Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2025/ХШТ/01

 

Ж.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнгөншагай, шүүгдэгч Ж.А-гийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 778 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 214 дүгээр магадлалтай Ж.А-д холбогдох 2002 00535 0194 дугаартай эрүүгийн хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулахаар бичсэн прокурорын дүгнэлтийг үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Х овгийн Ж-ийн А, 1967 оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, эмэгтэй, 57 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “И” ТӨААТҮГ-ын харьяа “С газар”-ын даргаар ажиллаж байсан, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД: ... /.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ж.А нь Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын харьяа “С газар”-ын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан “албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гарган ...”, 8.2-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт тавих, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 39 дүгээр зүйлд “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”,   39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг,

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1 дэх хэсгийн 3.1.2.а-д “... эх орон, ард түмнийхээ эрх, ашгийг хувийн ашиг сонирхлоос ямарт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах” гэснийг,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө” гэснийг, “И” газрын ...-ын захирлын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод “Ажлын байрны үндсэн зорилт”-ыг “Цогцолборын үйл ажиллагааг хууль, дүрэм, журмын дагуу зохион байгуулж, үр ашигтай ажиллуулах” гэснийг тус тус зөрчиж, нээлттэй сонгон шалгаруулалт зарлалгүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр өөрийн хамаарал бүхий этгээд болон төрөл, садны хүмүүс болох Н.С, Б.Д, Ш.Н, Б.Ө, Л.Б, Ч.Б, Д.Т, Т.Т нартай “И” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын харьяа “С газар”-ын хэрэгцээнд мах, махан бүтээгдэхүүн худалдан авахаар нийт 10 удаагийн “Мах, махан бүтээгдэхүүн худалдах, худалдан авах” шууд гэрээг байгуулж, улмаар дээрх гэрээнүүдийн дагуу бэр дүү Н.С нь 52.691,45 кг мах, махан бүтээгдэхүүнийг нийлүүлж, түүнд давуу байдал бий болгосны улмаас 369,429,863 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэлд нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн  яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 778 дугаар цагаатгах тогтоолоор Нийслэлийн прокурорын газраас Ж.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 214 дүгээр магадлалаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор А.Энхжаргалын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

 

Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 255 дугаар тогтоолоор Ж.А-д холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэлэлцээд эсэргүүцлийг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 106 дугаар тогтоолоор цагаатгах тогтоол, магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай прокурор А.Энхжаргалын бичсэн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байсан.

 

Прокурор А.Энхжаргал шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулахаар бичсэн дүгнэлтдээ: “... Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 214 дугаартай магадлалд “... “С” нь “И” газрын даргын шууд удирдлагад байдаг Захиргаа хүний нөөцийн газарт харьяалагддаг салбар байх бөгөөд “И” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын харьяа “С” газрын дарга Ж.А нь нийтийн албан тушаалтан мөн байна.

Гэтэл анхан шатны шүүх “И” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын харьяа “С” газрын дарга Ж.А-г нийтийн албан тушаалтан биш гэж үзэн цагаатгасан нь үндэслэлгүй болжээ ...”, “... Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарах бөгөөд ... гэвч Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсоноор шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн хууль хэрэглээний алдаатай үйл ажиллагааны улмаас хэргийг хэрэгсэхгүй болгосон, зүйлчлэлийг хөнгөрүүлсэн, өөрчилсөн тохиолдолд үүнийг зөвтгөх арга хууль зүйн боломж байхгүй юм. Дээрх хуулийн зохицуулалтаар давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах заалтыг хүчингүй болгосон байх тул анхан шатны цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх зайлшгүй нөхцөл байдал хууль зүйн хувьд үүсжээ” гэж дүгнэсэн байна.

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Ж.А нь нийтийн албан тушаалтан болох нь 2016 оноос 2021 он хүртэл Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг,

“И” газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/275 дугаартай Жагсаалт батлах тухай тушаалын хавсралт /1-р хх-ийн 124- 125-р хуудас/,

“И” газрын 2020 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтны нэрсийн жагсаалт /1-р     хх-ийн 235-р хуудас/,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 214 дугаартай магадлал /1-р хх-ийн 79-91-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн Авлигын эсрэг хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээнд авлигын эсрэг хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж тус тус заасан.

Авлигын эсрэг нэгдсэн үндэстний байгууллагын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д “Төрийн буюу нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсноос тухайн оролцогч улсын эрх зүйн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг гэж тодорхойлсон байна.

Мөн Авлигын эсрэг хуульд “Нийтийн албан тушаалтан” гэж яам, агентлагийн харьяа болон түүний дэргэд ажилладаг, төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалтныг хамааруулахаар хуульчилсан.

“И” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар байгуулагдсан зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдтэй байх ба үүний нэг нь “И” газрын харьяа “С” газар байна.

