| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0116/Э |
| Дугаар | 340 |
| Огноо | 2019-09-19 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 340
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч З.Төмөрхүү, Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Б.Насантогтох,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын ахлах прокурор Б.Сүрмандах,
Хохирогч Ш.Ш.Б-э,
Хохирогчийн өмгөөлөгч Ч.Булган,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч Д.Д.Л- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Л-ид холбогдох эрүүгийн 1918000240008 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс ирүүлснийг 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.Л- 1972 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин суух хаяггүй, хэрэг хариуцах чадвартай, урьд:
-2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1231-1-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял,
-2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар 1 жил 5 сар 23 хоногийн хорих ял,
-2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн.
-2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Д.Д.Л- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Ханжаргалангийн 7 дугаар гудамжны 12 тоотод Ш.Ш.Б-ын цээжний ар, дээд хэсэгт хутгалж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч Д.Д.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ш.Б- “Түмний хишиг” нэртэй 0.5 литрийн архийг ахын гэрт авч орж ирснийг би талийгаач Ш.Б-тай хувааж уусан. Б- эгч зуухан дээр гамбир хайрч байсан чинь талийгаач Ш.Б- согтоод байгаа юм уу яасан юм аниатай хамт гамбир хайрах гэж байна гээд эгчийн өвөр дээр очиж суугаад байхаар нь би уурлаад “хүүхдүүд харж байхад яах гээд хүн доромжлоод байгаа юм бэ?” гээд татаж аваад ширээн дээр байсан хутга аваад нуруу хэсэгт нь нэг удаа хутгалаад хутгаа сугалаад авсан. Тэр гэрт манай ахын хөгжлийн бэрхшээлтэй нэг охин, бас нэг охиных нь 2 жаахан хүүхэд байсан юм. Эгч Б-ийг оролдоод, хүүхдүүд орилоод байхаар нь би татаж авч ирээд ар нуруу хэсэгт нь хутгалсан. Намайг хутгалаад хутга сугалаад авах үед талийгаач шууд доошоо хараад газар унасан. Тэгтэл хүүхдүүд орилоод байхаар нь би талийгаачийг чирч үүдний таамбар хэсэгт гаргаж орхисон.
...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Надад өөрийн гэсэн орон гэр, өмч хөрөнгө байхгүй учир хохирол төлбөрийг төлж чадаагүй, хорих ангид ажил хийж төлбөрийг төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Ш.Ш.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шүүгдэгч нь Төв аймгийн Угтаал гэдэг газраас ирж, манай дүүг утсаар дуудсан. Манай дүү манай гэрт хоолны юм авч өгөөд, энэ хүнтэй уулзахаар яваад 2-3 цагийн дотор ийм хэрэг болсон гэж мэдсэн. Шүүгдэгч нь манай дүүг гэртээ алаад гэрийнхээ хүмүүсийг эмнэлэг дуудах юм бол та нарыг бас ална шүү гэж байсан гэж гэрч н.Т-хэлсэн байдаг. Шүүгдэгч нь Э- гэдэг хүнийг зүгээр байлгадаггүй, оролддог гэсэн. Би сэтгэл санааны хувьд хэцүү байна, энэ алуурчинг дахин харах хүсэл алга, ялын дээд хэмжээ өгч, хохирол гаргуулж өгнө үү. Оршуулгын зардал 3700000 төгрөг нэхэмжилж байгаа.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 2/,
-Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Ханжаргалангийн 7 дугаар гудамжны 12 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 3-14/,
Д.Д.Л-ийн согтуурлыг шалгахад 0.57% гарсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн15/,
Д.Д.Л-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 16-19/,
-Амь хохирогч Ш.Ш.Б-ын өмсөж байсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 20-24/,
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 25/,
-Эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 29/,
-Гэрч Т.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Э- дахиад О- утас руу залгаад “хурдан ир ээ, Д- ах хүн алчихлаа” гэж хэлсэн. Тэгээд бид нар сандраад гүйгээд аавын араас гүйцэж очоод аавтай хамт бид нар гэр лүүгээ орсон. Тэгээд гэрт ороод “хаана байгаа юм бэ?” гэж асуухад “Д.Л- ах үүдний амбаарт юм түшүүлээд суулгачихсан байгаа” гэж хэлсэн.
