| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 101/2023/00077/И |
| Дугаар | 210/МА2026/00863 |
| Огноо | 2026-04-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2026/00863
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ерөнхий шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/09936 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Гуравдагч этгээд: *******, ******* нарын бие даасан шаардлагатай,
Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 01 сарын 18-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, 2017 оны 05 сарын 30-ны өдрийн Хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай,
Бие даасан шаардлага: гараж чөлөөлөхийг даалгах тухай,
иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******р, гуравдагч этгээд *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: ******* нь 2006 оноос Япон Улсаас автомашин оруулан ирж худалдан борлуулдаг байсан. Япон Улсын ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хариуцагч *******тай 2016 оны 01 сарын 18-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ-г байгуулж, нэхэмжлэгчийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, ******* тоот хаягт байршилтай, 421 м.кв талбайтай 2 давхар үйлчилгээтэй хувийн орон сууцыг барьцаалан 500,000,000 төгрөгийг сарын 1.25 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон. Гэвч бодит байдал дээр 500,000,000 төгрөгийг зээлсэн, зээлдүүлсэн харилцаа байхгүй, 500,000,000 төгрөгийг бодитоор хүлээн аваагүй. Хариуцагч нь Барьцаат зээлийн гэрээ-д тусгагдсан үл хөдлөх эд хөрөнгийг өөрийнх нь нэр дээр шилжүүлж баталгаажуулсны дараа автомашиныг явуулна гэж хэлсэн. Ингээд *******тай 2017 оны 05 сарын 30-ны өдөр Хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус байгуулж, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, ******* тоот хаягт байршилтай, 412м.кв талбайтай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай 780 м.кв талбайтай газрыг зах зээлийн үнээс хэд дахин бага үнээр буюу 26,000,000 төгрөгөөр *******д шилжүүлсэн. Гэрээнд заасан 26,000,000 төгрөгийг аваагүйгээс гадна гэрээ байгуулснаас хойш нэг ч автомашиныг зээлээр надад өгөөгүй. ******* ХХК болон бидний хооронд автомашины мөнгөний тооцоо байсан нь үнэн боловч тухайн өр төлбөрт миний хувийн сууц болон газрыг авахыг зөвшөөрөөгүй болно. Гэтэл дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг автомашины төлбөрт суутгаж үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь миний хувийн сууц болон газрыг 2022 оны 06 сарын 08 өдөр ******* гэх этгээдэд худалдан борлуулж шилжүүлснийг 2022 оны 11 сарын 16 өдөр мэдсэн. Ийнхүү миний бие *******д хууртагдаж ноцтой төөрөгдсөний улмаас өөрийн хөрөнгөө алдаж байгаагаа ойлгосон. Нэхэмжлэгч нь хариуцагч *******гийн тавьсан шаардлагын дагуу зөвхөн ******* ХХК-аас автомашин зээлээр худалдан авахаар тохиролцсоны дагуу баталгаа болгон маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг түр хугацаанд шилжүүлж байна хэмээн итгэж байсан.
