Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2026/00601

 

 

 

 

    2026          03             18                                       210/МА2026/00601

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/10758 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 352,117,814 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Нямсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Талууд харилцан тохиролцож 2021.06.15-ны өдөр ******* тоот “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу гүйцэтгэгч тал захиалагчийн ******* дүүрэг, *******-р хороо, ******* байрлах гэр бүлийн зочид буудлын барилгын С-2 блокийн 1-3 давхар болон *******-р давхрын өрлөг шаврын ажил, 1-2 давхрын зогсоолын хэсгийн таазны хар замаскийн ажлыг гүйцэтгэх, захиалагч талаас 50,000,000 төгрөгийн хөлсийг төлөхөөр тохирсон. Манай компанийн зүгээс нийт 35,000,000 төгрөгийн санхүүжилт олгосон болно. ... Мөн талууд 2021.03.11-ний өдөр ******* дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд гүйцэтгэгч тал захиалагчийн ******* дүүрэг, *******-р хороо, С-2 блокийн *******-р орцны шатны хонгил, 5-14 давхрын нийтийн эзэмшлийн талбай, техникийн өрөөний заслын ажил, С-2 блокийн *******-р орцны *******, 5-12 давхрын айлуудын иж бүрэн заслын ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч талаас гэрээгээр тохирсон ажлын хөлс өгөх үүрэгтэй. Талуудын хооронд байгуулсан үндсэн гэрээ 500,000,000 төгрөг, нэмэлт гэрээ 240,000,000 төгрөг, нийт 740,000,000 төгрөг. Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлж нийт 628,831,127 төгрөгийн санхүүжилт олгосон. Гэтэл хариуцагч гэрээт ажлыг 70 хүрэхгүй хувийн гүйцэтгэлтэй хийж бүрэн дуусгалгүйгээр орхиж явсан, мөн захиалагч талаас нийлүүлсэн гэрээт ажилд шаардлагатай бараа материалыг тооцоо нийлээгүй, илүү материалыг хүлээлгэн өгөөгүй, илүү материал зарцуулалттай, хорогдол ихтэй гүйцэтгэн орхиж явсан.

1.2. Анх 2022.09.27-ны өдөр “*******” ХХК нэхэмжлэл гаргаснаар иргэний хэрэг үүссэн бөгөөд 2022.11.04-ний өдөр ******* ХХК-ийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагчийн зүгээс шүүхээс товлосон шүүх хуралдаанд ирээгүй тул 2025.06.02-ны өдрийн 191/Ш32025/24214 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн. Шүүхээс нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн тул ******* ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

