Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 336

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч Ц.О- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.О-д холбогдох эрүүгийн 1918005160394 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ц.О- 1992 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол  суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ц.О- нь 2019 оны 07 дугаар сарын 14-нөөс 07 дугаар сарын 15-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 10 дугаар байрны гадна М.М.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, нүүрний цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

-Шүүгдэгч Ц.О-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 14-ний орой би өөрийн найзууд болох О-, Х-, Б-, А- нарын хамт Хайрхан багийн төвд байрлах Оргил нэртэй бааранд орж Хар Экс 0,75 граммын 1 шил архи авсан. Тэрийгээ уугаад сууж байтал гаднаас найз М.А-, У- хоёр орж ирээд бид нарын ширээнд цуг суугаад архи дарс уусан. Тэгээд орой баар хаах цаг болж бид нар гарахдаа 2,5 литрийн 2 сав пиво аваад Хайрхан баг 10 дугаар байрны урд талбайд байх сагсны шийдэн дээр уусан. Тухайн үед би өөрөө нэлээд согтсон байсан учраас М.А-ыг ямар учраас цохисноо санахгүй байна. Нэг мэдсэн чинь би түүний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиод авсан. Гэтэл тэнд байсан найзууд бид хоёрыг салгаж М.А-ын хамарнаас цус гарсан байсныг би хараад сэргэж, түүнийг найз У- машинд суулгаад эмнэлэгрүү яаралтай явуулж би өөрөө араас нь явган гүйж очсон. Тэгтэл эмнэлгээс цагдаагийн байгууллагад дуудлага өгч намайг бариулсан.

...гэм буруугийн тал дээр маргаан байхгүй.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 5/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 6-11/,

 

-Хохирогч М.М.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр би ажилгүй амарч байсан ба орой найз У- уулзаж хамт “Оргил” бааранд орохоор болсон. Тэгээд ороход дотор найзууд болох Ц.О-, Отгонбаяр, Ариунболд нар сууцгааж байсан. Тэгэхээр нь тэд нартай нийлж суугаад жаахан архи дарс ууж хэрэглэсэн. Гэтэл орой 23 цаг өнгөрч баар хаах болж, бид нар бөөнөөрөө баарнаас гарсан. Тэндээсээ шууд Хайрхан баг 10 дугаар байрны урд талын сандал дээр очиж суугаад пиво ууж байтал О-р жаахан согтчихоод надад хандаж “чи намайг тоодоггүй” гэх мэт үг хэлээд сууж байтал Ц.О- цаана сууж байснаа гэнэт дундуур орж ирээд миний хамар руу гараараа нэг удаа цохиж цус гаргасан. Тэр үед хамт байсан найзууд бид хоёрыг хоёр тийш нь салгаж, тэндээсээ шууд эмнэлэг явж үзүүлсэн.

...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 14-15/,

 

-Гэрч Б.У- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хартал Ц.О- нь М.А-ыг хамар руу нь цохичихсон, хамраас нь цус гарч байсан. Тэгээд би М.А-ыг аваад машиндаа суулгаад эмнэлэг орсон.” гэх мэдүүлэг /хэргийн 18-19/,

 

-Гэрч Б.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...баарнаас яаж гарснаа ч мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь маргааш өглөө нь найз Б- гэрт унтаж байсан. Тэгээд босоод гадуур явж байхад таарсан хүмүүсээс Ц.О-, М.А-ыг хоёрыг хоорондоо маргасан гэж сонссон бөгөөд 2-3 хоногийн дараа Ц.О-, М.А- нартай би өөрөө таарч юу болсон талаар асуухад Ц.О- нь “би М.А-ыг цохиод гэмтээчихлээ” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 19/,

 

-“М.М.А- нь бусдад зодуулсан, толгой өвдөнө, хамраас цус гарна гэнэ. Үзлэгээр хамраас цус гарсан, хамар баруун тийш бага зэрэг далийж хавдсан харагдана.” гэх Шарын гол  сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хэргийн 28/,

 

-“М.М.А-ын биед хамар ясны хугарал, нүүрний цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. М.М.А-ын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 595 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 30-31/,

 

-“Хамрын зүүн хажуу цөмөрсөн, эмзэг, таславч баруун тийш муруйдуу, хэсгийн мэдээ алдуулалттай хамрын хугарал засав.” гэх “Бид” эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 32/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Ц.О- нь 2019 оны 07 дугаар сарын 14-нөөс 07 дугаар сарын 15-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 10 дугаар байрны гадна М.М.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, нүүрний цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч М.М.А-ын биед “хамар ясны хугарал, нүүрний цус хуралт” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 595 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 30-31/ нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Ц.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч М.М.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч М.М.А- нь эмчилгээний зардлын талаар ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй, мөрдөн байцаалтын шатанд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг өгсөн /хэргийн 14-15/, мөн “Ц.О- миний биед 100 хувь эмчилгээ хийлгэсэн учир надад гомдол санал байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан /хэргийн 69/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Ц.О- нь 2019 оны 07 дугаар сарын 14-нөөс 07 дугаар сарын 15-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 10 дугаар байрны гадна М.М.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, нүүрний цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.О-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.О- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар улсын яллагчийн санал болгосон хэмжээнд нь буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн нөхцөл байдлуудыг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд сард 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ц.О-д анхааруулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч  Ц.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.О-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч Ц.О-д оногдуулсан торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд сард 150000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ц.О-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Ц.О-д анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О-д хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Я.ТУУЛ