Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 343

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Хохирогчийн өмгөөлөгч З.Энхтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч Д.Д.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ц-д холбогдох эрүүгийн 1918004840365 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Д.Ц-, 1982 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХХК-нд ээлжийн диспетчер ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.Д.Ц- нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хорооллын 10б байрны авто зогсоолд иргэн Н.Н.Г-ийн эрх чөлөөнд халдан хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь “зүүн гарын 5 дугаар хуруун дахь шарх, 4 дүгээр хурууны болон зүүн гарын шуун дахь зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

-Шүүгдэгч Д.Д.Ц-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 03-ны орой Н.Г-тэй ярих гээд залгахад утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь Н.О-ийн гэр болох Ласти тауны орцонд хүлээгээд зогсож байтал Н.О-, Н.Г- 2 гаднаас орж ирсэн. Би Н.О-т хандаж “чи 2 хүүхдийн минь амьдралаар тоглож байгаагаа харж байна уу? чамд сайхан санагдаж байна уу?” гэж хэлээд 2 алгадсан. Тэгсэн Н.Г- намайг чирээд доошоо граж руу авч орсон. Н.Г- миний гар утсыг өгөхгүй зууралдаад байхаар нь би машины хаалгыг нь цохиход машиных нь дохиолол дуугараад Н.Г- машинаа онгойлгосон. Машин дотор Н.Г-тэй муудаж байхад хутга нь хуйнаасаа унасан. Би эхлээд хутга байна гэж мэдээгүй ба мод шиг юм унахаар нь автал хутга байсан. Н.Г-ийг ууртай байсан болохоор нь хутгыг нь Н.Г-эд өгөлгүй өөрөө аваад дээшээ гараад зугтсан. Тэгсэн Н.Г- надтай зууралдаж байгаад гараа хутганд зүссэн байсан. Би хутгалаагүй, харин миний гарт байсан хутганд Н.Г- гараа зүссэн нь үнэн. Н.О- бол миний найз, бид нар гэр бүлийн найзуудын харилцаатай, манайхаар орж гараад явдаг байсан хирнээ миний нөхөртэй сууж хүүхдүүдийг минь өнчрүүлсэнд гомдож явдаг.

...гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,

-Н.Н.Г-ийн машины камерт бичигдсэн бичлэгийг хуулбарласан си ди-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 3/,

-Эд мөрийн баримтаар хураагдсан си ди-ны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 4/,

 

-Хохирогч Н.Н.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 03-ны орой би одоо найзалж байгаа эмэгтэй болох Н.О-ийн хамт машинаа Ласти тауны доор байрлах гражид тавих гээд оруулсан. Н.О- түрүүлээд шатаар гарсан, би машинаа байрлуулах гээд байж байсан. Тэгсэн орц руу гражаас ордог шатанд Н.О-ийн дуу гараад “болиоч ээ” гээд байх шиг байсан. Би гайхаад араас нь очсон чинь манай хуучин эхнэр Д.Ц- Н.О-ийг бариад авчихсан нааш цааш түлхээд байж байсан. Тэгэхээр нь би салгаад доошоо граж руу чирээд буулгасан. Тэгсэн намайг тэр үед нүүр нүдгүй цохиод ална аа гээд байсан. Тэгснээ машины цонх хагална гээд барьж явсан зүйлээрээ цохиод байсан. Тэгсэн дохиолол нь дуугарахаар нь би халааснаасаа түлхүүрээ гаргаж ирээд унтраах хооронд машины голын хайрцаг ухаад байсан. Тэгснээ гартаа миний аяны ногоон хуйтай хутгыг хуйнаас нь гаргаад “намайг ална” гээд дайрсан. Тэгэхээр нь хутгыг нь гартай нь давхар бариулнаас нь бариад салгаж авах гэсэн чинь Д.Ц- хутга булаацалдаад наашаа цаашаа түлхсэн. Тэр үед миний зүүн гарын чигчий хуруу ядам хуруу 2 зүсэгдчихсэн. Тэгээд би “чи гар зүсчихлээ шүү дээ” гээд гараа барьсан чинь “хохь чинь” гээд тэр чигээрээ орц руу гүйгээд явчихсан. Тэр хооронд нь би гараа 00-ын цаасаар боогоод машинаа асаагаад эмнэлэг рүү явах гэсэн чинь машины урд гарч ирээд зам хаагаад дайраад яв гээд байсан. Тэгээд Д.Ц-гийн зогсож байсан тал руу машинаа шахаад эсрэг тал руугаа огцом дараад зүүн тийшээ гараад эмнэлэг явсан. Тэр үед гарт нь байсан хутга цохигдоод газар унасан. Тэгээд би шууд эмнэлэг яваад гартаа оёдол тавиулсан.” гэх мэдүүлэг /хэргийн 8-9/,