1.3. Дээрх хэрэг шүүхэд хянагдаж байх хугацаанд талууд хүсэлт гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.09-ний өдрийн 181/Ш32022/17315 дугаар шүүгчийн захирамжаар “*******” ХХК-ийг шинжээчээр томилсон. “*******” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт 2 жилийн дараа буюу 2024.12.19-ний өдөр гарсан...Шинжээчийн дүгнэлтээр “*******” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил 72 хувь буюу 532,300,743 төгрөг байх тул манай компаниас олгосон санхүүжилт болох 663,831,127 төгрөгийн зөрүү 131,530,384 төгрөгийг манай компани буцаан нэхэмжлэх бүрэн эрхтэй. Мөн хариуцагч гэрээт ажлыг гэрээгээр тохирсон хугацаанд хийж гүйцэтгээгүй тул ******* дугаар ажил гүйцэтгэх гэрээний хугацаа хэтэрсний алдангид талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1.6, 5.1-д заасны дагуу алданги 17,500,000 төгрөг /гэрээт ажлын гүйцэтгэл гэрээт ажлын хугацаа дуусах үед 30%-тай байсан тул гүйцэтгээгүй үүрэг болох 75% буюу 35,000,000 төгрөгийн 50%-/аас хэтрэхгүй үнийн дүнгээр хуульд заасны дагуу нэхэмжилж байгаа болно./, 2021.03.11-ний өдөр ******* дугаар ажил гүйцэтгэх гэрээний хугацаа хэтэрсний алдангид гэрээт ажлын хугацаа дуусах үед 50%-тай байсан тул хугацаандаа гүйцэтгээгүй үүрэг болох 370,000,000 төгрөгийн 50%-иас хэтрэхгүй хэмжээгээр буюу 185,000,000 төгрөгийн алданги, нийт 202,500,000 төгрөгийн алдангийг, мөн шинжээчийн дүгнэлтэд заасны дагуу чанарын шаардлага хангаагүй, доголдолтой ажлын төлбөр 18,087,430 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй. Иймд хариуцагчаас 2021.03.11-ний өдрийн ******* дугаар ажил гүйцэтгэх гэрээ, 2021.06.15-ны өдрийн ******* тоот ажил гүйцэтгэх гэрээнүүдийн дагуу олгосон санхүүжилтээс гүйцэтгээгүй ажлын зөрүү санхүүжилт 131,530,384 төгрөг, дээрх 2 гэрээний дагуу хийж гүйцэтгэх гэрээт ажлыг хугацаандаа хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөөгүй хугацаа хэтэрсний алданги 202,500,000 төгрөг, чанарын шаардлага хангаагүй, доголдолтой ажлын төлбөр 18,087,430 төгрөг, нийт 352,117,814 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,918,539 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч тал анхан шатны шүүх хуралдаанд тайлбар гаргаагүй болно.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

3.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1,219 дүгээр зүйлийн 219.1, 232 дүгээр зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч ******* ХХК-аас 132,117,814 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК олгож, үлдэх 220,000,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,918,539 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 818,539 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхээс 2025.12.15-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдээгүй. Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2, 77.3, 77.9-т заасныг зөрчсөн. Мөн шүүх хуралдаанд адил тэгш эрхтэй оролцох, мэтгэлцэх, нотлох баримт болон сөрөг нэхэмжлэл гаргах, хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх зэрэг эрхийг ноцтой зөрчиж, хэргийн оролцогчийн гаргасан хүсэлт, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл, 6 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, ноцтой зөрчсөн.

4.2.Талууд 2024.03.11-ний өдрийн ******* дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж...ажлын хөлс 500,000,000 төгрөг байхаар тохиролцсон...Гэрээний нийт үнийн дүн 740,000,000 төгрөг ба 602,000,000 төгрөгийн санхүүжилт олгогдож, 138,000,000 төгрөгийн санхүүжилт олгогдоогүй. Гэрээний 4.2.24-т заасны дагуу 0,5 хувиар алданги тооцох эрхтэй ба 2022.03.11-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэлх алданги 69,000,000 төгрөг, нийт 207,000,000 төгрөг.

4.3. Талууд 2021.06.15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ... ажлын хөлс 50,000,000 төгрөг байхаар тохиролцсон. Гэрээний дагуу ажлаа хийж гүйцэтгэсэн ба захиалагч талаас гэрээний ажлын хөлснөөс 35,000,000 төгрөг олгосон, үлдэгдэл 15,000,000 төгрөг олгоогүй. Гэрээний 4.2.24-т заасны дагуу 0,5 хувиар алданги тооцох эрхтэй ба 2022.03.11-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэлх алданги 7,500,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөг.