...аав “цагдаа дуудъя” гэсэн чинь Д.Л- ах “цагдаа дуудаж яах гээд байгаа юм, дүүгээ барьж өгч шоронд оруулах гээд байгаа юм уу?” гэж хэлсэн. Тэгсэн аав “энэ хүнийг чинь яах юм бэ?” гэсэн чинь Д.Л- ах “би өөрөө аргалчихна” гэж хэлсэн. Тэгж байх хооронд нь би сандраад аавын гар утсыг аваад цагдаа руу дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 33-34/,
-Гэрч Д.Т-мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 1 сарын 3-наас 4-нд шилжих шөнө миний төрсөн дүү Д.Л- 5-6 цагийн орчим манай гэрт ирсэн. Өглөө босоод Д.Л- нэг шил архи авч ирээд тэр архинаасаа өгөхөөр нь ганц нэг уусан их уугаагүй. Тэгж байтал нэг танихгүй хүн Д.Л-той уулзах гэж манайд ирсэн. Тэр хоёр архи уусан. Манай охин О-ийн хүүхэд нь ханиад хүрсэн болохоор нь Гандан орж ном уншуулах гээд би хүүхдийг нь тэврээд явсан байсан юм. Тэгтэл араас манай охин Э- утсаар яриад “яаралтай хүрээд ирээч” гэхээр нь би гэртээ очтол Д.Л- “хүн хутгалчихлаа” гэхээр нь “юу яриад байгаа юм, яаралтай цагдаа дууд” гээд тэгээд удалгүй цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 35/,
-Гэрч Т.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай аав Т-төрсөн дүү Д.Л- 2019 оны 1 сарын 4-ний өглөө манайд ирсэн байсан. Яг хэзээ манайд ирснийг нь мэдээгүй. Би унтаж байгаад 12 өнгөрч байхад сэрсэн чинь манай гэрт Д.Л- ах нэг танихгүй хүнтэй хамт 1 шил архи уугаад бараг дуусч байгаа бололтой сууж байсан. Тэгээд намайг сэрсний дараа манай аав Т-, эгч О- 2 хүүхдийн хамт Гандан орно гээд гараад явсан. Гарч явсныхаа дараа удалгүй О- эгч над руу залгаад “гараад ирээ, аав өөр тийшээ явна” гээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээс гараад О-эгчтэй зам дээр уулзаад байж байтал миний утас руу манай эгч Э- залгаад “ Д- ах ухаан алдчихлаа" гэж хэлэх шиг болоод утас тасарсан.
...дахиад миний утас дуугараад эгч Э- залгаад “ Д- ах хүн алчихлаа” гэж хэлсэн. Тэгээд О- эгч бид 4 яараад гэр лүүгээ гүйсэн. Замд алхаж яваа аавтай тааралдаад Э- утсаар хэлснийг нь хэлээд О- эгч, аав Т-2 түрүүлээд гэр лүү гүйгээд явсан. Би араас нь О- эгчийн 2 хүүхдийг нь дагуулаад гэрт очиход Д.Л- ах манай гэр дотор үүдэнд сандал дээр сууж байсан. Би “яасан, юу болсон” гэж асуухад ээж эгч дүү нар уйлчихсан хүн хутгалчихсан гэж хэлсэн. Тэгээд О- эгч цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирээд гэрийн эд зүйлд гар хүрч болохгүй шүү гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36-37/,
-Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг Ханжаргалан 7-12 тоот хашаа байшинг 2018 оны 11 сард худалдаж аваад удаагүй байгаа юм. Би гэртээ нөхөр Т-Ө- болон Т.Э-, Т.О-, О- болон түүний 4 хүүхдийн хамт амьдардаг юм. Бид нар 2019 оны 1 сарын 4-ний өглөө гэртээ унтаж байхад нөхрийн дүү Д.Л- үүрээр 05 цагийн орчим ганцаараа Төв аймагт айлын мал маллаж байгаад ирлээ гээд эрүүл орж ирсэн. Манай нөхрийн дүү Д.Л- өглөө 08 цаг болж байхад гэрээс гараад ах Т-Ө-д нэг шил архи авчирч өгнө гэж хэлээд гэрээс гараад явсан. Удаагүй гаднаас нэг шил 0.5 литрийн “Хараа” архи авч орж ирсэн. Тэр архиа нөхрийн хамт хуваагаад уусан. Би ханиад хүрсэн гэхэд нөхрийн дүү Д.Л- “архи ханиад хүрэхэд сайн” гэж хэлээд 100 гр архи, хар перцтэй хольж уусан. Манай нөхөр бага охин Т.О-, О- нар болон хоёр зээгийн хамт лам дээр очиж ном уншуулна гэж хэлээд гэрээсээ гараад явсан юм. Би гэртээ хөгжлийн бэрхшээлтэй охин Т.Э-, зээ хүү А-, зээ охин Н-, нөхрийн дүү Д.Л- нарын хамт үлдсэн. Удаагүй нөхрийн дүү Д.Л- гэрээс ганцаараа гараад явсан. Би гэртээ гал тогооны өрөөнд гамбир хайраад сууж байхад гаднаас Д.Л- танихгүй залуугийн хамт хоёулаа согтуу орж ирсэн. Д.Л-той хамт явсан залуу гартаа 0.75 литр шилтэй архи барьсан байсан. Тэр хоёр үүдний өрөөний сандал, ширээн дээр суугаад гаднаас авч ирсэн архиа уугаад чанга чанга яриад суусан. Харин том өрөөнд хөгжлийн бэрхшээлтэй охин Т.Э- хоёр зээгийн хамт байсан. Намайг гамбир хайраад сууж байхад тэр хоёр чанга чанга ярьж байснаа хоорондоо барьцалдаад авсан. Би гал тогооны өрөөнөөс “боль” гээд гараад ирэхэд намайг Л- “холд” гээд түлхсэн. Би гаднаас орж ирсэн залууг харахад толгойн орчмоос нь цус гарч байсан. Нөхрийн дүүтэй маргалдсан залуу саарал өнгийн ноосон цамцтай байсан тул толгой орчмоос нь цус гараад цээж болон ар нуруугаар нь урссан цус нүдэн дээр тод харагдаж байсан. Харин Д.Л-ид би “чи хүн алчихлаа, миний дүү хурдан эмнэлэг дууд” гэсэн. Тэгэхэд Д.Л- намайг “та дуугүй бай, өрөөндөө ор” гэж хэлсэн. Тэгэхэд нөгөө залуу нь газарт цус алдаад унасан. Би Д.Л-ид “наад хүн чинь цус алдаад байна, хурдан эмнэлэг дууд” гэж хэлсэн. Тэгэхэд Д.Л- “би өөрөө мэдэж байна” гэж хэлээд нөгөө залууг газраар чирээд үүдний амбаар руу гаргасан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38-39/,
