| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0330/Э |
| Дугаар | 358 |
| Огноо | 2019-10-02 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 358
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, Н.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Ш.Баяраа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Хохирогч М.Ш.А-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч О.О.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт О.Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1918004150354 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, О.Д-, 1994 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, “Мөнх-Ундрам” ХХК-д нарийн боовчин ажилтай, ам бүл 7, эцэг, эх, нөхөр, охин, дүү нарын хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч О.О.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 16-17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Ханжаргалангийн 12-07 тоотод байх өөрийн гэртээ хамтран амьдрагч М.Ш.А-г бусадтай хардан хэрүүл маргаан үүсгэж, улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, түүний баруун далан тус газарт нь хутгалж “баруун даланд цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, цус хуралдалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч О.О.Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирогчийн биед халдсан эсэхээ сайн мэдэхгүй байна, буруу үйлдэл хийснээ мэдэж байгаа.
...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй.” гэх мэдүүлэг,
-Хохирогч М.Ш.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр би найзуудынхаа хамтаар гол руу яваад орой нь 21:00 цагийн үед гэрт ирэхэд О.О.Д- байхгүй байсан. Би утасгүй тул хадам ээжийн утсаар О.О.Д- руу залгахад “Шинэ дарханд нэг зочид буудалд 2 найзтайгаа хамт байна, чи хүрээд ирээч.” гэхээр нь би очиж хамт ууж сууж байгаад гэр лүүгээ 12:00 цагийн үед явсан. Гэтэл нөгөө 2 найз нь утасдаж “хамт архи ууя.” гэхэд нь бид хоёр хуучин зах дээр хүлээж байгаад бүгдээрээ хамт манай гэрт очиж архи уусан. Бид хоёр маргалдаж, өглөө босож би ажилдаа явах болоход О.О.Д- “чи явна гээ биз дээ, одоо зайлаач” гэхэд нь би Б- гэдэг найзыгаа дуудаж, өөрийн гэсэн юмаа аваад явсан. Тэгтэл өдөр нь 12:00 цагийн үед О.О.Д-гийн утаснаас Б- эхнэр залгаж “үлдсэн юмаа ирж ав гэж байна.” гэж хэлсэн. Би өдөр ирж өөрийн 2 гутал байсныг аваад явсан. Тэр өдрийн орой нь би М- гэдэг найзыгаа дуудаж, Батжаргалын гэрт очиж, бид хамт архи уусан юм. Би тэр айлдаа хононо гэж байснаа санаж байгаа, тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байгаа юм. Хэрхэн, яаж гэртээ очсоноо санахгүй байна. Өглөө эмнэлэгт сэрснээ л санаж байна.
...одоо биеийн байдал зүгээр. 9 хоног эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн, эмч нар намайг азтай байна гэж хэлсэн. Одоо зовуурь байхгүй. Намайг эмнэлэгт байхад О.Д- өдөр шөнөгүй сахиж байсан. Бид одоо байр түрээслээд хамтдаа амьдарч байгаа. Ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/,
-Хэрэг учрал гарсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Ханжаргалангийн 12 дугаар гудамжны 07 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 5-8/,
-“Discovery” гэсэн хар өнгийн бичигтэй, улаан өнгөтэй даавуун цамц 1 ширхгийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хавтаст хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 12-13/,
-“Discovery” гэсэн хар өнгийн бичигтэй, улаан өнгөтэй даавуун цамц 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр хураан авсан 1 ширхэг хутга, зэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 14-15/,
-Гэрч Л.С- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 06 сарын 02-ны орой охин О.Д-, хүргэн Ш.А- хоёр эрэгтэй, эмэгтэй найзтайгаа 00:00 цагийн орчим ирж байгаа сонсогдсон. Тэгээд би өнөөдөр өдөр 16:00 цагийн орчим гэртээ байж байтал нөгөө гэрээс охин О.О.Д- “ээж ээ” гээд орилсон. Тэгэхээр нь би гайхаад дунд охин О.О-ыг “ороод үз дээ” гэж хэлээд оруулсан. Тэгсэн удалгүй О- орж ирээд “ээж ээ, Ш- ах ухаан алдсан байна, түргэн тусламж дуудах хэрэгтэй.” гэж хэлсэн. Тэгэхээр нь би О.Д-гийн гэрт ороод хартал гэрийн үүдэнд охин О.О.Д- хүргэн Ш- тэвэрчихсэн шал, хувцас нь цус болчихсон байдалтай байсан. Тэгээд би юу болсныг нь мэдээгүй хараад байж байтал эмч ирээд Ш.А-г босгоод аваад явах гэтэл нуруу орчим нь шархтай байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 20-21/,
-Гэрч Б.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...О.Д-, Б- нарын ууж байсан пиво дууссан тул дахиж 2 ширхэг 2.5 литрийн пиво авч бид гурав уугаад сууж байсан чинь О.Д-гийн нөхөр Ш.А- 12 цаг өнгөрч байхад согтуу ирсэн бөгөөд тухайн үед нь ууж байсан пиво ч дууссан тул би явлаа гээд явсан. Тухайн үед О.Д- унтлаа гээд хөнжилдөө ороод хэвтсэн. Харин манай найз залуу Б-, Ш.А- нар юм яриад үлдсэн. Ингээд гэртээ байхад орой 17-18 цагийн үед Б- над руу яриад “О.Д- Ш.А-г хутгалчихсан юм шиг байна.” гэж ярихаар нь би яваад очсон чинь О.Д-г цагдаагийн машинд суулгачихсан, Ш.А-г эмнэлэг рүү аваад явчихсан байсан.
