Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 1086

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

 

Нэхэмжлэгч: Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар баг Наран 2-н Б-2-12 тоотод оршин суух, НМ62073103 регистрийн дугаартай Шарнууд овогт Цэндсүрэнгийн Уранчимэгийн хүсэлттэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Уранчимэг, нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Уранчимэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1962 онд төрсөн, би 1978 онд сургууль төгсөөд  Төв аймгийн Жаргалантын Сангийн аж ахуйн Хонин фермд аав Цэндсүрэнгийн хамт малчнаар ажиллаж эхэлсэн. Би малчнаар 1988 оны 02 сарын 10-ныг хүртэл ажилласан ба тус сангийн аж ахуйн Үтрэмд нормчноор 1988 оны 02 сарын 10-наас 1991 оны 03 сарын 31-нийг хүртэл ажилласан. 1988 оны 02 сарын 10-нд намайг малчнаас чөлөөлж Саалийн механикжсан фермд малчнаар томилсон тухай бичилт хөдөлмөрийн дэвтэрт байгаа боловч би сангийн аж ахуйн үтрэмд нормчноор ажилласан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэрт бичилт дутуу, архиваар ажиллаж байсан хугацааны анх ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалын зарим  нь олдохгүй, шүүхэд хандаж байна. Иймд намайг Төв аймгийн Жаргалантын Сангийн аж ахуйд 1980 оны 02 сарын 05-наас 1988 оны 02 сарын 10-ныг хүртэл малчнаар, 1988 оны 02 сарын 10-наас 1991 оны 03 сарын 31-нийг хүртэл Үтрэмд нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг миний цуглуулсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэн тогтоож өгнө үү гэв. 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,  Төв аймгийн Архивын тасгийн тодорхойлолт, Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн даргын тушаалууд, цалингийн түүвэр, гэрчүүдийн мэдүүлгүүд болон тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ц.Уранчимэг нь Төв аймгийн Жаргалантын Сангийн аж ахуйн Хонин фермд 1980 оны 02 сарын 05-наас 1988 оны 02 сарын10-ныг хүртэл малчин  1988 оны 02 сарын 10-наас 1991 оны 03 сарын 31-нийг хүртэл тус сангийн аж ахуйн Үтрэмд нормчноор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ. Үүнд:

1.Ц.Уранчимэгт Төв аймгийн Жаргалантын Сангийн аж ахуйгаас 1980 оны 2 сарын 05-ны өдөр нээж олгосон №321500 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дахь талд “1988 оны 02 сарын 10-наас малчнаас чөлөөлж Саалийн механикжсан фермд малчнаар томилов”, 6-7 дахь талд “1991 оны 03 сарын 21-нээс малчнаар чөлөөлж Талбулагийн Сангийн аж ахуйд шилжүүлэв” гэсэн бичилт,

2.Төв аймгийн Жаргалантын Сангийн аж ахуйн даргын 1986 оны 09 сарын 26-ны өдрийн 231 тоот “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” тушаалын 1 дүгээрт “... Цэндсүрэнгийн Уранчимэг ... Талбулагийн үтрэмд нормчноор 9 сарын 01-нээс ... томилсугай”,

-1988 оны 03 сарын 09-ний өдрийн 55 тоот “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” тушаалын 1 дүгээрт “... Цэндсүрэнгийн Уранчимэгийг малчнаас чөлөөлж 2 сарын 10-наас 400 үнээний Саалийн механикжсан фермд саальчнаар... томилсугай”,

-1991 оны 04 сарын 11-ний өдрийн 91 тоот “Сангийн аж ахуйн албан хаагч малчдыг шилжүүлж ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хавсралтанд “... Цэндсүрэнгийн Уранчимэг” гэсэн бичилт,

3.Төв аймгийн Архивын тасгийн 2016 оны 09 сарын 02-ны өдрийн 702 тоот албан бичигт: “Тус аймгийн Жаргалантын Сангийн аж ахуйн даргын 1980-1985, 1987 оны тушаалд холбогдох баримт гараагүй тул иргэн Ц.Уранчимэгт лавлагаа олгох боломжгүй байна” гэсэн баримт,