-“Талийгаачийн биед цээжний ар дээд хэсгийн зөөлөн эдийн цээжний хөндийд нэвтэрч баруун, зүүн уушиг гэмтээсэн шарх, цээжний хөндийн цусан хураа /940мл/, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь цөм амьд ахуй үед үүссэн гэмтэл болно. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багаж зэвсгийн хүчин үйлчлэлээр болон мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой. Ш.Ш.Б-ын цогцост цээжний ар дээд хэсгийн зөөлөн эдийн цээжний хөндийд нэвтэрч баруун, зүүн уушиг гэмтээсэн шарх, цээжний хөндийн цусан хураа /940мл/ гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11, 3.3.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дух хэсгийн зулгаралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачийн биед үүссэн цээжний ар дээд хэсгийн зөөлөн эдийн цээжний хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл нь үхэлд нөлөөлсөн байна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь хурц цус алдалтын улмаас цусны эргэлтийн хурц дутагдлаар нас баржээ.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 53-55/,
“...Шинжилгээнд авсан Ш.Ш.Б-ын цусанд 0.5 промилли этилийн спирт илэрсэн болно. Ш.Ш.Б- нь хөнгөн зэргийн согтолттой байна.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 36 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 56/,
“...Шинжилгээнд авсан Ш.Ш.Б-ын ходоодны агууламжид 5.5 промилли этилийн спирт илэрсэн болно.” гэх Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 37 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 58/,
-Ш.Ш.Б-ын цогцосны гадна талд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 59-69/,
“Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс, хувцас дээр үрийн шингэний толбо, шүлсний толбо, үс илрээгүй. Шээс илрүүлэх техникийн боломжгүй. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хөх өнгийн алчуур, төмөр бариултай хутга, талийгаач Ш.Ш.Б-ын гэх хөх саарал өнгийн ноосон цамц, цайвар саарал өнгийн цамц, хар болон цагаан өнгийн хөндлөн судалтай футболк, хар өнгийн өмд, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн тэлээ, хар өнгийн нэг хос үдээстэй гутал, өмдний халааснаас гарсан гэх “00”-ийн цаас, Д.Д.Л-ийн гэх хөх өнгийн цамц, хөх өнгийн жинсэн өмд, хар өнгийн нэг хос үдээстэй гутал дээрх улаан хүрэн өнгийн толбонд цус илэрсэн. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хөх өнгийн алчуур, төмөр бариултай хутга, талийгаач Ш.Ш.Б-ын гэх хөх саарал өнгийн ноосон цамц, хар өнгийн өмд, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн тэлээ, өмдний халааснаас гарсан гэх “00”-ийн цаас, Д.Д.Л-ын гэх хөх өнгийн жинсэн өмд дээрх толбонд илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна. Дээрх илэрсэн Ш.Ш.Б- гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Д.Д.Л-ийн гэх хөх өнгийн цамцны толбонд илэрсэн цусанд холимог ДНХ-ийн тогтоц илэрсэн ба Ш.Ш.Б-, Д.Д.Л- гэж хаягласан цустай тохирч байна. Талийгаач Ш.Ш.Б-ын гэх цайвар саарал өнгийн цамц, хар болон цагаан өнгийн хөндлөн судалтай футболк, хар өнгийн нэг хос үдээстэй гутал, Д.Д.Л-ийн хар өнгийн нэг хос үдээстэй гутал дээр илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна.” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 544 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 75-78/,
-Шинжилгээнд ирүүлсэн Д.Л- АР72020231” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй. “Шаравын Ш.Б- 48 настай, эр 2019.01.04” гэж хаягласан цусанд 2.6 промилли спирт илэрсэн. Цусан дахь 2.6 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 543 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 79-80/,
“Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд гэмтэл гарсан байна.
