| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/01092/И |
| Дугаар | 1091 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 1091
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
С.Буянхишигийн хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Ж.Ариунжаргалыг эрэн сурвалжлахыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Лхагвацэнд, нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Буянхишиг шүүхэд гаргасан хүсэлт болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жанчивын Ариунжаргал нь 2015 оны 06 сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн 84-51 ТӨВ улсын дугаартай Субару Форестер маркийн автомашиныг барьцаалан 2 000 000 төгрөгийг А-00017 дугаартай гэрээ байгуулан 1 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч Ж.Ариунжаргал нь 2015 оны 09 сараас хойш зээлийг төлөөгүй, зээлээ төлөхийг удаа дараа шаардаж утсаар ярьсан боловч удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Одоо утсаа авахгүй, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 1 дүгээр багт оршин суух хаягтаа ч байхгүй, 88855130 утас холбогдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй байна. Түүний төрсөн дүү н.Ариунтуяа нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын засаг даргаар ажиллаж байсан ба энэ хүн хэлж өгдөггүй юм. Энэ хүнээс асууж Ж.Ариунжаргалын хаягийг тодруулах боломжтой юм. Иймд Ж.Ариунжаргалын оршин байгаа газрыг тогтоох зорилгоор эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Буянхишиг нь хариуцагчийг эрэн сурвалжлах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Ж.Ариунжаргал нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2015 оны 06 сарын 05-ны өдрийн 89 авто ломбардтай байгуулсан зээлийн гэрээгээр, мөн тэрээр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 1 дүгээр багийн хаягтаа оршин суудаггүй болох нь багийн засаг даргын тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд хаана байгаа нь мэдэгдэхгүй, түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул Ж.Ариунжаргалыг эрэн сурвалжлуулах тухай С.Буянхишигийн хүсэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Ж.Ариунжаргал нь РД:НГ74021171, утасны дугаар 88855130, зээл авах үедээ Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 1 дүгээр баг Бараат гэх газар оршин суух хаягтай байсан ба түүний төрсөн дүү н.Ариунтуяа нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын засаг даргаар ажиллаж байсан ба утасны дугаар нь 95783535 гэсэн утсаар холбогдох боломжтой болохыг дурдах нь зүйтэй байна.
Ж.Ариунжаргалыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 1 дүгээр баг Бараат гэх газар оршин суух бүртгэлтэй, Далай ээж овгийн Жанчивын Ариунжаргал /НГ74021171/-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