Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 1440

 

 

 

 

 

 

 

У.Баярсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

          Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/03403 дугаар шийдвэртэй,

 

          Нэхэмжлэгч: У.Баярсайханы нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Д.Цогтсайхан, Д.Аюуш нарт холбогдох

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 11 400 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

         Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.        

 

         Шүүх хуралдаанд:

         Нэхэмжлэгч: У.Баярсайхан,

         Хариуцагч: Д.Аюуш,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр манай эмээгийн танил Д.Аюуш манайх тал газраа 5 000 000 төгрөгөөр зарна гэхээр нь очиж үзээд газрын гэрчилгээг асуухад гэрчилгээ асуудалгүй, мөнгөний хэрэг гараад түр хугацаанд банкинд тавьчихсан газрыг авна гэвэл банкнаас суллаад өгнө гэсэн. Д.Аюуш, Д.Цогтсайхан өөр хүн бас авах гээд байгаа юм гэж сандаргаад байхаар нь 2015 оны 6 дугаар сарын 25-нд өөрийн Хаан банкны хадгаламжид байсан 16 060 000 төгрөгийн хүүг цуцалж мөнгө авсан. Хэрэв банкны хүү цуцлагдаагүй бол 2015 оны 10 дугаар сард сард 18 500 000 төгрөг болох байсан. Газрын үнэд 3 300 000 төгрөгийг Д.Цогтсайхан, Д.Аюуш нарт өгсөн. Газартаа хашаа барих гэтэл газар нь хазгай, эргэн тойрон барилгын хог хаягдал их байсан тул 40 хово шороог 800 000 төгрөгөөр худалдаж авсан. Ковшийг цагийн 100 000 төгрөгөөр хөлсөлж уг газраа тэгшилж 800 000 төгрөг төлсөн. Энэ бүгдийг хийхийн тулд хүмүүс ажиллуулсан зардал 3 000 000 төгрөг болсон. Газраа тэгшилж янзлаад хашаа бариад зөвшөөрлөө авъя гэхэд Д.Цогтсайхан, Д.Аюуш хоёр хөөцөлдөөд аваад өгнө гэсэн боловч авч өгөлгүй өдий хүрсэн. Гэтэл хэсэг хугацааны дараа газар үерийн аман дээр байрласан зөвшөөрөл өгөх боломжгүй газар болсон. Иймд хариуцагч Д.Цогтсайхан, Д.Аюуш нараас бэлнээр өгсөн 3 300 000 төгрөг, газар тэгшилсэн, техник хөлсөлсөн, хүмүүс ажиллуулсан зардал 4 600 000 төгрөг, хашаа барьсан зардал 1 500 000 төгрөг, банкны хадгаламж цуцлахад алдсан хүүний 2 000 000 төгрөг нийт 11 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид Хан-Уул дүүрэг, Яармаг 9 дүгээр гудамж, 238 тоотод оршин суудаг ба 2010 онд Засаг дарга танай хашааны хойд талд хогийн цэг үүсэх гээд байгаа тул та нар хашааныхаа ар талын хогийг цэвэрлээд хашаагаа сунгаад ав. Тэгээд зөвшөөрлөө аваарай гэж хэлсэн. Ингээд бид хашааны ар талын хогоо цэвэрлэж шороо асгаж газрыг тэгшлээд өвөлжөө бариад тэр газраа өвөлждөг байсан. Ингээд У.Баярсайханд 5 000 000 төгрөгөөр зарахаар тохиролцож 3 300 000 төгрөгийг бэлнээр авсан. У.Баярсайханд газрын гэрчилгээ гараагүй байгаа, та нар хашаа барьчихвал газрын гэрчилгээ хурдан гарах байх би хөөцөлдөөд аваад өгье гэж хэлээд газрын үнээс 3 300 000 төгрөг өгч авалцсан. Үлдэгдэл 1 700 000 төгрөгийг газрын гэрчилгээ гарсны дараа өгөхөөр тохирсон.Тухайн үедээ газрыг кадастрын зураглалд оруулж газрын гэрчилгээг авч өгөхөөр тохиролцсон. Газар дээр нь малын саравч байсан тул малын өтөг бууц байсан нь үнэн. Гэхдээ газар нь тэгшхэн байсан. Хороон даргатай уулзахад сонгуулийн үеэр газрын гэрчилгээ гаргаж өгнө гэсэн. Анх худалдаж авахдаа газрын гэрчилгээ байхгүй гэдгийг хэлсэн, мэдэж худалдаж авсан. У.Баярсайхан мөнгөө буцааж авна гэж байгаа тул анх өгсөн 3 300 000 төгрөгийг нь буцаан өгч газраа буцаан авахыг зөвшөөрнө. Харин газар дээр гарсан зардал гэх 8 100 000 төгрөгийг төлөхгүй гэжээ.

