| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 191/2025/11779/И |
| Дугаар | 210/МА2026/01184 |
| Огноо | 2026-05-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2026/01184
******* ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Азбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 16,602,650 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* ХХК нь зээлдэгч *******тэй 2019.11.29-ний өдөр ******* тоот зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй олгосон. Уг зээлийн гэрээний үргэлжлэл болгож 2020.06.16-ны өдөр ******* тоот зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөгийг, 8 сарын хугацаатай, сарын 4.0 хувийн хүүтэй олгосон. ******* нь тус зээлийг Mercedes Benz G500 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авах зориулалттай зээлж авсан ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар уг тээврийн хэрэгслийг эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр барьцаалж гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үндсэн үүрэгт 9,126,981.76 төгрөг, хүүд 12,585,187 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,7049,022 төгрөг, нийт 23,620,700 төгрөг төлснөөс хойш зээлээ төлөлгүй байсаар гэрээний хугацаа дууссан.
Нэхэмжлэгч нь зээлийн барьцаа хөрөнгө болох Mercedes Benz G500 маркийн *******улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд бодитоор шилжүүлэн авах боломжгүй болсон ба ******* нь ******* гэх хүнд тус тээврийн хэрэгслийг шилжүүлэх тохиролцоо хийснээс болж *******той холбогдоход *******өөс төлбөртөө тээврийн хэрэгслийг авсан, танайд өгөх боломжгүй гэсэн тул тээврийн хэрэгслийг зээлийн төлбөрт авах боломжгүй байна. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 5,853,538.56 төгрөг, зээлийн хүү 8,957,593.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,791,518.32 төгрөг, нийт 16,602,650.21 төгрөгийг гаргуулж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг Mercedes Benz G500 маркийн *******улсын дугаартай тээврийн хэрэгслээр хангуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* нь ******* ХХК-аас авсан зээлээ бүрэн төлсөн. Хамгийн сүүлд 5,000,000 төгрөг төлсний дараа 8,000,000 гаруй төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Тээврийн хэрэгслийг өөр хүнд эзэмшүүлээгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх газраас тээврийн хэрэгслийг битүүмжилсэн, зээлийг тээврийн хэрэгслээр хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. Тус ББСБ-аас 2019.11.29-ний өдөр 15,000,000 төгрөгийг зээлж аваад гэрээний үүрэгт 8,500,000 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд гэрээг 2020.06.16-ны өдөр цуцалж, 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл 10,000,000 төгрөг дээр зээлийн гэрээг шинээр байгуулж, энэ гэрээний үүрэгт 14,780,000 төгрөг, нийтдээ 2 гэрээний дагуу 23,620,700 төгрөг төлсөн. Гэтэл одоо дахин зээлийн үлдэгдэлд 16,602,650 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч *******өөс 16,602,650.21 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар хариуцагч ******* шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол Mercedes Benz G500 маркийн, *******улсын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамжид 311,164 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311,164 төгрөгийг улсын орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэхийг дурдаж шийдвэрлэжээ.
4.Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг үнэлээгүй.
Нэг. ******* нь уг ББСБ-аас анх 2019.11.29-ний өдөр 15,000,000 төгрөгийг зээлж аваад зээлийн гэрээний төлбөрийг төлж байтал ББСБ-аас зээлийн мэдээллийн сан руу мэдээлэл шинэчлэх болсон тул шинээр гэрээ байгуулах хэрэгтэй гэж ярьсан учир 2020.06.16-ны өдөр зээлийн гэрээг дахин байгуулсан. ******* нь нийт 8 удаагийн төлөлтөөр 23,620,700 төгрөг төлсөн ба сүүлд 2022.09.02-ны өдөр 5,000,000 төгрөгийн төлж зээл дууссан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Зээлийн дансны хуулга хүснэгтийн №1-т 2019.11.29-ний өдөр Зээлийн хэмжээ 15,000,000 төгрөг, харин 2020.06.16-ны өдөр Зээлийн хэмжээ гэсэн хэсэгт нэмээд 10,000,000 төгрөг олгосон мэтээр бичсэн байдаг. Гэтэл ******* нь 2020.06.16-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээл аваагүй. Гэтэл шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ эхний буюу 2019.11.29-ний өдрийн зээлийн гэрээ дуусгавар болсон, 4 удаа зээл төлсөн гэж бичсэн нь нотлох баримтаар үгүйсгэгддэг. Ямар учраас дахин шинээр зээлийн гэрээ байгуулсан зорилго нь харагдаж байгаа ба зээлдэгчээ хуурах, төөрөгдүүлэх, шүүхийг эргэлзүүлэх зорилготой байсан байна.
