Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2026/00693

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Хулан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/00560 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч:*******-д холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үйл ажиллагааны менежер албан тушаалд томилогдон ажилласан. Ажиллах хугацаандаа аливаа байдлаар сахилгын шийтгэл хүлээж байгаагүй ч гүйцэтгэх захирлын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 02 тоот тушаалаар хөдөлмөрийн харилцааг цуцалсан.

Ажил олгогчоос тушаалын үндэслэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.5.8 дахь заалтыг тус тус үндэслэсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасны дагуу ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авах үүрэгтэй ч ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулах гэж байгаа талаар огт мэдэгдээгүй, сахилгын шийтгэлтэй холбоотой нөхцөл байдлыг тайлбарлаагүй.

Ажил олгогчоос миний мэргэжлийн ур чадвар, ажлын гүйцэтгэл хангалтгүй болохыг тогтоосон аливаа шалгалт авсан, надад өмнө анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах нэмэлт хугацаа тогтоосон үйл явдал болоогүй.

Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

******* нь ажиллах явцдаа ажлын байрны тодорхойлолт болон 2025 оны төлөвлөгөөт ажлуудыг хангалтгүй, заримыг огт гүйцэтгээгүй.

Мөн ажлын байранд зөрчил үйлдсэн талаар ажилчдаас гомдол, мэдээлэл ирж, 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар анхааруулга өгч ажлын гүйцэтгэлийг сайжруулах, үр дүн гаргаж ажиллахыг сануулсан. Гэтэл 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд ажлын гүйцэтгэлийг сайжруулж, үр дүн гаргаж ажиллаагүй.

Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, ажлын цагийг ажилдаа зарцуулдаггүй зөрчлүүд нь давтагдсаар компанийн үйл ажиллагаанд саад учруулж, харилцагч байгууллагуудтай хамтарч ажиллах боломжийг хааж байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4 дэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох арга хэмжээг авч шийдвэрлэсэн.

Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хурлын үед ажилдаа буцаад орж болно гэх эвлэрэх саналд ******* "ажилдаа буцаж орох хүсэлгүй байна" гэж хариулсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус, ажил олгогчийн хөдөлмөрийн харилцааг цуцлах тухай тушаал нь хуульд нийцсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэхь хэсэг, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтыг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******г урьд эрхэлж байсан үйл ажиллагааны менежерийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговорт 36,263,382.95 төгрөгийг хариуцагч*******-аас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагч*******-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч*******-аас 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх ******* нь ажлын гүйцэтгэлийн хувьд ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон байна гэсэн дүгнэлт хийсэн атлаа ажилд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн агуулгатай зөрчилдөж байна.

******* нь*******-тай хөдөлмөрийн гэрээтэй байхдаа 2025 оны 04 дүгээр сард *******-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Тэрээр ажлын цагаар компаниас олгосон ажлын байрны техник, хэрэгслийг ашиглан ажил үүрэг гүйцэтгэхтэй холбоогүй видео бичлэг, кино үзэх, видео тоглоом тоглох, ажил үүргээс өөр зүйлс хийдэг нь ажилчдаас ирүүлсэн гомдлоор батлагдсан.

Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар ажил олгогч ажилдаа эргэж орохыг мэдэгдсэн боловч тэрээр татгалзсан. Энэхүү бодит байдалд шүүх дүгнэлт хийгээгүй.

2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн компанийн нийт ажилтнуудын ээлжит бус хурал дээр *******д сануулга өгсөн. Тус хурлын тэмдэглэлийг хүний нөөцийн менежер хөтөлж, компанийн гүйцэтгэх удирдлага баталгаажуулсан, хурлын тэмдэглэлд хуралд оролцсон нийт ажилтнуудаар гарын үсэг зуруулах шаардлага, журам байхгүй. Мөн ******* нь шүүх хурал дээр компанийн 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хуралд өөрийн биеэр оролцсон тухайгаа ярьдаг бөгөөд энэ талаар маргаагүй.

******* хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлүүдийг удаа дараа гаргахад нь компанийн гүйцэтгэх удирдлагаас тухай бүр тайлбар өгөх, ажиллах боломжоор хангаж, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах талаар ганцаарчлан хэлж, тайлбарлаж сануулсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт заасан хугацаа олгосон байвал зохино гэх заалт хангагдсан.

******* нь Хөдөлмөрийн дотоод журмын 8.5.8, 10.4.4, 10.4.8-д заасан зөрчил гаргасан. Өөрөөр хэлбэл, ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч компани нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 8.5.8-д заасан заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Ажилтанд бичгээр эсхүл цахимаар ажлаас чөлөөлж байгаа талаар мэдэгдээгүй.

Нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэлийг 13 хувь гэж үнэлсэн баримтад үндэслэж нэхэмжлэгчийг үүрэгт ажилдаа тэнцэхгүй байна гэж шүүх дүгнэсэн. Тухайн үнэлгээг хийх явцад нэхэмжлэгч нь оролцоогүй. Энэ маргаан нь хөдөлмөрийн маргаан бөгөөд ажил олгогч нотлох баримт бүрдүүлэхийн хувьд давуу талтай оролцдог учраас шүүх тухайн үйл баримтыг дэнсэлж харах ёстой.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажил олгогч ажилтнаас холбогдох тайлбарыг авах шаардлагатай буюу ямар шалтгааны улмаас зөрчил гаргасан болох, яагаад үүрэгт ажлаа биелүүлээгүй болох хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх зэргийг нь лавлаж ажилтны эрхийг хангах ёстой ч энэ ажиллагаа хийгдээгүй.

