Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 1092

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

Төв аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг Зүрхийн ам гэх газар оршин суух НА62102266 регистрийн дугаартай “Сэрээтэр” овогт Доржийн Бадамын улсад ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Бадам, нарийн бичгийн дарга А.Солонго нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Бадам шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Миний бие Төв аймгийн Алтанбулаг сумын Хөдөлмөр нэгдэлд 1978 оны 07 сарын 01-нд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр гарч малчнаар 1990 оны 12 сарын 31-нийг дуустал ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэртээ гарах гэтэл тухайн үед ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаа учраас тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна. Иймд Төв аймгийн Алтанбулаг сумын Хөдөлмөр нэгдэлд 1978 оны 07 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг архивын лавлагаа болон гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтанд үндэслэн тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, Төв аймгийн Алтанулаг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын тушаал, Монгол хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлт, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Бадам нь Төв аймгийн Алтанбулаг сумын Хөдөлмөр нэгдэлд 1978 оны 07 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтыг ирүүлсэн байна. Үүнд:

1.Төв аймгийн Алтанбулаг сумын Монгол-Солонгосын найрамдлын нэрэмжит Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 06 сарын 01-ний өдрийн 85 тоот “Ажилд томилох тухай” тушаал, хавсралтын 12 дугаарт “... хоньчин Доржийн Бадам ...” гэсэн тушаалын хуулбар,

2.Төв аймгийн Архивын тасгийн 2015 оны 04 сарын 29–ний өдрийн 455 тоот албан бичигт: “Тус аймгийн Алтанбулаг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1978-1980, 1982-1992 оны тушаалд холбогдох баримт гараагүй тул иргэн Д.Бадамд лавлагаа олгох боломжгүй байна” гэсэн тодорхойлолт,

3.Д.Бадамын Төв аймгийн Алтанбулаг сумын Хөдөлмөр нэгдлийн гишүүний үнэмлэх,

-Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүний  №120168 дугаартай Бат илэрхийлэхэд 1979-1985 онуудад гишүүний татвар төлж байсан тухай бичилт,

4.Хөдөлмөр нэгдлийн дарга асан Л.Хадын “Доржийн Бадам нь Төв аймгийн Алтанбулаг сумын Хөдөлмөр нэгдэлд 1978 оны 07 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-нийг хүртэл хоньчноор ажиллаж байсан нь үнэн болно. Миний бие тухайн үед нэгдлийн даргаар ажиллаж байсан” гэсэн тодорхойлолт түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар,

-гэрч Д.Нэмэхбаатарын “Би 1970 оноос хойш нэгдэлд мал малласан. Д.Бадам Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр 1978 онд гарч малчнаар Хөдөлмөр нэгдэлд 1978-1990 оныг дуустал ажиллаж байсан” гэх тодорхойлолт түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 11 сарын 01-ний өдрийн 357 тоот шийдвэрийн хуулбараар,

5.Д.Бадамын хамт олон, малчидтайгаа авахуулсан фото зураг зэрэг бичгийн нотлох баримтууд байна.

 

Хүсэлт гаргагч Д.Бадам Төв аймгийн Алтанбулаг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр болон анх ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу архиваас олдохгүй, архивын газар хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, аймгийн архивын тасгаас ирүүлсэн 455 тоот лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтаар эрх ашиг нь зөрчигдөж байгаа тул түүний ажиллаж байсан эрх зүйн үйл  явдлыг бусад баримтыг үндэслэн шүүхээс зайлшгүй тогтоох шаардлагатай байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчаас ирүүлсэн  бичгийн нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх  Д.Бадамын хүсэлтээр  шүүхэд  гэрчээр асуугдсан Л.Хад, Д.Нэмэхбаатар нарын тодорхойлолтыг үнэлсэн ба эдгээр хүмүүс нь Төв аймгийн Алтанбулаг сумын Хөдөлмөр нэгдэлд, нэгдлийн даргаар, малчнаар тус тус ажиллаж байсан болох нь тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт бичилт хийгдсэн байдлаар анх нэгдэлд малчнаар орсо, гарсан байдлууд нотлогдож байна.  

 

Иймд нэхэмжлэгч Д.Бадамыг Төв аймгийн Алтанбулаг сумын Хөдөлмөр нэгдэлд 1978 оны 07 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-нийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан НА62102266 регистрийн дугаартай “Сэрээтэр” овогт Доржийн Бадамыг 1978 оны 07 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-нийг хүртэлх хугацаанд Төв аймгийн Алтанбулаг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.Бадамын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Л.ОЮУНЦЭЦЭГ