Хоёр. ******* нь 15,000,000 төгрөгийг тээврийн хэрэгсэл авах зорилгоор зээлж, Mercedes Benz G500 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж фидуцийн гэрээ байгуулсан. Тэрээр уг тээврийн хэрэгслийг *******ид худалдсан бөгөөд уг тээврийн хэрэгсэл *******ийн эзэмшилд байдаг. Талууд энэ байдлыг тайлбарласаар байтал шүүх огт үнэлээгүй буюу гуравдагч этгээд *******ийн эрх ашиг энд хөндөгдөж байгааг анхаараагүй. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг Mercedes Benz G500 маркийн тээврийн хэрэгслээр хангуулах шаардлагын үндэслэлээ хариуцагч нь *******ид тээврийн хэрэгслийг төлбөртөө тооцож шилжүүлсэн тул тээврийн хэрэгслийг бодитоор шилжүүлэн авч чадахгүй байгаа гэж тайлбарласнаар гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байгаад эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь хуульд нийцэхгүй байна.
Гурав. Шүүхэд би дансны хуулгаа гаргаж өгөхийг хүссэн боловч Төлөлтийн дүн зөрүүгүй учир шаардлагагүй хэмээн шүүгч хүлээж аваагүй. Түүнчлэн шүүх уг тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай захирамж гаргасанд гомдол гаргах эрхтэй бөгөөд захирамж гарснаас хойш 10 хоногийн дотор гомдлоо гаргаж болно гэсэн байтал ийм захирамж гарсан талаар надад мэдэгдээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5.Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн гэжээ. Бид барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаагүй байхад ******* нь гуравдагч этгээд *******ид шилжүүлсэн ба барьцааны зүйл болох тээврийн хэрэгсэл нь бидний нэр дээр байгаа ба *******ийн өмнөөс торгууль болон татварыг нь төлсөн. Хэргийг хянан шийдвэрлэх явцад манайх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан арга хэмжээ авхуулах хүсэлт гаргасан. Фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй байгаа бөгөөд бид фидуцийн зүйлийг хаягийн дагуу хайж олсон боловч хариуцагч зээлээ төлж дуусаагүй атлаа ******* гэх хүнд барьцааны зүйлийг шилжүүлэн өгсний дагуу бид ******* гэх хүнтэй уулзсан. Гуравдагч этгээд уг маргаанд хамааралгүй. Шүүхэд дансны хуулга гаргаж өгөөгүй гэсэн асуудал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт гаргаж өгөх болон талуудад эвлэрэх санал байгаа эсэх талаар шүүгч удаа дараа тодруулж байсан. Бид эвлэрэх зорилгоор удаа дараа хариуцагчтай уулзах хүсэлт гаргасан ч бидэнтэй уулзаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,602,650 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж зөв тодорхойлж, зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын болон нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт зээл, хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэйг үндэслэлтэй дүгнэжээ.
Харин зохигч зээлийн гэрээгээр олгогдсон зээл, зээлийг буцаан төлсөн хэмжээ, түүний тооцоолол болон гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар маргасан байхад шүүх нэхэмжлэгчийг гэрээний үүрэг биелэгдэж дуусах хүртэл хугацаанд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримтад нийцээгүй, мөн үүрэг гүйцэтгэх дарааллын талаархи зээлийн гэрээний 1.3-д заасан талуудын тохиролцоо, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийг хэргийн баримтад үндэслэн тайлбарлан хэрэглээгүй алдаа гаргасан байна.
Иймд хариуцагчаас зээлийг буцаан төлсөн мөнгөн дүн, түүний хугацааны талаар гаргасан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
4.******* ХХК, ******* нарын хооронд 2019.11.29-ний өдөр байгуулсан ******* дугаартай зээлийн гэрээгээр зээлдүүлэгч ******* ХХК 15,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүү, 12 сарын хугацаагаар зээлдэгч *******д олгож, зээлдэгч уг зээлийг ашиглаж, гэрээнд заасны дагуу зээлийг хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцсон. Энэхүү гэрээгээр зээлдэгч гэрээний хугацаанд зээлээ эргүүлэн төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр заажээ.