...Намайг О.Д-гийн гэрт байхад Ш.А- 12 цаг өнгөрч байхад гаднаас согтуу байдалтай гэртээ ирсэн бөгөөд тухайн үед бол Ш.А-н биед ил харагдах гэмтэл шарх байхгүй зүгээр байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 26-27/,
-Гэрч Ц.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би утсаар О.Д-гийн гар утас руу залгаад “танайд очоод ганц шил архи хуваагаад уучихъя.” гэхэд “тэг тэг” гэхээр нь би хамтран амьдрагч О- дагуулаад шинэ захын орчим дөрвүүлээ уулзаад М.Ш.А-, О.О.Д- нарын гэрт нь очсон. Гэрт нь орохдоо 0.75 литрийн “Хараа” архи авч орсон бөгөөд тухайн архийг ууж байгаад би тасраад тэдний гэрт унтчихсан байсан. Ингээд унтаж байгаад сэрэхэд О.Д- Ш.А-г хөөгөөд явуулчихсан гээд ганцаараа байсан бөгөөд О.Д- надад мөнгө өгөхөөр нь би дэлгүүрээс 2.5 литрийн пиво авч орж ирээд дөнгөж уугаад эхэлж байтал манай хамтран амьдрагч О- орж ирсэн. Ингээд гурвуулаа пиво уугаад дуусгасан. Дахиад хоёр 2.5 литрийн пиво уусан бөгөөд тэгж байхад О- гараад явахаар нь бие засах гэж явсан юм байх гэж бодоод хүлээгээд байсан ирээгүй, тэр чигээрээ явчихсан байсан. О- явсны дараа би нилээн согтож, ухаан орон гаран байсан. Нэг мэдэхэд Ш.А- ирчихсэн надтай юм яриад сууж байсан бөгөөд намайг сайн яваарай гээд хашаанаасаа гаргаж өгөөд буцаад гэр рүүгээ орж байсныг санаж байна. Би тэндээс гараад төрсөн ахынх руугаа 12-13 цагийн үед очоод утсаа цэнэглэж байгаад нам унтчихсан байсан. Тэгээд өдөр 17 цагийн үед сэрчихээд гараад 1 дүгээр сургуулийн орчим явж байгаад М- гээд танилтайгаа тааралдсан чинь “танай О-ийн найз О.Д- гэдэг хүүхэн хамтран амьдрагч Ш.А-гаа хутгалчихсан байна шүү дээ” гэж ярьсан.
