| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/01034/И |
| Дугаар | 1087 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 1087
Төв аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,
Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн 7-321 тоотод оршин суух НГ61080860 регистрийн дугаартай Боржигон овогт Намсрайн Алтанцэцэгийн Улсад ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Алтанцэцэг, хэлмэрч Н.Мөнгөнцэцэг, нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Алтанцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд түүний хэлмэрч тайлбарлахдаа: Н.Алтанцэцэг нь миний төрсөн эгч юм. Миний эгч төрөлхийн хэлгүй юм. Ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдлийн Бүрд бригадад 1977 оны 01 сарын 01-нээс 1979 оны 12 сарын 31-нийг, 1981 оны 01 сарын 01-нээс 1988 оны 12 сарын 31-нийг, 1990 оны 01 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 31-нийг хүртэл тус тус малчин саальчнаар тасралтгүй ажилласан юм. Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, группийн тэтгэвэр авч байсан боловч одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон гээд группээс хассан. Миний эгч хөгжлийн бэрхшээлтэй болохоор түүний хөдөлмөрийн хөлсийг өрх гэр бүлд хамт бичиж аав Намсрай, ээж Норжмоо, ах Түмэн нарын нэр дээр гарч, хөлс олгогддог байсан. Одоо тэтгэврээ тогтоолгох гэтэл ажиллаж байсан хугацааг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Тухайн үед ажиллаж байсныг нотлох цалингийн картыг хэрэгт ирүүлсэн болно. Иймд Н.Алтанцэцэггийг Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдлийн Бүрд бригадад дээрх хугацаанд малчин саальчнаар, ноолуурын чиглэлийн цагаан ямаа хариулдаг байсан болохыг цуглуулсан нотлох баримтууд, хамт ажиллаж байсан гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, цалингийн картууд, гэрчүүдийн мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинэчлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Боржигон овогт Намсрайн Алтанцэцэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор хүсэлт гаргах, шаардах эрхтэй бөгөөд эрх зүйн маргаангүй үйл явдлыг буюу Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдлийн Бүрд бригадад малчин саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ. Үүнд:
1.Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдлийн малчдын цалингийн 1977-1992 оны баримтанд Н.Алтанцэцэг нь ээж Норжмоо, ах Түмэн нарын хамт мал маллаж цалин хөлс авч байсан тухай баримт,
2.Төв аймгийн Архивын тасгийн 2016 оны 09 сарын 14-ний өдрийн 728 тоот албан бичигт: “Тус аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдлийн даргын 1974-1991 оны тушаалд холбогдох баримт гараагүй, мөн нэгдлийн цалингийн баримт төрийн архивт шилжиж ирээгүй тул иргэн Н.Алтанцэцэгт лавлагаа олгох боломжгүй байна” гэсэн тодорхойолт,
3.Гэрч Р.Батмөнхийн “Н.Алтанцэцэг нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, түүнийг багаас нь мэднэ, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, хэл муутай хүн байгаа юм. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдлийн Бүрд бригадад малчин саальчнаар аав, ээж, ахынхаа хамт 1977-1979 онд, 1981-1988 онд, 1990-1992 онд тус тус ажиллаж байсан нь үнэн болохыг гэрчилж байна. Тухайн үед эх эцгээ дагаж мал маллаж эхэлсэн хүн юм. Нэгдлийн малчдын хөдөлмөр хөлсийг өрхийн тэргүүний нэр дээр олгодог байсан. Би 1973 оноос 1990 оныг хүртэл Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдлийн ерөнхий нягтлан бодогч, 1990 оноос 2005 оныг дуустал Засаг дарыгн орлогч, засаг даргаар ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар,
-гэрч Б.Ажваагийн “Н.Алтанцэцэг нь төрлөхийн хэлгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд юм. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдлийн Бүрд бригадад малчин саальчнаар 1977-1992 оныг хүртэл эх эцгийнхээ хамт мал маллаж ирсэн. Эцэг Намсрай нь мал оторлодог, эх Норжмоо нь нэгдлийн саальчнаар ажиллаж байсан. Тухайн үед эх эцгээ дагаж мал маллаж эхэлсэн хүн юм. Би тухайн үед Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдлийн Цээл бригадад малчнаар 1956 оноос 1995 оныг хүртэл тасралтгүй ажилласан” гэсэн мэдүүлэг түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтууд байна.
Хүсэлт гаргагч Н.Алтанцэцэгийн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдэлд малчин саальчнаар анх ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тухай тушаал өөрт нь хадгалагдаагүй буюу архиваас олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр, цалингийн цэс санхүүгийн баримтууд аймгийн архивын газар хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчаас хэрэгт ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх нэхэмжлэгч Н.Алтанцэцэгийн хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан Р.Батмөнх, Б.Ажваа нараас хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдэлд хамт ажиллаж байсан болох нь тэдний тайлбар, хөдөлмөрийн дэвтрийн бичилтээр нотлогдож байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НГ61080860 регистрийн дугаартай “Боржигон” овогт Намсрайн Алтанцэцэгийг 1977 оны 01 сарын 01-нээс 1979 оны 12 сарын 31-нийг хүртэл Төв аймгийн Баянбараат сумын Хайрхан нэгдэлд малчин, 1981 оны 01 сарын 01-нээс 1988 оны 12 сарын 31-нийг хүртэл мөн аймгийн Хайрхан нэгдлийн Бүрд бригадад саальчин, 1990 оны 01 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 31-нийг хүртэл мөн Хайрхан нэгдэлд ангор буюу ноолуурын чиглэлийн цагаан ямаа маллаж байсан болохыг тус тус тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Н.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