-2016 оны 10 сарын 13-ны өдрийн 806 тоот албан бичигт “Тус аймгийн Жаргалант сангийн аж ахуйд малчин Ц.Уранчимэг 1980-1988 онуудад 492-507 төгрөгийн цалин хөлс авч байсан” тухай цалингийн түүвэр,

3.Гэрч Д.Гантулгын “Н.Уранчимэгийг 10 жилийн сургуульд сурч байх үеэс нь мэднэ. Би 1980 онд 8 дугаар ангиа төгсөөд Техникумд суралцаж 1983 онд төгсөж Жаргалантын Сангийн аж ахуйн Хонин фермд мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Энэ үед Н.Уранчимэг нь аав Цэндсүрэнгийн хамт Төв аймгийн Жаргалант Сангийн аж ахуйд малчнаар 1980 оноос эхлэн ажилласан ба Саалийн механикжсан фермд саальчин, малчнаар 1989 оныг хүртэл ажилласан. Тэгээд Сангийн аж ахуйн дэргэдэх Үтрэмд нормчноор 1989-1991 оныг хүртэл ажилласан. Би Төв аймгийн Жаргалант сумын Сангийн аж ахуйд 1983-1984 онд зоотехникчээр ажиллаж байгаад 1984-1987 онд цэргийн албаа хаасан. Цэргээс халагдаж ирээд тус Сангийн аж ахуйн Саалийн механикжсан 400 үнээний фермд мал зүйчээр 1989 оныг хүртэл ажилласан. 1989-1992 оныг хүртэл Талбулагийн Монгол-Америкийн хамтарсан Мон-Америк аж ахуйд Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар,

-Гэрч Б.Нинагийн “Би Ховд аймгийн дунд сургуулийг 1961 онд төгсөөд Төв аймгийн Архуст сумын Трактор комбайнчны курсыг 1961-1964 онд суралцаж төгсөөд Төв аймгийн Жаргалант сумын Сангийн аж ахуйн Загдал бригадад тракторчноор 1964-1980 онуудад ажиллаж байгаад тус Сангийн аж ахуйд малчнаар нэгдэл тарах хүртэл тасралтгүй ажилласан. Энэ үед Н.Уранчимэг нь 1980 онд 8 дугаар ангиа төгсөөд Төв аймгийн Жаргалант Сангийн аж ахуйд аав Цэндсүрэнгийнхээ хамт 1980 оноос 1988 онуудад малчнаар ажилласан. Тэгээд Сангийн аж ахуйн дэргэдэх Үтрэмд нормчноор 1989-1991 оныг хүртэл ажилласан” гэх мэдүүлэг түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтууд байна.

 

Түүнчлэн Ц.Уранчимэгийг анх ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн зарим тушаал аймгийн архивын газар хадгалагдаагүй болох нь архивын лавлагаа, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

Харин Ц.Уранчимэг анх ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн талаарх үйл явдал нь Төв аймгийн Жаргалантын Сангийн аж ахуйгаас нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн бичилтээр, мөн гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчаас хэрэгт ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг  үндэслэн Ц.Уранчимэгийг Төв аймгийн Жаргалантын Сангийн аж ахуйд малчин, саальчнаар 1980 оны 02 сарын 05-наас 1988 оны 02 сарын 10-ныг хүртэл, мөн Сангийн аж ахуйн үтрэмд 1988 оны 02 сарын 10-наас 1991 оны 03 сарын 21-нийг хүртэл нормчноор тус тус ажиллаж байсан болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан НМ62073103 регистрийн дугаартай Шарнууд овогт Цэндсүрэнгийн Уранчимэгийг Төв аймгийн Жаргалантын Сангийн аж ахуйд 1980 оны 02 сарын 05-наас 1988 оны 02 сарын 10-ныг хүртэл малчин сальчнаар, 1988 оны 02 сарын 10-наас 1991 оны 03 сарын 21-нийг хүртэл үтрэмд нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Уранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.ОЮУНЦЭЦЭГ