Тус “С” газрын даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-д “яам, агентлагийн харьяа болон түүний дэргэд ажилладаг, төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах..., албан тушаал” гэсэнд хамаарах Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-д заасан төрийн үйлчилгээний албан тушаал буюу төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан хуулийг илт буруу хэрэглэсний улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн буюу шүүхийн шийдвэрийг хянуулах үндэслэлд тооцогдохоор байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан байна.

Түүнчлэн мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх бөгөөд энэ нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ юм.

Давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэх явцад дээр дурдсан алдаа, зөрчил илэрсэн тохиолдолд үүнийг зөвтгүүлэх, эсхүл арилгуулах үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах болон хүчингүй болгохыг дээрх зохицуулалтаар давж заалдах шатны шүүхэд үүрэг болгосон.

Шүүхэд эрх олгосон бус заавал хэрэглэхээр үүрэг болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээг шүүх хэрэглээгүй нь мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөнд тооцогдож, мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг “хуулийн шаардлага” хангаагүй хэмээн дүгнэсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүйгээр уг шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан буюу хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн буюу Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх эрх, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах тухай ард, иргэд рүү чиглэсэн хуулийн зохицуулалтуудыг зөрчсөн, албан тушаалын гэмт хэргийг шийдвэрлэж буй хуулийн байгууллага, төрд итгэх ард иргэдийн буюу хүний эрхийг зөрчсөн ойлголт гэж дүгнэхээр байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 778 дугаартай цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 214 дүгээр магадлал зэргийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

 

Прокурор Г.Мөнгөншагай хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Нийслэлийн прокурорын дүгнэлтийг дэмжиж оролцож байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заалтад хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн гэх үндэслэлээр хянаж өгнө үү. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан байна. Түүнчлэн мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх бөгөөд энэ нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ юм. Давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэх явцад дээр дурдсан алдаа, зөрчил илэрсэн тохиолдолд үүнийг зөвтгүүлэх, эсхүл арилгуулах үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах болон хүчингүй болгохыг дээрх зохицуулалтаар давж заалдах шатны шүүхэд үүрэг болгосон. Шүүхэд эрх олгосон бус заавал хэрэглэхээр үүрэг болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээг шүүх хэрэглээгүй нь мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөнд тооцогдож, мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг “хуулийн шаардлага” хангаагүй хэмээн дүгнэсэн боловч “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүйгээр уг шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан буюу хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн буюу Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх эрх, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах тухай ард, иргэд рүү чиглэсэн хуулийн зохицуулалтуудыг зөрчсөн, албан тушаалын гэмт хэргийг шийдвэрлэж буй хуулийн байгууллага, төрд итгэх ард иргэдийн буюу хүний эрхийг зөрчсөн ойлголт гэж дүгнэхээр байна.

Анхан шатны шүүхээс хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хуулийг буруу хэрэглэсэн шийдвэр байна гэж давж заалдах шатны шүүх магадлалаар дүгнэсэн боловч хуулийн өөрчлөлтөөр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох эрх хязгаарлагдсан учир энэ шийдвэрийг зөвтгөх боломжгүй байна гэж дүгнэлт хийж цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн. Энэ шийдвэрийн улмаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим зөрчигдсөн. Мөн Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн зарчим зөрчигдсөн байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны гараагүй байна. Илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан байна гэх дүгнэлтийг хийсэн алтаа үүнийг хүчингүй болгож эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хэрэгжүүлээгүй шийдвэрийг хүчингүй болгосон нь Эрүүгийн хуулийг ноцтой зөрчиж, буруу хэрэглэсэн байна. Ийм дээрх зөрчлүүдийг арилгах нь зүйтэй гэж үзээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Ж.А-гийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргал иргэний эрхийг хангах тухай ард, иргэд рүү чиглэсэн хуулийн зохицуулалтуудыг зөрчсөн, албан тушаалын гэмт хэргийг шийдвэрлэж буй хуулийн байгууллага, төрд итгэх ард иргэдийн буюу хүний эрхийг зөрчсөн ойлголт гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасан хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн гэх үндэслэлээр хяналтын шатны эрүүгийн хэргийн танхимд хэлэлцүүлэхээр хүргүүлсэн байсан.

Гэтэл энэ хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр анхан шатны шүүхээс хэлэлцүүлээд цагаатгах тогтоол гаргасан бол 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр давж заалдах шатны шүүхээс магадлал гаргасан. Улсын Дээд шүүх 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нийт шүүгчдийн хурлаар хэлэлцээд гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлээд энэхүү цагаатгах тогтоол албан ёсоор хүчин төгөлдөр болсон. Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3, 1.4 дэх заалтад заасан үндэслэл тогтоогдож байна гэж шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тухай дүгнэлт гаргаж байсан. Энэхүү дүгнэлтийг Улсын Дээд шүүхээс 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцээд 106 дугаар тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах прокурорын хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн танхимын 106 дугаартай тогтоолын 5-6 дахь талд хүний эрх ноцтой зөрчигдсөн гэдэгт гэдэгт хэргийн оролцогчийн /шүүгдэгч/ хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах боломжгүйд хүргэсэн, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, нөхцөлийг хүндрүүлсэн, эсхүл гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглээгүй зэрэг үр дагаварт хүргэсэн зөрчлүүд ордог.

