| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0351/Э |
| Дугаар | 356 |
| Огноо | 2019-10-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 356
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Хохирогч Ш.Ш.Б-,
Шүүгдэгч Л.Л.Н- /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Н-д холбогдох эрүүгийн 1918005630434 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Л.Н-, 1975 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Л.Л.Н- нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 09 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 39 дүгээр байрны 1 дүгээр орцонд иргэн Ш.Ш.Б-ийг “архи уусан” гэдгээр шалтаглан түлхэж хана мөргүүлэн, эрүүл мэндэд нь “баруун зулайн хуйхны шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч Л.Л.Н-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 01-ний орой би хохирогч Ш.Б- 50,000 төгрөг өгөөд “маргааш өглөө ажилтай шүү” гэж хэлээд гэрт нь оруулсан. Гэтэл маргааш өглөө нь Х- аваад Ш.Б- авах гэхэд гэртээ байгаагүй, өөр айлд согтуу, архи уусан байхаар нь Х- бид хоёр Ш.Б- авч гараад, гэрт нь хүргэж өгөх гэхэд эсэргүүцээд байхаар нь орцонд нь ороод санаандгүйгээр түлхэхэд хохирогч газар унахдаа толгойгоо хадаасанд урсан.
...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, хохирогчоос уучлалт гуйсан.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Ш.Ш.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 01-ний орой Л.Л.Н-гээс 50,000 төгрөг аваад, үсээ засуулаад, танилтайгаа 1 шил архи авч уусан. Маргааш өглөө нь найзынхаа гэрт архи ууж байхад Л.Л.Н- ирээд ажилдаа явъя гэсэн. Би нэлээн согтуу байсан учир ажилдаа явахгүй гэхэд намайг гэрт хүргэж өгнө гэсэн. Би гэртээ орохгүй гэж эсэргүүцэхэд Л.Л.Н- намайг түлхэж унагаагаад, би унахдаа хадаасанд толгойгоо урсан.
...Гомдол санал байхгүй. Л.Н-тэй эвлэрсэн.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 6/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 7-9/,
-Гэрч Ч.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр үед Л.Н- ах түүнийг “одоо гэртээ орж амар, би маргааш чамд мөнгө өгнө” гэж хэлээд машинаасаа буулгаад орц руу нь оруулаад араас нь түлхсэн чинь Ш.Б- тэнцвэр алдаад цаашаа унаж байгаа харагдсан. Тэгээд босоод ирэхээр нь би зайнаас харахад толгойноос нь цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 15/,
-“Ш.Ш.Б-ийн биед баруун зулайн хуйхны шарх тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Ш.Ш.Б-ийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ш.Ш.Б-ийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 575 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 21/,
-“...баруун зулайн хэсэгт хуйх 1.5 см орчим язарсан, шарханд 5 ширхэг оёдол тавьсан байв, шарх цэвэр.” гэх Шарын гол сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хэргийн 22/,
-Шинжээч эмч Д.Т- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...уг дүгнэлтэд тусгагдсан баруун зулайн хуйхны шарх гэмтэл нь нэг удаагийн түлхэлтээр хатуу мохоо зүйлийг мөргөх, цохигдох үед үүсэх боломжтой гэмтэл болно.” гэх мэдүүлэг /хэргийн 23/болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Л.Л.Н- нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 09 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 39 дүгээр байрны 1 дүгээр орцонд иргэн Ш.Ш.Б-ийг “архи уусан” гэдгээр шалтаглан түлхэж хана мөргүүлэн, эрүүл мэндэд нь “баруун зулайн хуйхны шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 675 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 21/ нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч Л.Л.Н-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Ш.Б-ийн эрүүл мэндэд нь “баруун зулайн хуйхны шарх” бүхий хөнгөн хохирол учирсан боловч хохирогч Ш.Ш.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Л.Л.Н- нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 09 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 39 дүгээр байрны 1 дүгээр орцонд иргэн Ш.Ш.Б-ийг “архи уусан” гэдгээр шалтаглан түлхэж хана мөргүүлэн, эрүүл мэндэд нь “баруун зулайн хуйхны шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Л.Н-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Л.Л.Н- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусдад төлөх төлбөргүй байгаа зэрэг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн нөхцөл байдлуудыг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд сард 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Л.Л.Н-д анхааруулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Л.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Л.Н-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч Л.Л.Н-д оногдуулсан торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд сард 150000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Л.Л.Н-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Л.Л.Н-д анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Л.Н-д хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