-Ш.Ш.Б-ын гэх хар өмдөнд гарсан 19мм, 15x14мм, Д.Д.Л-ийн гэх хөх жинсэн өмдөнд гарсан 14х12мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн гогдох татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан гогдолтууд байна. Дээрх 19мм хэмжээтэй гогдолт нь шинэ, бусад гогдолтууд хуучин байна.
-Ш.Ш.Б-ын гэх саарал дотуур өмдөнд гарсан 15мм, хар дотоожинд гарсан 20мм, Д.Д.Л-ийн гэх хар хөх хүрмэнд гарсан 50мм, хоёр гуяыг тайрсан саарал дотуур өмдөнд гарсан 35мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан ханзралтууд байна. Дээрх 35мм хэмжээтэй ханзралт хуучин бусад ханзралтууд шинэ байна. Дээрх гэмтлүүдийг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй.
-Ш.Ш.Б-ын гэх хөх саарал цамцанд гарсан 710мм, ЗОмм, цайвар саарал цамцанд гарсан 605мм, 603мм, 20мм, хөндлөн хар болон цагаан судалтай хагас ханцуйтай цамцанд гарсан 200мм, 409мм, 23мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр тус тус гарсан шинэ зүсэгдэлтүүд байна. Дээрх ЗОмм, 20мм, 23мм хэмжээтэй зүсэгдэлтүүд нэг удаагийн үйлчлэлээр гарсан байж болно. Харин бусад зүсэгдэлтүүд олон удаагийн үйлчлэлээр гарсан байна.
-Д.Д.Л-ийн гэх саарал дотуур өмдөнд гарсан 25мм хэмжээтэй гэмтэл нь эдэлгээний явцад татаж чангаах хүчний олон удаагийн үйлчлэлээр гарсан хуучин урагдалт байна. Бусад хувцас гэмтэлгүй.” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 416 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 85-94/,
“...Шинжилгээнд ирүүлсэн Ш.Ш.Б-ын гэх гарын хурууны хумснууд дээр цус илрээгүй.” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 580 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 98-99/,
“…Магадлуулагч Д.Д.Л- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл болно. Үйлдсэн хэргийнхээ үйлдлийг зөв тайлбарлах, мэдүүлэх чадвартай болно. Магадлуулагч Д.Д.Л- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл учир түүнд эмнэлгийн чанартай албадан эмчилгээ шаардлагагүй болно. Магадлуулагч Д.Д.Л- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл учир хэрэг хариуцах чадвартай болно.” гэх Шүүх сэтгэц, эмгэг судлалын эмнэлэгийн №24/19 дугаартай магадлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 103/,
“Шинжилгээнд ирүүлсэн 9 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн Д.Д.Л-, Ш.Ш.Б- нарын гарын хээний дардас нь санд байх эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн гарын мөр болон санд байх гарын дардаснуудтай тохирохгүй байна.” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 107-112/,
-Хохирол төлбөртэй холбоотой баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 167-194/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...хохирогч нь шүүгдэгчийг төрсөн ах Д.Т-Ө-тэй бүлэглэж миний дүүг алсан байж болзошгүй гэдэг, иймд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай.” гэж мэтгэлцэж байна.
Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч Т.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т.Э- дахиад Т.О-ын утас руу залгаад “хурдан ир ээ, Д.Л- ах хүн алчихлаа” гэж хэлсэн. Тэгээд бид нар сандраад гүйгээд аавын араас гүйцэж очоод аавтай хамт бид нар гэр лүүгээ орсон.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 33-34/, гэрч Д.Т-Ө-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гандан орж ном уншуулах гээд би хүүхдийг нь тэврээд явсан байсан юм. Тэгтэл араас манай охин Т.Э- утсаар яриад “яаралтай хүрээд ирээч” гэхээр нь би гэртээ очтол Д.Л- “хүн хутгалчихлаа” гэхээр нь “юу яриад байгаа юм, яаралтай цагдаа дууд” гээд тэгээд удалгүй цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 35/, гэрч Т.Т.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний утас дуугараад эгч Т.Э- залгаад “ Д.Л- ах хүн алчихлаа” гэж хэлсэн. Тэгээд О- эгч бид 4 яараад гэр лүүгээ гүйсэн. Замд алхаж яваа аавтай тааралдаад Т.Э-гийн утсаар хэлснийг нь хэлээд О- эгч, аав Т-Ө- 2 түрүүлээд гэр лүү гүйгээд явсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36-37/, гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай гэрт хэрэг болох үед нөхөр маань байгаагүй. Би охин Т.Э- болон хоёр зээгийн хамт байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38-39/ зэргээс дүгнэлт хийж үзэхэд хэрэг учрал болох үед гэрч Д.Т-Ө- гэртээ байгаагүй болох нь нотлогдож байх тул шүүгдэгч нь хохирогчийг бүлэглэн алсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.Д.Л- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 12 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Ханжаргалангийн 7 дугаар гудамжны 12 тоотод амь хохирогч Ш.Ш.Б-ын цээжний ар, дээд хэсэгт хутгалж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Д.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна” гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Ш.Ш.Б-э нь шүүхийн хэлэлцүүлэгт “гомдолтой байна” гэж мэдүүлж байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3852408 төгрөг нэхэмжилж холбогдох нотлох баримтаа /1 дүгээр хавтаст хэргийн 167-194/ ирүүлсэн байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 508 дугаар зүйлийн 508.1-т “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж тус тус хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.Д.Л-ийн ар гэрээс нь мөрдөн байцаалтын шатанд буяны ажилд 100000 төгрөг өгсөн болохыг хохирогч Ш.Ш.Б-э хүлээн зөвшөөрч байх тул иргэний нэхэмжлэлээс 100000 төгрөгийг хасч, үлдэх 3752408 төгрөгийг шүүгдэгч Д.Д.Л-оос гаргуулж, хохирогч Ш.Ш.Б-эд олгохоор шийдвэрлэв.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Д.Д.Л- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.Д.Л- нь өөрийн гэсэн орон гэр, эд хөрөнгө байхгүйн улмаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Д.Д.Л- нь энэ хэрэгт 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 257 хоногийг /1 дүгээр хавтаст хэргийн 119, 122, 201/ эдлэх ялд нь оруулан тооцож, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутга, бараан хөх өнгийн алчуур, хар цагаан судалтай футболк, саарал өнгийн нимгэн ноосон цамц, хөх өнгийн урдуураа цахилгаантай ноосон цамц, хар өнгийн даавуун цамц, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн саарал эмжээртэй дотоож, хар өнгийн хос гутал, хар өнгийн хос оймс, цусаар бохирлогдсон цаас, цэнхэр өнгийн ноосон цамц, хөх өнгийн жинсэн өмд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д.Л-ид цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурдаад,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Д.Л-ид 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Д.Л-ид оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.Д.Л-ийн энэ хэрэгт 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 257 /хоёр зуун тавин долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч Д.Д.Л-оос 3752408 /гурван сая долоон зуун тавин хоёр мянга дөрвөн зуун найм/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг 017-1-1г тоотод оршин суух Шаравын Ш.Б-эд /РД:ТЛ67072571/ олгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, 1.9-т зааснаар энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутга, бараан хөх өнгийн алчуур, хар цагаан судалтай футболк, саарал өнгийн нимгэн ноосон цамц, хөх өнгийн урдуураа цахилгаантай ноосон цамц, хар өнгийн даавуун цамц, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн саарал эмжээртэй дотоож, хар өнгийн хос гутал, хар өнгийн хос оймс, цусаар бохирлогдсон цаас, цэнхэр өнгийн ноосон цамц, хөх өнгийн жинсэн өмд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг бичлэгтэй сиди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д.Л-ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялын хугацааг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Д.Л-ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Б.ИХТАМИР
З.ТӨМӨРХҮҮ