Харин цагаатгагдсан хүн, хуулийн этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй хүн, хуулийн этгээдэд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн нь тогтоогдсон байх учиртай гэж дүгнэж прокурорын дүгнэлтийг татгалзсан. Гэтэл прокурор А.Энхжаргалаас ижил үндэслэл, ижил агуулгатай дүгнэлтийг дахин гаргаж хэргийг хяналтын шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Цаашилбал 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн өдрийн 106 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү.

Прокурор дүгнэлтдээ хоёр үндэслэл дурдаад байгаа. Гэвч дээрх үндэслэлүүд нь шинээр илэрсэн нөхцөл байдлуудын үндэслэлд хамаарахгүй. Жишээлбэл давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой байсан хуулийг хэрэглээгүй гэх үндэслэл нь   шинээр илэрсэн нөхцөл байдалд хамаарахгүй юм. Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн эрх, үүрэг олгосон хэм хэмжээг оновчтой хэрэглээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан давж заалдах шатны шүүхийн шийдвэр гаргах хэм хэмжээний дотор хязгаартайгаар  магадлал гаргасан нь үндэслэлтэй. Нөгөөтэйгөөр хуулийн тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа бол шинээр илэрсэн нөхцөл байдлаар шалгуулах биш Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан үндэслэл байгаа эсэхийг шалгуулах хэрэгтэй. Өөр төрлийн харилцаа гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Давж заалдах шатны шүүх хянан 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд магадлал гараад хуульд заасан журмын дагуу гардуулсны дараа прокуророос 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцэл Улсын Дээд шүүхэд гаргасан. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн авч хянасан прокурорын байгууллага өөрсдөө энэхүү асуудлыг шинээр илэрсэн нөхцөл байдал биш байна гээд шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч эсэргүүцэл гаргасан. Гэтэл эсэргүүцлийг хяналтын шатны шүүх хүлээн аваагүй байхад өөр байр сууринаас оруулж ирж байгаа нь үндэслэлгүй юм. Нэг үндэслэлээр хоёр удаа дүгнэлт гаргах нь хууль зүйн хувьд илтэд үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан сүүлд гаргаж өгсөн баримтуудыг харахаар хавтаст хэрэгт авагдсан хөрөнгө орлогын мэдүүлгийг дахиж гаргаж өгсөн байсан ба өөр зүйл нэмэгдээгүй байсан. Цагаатгах тогтоол 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гарсан гэдгийг дурдах нь зүйтэй байна. Эцэст нь хэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас цагаатгасан шүүхийн шийдвэрийг хянан үзэх, түүнчлэн ялтанд хүндрүүлсэн ялтай хуулийг хэрэглэх шаардлагатай болсон бол Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шинэ нөхцөл байдал илэрснээс хойш 1 жил өнгөрөөгүй бол гүйцэтгэж болно гэж хуульчилсан байгаа. Энэ хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шийдвэр нь Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 255 дугаартай тогтоол нь 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гарсан. Хэрэг эцэслэн шийдвэрлэгдээд 1 жил 9, 10 сар болж байна. Ийм байхад Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргалын шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах дүгнэлт нь шинээр илэрсэн нөхцөл байдал нь юу юм, ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа талаар болон дээрх үйл баримт нь хэргийг шийдвэрлэхээс өмнө мэдэгдээгүй, мэдэх боломжгүй байсан эсэх талаар болон шинэ нөхцөл байдал нь хэзээ тогтоогдсон талаар дурдаагүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндэслэл шинээр илсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй дүгнэлтийг хэлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргалын бичсэн дүгнэлтийг үндэслэн Ж.А-д холбогдох эрүүгийн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэв.

 

2.Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг тухайн шийдвэр гарах үед мэдэгдээгүй, эсхүл мэдэгдэх боломжгүй байсан хуулиар тодорхойлсон нөхцөл байдал шинээр илэрч, тогтоогдсон тохиолдолд сэргээн шалгах зорилгоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгодог хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр бүлэгт хуульчилжээ.

 

Энэхүү ажиллагааны үндсэн зорилго нь (1) гэрч, шинжээчийн санаатай гаргасан худал мэдүүлэг, дүгнэлт, орчуулагч, хэлмэрчийн санаатай худал орчуулга, хуурамч нотлох баримт, тэмдэглэл, баримт бичгийг үндэслэж шийдвэр гарсан нь тогтоогдсон, (2) шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, (3) цагаатгагдсан хүн, хуулийн этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй хүн, хуулийн этгээдэд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн, (4) шүүх хуулийг илт буруу хэрэглэсний улмаас ноцтой зөрчигдсөн хүний эрхийг сэргээн эдлүүлэхэд оршино.