      

-Гэрч Н.Н.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н.Н.Г- гэх хүнийг мэддэг болоод удаж байгаа, эр эмийн харилцаатай болоод 8 сар орчим болж байна. Д.Д.Ц- гэх хүн Н.Н.Г-ийн салсан эхнэр нь байгаа юм. Ер нь эртнээс мэддэг. Манай хүүхэдтэй нэг ангид хүүхэд нь сурдаг байсан. 2019 оны 07 дугаар сарын 03-ны орой 23 цаг өнгөрч байхад Н.Г- бид 2 манай гэрийн доор байрлах машины гражид машинтайгаа ороод Н.Г- намайг буулгаад би түрүүлээд гэр лүүгээ орох гээд гражаас орц руу ордог хэсгээр дамжаад явж байсан. Харин Н.Г- тэр үед машинаа байрлуулах гээд үлдсэн байсан. Тэгээд шатаар өгсөж явтал орцны хаалга чанга дуугарах шиг болсон. Тэгсэн Д.Д.Ц- шууд над руу дайраад элдэв үгээр хараагаад орилж хашгираад намайг нүүр хэсэг рүү 2 удаа алгадсан. Тэгсэн Н.Г- араас ирээд Д.Д.Ц-г болиулаад аваад гарсан.

...би тухайн үед юу болсныг хараагүй. Н.Г- Д.Ц-г аваад гарахдаа намайг “гэр лүүгээ ор” гэсэн учраас би гэр лүүгээ шууд орсон. Тэгээд 20, 30 минутын дараа над руу Н.Г- утсаар залгаад “гарыг минь Д.Ц- хутгаар зүсчихлээ, оёулах гээд эмнэлэг явж байна” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 10/,

 

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хэргийн 14-15/,

-“Н.Н.Г-ийн биед зүүн гарын 5 дугаар хуруун дахь шарх, 4 дүгээр хурууны болон зүүн гарын шуун дахь зулгаралт тогтоогдлоо. Н.Н.Г-ийн биед илэрсэн 5 дугаар хуруун дахь шарх, 4 дүгээр хурууны зулгаралт нь хурц ир үзүүртэй багажийн, зүүн гарын шуун дахь зулгаралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Н.Н.Г-ийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 572 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 16-17/,

 

-Аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 40/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Д.Д.Ц- нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хорооллын 10б байрны гражид иргэн Н.Н.Г-ийн эрх чөлөөнд халдан хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь “зүүн гарын 5 дугаар хуруун дахь шарх, 4 дүгээр хурууны болон зүүн гарын шуун дахь зулгаралт” бүхий хохирол учруулсан хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 572 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 16-17/ нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч Д.Д.Ц-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Н.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч Н.Н.Г-ийн өмгөөлөгч З.Энхтуяа шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогчийн нуруу татаад эмнэлэгт хэвтэж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй болж надаар төлөөлүүлж хэдэн үг хэлснийг нь дамжуулж байна. Хохирогч Н.Н.Г- нь эхнэр Д.Д.Ц-тай олон жил хамт амьдарч, 2 хүүхдийн эцэг эх болж явсан тул 2 хүүхдийнхээ ээжийн гаргасан буруутай үйлдлийг уучилсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, Д.Д.Ц-д хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэж хүссэн.” гэх тайлбар өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Д.Д.Ц- нь нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хорооллын 10б байрны авто зогсоолд иргэн Н.Н.Г-ийн эрх чөлөөнд халдан хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь “зүүн гарын 5 дугаар хуруун дахь шарх, 4 дүгээр хурууны болон зүүн гарын шуун дахь зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Д.Ц-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.Д.Ц- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн нөхцөл байдлуудыг харгалзан торгох ялыг 9 сарын хугацаанд сард 50000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Д.Д.Ц-д анхааруулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бичлэгтэй си ди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээхээр шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Ц-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч Д.Д.Ц-д оногдуулсан торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 9 сарын хугацаанд сард 50000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Д.Д.Ц-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Д.Д.Ц-д анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бичлэгтэй си ди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д.Ц-д хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Я.ТУУЛ