрүүгийн хэрэгт ажилласан өмгөөллийн хөлснөөс гэрээний 5.2-т заасан нэмэгдэл хөлс 2,940,000 төгрөг, гэрээний 5.4-т заасан алданги 1,470,000 төгрөг, нийт 4,410,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна. Харин иргэний хэрэгт ажилласан өмгөөллийн үндсэн хөлс 10,000,000 төгрөгийг гэрээний 5.1-д зааснаар, нэмэгдэл хөлс 2,940,000 төгрөгийг гэрээний 5.2-т зааснаар тооцон гаргуулахад 12,940,000 төгрөг болсноос гэрээний 5.4-т заасны дагуу алданги гаргуулж, алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар тооцон 6,470,000 төгрөг болсныг нэгтгэвэл хариуцагч 23,820,000 төгрөгийн өмгөөллийн хөлсийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна. Мөн гэрээний 5.5-д заасны дагуу хариуцагч нь гэрээний хугацаанд гарсан өмгөөллийн үйл ажиллагааны зардал 16,480 төгрөг, мөн гэрээ цуцлах, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой 429,575 төгрөгийн зардлыг хохиролд тооцон хариуцагчаас нэмж гаргуулна.

Иймд хариуцагч ******* ХХК-аас ажлын хөлс, зардалд нийт 24,266,055 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгоно.

 

7.Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 137,549 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч нар эс зөвшөөрч, зохигчийн байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ цуцлагдах үед гэрээнд заасан маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан, нэхэмжлэгч гэрээний үүргээ бүрэн биелүүлж үйлчлүүлэгчийг мэдээллээр хангах, хууль зүйн үйлчилгээг зохих ёсоор үзүүлэн ажиллаагүй тухай болон үндэслэлгүйгээр их хэмжээний буюу 62,400,000 төгрөгийн хөлс авч үндэслэлгүй хөрөнгөжсөн байхад хариуцагч талыг буруутай гэж үзэн хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

Зохигчийн хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээнд хамаарах бөгөөд энэ төрлийн гэрээний үүргийн агуулга нь ямар нэгэн ажлын үр дүн байдаггүй, хөлсөөр ажиллагч ажлын эцсийн үр дүнг хариуцдаггүй онцлогтой. Нэхэмжлэгч гэрээгээр тохирсон ажил, үйлчилгээг гэрээг цуцлах хүртэл үзүүлэн ажилласан нь тогтоогдсоныг өмнө дүгнэсэн учир нэхэмжлэгч гэрээнд заасан ажлын үр дүнг гаргаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн гомдол үндэслэлгүй байна.

Талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанаас хамааран нэмэлт хөлс төлөхөөр тохиролцсон нь Өмгөөллийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т зааснаар өмгөөллийн үйл ажиллагааны цар хүрээ, тухайн хэрэг, маргааны үргэлжлэх хугацааг харгалзсан гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөллийн хөлсийг нөхцөлтэйгөөр тохиролцохыг хориглосон нь өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаанаас үл хамааран явагдах эрх бүхий этгээдийн цогц үйл ажиллагаанд холбогдуулан үйлчлүүлэгчээс нэмэлт хөлс, урамшуулал авахаар тохиролцох нь өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.2-т заасан хориглолтод хамаарна. Энэ нь хууль зүйн туслалцааг хуулийн хүрээнд шударгаар явуулахад чиглэсэн агуулгатай. Харин талууд ийм нөхцөлгүйгээр нэмэлт хөлс тохирсон нь Өмгөөллийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.3.1-д заасныг зөрчсөн гэж дүгнэхгүй.

Нэхэмжлэгч мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.13-д зааснаар хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс, гаргасан зардлаа нөхөн төлүүлэхээр шаардсаныг шүүх хангасан бөгөөд энэ талаар өмнө дүгнэсэн тул хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

8.Дээрх үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлоос нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж хариуцагч *******оос 19,855,365 төгрөгийг, хариуцагч ******* ХХК-аас 24,266,055 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс 3,289,650 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон болон хууль хэрэглээний өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2026/03039 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******оос 19,855,365 төгрөгийг, хариуцагч ******* ХХК-аас 24,266,055 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс 3,289,650 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ...4,776 төгрөг... гэснийг 378,557 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 394,318 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн төлсөн 5,150 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД Б.АЗБАЯР

Э.ЭНЭБИШ