 

Харин энэхүү хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааг явуулах зайлшгүй урьдач нөхцөл нь шүүхийн шийдвэр гарах үед мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан шинээр илэрсэн нөхцөл байдал нотолгооны түвшинд илэрч, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байх явдал болно.

 

3.Нийслэлийн прокурорын газар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Ж.А-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлтдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн бол” гэх үндэслэлийг зааж, “Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх эрх, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах тухай ард, иргэд рүү чиглэсэн хуулийн зохицуулалтуудыг зөрчсөн, албан тушаалын гэмт хэргийг шийдвэрлэж буй хуулийн байгууллага, төрд итгэх ард иргэдийн буюу хүний эрхийг зөрчсөн” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

 

Учир нь, хүний эрх ноцтой зөрчигдсөн гэдэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоор олгогдсон “хэргийн оролцогчийн” эрх, хууль ёсны ашиг сонирхол нь аливаа хэлбэрээр зөрчигдсөн, энэ нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдлыг ойлгодог болно.

 

4.Шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгахад мөрдөн шалгах ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай гэж үзвэл прокуророос мөрдөгчид даалгавар өгч мөрдүүлэх бөгөөд мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг баримтлан мөрдөн шалгах ажиллагааг явуулж, холбогдох нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлнэ.

 

Прокуророос шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг мөрдөгчид даалгасны дагуу хэрэгт цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтуудыг судлахад Ж.А-д холбогдох 2002 00535 0194 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт үзлэг хийх замаар хуулбарлан авсан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай болон түүнд өөрчлөлт оруулсан прокурорын тогтоолууд, яллагдагчийн мэдүүлэг, хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд,  шүүгдэгч Ж.А-гийн 2016-2021 онд тайлагнаж байсан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, “И” газрын даргын тушаалууд, түүний хавсралтууд зэрэг баримтууд нь шүүхийн шийдвэр гарах үед мэдэгдээгүй, мэдэх боломжгүй байсан баримтууд биш байна.

 

Өөрөөр хэлбэл, дээрх баримтууд нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө, мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд авагдсан, талуудын шинжлэн судлуулж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдэж байсан баримтууд байх тул шинээр илэрсэн нөхцөл байдалд хамаарахааргүй байхад дээрх баримтуудад тулгуурлан дүгнэлт бичсэн нь үндэслэлгүй болжээ.

 

5.Мөн хуулийг илт буруу хэрэглэсэн гэдэгт хуулийн зохицуулалт ямар нэг салаа утгагүй, нэмэлт тайлбар хийх шаардлагагүй ойлгомжтой байхад шүүх уг хуулийн илэрхий, тодорхой зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, эсхүл хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тохиолдлыг ойлгодог.

 

Харин хууль хэрэглээний маргаантай асуудлаар шүүхүүд зөрүүтэй шийдвэр гаргасныг хуулийг илт буруу хэрэглэсэн гэж үзэх боломжгүй юм.

 

6.Нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон Ж.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 39.11 дүгээр зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр болжээ.

 

Хяналтын шатны шүүх Ж.А-д холбогдох хэргийг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэлэлцэж, дөрөв, түүнээс дээш шүүгч шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх санал гаргаагүй тул татгалзсанд тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт заасан дагуу 255 дугаартай тогтоол гаргасан нь тухайн хэргийн хувьд эцсийн шийдвэр болно.

 

Урьд прокуророос энэхүү хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулахаар дүгнэлт бичсэнийг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцээд дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан 106 дугаар тогтоол гаргаж байжээ.

 

Хяналтын шатны шүүхийн тус тогтоолд “... дүгнэлтэд дурдсан үндэслэл, нотолгоо заагаагүй, хийгдвэл зохих хуулиар тогтоосон ажиллагааг хийгээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүх хуулийг илт буруу хэрэглэсний улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдоогүй,  цагаатгагдсан хүн, хуулийн этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй хүн, хуулийн этгээдэд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрснийг нотолсон баримтыг ирүүлээгүй ...” үндэслэлээр дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан байхад прокуророос урьд бичиж байсан дүгнэлттэй яг ижил үндэслэл, шаардлага бүхий дүгнэлтийг дахин үйлдэж ирүүлсэн байх тул дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд хяналтын шатны шүүхээс Ж.А-д холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар гаргасан прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1 дугаартай дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 778 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 214 дүгээр магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулах тухай прокурор А.Энхжаргалын бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1 дугаартай дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                            Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                                      С.БАТДЭЛГЭР

 

                                                                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                      Ч.ХОСБАЯР