4.4. ...******* болон 2021.06.15-ны өдрийн гэрээний дагуу ажил гүйцэтгэх явцад гарсан алдаа доголдлыг засварлаж тэгшлэх, шаардлага үүссэн тул нэхэмжлэгчтэй тухайн үед нь харилцан тохиролцож тусад нь гэрээ байгуулахгүйгээр тухай бүрд нь тэгшитгэх шавардлага хийж, дараа нь нэгдсэн төсвөөр гарсан зардлыг захиалагч тал нэмэлтээр гаргаж өгөхөөр тохиролцсоны дагуу өөрсдийн зардлаар засварласан. Энэ талаар мэргэшсэн төсөвчин *******т хандаж 2022.08.10-ны өдөр “Барилгын 6, 8, 10, 12 давхруудад 40 мм зузаантай /1476 м.кв/, 5, 7, 9, 11-р давхруудад 20 мм зузаантай кнауф-ротбанд гипсэн суурьтай универсал шавардлага хийж хана тэгшлэх /553 м.кв/, кнауф-ротбанд гипсэн суурьтай универсал шавардлага хийх нийтийн эзэмшил шатны хонгил 20 мм зузаантай шавардлага хийж хана тэгшлэх /958 м.кв/, гадаргууд цагаан замаскаар тэгшилгээ хийх /2987 м.кв талбай/ зэргийг өөрсдийн хөрөнгөөр 6571,4 кг замаск үнэ 2,628,560 төгрөг, кнауф-ротбанд 47,652 кг, үнэ 55,562,232 төгрөг, нийт 58,190,792 төгрөгийн бараа материал, нийт 197,123,868 төгрөгийн” төсөв гарсан.

4.5.Нэхэмжлэгчээс гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн ажлын хөлс, бараа материалын зардалд 441,623,868 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон буцаасан ба эрүүл мэндийн болон компанийн санхүүгийн асуудлаас болж улсын тэмдэгтийн хураамжийг дахин тушааж, дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж амжаагүй гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч хэргийн материалтай танилцаагүй гэдгийг зөвшөөрөхгүй. Хариуцагч “*******” ХХК-ийн хаяг буюу ******* дүүрэг, *******-р хороо, ******* гандирс *******тоот хаягийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагчид мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д 2025.08.18-ны өдөр итгэмжлэл олгосон бөгөөд тухайн өдөр нэхэмжлэл гардан авч, өөрийн хаягаа өгсөн. Шүүхээс хариуцагч байгууллага болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хаягт мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Мөн хариуцагчийн дугаар руу залгахад ээжийн дугаарыг би барьж байгаа гэж хүүхэд нь хэлсэн болох нь шүүгчийн туслахын тэмдэглэлд тусгагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3, 77 дугаар зүйлийн 77.2, 77.8-д заасны дагуу анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэх боломжтой бүх хаяг, утсаар мэдэгдсэн. Иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 сарын хугацаанд хариу тайлбар гаргаагүй. Хариу тайлбар ирүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нэг хэлбэр. 2022 онд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад 6-7 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан. Хариуцагч тал шүүхийг хүндэтгээгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй тул уг маргааныг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн тул гомдлыг хангах үндэслэлгүй гэжээ.

         ХЯНАВАЛ: 

1. Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан 352,117,814 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаарх тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.

3. Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүй түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 25 дугаар зүйлийн 25.1.2-т нийцэхгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

3.1. Анхан шатны шүүх зохигчдыг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангах үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т заасан журмаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх үүрэгтэй.

3.2. Шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудаст хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хаягийг буруу бичсэн, нэхэмжлэлд дурдсан “*******” ХХК-ийн хаягт шуудангаар хүргүүлэхэд “хаягт ийм хүн байхгүй” гэх шалтгаанаар тус тус хүргэгдээгүй, мөн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн тухай шүүгчийн туслахын үйлдсэн “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн *******, ******* дугаарын утас руу залгахад дуудлага хүлээн авах боломжгүй, ******* дугаарын утас руу мэдэгдэхэд “ээжийн дугаарыг түр барьж байгаа гэхэд холбогдох хүмүүст нь мэдэгдээрэй” гэв” гэсэн тэмдэглэлээс шүүх хуралдааны товыг хариуцагч талд мэдэгдсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна. /хх-153-155/

3.3. Хариуцагч нь шүүхэд хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй нь түүнийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

4. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/10758 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 818,539 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               С.ЭНХБАЯР

 

                        ШҮҮГЧИД                                               Э.ЭНЭБИШ

 

                                                                                        Г.НЯМСҮРЭН