...2019 оны 06 дугаар сарын 02-ноос 06 дугаар сарын 03-нд шилжих шөнө тэдний гэрт архи ууж байхад М.Ш.А- нь О.Д-г архи дарс ууж явлаа гээд уурлаад бага зэрэг маргалдаад байсан. Түүнээс О- бид хоёрын нүдэн дээр хоорондоо зодолдож цохилцсон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 28/,
-Гэрч Б.Б.О-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдрийн өглөө намайг 08 цагийн үед ажилдаа явах гэж байхад О.О.Д- шал согтуу гэрээсээ ажилдаа явна гэж гарч байснаа “чөлөө авчихлаа” гээд гэр рүүгээ орж байсан. Тэр үед түүний найз нь гэх эхнэр, нөхөр хоёр байсан. Намайг үдийн цайндаа ирчихсэн байхад хүртэл О.О.Д- согтууруулах ундааны зүйл ууж байгаа бололтой чимээ сонсогдож байсан. Манай хашаанд О.О.Д- нь нөхөр М.Ш.А-н хамтаар илүү гэрт амьдардаг бөгөөд энэ хашаанд 4 сар орчим болж байна. Тухайн өдөр ажил дээрээ тос масло зараад сууж байхад манай эхнэр Сүнжидмаа 15 цагийн үед “О.О.Д-, М.Ш.А-г хутгалаад нэгнийгээ алчихсан юм шиг байна, түргэн тусламж дуудчихлаа, чи гудамжинд түргэний машиныг тосч байгаад хүрээд ир.” гэхээр нь би гудамжныхаа үзүүрт эмнэлгийн машиныг 10-15 минут хүлээж байгаад ирэхээр нь дагуулаад ирсэн. М.Ш.А-, О.О.Д- нарын гэрт ороход О.О.Д- нь М.Ш.А-гийн толгойг нь өвөр дээрээ тавиад тэвэрчихсэн уйлсан байдалтай шалан дээр хоёулханаа сууж байсан. Тухайн үед гэрийн шал нил цус болчихсон байсан. Ингээд эмнэлгийн машинд М.Ш.А-г хэвтүүлээд О.О.Д-г хамт шууд эмнэлэг рүү явуулсан.” гэх мэдүүлэг /хэргийн 30-31/,
-Гэрч Н.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний утас руу О.О.Д-гийн хойд эцэг Ч- гээд хүн залгаад “М.Ш.А-г О.О.Д- хутгалчихсан байна, цустайгаа холилдсон байхаар нь эмнэлэг дуудаад явуулчихлаа, ар гэрийнхэнд нь утсаар мэдэгдээд өгөөч.” гэхээр нь би -.А-гийн ах П-, А- гэдэг хүмүүс рүү утастаад “танай дүү чинь хутгалуулаад эмнэлэг рүү явсан гэж байна.” гэдгийг нь хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 32/,
-Гэрч М.П- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн үдээс хойш 16-17 цагийн үед шиг санаж байна. Манай дүү М.Ш.А-гийн найз Батжаргал гэдэг залуу утасдаад “дүү чинь хутгалуулаад эмнэлэг рүү хүргэгдсэн гэж байна.” гэдгийг хэлсэн. Тэгэхээр нь би дүү А-а хамтаар эмнэлэг рүү явж дүүтэйгээ уулзахад согтуу байдалтай байсан ба намайг харчихаад “ёо ёо” гээд уйлаад байсан. Түүнээс “юу болсон бэ?” гэхэд юу ч ярихгүй байсан. Ингээд эмнэлэгт хэвтээд 4-5 хоносны дараа түүнээс “ер нь юу болсон юм бэ?, хэнд юунаас болж хутгалуулсан юм бэ?” гэж асуухад “би гэртээ очоод О.О.Д-тай хэрэлдэж маргалдаад гэрээсээ явлаа гээд явах гэхэд араас О.О.Д- хутгалчихсан.” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 33/,
-Насанд хүрээгүй гэрч О.О.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хичээлээсээ ирчихээд гэртээ унтаж байгаад сэрээд хэвтэж байсан чинь манай хажуу гэрт байдаг эгч О.О.Д- “ээж ээ” гээд орилоод байсан. Тухайн үед манай ээжийн хөл нь өвчтэй сайн явж чадахгүй байсан учир намайг ороод юу болсныг хар гэхээр нь би эгч О.О.Д-гийн гэрт ороход манай эгч О.О.Д- гэрийнхээ зуухны ертөнцийн зүгээр зүүн талд буюу хаалгаар ороход баруун гар талд шалан дээр М.Ш.А-гийн толгойг өвөр дээрээ тавьчихсан уйлаад сууж байсан бөгөөд намайг харчихаад “эмнэлэг дуудаарай.” гэхээр нь би буцаж гэр рүү орж ээж С- эмнэлэг дуудаарай гээд уйлаад сууж байна гэдгийг хэлсэн. Тухайн үед М.Ш.А-, О.О.Д- нар хоёулхнаа байсан. Тэгээд ээж маань эмнэлэг рүү дуудлага өгч байх шиг байсан. Удаагүй дахиад О.О.Д-гийн гэрт ороход .А-гийн хаанаас гэдгийг нь мэдэхгүй биеэс нь цус гараад шал нил цус болчихсон байсан. Удалгүй эмнэлэг ирээд М.Ш.А-г босгоод эргүүлж харуулахад баруун дал орчмоос нь цус гарч байгаа харагдаж байсан. Тэгээд эмнэлгийн машинд М.Ш.А-г О.О.Д-гийн хамт суулгаад авч явсан.
