| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0340/Э |
| Дугаар | 346 |
| Огноо | 2019-09-23 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 346
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Хохирогч С.С.А-,
Шүүгдэгч Э.Э.Х-э /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Х-эд холбогдох эрүүгийн 1918004980392 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Э.Х-э, 1994 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, металл судлалын мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Э.Х-э нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 04 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Төмөр толгойн уурхайгаас Дархан сум руу ирэх сайжруулсан авто зам дээр 05-20 УБИ улсын дугаартай Хьюндэй Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж урдаа явсан 98-06 УНА улсын дугаартай Хьюндэй Портер маркийн тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргаж, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн С.С.А-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч Э.Э.Х-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр үүрийн 04 цагийн орчим портер маркийн тээврийн хэрэгслийг хойноос нь мөргөж зам тээврийн осол гаргасан. Хохирогч нь манай төрлийн ах байсан ба хүнд гэмтэл учирсан. Миний 100 хувийн буруутай үйл ажиллагаанаас уг гэмтэл хохирогчид учирсан.
...Хохирогчид 1500000 төгрөгийг эмчилгээний зардал болгож төлсөн.
...гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Хохирогч С.С.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Цаашид гомдол саналгүй. Гэмтэл эдгэрч байгаа. Шүүгдэгч нь манай хашаанд багаасаа хамт амьдарсан. Бараг манай хүүхдээс ялаагүй хүн. Эмчилгээний төлбөр бараг 1500000 төгрөг болсон.
...Биеийн байдал сайн, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 5/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 6-9/,
-Зам тээврийн ослын бүдүүвч зураг /хэргийн 10/,
-Зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл /хэргийн 11/,
-Гэрч Н.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 08-ны үүрээр 4 цаг 20 минутын үед Дархан төмөрлөгийн үйлдвэрийн сайжруулсан замаар М- гээд залуугийн жолоодож явсан 98-06 УНА улсын дугаартай портер маркийн машинд Н- гээд залуугийн хамт явж байхад Мянгаа нойр нь хүрээд байна гээд аваарын гэрлээ асаагаад 10 орчим минут зогсож байхад манай эгчийн нөхөр Э.Х-э жолоодож явсан машинтайгаа араас ирж мөргөн зам тээврийн осол болсон.
...Энэ ослын улмаас миний биед учирсан гэмтэл байхгүй. Харин манай хүргэн жолоодож явсан машинд сууж явсан С.А- гээд хүний хөл нь гэмтсэн байсан. Өөр гэмтсэн хүн байхгүй. Мянгаа болон манай хүргэн ах Э.Х-э нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 14/,
-Гэрч Н.Г- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 08-ны шөнийн 01:00 цагийн орчим нөхөр Э.Х-ийн эзэмшлийн 05-20 УБЕ улсын дугаартай портер маркийн машинтай Дарханы Шарын гол сумаас Дархан-Уул аймгийн төв рүү хөдөлсөн. Машиныг манай нөхөр Э.Х-э бариад зорчигчийн суудалд С.А- ах бид хоёр сууж явсан. Тэгээд би замдаа ядраад унтаж байтал гэнэт осол гарч машин зогссон. Тэгээд би цочоод босоод хартал манай нөхөр урд явж байсан тээврийн хэрэгслийг араас нь мөргөсөн байдалтай манай машины урд талын салхины шил хагараад, машины хамар чихэгдээд зорчиж явсан ах С.А-гийн хөл дарагдаж гэмтсэн байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 17/,
-Гэрч А.Н- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр би таньдаг хүмүүүсийнхээ хамтаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын наадам дээр автомат тоглоом ажиллуулахаар очсон бөгөөд Шарын гол сумын наадам дууссаны дараа Дархан-Уул аймгийн Дархан сумын наадам болно гэхээр нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны шөнө 01 цагийн үед Шарын гол сумаас хөдлөхдөө би Паагий гэж дууддаг манай хүргэний төрсөн дүү Куанатытханы портер маркийн машинд Э.Х-ийн төрсөн дүү Э- хамтаар сууж яваад Шарын голоос нилээн явж байгаад нам унтчихсан байсан. Ингээд машинд унтаад явж байхад гэнэт араас нэг юм мөргөхөөр нь сэрээд хартал Дархан төмөрлөгийн үйлдвэрийн сайжруулсан зам дээр байсан ба бид нарын араас явж байсан Э.Х-э нь К- жолоодож явсан автомашины араас мөргөж зам тээврийн осол гаргасан байсан. Тухайн ослын улмаас С.А- гээд залуугийн баруун хөл нь гэмтсэн, өөр гэмтэж бэртсэн хүн байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 18/,
-Гэрч Т.К- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Шарын гол суманд 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр найз Н-, Э-, Э.Х-э, Г-, С.А- нарын хамт наадмын талбайд морин тойруулга тоглоом ажиллуулж дуусаад шөнийн 01:00 цагийн орчим 2 портер машиндаа тоглоомоо ачаад миний машинд Н-, Э- хоёр суугаад Дархан руу хөдөлсөн. Үлдсэн тоглоомоо Э.Х-э машиныхаа ачаан дээр ачаад хажуудаа эхнэр Гүнсэлмаа, ах С.А- хоёрыг суулгаад миний араас хөдөлсөн. Тэгээд шөнө 04:00 цагийн орчим Дархан орох гээд явж байтал зам их муу, шороо босоод байсан. Би арын толиндоо Э.Х-ийн машиныг ирж байгаа эсэхийг хартал шороо босоод юу ч харагдахгүй байсан. Тэгээд би жаахан хүлээж байгаад хамт явъя гэж бодоод шороон замаа шахаад зогсож байтал Э.Х-э машинтайгаа миний машины араас мөргөж осол гаргасан. Тэгээд би гайхаад буугаад хартал Э.Х-э миний машины ачааны хэсгийг мөргөөд хамар нь хонхойж салхины шил нь хагарсан байсан.
...Би юу болов гэж асуутал шороо босоод харалгүй чиний машиныг мөргөчихлөө гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 19/,
-“С.С.А-гийн биед баруун дунд чөмөг ясны ил хугарал, баруун шилбэний шаант болон тахилзуур ясны зөрүүтэй битүү хугарал, хагалгааны дараах байдал, баруун шилбэнд шарх, баруун өвдөг, шагайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу хүчтэй цохигдох, дарагдах, хавчигдах үед үүсгэгдсэн байх боломжтой. С.С.А-гийн тайлбарлаж байгаагаар зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. С.С.А-гийн биед баруун дунд чөмөг ясны ил хугарал гэмтэл тогтоогдсон нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун шилбэний шаант болон тахилзуур ясны зөрүүтэй битүү хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун шилбэнд шарх, баруун өвдөг, шагайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 624 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 27-28/,
-“05-20 УБИ улсын дугаартай цэнхэр өнгийн “Хьюндэй Портер” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.Э.Х-э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2-т “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасан байна.
Жолооч Э.Э.Х-э нь жолоодох эрхийн үнэмлэхтэй 1205288 дугаарын В ангиллын жолооны үнэмлэхтэй байна. Жолооч Э.Э.Х-э нь тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүйгээс болж уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Шинжилгээний явцад өөр ямар нэг зүйл илрээгүй болно.” гэх 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 32/,
-“...Техникийн хувьд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан, осол гарахад техникийн хувьд нөлөөлсөн зүйлгүй байна...
...Тухайн автомашины хурдыг тогтоох боломжгүй байна.” гэх 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 36 дугаартай тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 52-55/,
-“С.С.А-гийн биед баруун дунд чөмөг ясны ил хугарал, баруун шилбэний шаант болон тахилзуур ясны зөрүүтэй битүү хугарал, хагалгааны дараах байдал, баруун шилбэнд шарх, баруун өвдөг, шагайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 770 дугаартай нэмэлт шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хэргийн 67-68/,
-“Хьюндэй Портер маркийн 98-06 УНА улсын дугаартай ачааны автомашины хойд их гэрэл хагарсан, тэвшний хамгаалалт төмөр чихэгдэж тахийж салсан зэрэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 08 дугаар сарын байдлаар 110000 төгрөг байна.” гэх хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 78-79/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай нотлон тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Иймд шүүгдэгч Э.Э.Х-ийн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Э.Э.Х-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч С.С.А-гийн биед “баруун дунд чөмөг ясны ил хугарал, баруун шилбэний шаант болон тахилзуур ясны зөрүүтэй битүү хугарал, хагалгааны дараах байдал, баруун шилбэнд шарх, баруун өвдөг, шагайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд хохирол учирсан боловч хохирогч С.С.А- нь шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Э.Э.Х-э нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 04 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Төмөр толгойн уурхайгаас Дархан сум руу ирэх сайжруулсан авто зам дээр 05-20 УБИ улсын дугаартай Хьюндэй Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж урдаа явсан 98-06 УНА улсын дугаартай Хьюндэй Портер маркийн тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргаж, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн С.С.А-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Э.Х-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Э.Э.Х-э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч нь гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусдад төлөх төлбөргүй байгаа, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа байдал, ар гэр болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Э.Э.Х-ийг ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасан нөхцөлийг хангасан тохиолдолд хорих ялаас чөлөөлөхөөр зохицуулсан боловч нэмэгдэл ялаас чөлөөлөх зохицуулалт хуульчлагдаагүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Э.Э.Х-эд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, эрх хасах нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Э.Х-ийн 1205288 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэснийг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.Х-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Э.Х-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Э.Х-эд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Э.Э.Х-ийг хорих ялаас чөлөөлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Э.Э.Х-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Э.Х-ийн 1205288 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч Э.Э.Х-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