Хариуцагч зээлийн гэрээ байгуулснаас хойш 2020.06.16-ны өдрийн байдлаар 8,861,700 төгрөгийг гэрээний үүрэгт төлснийг нэхэмжлэгч гэрээний 1.3-т зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө гэж тохиролцсон дарааллаар төлүүлсэн нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д заасныг зөрчөөгүй байна. Улмаар талууд зээлийн үлдэгдэл дүн 10,000,000 төгрөгийн хэмжээнд дахин зээлийн гэрээ байгуулахдаа зээлийн хүүг хэвээр хадгалж, гэрээний хугацааг 2021.02.15-ны дуусгавар болгохоор тохиролцжээ. Харин энэ гэрээгээр нэхэмжлэгч 10,000,000 төгрөгийг хариуцагчид олгоогүй байх тул зохигчийн хооронд 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэсэн агуулгатай анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ.
5.Хариуцагч ******* нь гэрээний хугацаа дууссаны дараа 2021.04.15-ны өдөр 4,768,000 төгрөгийг, 2021.06.21-ний өдөр 2,615,000 төгрөгийг, 2021.08.17-ны өдөр 2,376,000 төгрөгийг, 2022.09.30-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус төлснөөс нэхэмжлэгч компани нь нэмэгдүүлсэн хүүд 1,566,534 төгрөгийг, хэтэрсэн хугацааны хүүд 9,046,004 төгрөгийг, үндсэн зээлд 4,146,461 төгрөгийг тус тус тооцон төлүүлсэн байна.
Зээлийн гэрээг 2020.06.16-ны өдөр шинэчлэн байгуулснаас хойш гэрээний хугацаа дууссан 2021.02.15-ны өдрийн хугацаанд 3,253,333 төгрөгийн үндсэн хүү, 650,666 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү хуримтлагдсан нь зээлийн хамт нийт 13,903,999 төгрөг болсныг хариуцагчийн 2021.04.15-ны өдөр төлсөн 4,768,000 төгрөгөөс гэрээний хугацаанд хуримтлагдсан үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг зээлийг гэрээний 1.3-т заасан дарааллаар тооцон хасаж, илүү гарсан төлбөрийг үндсэн зээлээс хасахад /4,768,000-3,903,999=864,001. 10,000,000-864,001=9,135,999/ үндсэн зээлийн үлдэгдэл 9,135,999 төгрөг болж байна.
Харин гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн төлбөрөөс үндсэн зээл эсхүл хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг эхэлж төлүүлэх эсэхийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан шаардах эрхийн хүрээнд гэрээний нөхцөл болон тухайн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг баримтална.
Гэрээний хугацаа дууссанаас хойших хариуцагчийн төлсөн төлбөрийг нэхэмжлэгч гэрээний 1.3-т заасан дарааллаар төлүүлснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан ба Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2, 216.4-т заасан зохицуулалтаас үзэхэд мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д заасан сонгож гүйцэтгэх эрхэд хамаарах дараалал нь нэг төрлийн үүргийн хэд хэдэн шаардлагын хувьд гэрээний хугацаанд төлөгдвөл зохих хуримтлагдсан үүрэгт хамааралтай, харин гэрээний хугацаа дууссанаас хойших хугацаанд гүйцэтгэсэн үүргийн хувьд энэ хуулийн 216.2, 216.3, 216.4-т заасан дарааллыг буюу үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлэх зарчмыг баримтлахаар байна.
Иймд талуудын гэрээгээр тохиролцсон үүрэг гүйцэтгэх дараалал нь гагцхүү гэрээний хугацаанд төлөгдвөл зохих төлбөрт үйлчлэх бөгөөд харин гэрээний хугацаа дууссанаас хойш бодогдсон нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтэрсэн хүүгийн төлбөрийг гэрээний 1.3-т заасан дарааллаар гүйцэтгэхгүй тул хариуцагч *******өөс 2021.06.21-ний өдрөөс 2022.09.30-ны өдрийн хугацаанд төлсөн 9,991,000 төгрөгийг үндсэн зээлээс эхэлж хасаж тооцох нь хууль болон гэрээнд нийцнэ. Гэхдээ үндсэн зээлийн төлөлт тус бүрийн хооронд үүссэн үндсэн зээлийн үлдэгдлээс хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг бодож нэхэмжлэгч шаардах эрхтэй юм.
6.Дээрх дараалал ёсоор зээлийн гэрээний хугацаа дууссан 2021.02.15-ны өдрөөс хариуцагчийн дараагийн төлбөр 2,615,000 төгрөгийг 2021.06.21-ний өдөр гүйцэтгэх хүртэлх 4 сар 5 хоногийн хугацаанд зээлийн үлдэгдэл төлбөр 9,135,999 төгрөгөөс бодогдсон 1,522,665 төгрөгийн үндсэн хүү, 304,533 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг хуримтлуулан бодно.
