Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2026/01243

 

 

 

 

 

     

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 197/ШШ2026/07445 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ТӨХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 37,829,382 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ТӨХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 37,829,382 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.02-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр *******ийг ******* ТӨХК-ийн Хяналтын албаны дотоод аудитын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 24,622,855 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг ******* ТӨХК-д даалгаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч ******* ТӨХК-ийн захирлын 2024.12.06-ны өдрийн ******* тоот тушаалаар *******ийг С*******т нягтлан бодогчоор томилсон шийдвэр гаргасныг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж хариуцагч тал тайлбарлажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ийнхүү шүүхийн шийдвэрт зааснаас өөр ажилд томилсон шалтгааныг нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрыг цөөрүүлж хасагдсан тухай тайлбарласан нь үндэслэлгүй буюу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны *******дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан Дотоод аудитын албыг татан буулгасан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасантай нийцээгүй болохыг тогтоожээ.

Иймд шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг хариуцагч байгууллагын Хяналтын албаны дотоод аудитын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосон байхад хариуцагчаас шүүхийн шийдвэрт заагаагүй Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогчоор томилсон шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасантай нийцээгүй буюу ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүргээ биелүүлээгүй тухай шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

4.Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө авч байсан цалин хөлсийг бууруулахгүй, эрх зүйн байдлыг дордуулалгүйгээр хариуцагч компанийн С*******т нягтлан бодогчоор томилсон тухай татгалзал нь мөн хуулийн 61 дүгээр зүйлд нийцээгүй байна. Хуульд зааснаар хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ямар нэгэн болзолгүйгээр ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй.

Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзвэл хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар ажилтантай харилцан тохиролцсоны дагуу нэхэмжлэгчийг С*******т нягтлан бодогчоор томилсон нь тогтоогдоогүй байна. Мөн энэ хуульд заасан талууд харилцан тохиролцвол хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчилж болно гэсэн зохицуулалт нь ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ ажилтныг шүүхийн шийдвэрт зааснаас өөр ажил, албан тушаалд томилж болох агуулгыг илэрхийлээгүй. Харин ажилтныг урьд эрхэлж байсан ажлын байранд нь эгүүлэн томилох шийдвэр гаргахдаа ажилтантай харилцан тохиролцвол хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчилж болох агуулгатай болохыг хариуцагч анхаараагүй байна.

 

5.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажил үүргийг нь гүйцэтгүүлж эхлэх хүртэл буюу шүүхийн шийдвэрийг бодитой биелүүлэх хүртэлх хугацааны нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгох үүрэг хэвээр хадгалагдана. Хэрэв ажил олгогч энэ үүргээ биелүүлэхгүй бол ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгох үүрэг хуульд заасны дагуу хуримтлагдан тооцогдсоор байхыг анхаарах нь зүйтэй.

Хариуцагч байгууллагын 2024.12.06-ны өдрийн ******* тоот тушаал гарснаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тухай хариуцагч талын тайлбар татгалзал хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ. Учир нь дээрх *******дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан талаар зохигч маргаагүй боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар шүүхийн шийдвэр биелэгдсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосныг нотолсон шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр хэрэгт авагдаагүй байна.

Мөн хариуцагч энэ талаархи тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Иймд нэхэмжлэгч ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлд заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагч ******* ТӨХК-аас шаардах эрхтэй, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

6.Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацаагаа анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2024.10.02-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2026.01.14-ний өдрийн хугацаагаар тооцон хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй. Шүүх хариуцагчаас 37,829,382 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсний зэрэгцээ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны *******дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсний хэмжээг тогтоосныг үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасанд нийцнэ.

 

7.Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 197/ШШ2026/07445 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Э.ЭНЭБИШ