Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2026/00642

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Хулан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2026/00036 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* холбогдох,

үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 540 дүгээр магадлалаар *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 512,770,927 төгрөг, тэмдэгтийн хураамж 2,721,805 төгрөг гаргуулж *******-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад *******ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16-р хороо, 15-р хороолол, Дандарбаатарын гудамж, ******* байрны 1 тоот хаягт байрлалтай, 240.91 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг үнэлгээчин ******* 765,754,859 төгрөгөөр тогтоосон.

Хөрөнгийн үнэлгээний тайланд шинжилгээний объектын зургийн мэдээлэл байхгүйгээс үзэхэд тэрээр хөрөнгийн үнэлгээ хийх журам, стандартын заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

Зах зээлийн хандлагын аргаар хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд худалдахаар нийтэд санал болгосон 3 төрлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг үндэслэн харьцуулан судалсан. Судалгаанд ашигласан үл хөдлөх эд хөрөнгүүдийн 1 м.кв талбайн үнэлгээ нь 3,100,000 төгрөг, 4,018,547.14 төгрөг, 2,600,000 төгрөг гэх зэргээр харилцан адилгүй байх бөгөөд дунджаар авч үзэхэд барьцаа хөрөнгийн 1 м.кв талбайн үнэлгээ (3,100,000+4,018,547.14 +2,600,000):3=3,239,515.7 төгрөг болж байх бөгөөд нийт үнэлгээ 780,431,727.2 төгрөг болж байна.

Иймд хөрөнгийн үнэлгээчин нь барьцаа хөрөнгийн 1 м.кв талбайн үнэлгээг 3,178,593 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлгүй тул хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Шинжээч ******* нь дээрх хөрөнгийг 765,754,859 төгрөгөөр үнэлсэн болохыг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 4-92/16652 дугаар албан бичгээр төлбөр төлөгчид мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээний тайлан мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасан. Энэ хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Гуравдагч этгээд *******-ийн татгалзал, тайлбарын агуулга:

Төлбөр төлөгч нар зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийн хөндлөнгийн шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удаашруулах зорилготой байна.

Шинжээчийн гаргасан үнэлгээ нь хууль, журамд нийцсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 болон 55.7 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч ******* хариуцагч ******* холбогдуулан гаргасан 2024 оны 07 сарын 05-ны өдрийн огноотой хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Хөрөнгийн үнэлгээ хийх журам, стандартыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр А264, А154 дугаар тушаалын хавсралтаар баталсан. Журмын 3.2.4-т заасны дагуу шинжилгээ хийхдээ шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн томилсон төлөөлөл, зохигчдыг байлцуулан шинжилгээний объекттой биечлэн танилцаж, гэрэл зургаар баримтжуулах ёстой боловч уг ажиллагааг зохих ёсоор хийгдээгүй.

Судалгаанд ашигласан үл хөдлөх эд хөрөнгүүдийн 1 м.кв талбайн үнийн дүнгийн дунджаар авч үзэхэд барьцаа хөрөнгийн 1 м.кв талбайн үнэлгээ 3,239,515.7 төгрөг, нийт үнэлгээ нь 780,431,727.2 төгрөг болж байна. Тиймээс хөрөнгийн үнэлгээчин нь барьцаа хөрөнгийн 1 м.кв талбайн үнэлгээг 3,178,593 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлгүй.

5.2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, нэхэмжлэл гардуулах, тайлбар авах, мэтгэлцэх зарчим, нотлох баримт гаргах, цуглуулах зэрэг хэргийн оролцогчийн эрхийг хэрэгжүүлэх боломж олголгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Үнэлгээ зохих журмын дагуу гарсан, гуравдагч этгээдийн хувьд шүүхэд дуудах боломжгүй нөхцөл байдал үүссэн нь тогтоогдсон. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээд ******* нь хариуцагчийн байр суурийг дэмжиж оролцсон.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан зах зээлийн ханштай нийцээгүй гэж үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд нийцсэн гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн байр суурийг дэмжиж оролцсон.

 

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/3410 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2023/00540 дүгээр магадлалаар *******, ******* нараас 512,770,927 төгрөгийг гаргуулж *******-д олгож, үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж ******* байрны 1 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ******* дугаартай, 240.91 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэжээ.