...Намайг анх О.О.Д- эгчийн гэрт ороход М.Ш.А- нүдээ аньчихсан ухаангүй байдалтай байсан. Тухайн үед М.Ш.А-, О.О.Д- нар хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой харагдаж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 37/,
-Хохирогч М.Ш.А-гийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх, үзлэгийн тэмдэглэл зэрэг эмнэлгийн баримтууд /хэргийн 40-53/,
-“М.Ш.А-гийн биед баруун даланд цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 503 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 56-57/,
-“Шинжилгээнд ирүүлсэн шинжлэгдэж байгаа хутганд гарын мөр байгаа эсэхийг тогтоох зорилгоор хар өнгийн сажаа нунтаг ашиглан мөр үзэхэд уг хутган дээрээс ямар нэг гарын мөр илрээгүй. Шинжилгээнд улаан өнгийн ноосон цамц баруун мөрний оёдлоос доош 17 см зайд зүүн дээш хөндлөн чиглэлтэй 1.8 см хэмжээтэй зүсэгдэлт үүссэн байна. Шинжлэгдэж байгаа зүсэгдэлт нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Шинжилгээнд ирүүлсэн шинжлэгдэж байгаа улаан өнгийн ноосон цамцанд үүссэн гэмтэл нь шинжилгээнд ирүүлсэн шинжлэгдэж байгаа хар өнгийн иштэй хутгаар үүсгэгдсэн байж болно.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 59 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 61-65/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч О.О.Д- нь хохирогч М.Ш.А-гийн баруун далан тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь “баруун даланд цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, цус хуралт” бүхий гэмтэл учруулсан нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т заасан “учрах үедээ амь насанд аюултай, гэмтлийн хүнд зэрэг”-т хамаарч байх тул түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч О.О.Д-г зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүний эрүүл мэнд хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.Ш.А-гийн эрүүл мэндэд “хүнд” хохирол учирсан болох нь 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 503 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 56-57/ нотлогдож байх бөгөөд хохирогч М.Ш.А- нь шүүхийн хэлэлцүүлэгт “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч О.О.Д-гаас гаргуулах төлбөргүй байна гэж шүүх үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна” гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч О.О.Д-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 16-17 цагийн орчим өөрийн гэртээ хамтран амьдрагч М.Ш.А-г бусадтай хардан хэрүүл маргаан үүсгэж, улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, түүний баруун далан тус газарт нь хутгалж “баруун даланд цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, цус хуралдалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч О.О.Д- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ар гэрийн болон хувийн байдал, хохирогчийн хүсэлт зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар 3 жил 4 сар 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан 3 жил 4 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч О.О.Д- нь энэ хэрэгт 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 8 хоногийг хорих ялын 8 хоногоор тооцон эдлэх ялаас хасаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Discovery” гэсэн хар өнгийн бичигтэй, улаан өнгөтэй даавуун цамц 1 ширхэг, хар өнгийн иштэй хутга нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.О.Д- нь 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Д, -А-, 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин О.Д-гийн А- нарын төрсөн эх /хэргийн 100-101/ болох нь төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
2012 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү А-, А- нарын төрсөн эцэг Г.Д- нь хаана байгаа нь тодорхойгүй, эх О.О.Д- нь амьдралын боломжгүйн улмаас 2018 оны 06 дугаар сараас эхлэн хүү Д.А-, Д.А- нар нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн иргэн Б.Б- амьдарч байгаа болох нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, гэрч Б.Б- нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Ан-, Ам-, 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин О.Д-гийн А- нарт асран хамгаалагч тогтоохыг Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор сумын Засаг дарга нарт үүрэг болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч О.О.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч О.О.Д-гийн эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О.Д-г зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч О.Д-д 3 жил 4 сар 1 хоногийн /гурван жил дөрвөн сар нэг хоног/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.О.Д-д оногдуулсан 3 жил 4 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч О.О.Д-гийн энэ хэрэгт 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 8 /найм/ хоногийг хорих ялын 8 хоногоор тооцож эдлэх ялаас хассугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Discovery” гэсэн хар өнгийн бичигтэй, улаан өнгөтэй даавуун цамц 1 ширхэг, хар өнгийн иштэй хутга нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-т зааснаар 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Ан-, Ам-, 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин О.Д-гийн А- нарт асран хамгаалагч тогтоохыг Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор сумын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч О.О.Д-гийн эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.О.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Г.ГЭРЭЛТ-ОД
Н.ИДЭР