Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2020/0423

 

2020 оны 07 сарын 07 өдөр           Дугаар 221/МА2020/0423                          Улаанбаатар хот

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүгч Г.Билгүүн, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, гуравдагч этгээдийн төлөөлөгч Н.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 348 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, тус яамны 201903455 дугаартай тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 348 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 46 дугаар зүйлийн 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “П” ХХК-ийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, 20193455 дугаартай Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас зарласан “Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд цахилгаан хөгжим, хөгжмийн кабинетад тоног төхөөрөмж худалдан авах” БСШУСЯ/201903455 дугаартай тендер шалгаруулалтыг үнэлсэн үнэлгээний хорооны шийдвэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2/8646 тоот шийдвэрүүдийг тус тус хууль бус байсныг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байх тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: Үндэслэл, хариуцлагагүй хийсэн мэргэжлийн бус комисс бүхий “хууль зөрчсөн шинжээчийн дүгнэлт”-ийг үндэслэл болгон шинжээчийн дүгнэлтэд “гомдол гаргах эрх”-ийг эдлүүлэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

2. Нотлох баримт дутуу үнэлсэн, хүсэлт хүлээн аваагүй тухайд:

Тендерт шалгарсан “П-А” ХХК-ийн нийлүүлэхээр санал болгосон барааны техникийн үзүүлэлт нь нэгдүгээрт “техникийн шаардлага хангаагүй”-г, хоёрдугаарт хуурамчаар тендерийн үзүүлэлтийг бөглөн хууль зөрчсөн байгааг шүүхэд ирүүлсэн нийлүүлэгчийн материалаас олж нотолж хүргүүлсэн, шинжээч томилон тендерт санал болгосон барааны үзүүлэлт буруу байгааг нотлуулах хүсэлт өгснийг хүлээн аваагүй, шүүхэд ирүүлсэн материалд хуурамчаар үзүүлэлтийг хүргүүлснийг нотолсон тайлбар өгсөн атал шүүх дутуу үнэлсэн, харгалзан үзээгүй.

3. Сангийн яамнаас ирүүлсэн “дахин үнэлэх”, хуулийн дагуу үнэлгээг хийх тухай албан бичгээр хүргүүлсэн шийдвэрийг үл тоон хууль зөрчсөн шийдвэр гаргасныг нотлох баримттай байгааг үл харгалзсан зэрэг болно.

Хойшид иймэрхүү хууль бус ажиллагаа нь хуульд заасан шударгаар тендерт ялах иргэд, аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлыг ноцтой зөрчих байдал улам даамжрахаас урьдчилан сэргийлж шүүхээс шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөх буюу хариуцагчийн шийдвэр хууль бус болохыг тогтоон өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Үйл баримтын тухайд: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр “Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд цахилгаан хөгжим, хөгжмийн кабинетэд тоног төхөөрөмж худалдан авах” БСШУСЯ/201903455 дугаар тендерийг зарлаж, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гуравдагч этгээд “П-А” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэрт нэхэмжлэгч “П” ХХК-аас гомдол гаргасны дагуу Сангийн яамны 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/4768 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгэхээр шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийн дагуу тендерийн нийлүүлэгчийг дахин сонгон шалгаруулж нэхэмжлэгч “П” ХХК-д Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2/6641 дүгээр албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосныг мэдэгдсэн байна. Тус шийдвэрт “П-А” ХХК-аас гомдол гаргасны дагуу Сангийн яамны 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 6-1/5553 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин зохион байгуулахыг мэдэгджээ.

Улмаар 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр “Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд цахилгаан хөгжим, хөгжмийн кабинетэд тоног төхөөрөмж худалдан авах” БСШУСЯ/201903455 дугаар тендерийг дахин зарлаж, уг тендерийн үнэлгээг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хийж, гуравдагч этгээд “П-А” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгон, нэхэмжлэгч “П” ХХК-ийн тендерээс татгалзсан байна.  

Нэхэмжлэгч “П” ХХК-аас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “... самбарыг үнэлгээний хороо үнэлэхдээ хэт хувийн сонирхолтой хандаж үнэлсэн, ... “П-А” ХХК-ийг үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг хуурамчаар бүрдүүлсэн ... гомдлыг ... шалгаж тогтоолгүйгээр уг компанийг шалгаруулсан, ... хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн “П-А” ХХК-ийг шалгаруулсан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “... 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас зарласан Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд цахилгаан хөгжим, хөгжмийн кабинетад тоног төхөөрөмж худалдан авах БСШУСЯ/201903455 дугаартай тендер шалгаруулалтыг үнэлсэн үнэлгээний Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2/8646 тоот шийдвэрүүдийг тус тус хууль бус байсныг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлд тендер нээх тухай зохицуулж, 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасан байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2/8646 дугаар албан бичгээр “П” ХХК-д “танай компани ирүүлсэн саналын зарим хөгжмийн зэмсэг тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаагүй учир Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасны дагуу танай компанийн тендерээс татгалзах тухай Үнэлгээний хорооны дүгнэлт гарсан” гэж мэдэгджээ.

Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл, уг хурлын үеэр нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хөгжмийн самбартай биечлэн танилцаж үнэлсэн бичлэгээс[1] үзвэл нэхэмжлэгч “П” ХХК-ийн ирүүлсэн хөгжим сургалтын ухаалаг самбар /88 даралттай/ нь дуугаралт стандарт бус, зарим товчлуур нь ажиллахгүй /гацаатай/, нотны уламжлалт бичвэрээс өөр тоон бичвэртэй, самбарт байрлах шугам нь зориулалтын биш, механик аргаар татсан, хөгжмийн асдаг гэрэл доголдолтой, хөгжмийн самбар дээрх бичээсүүд хятад хэл дээр зэрэг тус компанийн тендерээс татгалзах болсон үндэслэлүүд тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “П” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д заасан техникийн тодорхойлолтод нийцсэн байх шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдсон байх тул мөн хуулийн 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасны дагуу шаардлагад нийцсэн тендер гэж үзэх боломжгүй болох нь тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерээс татгалзсан нь үндэслэлтэй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “П” ХХК нь гуравдагч этгээд “П-А” ХХК-аас бага үнийн санал ирүүлсэн нь энэ тохиолдолд ач холбогдолгүй, уг шатнаас өмнө нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерээс шаардлагад нийцээгүй гэсэн үндэслэлээр татгалзжээ.

Тендерийн үнэлгээний хорооноос Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Саундкинг электроникс энд саунд” компаниас нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд олгосон гэрчилгээний талаар тодруулга авсан байх бөгөөд уг тодруулгад ирүүлсэн хариуд “... дээрх дистрибьюторуудын мэдүүлсэн “Саундкинг электроникс” болон “Саунд” ХХК үйлдвэрлэгч толгой компанийн материалууд нь үнэн зөв болохыг мэдэгдэж байна” гэжээ. Үүнээс үзвэл нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд тус компаниудаас олгосон үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг хуурамч гэж үзэх үндэслэлгүй байна.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112.4.2-д зааснаар анхан шатны шүүх төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой маргааныг тусгай журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан бөгөөд мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.4-д “Энэ хуулийн 112.1.3, 112.4-т заасан маргааны хувьд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргах шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргахгүй” гэж заажээ.

Үүнээс үзвэл, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой энэхүү маргааны хувьд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн шинжээч томилсон захирамжид (шинжээчийн дүгнэлтэд) гомдол гаргахгүй байхаар хуулиар зохицуулсан байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 348 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

 


[1] Хэргийн 1 дүгээр хавтсанд хавсаргасан.