           

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар хариуцагч Д.Цогтсайхан, Д.Аюуш нараас 3 300 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.Баярсайханд олгож, үлдэх 8 100 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 197 350 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Цогтсайхан, Д.Аюуш нараас 67 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.Баярсайханд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Үлэмж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үйлчлүүлэгч У.Баярсайхан нь иргэн Д.Цогтсайхан болон Д.Аюуш нараас тэдгээрийн өмчлөлийн газрыг худалдан авахаар тохиролцож урьдчилгаа 3 300 000 төгрөг төлсөн бөгөөд газрын өмчлөх эрх шилжсэний дараа үлдэгдэл төлбөр болох 1 700 000 төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцсон байдаг. Гэвч хариуцагч нарын нэхэмжлэгчид худалдсан газар нь Монгол Улсын Газрын тухай хууль тогтоомжийн дагуу өмчлөгдөөгүй газар байсан бөгөөд тухайн газарт газар олгох боломжгүй тухай Хан-Уул дүүргийн газрын албанаас миний үйлчлүүлэгчид мэдэгдсэн байдаг. Хариуцагч нарын дээрх үйлдэл нь миний үйлчлүүлэгчийг хууран мэхэлж хийсэн хэлцэл тул Иргэний хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулж гэм хор арилгуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх талуудыг гэрээнээс татгалзсан байх тул гэж хэргийн нөхцөл байдлыг буруу ойлгож тайлбарлаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийг буруу ойлгож хэрэглэсэн ноцтой алдаа гэж үзэж байна. Шүүх зохигч талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйл болон 57 дугаар зүйлд заасан үндэслэл журмыг зөрчөөгүй гэж дүгнэлт гаргасан байх ба шүүх хуралдааны мэтгэлцээний явцад тухайн газар нь иргэнд өмчлөгдөөгүй буюу иргэний эрх зүйн харилцааны обьект болох боломжгүй нь хариуцагч талын тайлбараар тогтоогдсоор байтал талуудын хооронд байгуулсан гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр буюу Иргэний хуульд заасан гэрээнд тавигдах хууль зүйн шаардлагыг зөрчөөгүй, гэрээг хуулийн хувьд хүчин төгөлдөр байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь хариуцагч нар нь өөрийн өмчлөлийн бус зүйл буюу Иргэний эрх зүйн харилцааны обьект болох боломжгүй зүйлийг худалдан борлуулсан бөгөөд энэ нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасан гэм буруутай этгээд нь бусдад учруулсан хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүргийг хүлээдэг тул тус гэрээг байгуулсан цагаас эхлэн миний үйлчлүүлэгчийн гаргасан зардал болон олох ёстой байсан орлого зэргийг шүүхээс хангаж шийдвэрлэх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Иймд шүүхийн  шийдвэрт засвар оруулж баримтаар нотлогдож буй /ажил хийсэн иргэдийн тодорхойлолт, хашааны мод худалдан авсан баримт, банкны хүү тооцсон баримт/ гэм хорыг олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч У.Баярсайхан нь хариуцагч Д.Цогтсайхан, Д.Аюуш нарт холбогдуулж газрын үнэд төлсөн 3 300 000 төгрөг, хохирол 8 100 000 төгрөг нийт 11 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч нар 3 300 000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан байна.

 

            Нэхэмжлэгч У.Баярсайхан нь 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Д.Цогтсайхан, Д.Аюуш нараас Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, 9 дүгээр гудамжны 238 тоотод байрлах хашааны ар талын газар эзэмших эрхийг 5 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд газрын 3 300 000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогджээ.

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээнээс нэхэмжлэгч татгалзсан гэж дүгнэсэн нь буруу болжээ.

 

            Тодруулбал, талууд Иргэний хуулийн 260 дугаар зүйлд зааснаар газар эзэмших эрх худалдах, худалдан авах хэлцэл хийсэн байх боловч хариуцагч Д.Цогтсайхан, Д.Аюуш нар нь гэрээний зүйл болох тухайн газрыг эзэмших, өмчлөх эрхгүй буюу Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар гаргасан эрх бүхий этгээдийн шийдвэргүй, Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д заасан шаардлагыг хангаагүй үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн байна.

 

            Өөрөөр хэлбэл хариуцагч Д.Цогтсайхан, Д.Аюуш нар нь газар эзэмших, өмчлөх эрхгүй атлаа худалдах, худалдан авах хэлцэл байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн хэлцэл тул нэхэмжлэгч У.Баярсайхан, хариуцагч Д.Цогтсайхан, Д.Аюуш нарын байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзлээ.

 

            Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч У.Баярсайханаас төлсөн 3 300 000 төгрөгийг хариуцагч нараас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

            Харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй боловч өөрт учирсан хохирол гэх 8 100 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

            Учир нь нэхэмжлэгч У.Баярсайхан нь маргааны зүйл болох газрыг эрхийн доголдолтой буюу хариуцагч нарт газар эзэмших эрх олгогдоогүй байсныг мэдэж байсан атлаа хашаа барьсан, тухайн газарт зайлшгүй хөрөнгө оруулах, газрыг тэгшлэх шаардлагатай байсан нь тогтоогдоогүй, банкны хадгаламж эзэмшигч нь нэхэмжлэгч бус Ц.Урантуяа гэх өөр хүний хадгаламж байжээ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/03403 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

           1 дэх заалтын “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1 …” гэснийг,

          “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1” гэж,

          “… 8.100.000 төгрөгийг …” гэснийг,

          “8 100 000 төгрөгт холбогдох хэсгийг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БАТЗОРИГ        

                                   

                                            ШҮҮГЧИД                                       Э.ЗОЛЗАЯА                                                                                    

                                                                                                  Г.ДАВААДОРЖ