Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 1075

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг Энгэрийн 1 тоотод оршин суух “Боржгон” овогт Батбаярын Ариунзул /РД:ЗБ85053007, утас:89700700/-ын нэхэмжлэлтэй,  

хариуцагч: Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг Энгэрийн 1 тоотод оршин суух “Хүүхдийнхэн” овогт Батдэлгэрийн Мөнгөн-Өлзий /РД:ЦА82072815, утас:80546424/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 сарын 15-нд хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ариунзул, хариуцагч Б.Мөнгөн-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Байгальмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Ариунзул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид анх 2003 онд танилцаж гэр бүл болж 2004 оны  03 сарын 26-нд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Хамт амьдрах хугацаанд 2004 оны 03 сарын 26-ны өдөр хүү М.Мөнгөн-Очир, 2008 оны 05 сарын 16-ны өдөр охин М.Мөнгөнзул нар төрсөн. Нөхөр Б.Мөнгөн-Өлзий нь гэр бүлээс гадуур өөр хүүхэнтэй болж, бид маргалддаг болсон. Бид 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба одоо бид хамтран амьдрах боломжгүй. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хоёр хүүхдийг өөрийн асрамжиндаа авч, хүүхдүүддээ төрсөн эцэг Б.Мөнгөн-Өлзийгөөс тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Мөнгөн-Өлзий шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Ариунзултай гэр бүл болж бидний хамт амьдрах хугацаанд хүү М.Мөнгөн-Очир 2004 онд, охин М.Мөнгөнзул 2008 онд төрсөн. Хүү охин хоёрыг эх Б.Ариунзулын асрамжинд үлдээнэ. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй, зан харилцааны хувьд таарамж муутай байдаг тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү, хүүхдийн тэтгэлгийг төлнө. Бид эд хөрөнгийн талаар харилцан тохиролцсон тул маргаан байхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Ариунзул нь Б.Мөнгөн-Өлзийгөөс гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Зохигчдын аль аль нь гэрлэлт цуцлуулахыг харилцан  шаардаж байна.

Зохигчид нь 2003 онд танилцан гэр бүл болж иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд 2004 оны 03 сарын 26-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн хууль ёсны гэр бүл байна. Гэрлэгсдийн хамтын амьдрал үргэлжилж байх хугацаанд 2004 оны 03 сарын 26-нд хүү М.Мөнгөн-Очир, 2008 оны 05 сарын 16-нд охин М.Мөнгөнзул нар төрж эцэг, эхийнхээ асрамжинд хүмүүжиж байсан одоо эхийнхээ  асрамжинд  байгаа болох нь зохигчдын өөрсдийн тайлбарууд болон хэрэгт цугларсан гэрлэгсдийн гэрчилгээ, хүүхэд төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

Гэрлэгсэдийн дунд урьд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж боловч амжилтгүй болсон,  түүнчлэн шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй, гэрлэгчид эвлэрээгүй байна.

Зохигчид хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй ба зохигчид харилцан тохиролцсон тул 2003 оны 03 сарын 26-нд төрсөн хүү М.Мөнгөн-Очир, 2008 оны 05 сарын 16-нд төрсөн охин М.Мөнгөнзул нарыг эх Б.Ариунзулын асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчид аль аль нь цаашид хамтран амьдрах боломжгүй гэж гэрлэлт цуцлахыг харилцан шаардаж байх тул “Эвлэрүүлэн зуучлалын тухай” хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д заасан гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ буюу сэтгэл зүйч, гэр бүл судлаач, сурган хүмүүжүүлэгчээс зөвлөгөө өгүүлэх зэрэг ач холбогдолтой ажиллагааг дахин явуулах шаардлагагүй гэж үзэж тэдний гэрлэлтийг цуцалж, 2003 оны 03 сарын 26-нд төрсөн хүү М.Мөнгөн-Очир, 2008 оны 05 сарын 16-нд төрсөн охин М.Мөнгөнзул нарыг эцэг Б.Мөнгөн-Өлзийгөөр тэжээн тэтгүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Боржгон” овогт Батбаярын Ариунзул, “Хүүхдийнхэн” овогт Батдэлгэрийн Мөнгөн-Өлзий нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2003 оны 03 сарын 26-нд төрсөн хүү М.Мөнгөн-Очир, 2008 оны 05 сарын 16-нд төрсөн охин М.Мөнгөнзул нарыг эх Б.Ариунзулын асрамжинд үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2003 оны 03 сарын 26-нд төрсөн хүү М.Мөнгөн-Очир, 2008 оны 05 сарын 16-нд төрсөн охин М.Мөнгөнзул нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутгийн амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Мөнгөн-Өлзийгөөр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнгөн-Өлзийгөөс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, 1 жилийн хугацаанд төлвөл зохих хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28209 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5.Зохичгид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн /тасагт/ байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Л.Мөнхдөлд даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.ОЮУНЦЭЦЭГ