 

3.1. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох *******ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж ******* байрны 1 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ******* дугаартай, 240.91 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд зааснаар 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр битүүмжилж, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хураан авчээ.

 

3.2. Хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг талууд харилцан тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 7/237 дугаар тогтоолоор шинжээчээр Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн мэргэшсэн үнэлгээчин *******ыг томилж, холбогдох эрх, үүргийг тайлбарлан өгчээ.

 

3.3. Улмаар шинжээч нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж ******* байрны 1 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ******* дугаартай, 240.91 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 765,754,859 төгрөгөөр үнэлсэн.

 

3.4. Хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

3.5. Нэхэмжлэгч нь үнэлгээний талаарх гомдлыг шүүхэд гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

 

4. Хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ дээр талууд харилцан тохиролцоогүй тул хариуцагчийн зүгээс үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт нийцжээ.

 

4.1. Шинжээч нь үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн төлөв байдлыг хөрөнгийн зориулалт, ашиглалтад орсон хугацаа, барилгын хийц, байршил, шугам сүлжээнд холбогдсон байдал зэргээр тодорхойлж, өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд зах зээл дээр худалдан борлуулахаар санал болгосон үл хөдлөх эд хөрөнгүүдийн жишиг хөрөнгийг сонгосон байна.

Эдгээр хөрөнгүүдийн үнэ өртөгт нөлөөлж болох хүчин зүйлс болох байршил, чанарын байдал зэрэг үзүүлэлтийг харьцуулалтын ач холбогдлоор нь зохих тохируулгыг хийж, зах зээлийн хандлагын аргаар 1 м.кв талбайн үнэлгээг 3,178,593 төгрөг, нийт 765,754,859 төгрөгөөр үнэлгээг тогтоосон.

Иймд шинжээчийн тогтоосон үнэлгээг шүүх үндэслэлтэй гэж зөв дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл, шинжээч тогтоосон үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд заасан үнэлгээ хийх журам, аргачлалын дагуу хийгдсэн, үнэлгээний тайланд тавигдах шаардлагыг хангасан байна.

 

4.2. Нэхэмжлэгчийн гаргасан үнэлгээний тайланд дурдсан 3 үл хөдлөх эд хөрөнгийн дундаж үнэлгээгээр хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоох ёстой байсан гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

Учир нь шинжээч нь тусгай мэдлэгийн хүрээнд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан журам, аргачлалыг ашиглан жишиг хөрөнгүүдэд зохих тохируулга хийсний үндсэн дээр үнэлгээ тогтоосон тул үнэлгээний тайланд дурдсан 3 үл хөдлөх эд хөрөнгийн дундаж үнэлгээгээр хөрөнгийн үнэлгээг шууд тогтоох боломжгүй юм.

 

4.3. Нэхэмжлэгчийн гаргасан шинжээч нь шинжилгээний объекттой биечлэн танилцаж, гэрэл зургаар баримтжуулаагүй, тайланд зургийн мэдээлэл байхгүй гэх тайлбар нь хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан гэрэл зургийн үзүүлэлт, шинжээч *******ын шүүх хуралдаанд өгсөн тайлбараар үгүйсгэгдсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4.4. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт нийцсэн байна.

Харин шийдвэрийн тогтоох хэсэгт шаардах эрхэд хамааралгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсгийг баримталсан нь оновчтой биш боловч энэ нь шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй тул уг хууль хэрэглээний алдааг үүгээр дурдав.

 

5. 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШЗ2024/23006 дугаар захирамжаар төлбөр төлөгч бөгөөд хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч *******ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэжээ.

Үүний дагуу нэхэмжлэлийн хувийг гардуулах, хариу тайлбар авах, хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлахаар гуравдагч этгээдийг шүүхэд дуудах ажиллагааг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд явуулсан байна.

Улмаар Цагдаагийн ерөнхий газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэс, Хил хамгаалах ерөнхий газар, Гадаад харилцааны яам зэргээс ирүүлсэн албан бичиг, илтгэх хуудсаар *******ийг шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Энэ нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШЗ2026/00243 дугаар захирамжаар гуравдагч этгээд *******ийг шүүх хуралдаанд оролцуулахаар гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж, хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Иймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд *******ийг оролцуулаагүй, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй гэх гомдлыг хангахгүй орхив.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2026/00036 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.ХУЛАН

 

Т.БАДРАХ