| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0339/Э |
| Дугаар | 348 |
| Огноо | 2019-09-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 348
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч Б.Б.О- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-т холбогдох эрүүгийн 1918000000368 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.О-, 1983 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Б.О- нь 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Майхантын 6-102 тоотод Ж.Ж.Б-гийн толгой тус газарт нь аяга шидэж, эрүүл мэндэд нь “зүүн завж хэсэгт шарх, доод эрүү, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч Б.Б.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэртээ Ж.Б-, Б- нартай хамт архи хувааж уусан. Тэгээд Ж.Б- манай гэрт гуталтайгаа орон дээр гараад хэвтэхээр нь би “ингэж болохгүй.” гэж хэлсэн. Ж.Б- надтай маргалдаад миний араас аяга авч шидэхээр нь би зөрүүлээд аяга аваад шидсэн чинь уруулыг нь оносон.
...гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, миний буруу.
...200000 төгрөгийг өчигдөр Ж.Б-д өгсөн.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1/,
-Ж.Ж.Б-гаас Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар гаргасан өргөдөл /хэргийн 2/,
-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-5/,
-Шар өнгийн хуванцар гадартай төмөр мэт металл дотортой аяга нэг ширхгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 7/,
-Хохирогч Ж.Ж.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн орчимд над руу Б- залгаад “Ж.О-тэй хамт явж байна, хүрээд ир” гэхээр нь би модны захын тэнд очсон. Б-, Ж.О-, Дархаа 3 байсан. Тэгээд нэг шил 0.75 литрийн архи аваад Ж.О-гийн гэрт очоод архиа хувааж ууж байгаад би орон дээр гуталтайгаа хэвтээд унтаад өгсөн байсан. Тэгээд сэрээд босоод ирсэн чинь Ж.О- намайг “чи орон дээр гуталтайгаа хэвтлээ.” гээд бид 2 маргалдаж байгаад би урдаа байсан шилэн аягийг аваад шидсэн чинь хана цохиод хагарсан. Тэгсэн чинь Ж.О- над руу шар аяга шидэхэд миний уруулыг цохиод цус гарахаар нь би эмнэлэг ороод оёдол тавиулсан.” гэх мэдүүлэг /хэргийн 10/,
-Гэрч Х.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ж.О-гийн гэр рүү явж байгаад замдаа 0.75 литрийн нэг шил “Соёрхол” архи аваад Ж.О-гийн гэрт очоод хувааж уугаад Ж.Б- эхлээд унтаад өгсөн. Тэгээд би нөхөр Д- хамт унтаж байгаад чимээ гарахаар нь сэрсэн чинь Ж.Б-, Ж.О- хоёр маргалдаж байхаар нь салгасан. Тэгсэн Ж.Б- аяга шидээд хагалсан чинь Ж.О- Ж.Б- руу шар өнгийн аяга шидсэн чинь Ж.Б-гийн амнаас цус гарахаар нь салгаад цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирж Ж.О-г аваад явсан. Би Дархаатай хамт гэр рүүгээ явсан. Ж.Б-г охин нь ирээд аваад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 14/,
-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хэргийн 16-17/,
-“Ж.Ж.Б-гийн биед зүүн завж хэсэгт шарх, доод эрүү, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 672 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 18-19/,
-“Хохирогч Ж.Ж.Б- би шүүх хуралд оролцохгүй. Надад гомдол санал байхгүй, эмчилгээний зардал нэхэмжлэхгүй. Намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү.” гэх хохирогч Ж.Ж.Б-гаас шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлт /хэргийн 72/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.Б.О- нь 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Майхантын 6-102 тоотод Ж.Ж.Б-гийн толгой тус газарт нь аягаар цохиж, эрүүл мэндэд нь “зүүн завж хэсэгт шарх, доод эрүү, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч Б.Б.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Ж.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч Ж.Ж.Б- нь эмчилгээний зардлын талаар ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй, “...надад гомдол санал байхгүй, эмчилгээний зардал нэхэмжлэхгүй. Намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү.” гэх хүсэлт /хэргийн 72/ ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Б.О- нь 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Майхантын 6-102 тоотод Ж.Ж.Б-гийн толгой тус газарт нь аягаар цохиж, эрүүл мэндэд нь “зүүн завж хэсэгт шарх, доод эрүү, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б.О-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Б.О- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусдад төлөх төлбөргүй байгаа байдал болон шүүгдэгч нь орлого олох боломжгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 300 цагийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт зам, талбай цэвэрлэх нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн хуванцар гадартай, төмөр мэт металл дотортой 1 ширхэг аягийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.О-т Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт зам, талбай цэвэрлүүлэхээр 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б.О- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б.О-т анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн хуванцар гадартай, төмөр мэт металл дотортой 1 ширхэг аягийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.О-т хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