Иймд талуудын байгуулсан 2016 оны 01 сарын 18-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, 2017 оны 05 сарын 30-ны өдрийн Хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8-д заасны дагуу тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө, газрыг нэхэмжлэгч *******ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Талуудын хооронд үүссэн харилцаа 2013 оноос эхэлсэн. 2016, 2017, 2018 онд хэлцэл хийсэн. 2018 онд хэлцэл хийхдээ өмнөх хэлцлүүдээр хийсэн асуудлаар өр төлбөр барагдуулах гэрээг хийсэн. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй холбоотой Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 сарын 27-ны өдрийн 210/МА2022/01395 дугаар магадлал гарсан байдаг. Уг магадлалаар талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 05 сарын 30-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2018 оны 07 сарын 02-ны өдрийн өр төлбөр барагдуулах гэрээ нь талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан зарчимд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн. Нөгөө талаар, маргаан бүхий хөрөнгө нь талуудын өр төлбөрийн тооцооноос хасагдан тооцогдож шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байдал гэж үзэж байна. 2016 оны 01 сарын 18-ны өдрийн гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, Иймд хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагын агуулга: *******, ******* бид Сонгинохайрхан дүүрийн 20-р хороонд байрлах тус амины орон сууцыг 2021 онд *******ээс түрээслэн бизнесийн үйл ажиллагаа явуулж байсан. 2022 онд ******* өмчлөгч болж, дараа нь 2023 онд ******* өмчлөгч нь гэж гарч ирсэн. Тухайн үед *******тай харилцан тохиролцож, 2023 оны 03 сард Хаан банкны зээлэнд хамрагдаж, худалдаж авсан. Тухайн үл хөдлөх хөрөнгийн 1-р давхрын гаражид *******ийн гэгдэх эд хогшил байгаа бөгөөд *******ийг удаа дараа суллахыг шаардсан боловч чөлөөлж өгөөгүй. Гаражийг зориулалтын дагуу ашиглаж чадахгүй байна. Иймд *******эд гараж чөлөөлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
4. Бие даасан шаардлагад нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: 2016 оны 01 сарын 18-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, 2017 оны 05 сарын 30-ны өдрийн Хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8-д зааснаар тус тус хүчин төгөлдөр бус тул бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
5. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан 2016 оны 01 сарын 18-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, 2017 оны 05 сарын 30-ны өдрийн Хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 05 сарын 30-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгө, газрыг нэхэмжлэгч *******ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар нэхэмжлэгч *******эд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******, ******* нарын өмчлөлийн гаражийг чөлөөлж өгөхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 3,016,100 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******, ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******, ******* нарт олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
6.1. Нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүй, нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт өгөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй *******эд холбогдох иргэний маргааныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 сарын 27-ны өдрийн 210/МА2022/01395 дугаар магадлалаар хянан шийдвэрлэсэн. Уг магадлалын Хянавал хэсэгт ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* нарын хооронд 2016 оны 01 сарын 18-ны өдөр байгуулагдсан барьцаат зээлийн гэрээ, 2017 оны 05 сарын 30-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2018 оны 07 сарын 02-ны өдрийн байгуулагдсан өр төлбөр барагдуулах гэрээ нь талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлсэн гэрээ байна. Эдгээр гэрээнүүд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл, газрын эзэмшил шилжүүлсэн ажиллагааг хучин төгөлдөр бус хэлцэлд тооцож, үр дагаврыг шийдвэрлэсэн шүүхийн хучин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдаагүй... хэмээн дүгнэсэн байхад анхан шатны шүүх гэрээнүүд нь тухайн үед хүчин төгөлдөр байна гэж дүгнэн, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэж үзсэн нь хуулийн үндэслэлгүй болжээ. Шүүх зөвхөн хүчин төгөлдөр гэснийг нь анхаарч дүгнэсэн буюу гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, үр дагаврыг нь шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр авагдаагүй гэснийг анхаарч үзээгүй. Түүнчлэн, хэргийн оролцогчид өөр өөр байхад ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй *******эд холбогдох маргааныг шийдвэрлэсэн магадлалд хамаатуулж шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалтай гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна.
6.2. Хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн. Хэргийн нөхцөл байдлаас үзвэл бодит байдал дээр бүх гэрээ хэлцэл нь зээлээр машин оруулж ирэхийн тулд *******гийн тавьсан шаардлагын дагуу шилжүүлэн өгсөн боловч барьцаат зээлийн гэрээнд тусгасан шиг хариуцагч *******гаас 500,000,000 төгрөгийг зээлж, үл хөдлөх хөрөнгөө 26,000,000 төгрөгөөр зарсан бодит үйл баримт биш бөгөөд эдгээр мөнгөнүүдийг нэхэмжлэгч ******* бодитоор хүлээж аваагүй юм. Гэтэл шүүх энэхүү нөхцөл байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан дүгнэлт өгөөгүй төдийгүй Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг анхаарч авч үзээгүй. Нэхэмжлэгч ******* нь 26,000,000 төгрөг болон зээлийн 500,000,000 төгрөгийг аваагүй талаар маргаж, нэхэмжлэл гаргасан байхад шүүх энэ талаар талууд маргахгүй байгаа хэмээн буруу дүгнэж, талуудын маргааныг зөв тодорхойлж, дүгнэж шийдвэрлэж чадаагүй. Мөн хариуцагч ******* нь хуулийн этгээд ******* ХХК-ийн зөвшөөрөлгүй буюу итгэмжлэлгүйгээр хууль зөрчиж хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байхад шүүх хуулийн эдгээр зохицуулалт болон хэрэгт цугларсан нөхцөл байдлыг анхаарч, дүгнэлт хийгээгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
6.3. Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх нэг талыг баримталсан гэж үзэхээр байна.