Харин үндсэн зээлийн үлдэгдэл 9,135,999 төгрөгөөс 2,615,000 төгрөгийг хасаж 6,520,999 төгрөг болсныг мөн дараагийн төлөлт 2,376,000 төгрөгийг 2021.08.17-ны гүйцэтгэх хүртэлх 1 сар 26 хоногийн хугацаанд 6,520,999 төгрөгөөс бодогдсон 486,901 төгрөгийн үндсэн хүү, 97,380 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг мөн хуримтлуулан бодож, зээлийн үлдэгдэл төлбөр 6,520,999 төгрөгөөс 2,376,000 төгрөгийг хасвал 4,144,999 төгрөг болно.
Энэ тооцоолол нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар хариуцагчийн төлсөн төлбөрийг зээлийн үндсэн үүргээс хасаж, үндсэн зээлийн үлдэх дүн бүрээс хэтэрсэн хугацааны үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг бодогдон хуримтлагдах зарчмаар хугацааны эцэст нөхөн төлүүлнэ.
Хариуцагч хамгийн сүүлд 5,000,000 төгрөгийг 2022.09.30-ны өдөр төлөх хүртэлх 12 сар, 15 хоногийн хугацаанд 4,144,999 төгрөгт 2,072,500 төгрөгийн үндсэн хүү, 414,500 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү хуримтлагджээ. Энэ төлбөрөөс өмнөх зарчмаар үндсэн зээлийн үлдэгдлийг хасахад /5,000,000-4,144,999/ 855,001 төгрөг илүү гарсныг дээрх гурван удаагийн хуримтлагдсан хүүгийн нийлбэр дүн /1,827,198+584,281+2,487,000/ 4,898,479 төгрөгөөс хасвал хариуцагч /4,898,478-855,001/ 4,043,478 төгрөгийн төлбөртэй үлдэж байна.
Иймээс хариуцагч *******өөс 4,043,478 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 12,559,172 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй ба энэ үндэслэлээр хариуцагчийн гомдлын зарим хэсэг хангагдана.
7.Талууд 2019.11.19-ний өдөр байгуулсан ******* дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ээр хариуцагчийн өмчлөлийн Mercedes benz маркийн *******улсын дугаартай тээврийн хэрэгслийг дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж, хариуцагч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэсэн нөхцөлд нэхэмжлэгч өмчлөх эрхийг буцаан өгөхөөр, хэрэв зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй бол уг хөрөнгөөр үүргийг хангуулахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасанд нийцсэн байна.
Харин нэхэмжлэгч зээлийн гэрээний биелэгдээгүй үүргийг мөнгөөр тооцон 16,602,650 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагын хамт фидуцийн зүйл болох тээврийн хэрэгслээр уг мөнгөн төлбөрийн үүргийг хангуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 235 дугаар зүйлийн 235.1-д заасантай нийцээгүй байхад анхан шатны шүүх фидуцийн зүйлийг барьцааны зүйл гэж үзэж, зээлийн гэрээний үүргийг фидуцийн зүйлээр хангуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Зээлдэгч мөнгө төлөх үүргээ биелүүлээгүй бол зээлдүүлэгч мөнгөн төлбөрийн үүрэгт тооцон фидуцийн зүйлийг эзэмшилдээ шилжүүлэн авснаар уг үүрэг дуусгавар болох үр дагавартай. Фидуцийн зүйл нь барьцааны нэгэн адил үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг боловч барьцаа нь үндсэн үүргийг тэргүүн ээлжинд хангуулах баталгааны үүрэг болдог бол фидуци нь үүрэг биелэгдээгүй нөхцөлд фидуцийн зүйл үүрэг гүйцэтгүүлэгчид шилжсэнээр үүрэг бүрмөсөн дуусгавар болдог онцлогтой.
Иймээс нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг, фидуцийн зүйлийг нэгэн зэрэг шаардах эрхгүй, мөн фидуци нь барьцааны эрхийг орлохгүй тул фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.
8.Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч *******өөс зээлийн гэрээний үүрэгт 4,043,478 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 12,559,172 төгрөгийн болон фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2026/02928 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******өөс 4,043,478 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 12,559,172 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсэгт зааснаар Mercedes Benz G500 маркийн *******улсын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,
3 дахь заалтын ...311,164 төгрөг... гэснийг 79,646 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311,164 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Э.ЭНЭБИШ