Удирдлагын үүргийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй гэдэг заалтыг ноцтой зөрчилд хамааруулахаар хөдөлмөрийн гэрээнд зааж өгөөгүй, энэ нь хөдөлмөрийн дотоод журамд тусгасан заалт юм.

Нэхэмжлэгчийг ажилдаа орох хүсэлгүй байсан гэж зөвхөн хариуцагч компани тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдааны явцад ажилдаа буцаж оръё, гүйцэтгэх захиралтай уулзъя гэж тайлбар гаргасан. Мөн нэхэмжлэгчийг ажлын цагаар тоглоом тоглодог зэргээр тайлбар гаргадаг боловч энэ үйл баримт тогтоогдоогүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэгч ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

2.1. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

3.*******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 8.5.8-д заасныг үндэслэн үйл ажиллагааны менежер албан тушаалтай *******тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа компанийн 2025 оны 1, 2 дугаар улирлын төлөвлөгөөний хэрэгжилтийн үнэлгээний тайланд тулгуурлажээ.

 

3.1. Уг тайлангаар нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу гүйцэтгэх ёстой байсан байгууллагын дотоод хөгжил ба ажилтны сургалт хөгжил, нийгмийн хариуцлага ба бүтээлч ажиллагаа, брэнд бүүк ба имиж, байгууллагын стратеги төлөвлөлт ба хөгжил, харилцаа холбоо ба хамтын ажиллагааны чиглэлээр төлөвлөсөн ажлаас 1 дүгээр улиралд 13 хувь, 2 дугаар улиралд мөн 13 хувийн гүйцэтгэлтэй буюу улирал бүр 87 хувийн төлөвлөгөөт ажлыг хийж гүйцэтгээгүй байна.

Ажилтны төлөвлөгөөт ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хийж гүйцэтгээгүй дээрх асуудлыг ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэлд нэгэн зэрэг хамааруулжээ.

 

3.2. Энэхүү ажлын байрны тодорхойлолтод заагдсан төлөвлөгөөт ажлыг хийж гүйцэтгээгүй асуудал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэх үндэслэлд хамаарахгүй.

Дээрх зохицуулалт нь ажилтны мэргэжлийн түвшин, ур чадвар нь цаашид ажил үүргээ гүйцэтгэхэд тэнцэхгүй болсон, тогтвортой шинжтэй нөхцөл байдлыг илэрхийлдэг бөгөөд зөвхөн тодорхой хугацаанд төлөвлөгөөт ажлын гүйцэтгэл хангалтгүй байсан үйл баримтад үндэслэн ажилтныг мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж буй ажил үүрэгтээ тэнцэхгүй гэж дүгнэхгүй.

Энэ талаар анхан шатны шүүх буруу эрх зүйн дүгнэлт өгснийг залруулав.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан.

Уг зохицуулалтад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан байхыг заасан ч ажил олгогчийн баталсан хөдөлмөрийн дотоод журамд заасныг мөн адилтган авч үзэх боломжтой байдаг.

Учир нь хөдөлмөрийн дотоод журам нь хөдөлмөрийн харилцааг зохицуулсан дотоод хэм хэмжээний акт тул хөдөлмөрийн гэрээний агуулгын нэг хэсэг юм.

 

4.1. Хариуцагч*******-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.5.8-д ажилтан удирдах албан тушаалтан болон шууд удирдлагын өгсөн үүрэг даалгавар, томилогдсон ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил байхаар заажээ.

Нэхэмжлэгч ******* нь 2025 оны төлөвлөгөөт ажлаас 1 дүгээр улиралд 13 хувь, 2 дугаар улиралд мөн 13 хувийн гүйцэтгэлтэй буюу улирал бүр 87 хувийн төлөвлөгөөт ажлыг хийж гүйцэтгээгүй, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь тогтоогдоогүй тул Хөдөлмөрийн дотоод журмын 8.5.8-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчилд хамаарч байна.

Үүнд холбогдох анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болсон.

 

4.2. Харин ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан байхад анхан шатны шүүх ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авах ёстой гэж буруутгасан нь үндэслэлгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчил нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах бие даасан үндэслэл бөгөөд сахилгын шийтгэл ногдуулах журмаас ялгаатай, энэ тохиолдолд ажилтанд урьдчилан мэдэгдэж тайлбар авах ажиллагааг заавал хэрэгжүүлэхийг шаардахгүй.

Түүнчлэн 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр болсон хурлын тэмдэглэлээр ажил олгогчийн зүгээс ажилтан *******д ажлын гүйцэтгэлийг сайжруулах, үр дүн гаргаж ажиллахыг сануулсан болох нь тогтоогдсон. Хурлын тэмдэглэлд эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж баталгаажуулсан байхад ажилтан заавал гарын үсэг зурсан байх ёстой гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

 

4.3. Иймд ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон, энэ үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д нийцнэ.

4.4. Нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлэх журмыг зохих ёсоор хэрэгжүүлсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн уг маргаанд хууль буцаан хэрэглэх, эсхүл хуучин болон шинэчилсэн хуулийг ялгамжтайгаар хэрэглэх шаардлага үүсээгүй байхад анхан шатны шүүх одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг шинэчилсэн найруулга хэмээн тодотгон хэрэглэсэн нь оновчгүй болсныг дурдвал зохино.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/00560 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар хариуцагч*******-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 409,570 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.ХУЛАН

 

Т.БАДРАХ