6.4. Анхан шатны шүүх 120,525,000 төгрөгийг сайн дураар төлөөгүй тохиолдолд орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг даалгасан. Гэвч хариуцагчийн бусад хөрөнгийн байдлыг тогтоогоогүй, үл хөдлөх хөрөнгийг эцсийн арга хэмжээ байдлаар хэрэглэх эсэхийг дүгнээгүй. Орон сууц нь иргэдийн өмчлөх эрхийн онцгой объект болох нөхцөл байдлыг харгалзаагүй. Уг шийдвэр нь шударга ёс, тэнцвэртэй байдлын зарчимд нийцээгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. ******* 155 автомашиныг зээлээр авсан боловч мөнгөө өгөөгүй. 2015, 2016 онд гэрээ байгуулагдсан бөгөөд сүүлд 2018 онд төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. 28,000,000 иен төлөгдсөн бөгөөд 25,000,000 иен төлөгдөөгүй, үлдэгдэл төлбөрийг 3 сарын хугацаанд төлөх талаар гэрээнд тусгасан. ******* нь мөнгөө өгөөгүй тул Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэр, магадлалаар ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, газрын эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч маргаан бүхий нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрдөг. Нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь дүгнээгүй гэж дурдсан. Гэтэл хэрэгт авагдсан ямар баримтыг үнэлээгүй талаар гомдолдоо тодорхой дурдаагүй. ******* гэх хүнд хууль бусаар эд хөрөнгөө алдсан бол цагдаагийн байгууллагад хандсан байх ёстой. Залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй гэх агуулга бүхий прокурорын тогтоол хэрэгт авагдсан. Хэрэв гэм буруутай байсан бол тухайн үед тогтоох боломжтой байсан. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд гэм бурууг тогтоолгохоор маргаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. ******* нь *******тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон газрын эрх шилжүүлэх гэрээ байгуулснаас хойш 2 жилийн дараа тооцоо нийлж, өр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч сүүлд хүсэл зоригоо илэрхийлж, хүлээн зөвшөөрсөн. ******* болон ******* нар түрээсийн гэрээ байгуулж ажиллаж байсан бөгөөд тухайн үед ******* нь *******д байраа өрөнд өгсөн талаараа хэлсэн. Хэрэв өрөнд өгсөн гэж хэлээгүй бол ******* тухайн байрыг худалдаж авахгүй байсан. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
8. Давж заалдах гомдолд гуравдагч этгээд нарын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч болон хариуцагч нь гуравдагч этгээд нарыг тухайн үл хөдлөх хөрөнгийг шударгаар олж авсан хууль ёсны өмчлөгч мөн эсэх асуудлаар маргаагүй. Нэхэмжлэл болон давж заалдах гомдолд, хүчин төгөлдөр бус гэж тодорхойлж байгаа гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасныг баримтлан хүчин төгөлдөр бус гэж тайлбарладаг боловч дэмжих баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй тул маргаан бүхий гэрээнүүдийг шүүхээс хүчин төгөлдөр гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 2016 оны 01 сарын 18-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, 2017 оны 05 сарын 30-ны өдрийн Хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх 1, 22, 2хх 40-41, 91-92, 102-104, 194-217/
Гуравдагч этгээд *******, ******* нар хариуцагчийн байр суурийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд нэхэмжлэгч *******эд холбогдуулан гараж чөлөөлөхийг даалгах тухай бие даасан шаардлага гарган маргажээ.
3. Хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Талууд 2016 оны 01 сарын 18-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь 500,000,000 төгрөгийг сарын 1.25 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, ******* нь уг мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт тохирсон хугацаанд төлөх, үүргийн гүйцэтгэлд өөрийн өмчлөлд бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, ******* тоот хаягт байршилтай, 412 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах нөхцөлийг тохирсон; /1хх 85/
3.2. Талууд үүний дараа буюу 2017 оны 05 сарын 30-ны өдөр Хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус байгуулж, эдгээр гэрээгээр ******* нь өөрийн өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, ******* тоот хаягт байршилтай, 412 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц болон 780 м.кв талбайтай газар эзэмших эрхийг тус тус *******гийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэх, ******* нь эдгээр гэрээний үнэд 26,000,000 төгрөгийг шилжүүлэх нөхцөлийг тус тус тохирсон; /1хх 5-6, 7/
3.3. Үүний дагуу Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, ******* тоот хаягт байршилтай, 412 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь 2017 оны 05 сарын 30-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч *******гийн өмчлөлд, 2022 оны 06 сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр *******ын өмчлөлд, 2023 оны 06 сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр гуравдагч этгээд *******, ******* нарын өмчлөлд тус тус шилжиж, улсын бүртгэлд бүртгэгдсэн; /1хх 139/
3.4. Мөн Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, ******* тоот хаягт байршилтай, 780 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар нь 2023 оны 07 сарын 24-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр гуравдагч этгээд М.Даваажавын эзэмшилд шилжиж, улсын бүртгэлд бүртгэгдсэн; /2хх 132-133, 134/
3.5. Гуравдагч этгээд *******, ******* нар дээрх хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон 780 м.кв хэмжээтэй газар эзэмших эрхийг тус тус Хаан банк ХК-аас авсан 200,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. /2хх 124-133, 171/
4. ******* нь дээр дурдсан 2016 оны 01 сарын 18-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, 2017 оны 05 сарын 30-ны өдрийн Хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8-д зааснаар тус тус хүчин төгөлдөр бус гэж тайлбарласан. /2хх 102-104/
5. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр гэж дүгнэж, улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь:
5.1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******эд холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэл, алдангид нийт 490,592,208 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 сарын 27-ны өдрийн 210/МА2022/01395 дугаар магадлалын хянавал хэсэгт ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* нарын хооронд 2016 оны 01 сарын 18-ны өдөр байгуулагдсан барьцаат зээлийн гэрээ, 2017 оны 05 сарын 30-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь ... талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээ байна. Эдгээр гэрээнүүд, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл, газрын эзэмшил шилжүүлсэн ажиллагааг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, үр дагаврыг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдаагүй... гэж дүгнэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ. /1хх 27-29/
Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 сарын 10-ны өдрийн 001/ШХТ2022/01006 дугаар тогтоолоор тус магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байдаг. /1хх 30/
5.2. Түүнчлэн ******* нь 2022 оны 11 сарын 21-ний өдөр ...би СХД-ийн 20-р хороо, ****** тоот байраа *******ад 11/26-ны өдрийн дотор суллаж, хүлээлгэн өгөхөө үүгээр илэрхийлж байна. Хэрвээ суллаж өгөхгүй бол хуулийн арга хэмжээ авахаас татгалзах зүйлгүй... гэсэн гар бичмэлийг *******, хариуцагч ******* нарын өмнө үйлдэж, түүнд гарын үсэг зурсан байдаг. /2хх 118/
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* нь хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байгаа гэрээнүүдээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, бичгийн хэлбэрээр илэрхийлсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар тэдгээрийг шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.
5.3. Нэхэмжлэгч ******* нь хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байгаа гэрээнүүдийг байгуулснаас хойших хугацаанд буюу 2018 оны 07 сарын 02-ны өдөр ******* ХХК-ийн төлөөлөгч *******тай Өр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, Тооцоо нийлсэн акт үйлдэж, автомашин худалдан авсан нийт 54,543,173 иен төлөхөөс 28,619,477 иен төлсөн ба үлдэгдэл 25,923,696 иен буюу 577,061,472 төгрөгийг нэн даруй төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувиар алданги төлөх нөхцөлийг тохирсон байдаг. /2хх 119-121, 122/
Хожим ******* ХХК нь дээрх үнийн дүнгээс 250,000,000 төгрөгийг хасаж тооцон (маргаан бүхий хувийн сууц болон газар эзэмших эрхийг үнэлэн) үлдэх 327,061,472 төгрөгийг алданги 163,530,736 төгрөгийн хамтаар *******ээс шаардсаныг шүүх эцэслэн шийдвэрлэсэн байна. /1хх 24-26, 27-29, 30/
5.4. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 04 сарын 08-ны өдрийн 1429 дугаар тогтоолоор ...******* нь компанийн өр төлбөрийг барагдуулах нэрийн дор урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, иргэн *******ийн эд хөрөнгийг үнэгүйдүүлж, ихээхэн хэмжээний үнэ бүхий эд хөрөнгийг нь өөрийн нэр дээр шилжүүлж, залилан авсан... гэх гэмт хэргийн талаарх гомдлыг шалган хянаад, ...*******, ******* нарын байгуулсан өр барагдуулах гэрээ, тооцоо нийлсэн акт зэрэг баримтуудаар ******* нь бусдыг хуурч, төөрөгдөлд оруулах замаар эд хөрөнгийг нь болон эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэргийг үйлдсэн гэх үйл баримт тогтоогдохгүй... гэж дүгнэн, улмаар бүртгэлийн Г-645 дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг. /2хх 163/
6. Өмнө дурдсанчлан маргаан бүхий хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь *******гаас *******ын өмчлөлд, *******аас *******, ******* нарын өмчлөлд тус тус шилжиж, улсын бүртгэлд бүртгэгдсэн, мөн маргаан бүхий газар эзэмших эрх нь *******аас М.Даваажавын эзэмшилд шилжиж, улсын бүртгэлд бүртгэгдсэн байх тул гуравдагч этгээд *******, ******* нарыг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх бөгөөд тэдгээрийн өмчлөх эрх Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хамгаалагдана.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч *******ийн гаргасан ...үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг *******ийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай... нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй юм.
Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч *******эд холбогдуулан гаргасан гуравдагч этгээд *******, ******* нарын бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т нийцжээ.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь ...хэргийн оролцогчид нь өөр өөр байхад анхан шатны шүүх ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******эд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн магадлалыг *******ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох хэрэгт хамаатуулж, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалтай, шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж шийдвэрлэсэн нь буруу... гэсэн агуулгаар гомдол гаргасан нь үндэслэлгүй.
Учир нь нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хооронд үүссэн маргаан нь ******* ХХК-аас *******эд нийлүүлсэн автомашинтай холбоотой харилцаанаас үүдэлтэй бөгөөд ******* ХХК-ийг төлөөлж ******* нь *******тэй эрх зүйн харилцаанд орсон байдаг. /1хх 24-26, 27-29, 119-121, 122/
8. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нотлох баримтыг зөв үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх боловч нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамаарах хуулийн зохицуулалтыг оновчгүй баримталсан, мөн бие даасан шаардлагыг тодорхойгүй бичсэн зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.
9. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/09936 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т тус тус зааснаар хариуцагч *******д холбогдох, 2016 оны 01 сарын 18-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, 2017 оны 05 сарын 30-ны өдрийн Хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай, нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Гуравдагч этгээд *******, ******* нарын өмчлөлд бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, ******* тоот хаягт байршилтай, 412 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 1-р давхрын гаражийг чөлөөлөх (өөрийн төмөр сейф, унадаг дугуй, автомашины дугуй г.м эд зүйл, эд хогшлоос)-ийг нэхэмжлэгч *******эд даалгасугай гэж өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 02 сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 3,016,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР