| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоо Нямсүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/02637/и |
| Дугаар | 210/МА2026/00602 |
| Огноо | 2026-03-18 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2026/00602
2026 03 18 210/МА2026/00602
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/11293 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох,
Гуравдагч этгээд *******, *******,
Нэхэмжлэлийн шаардлага: *******, ******* нарын хооронд 2023.01.06-ны өдөр байгуулсан орон сууц бэлэглэх тухай, мөн талуудын хооронд 2023.01.11-ний өдөр байгуулсан авто зогсоол бэлэглэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг, тус үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч ******* болохыг тус тус тогтоох тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Г.Нямсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, гуравдагч этгээд *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие *******тай 2017 онд танилцаж, 2019.01.11-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж хамтран амьдарсан. Бидний дундаас 2020.11.12-ны өдөр хүү ******* төрсөн. ******* нь мөрийтэй тоглоомд орж гэр бүлээ хайхрахаа больсон цагаас эхлэн хамт амьдрахад хэцүү байсан тул гэрлэлтээ цуцлуулах шийдвэр гаргаж дундын эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгээ гаргуулахаар шаардсан бөгөөд гэрлэлтийг цуцалж, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, *******ийн гудамж, ******* байрны ******* тоот хаягт байрлах 70,02 м.кв орон сууц, тус байрны ******* дугаар давхрын ******* тоот хаягт байршилтай 12,72 м.кв авто зогсоолыг тус тус бидний дундын өмч гэж үзэн нийт 560,741,000 төгрөгөөр үнэлж, түүний 50 хувь болох 280,370,500 төгрөгийг ******* надад олгож шийдвэрлэсэн.
1.2. ...Дээрх шийдвэрийг хэрэгжүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт хандахад хөрөнгийн өмчлөгч нь ******* биш гэх үндэслэлээр шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй болсон. ******* нь 2023.01.06-ны өдөр дундын эд хөрөнгийг гэрлэлт цуцлах болсон шалтгааны улмаас өөрийн өвөө *******д шилжүүлсэн нь миний эрх ашгийг зөрчиж, хууль зөрчсөн үйлдэл гаргасан. Дээрх хууль бус гэрээнүүдийг цуцалж дундын эд хөрөнгөөс ноогдох хэсгийг өг гэсэн боловч хариуцагч “миний өмч биш” гэх тайлбар гаргаж өнөөдрийг хүртэл хохироосон.
1.3. Маргаан бүхий эд хөрөнгүүдийг бусдад шилжүүлэхдээ надаас зөвшөөрөл аваагүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 128 дугаар зүйлийн 128.2, 128.3, 128.4-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
1.4. ...Орон сууц, авто зогсоолыг хариуцагч 2021.09.23-ны өдөр худалдан авч, өмчлөгч болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т гуравдагч этгээдийн талаар зохицуулсан. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар зөвшөөрөх, татгалзах эрхгүй.
1.5. Гэр бүлийн тухай хуульд хүүхдийн эрх ашгийг төр хариуцахаар заасан. Гэр бүл болсноос хойш бий болсон хөрөнгө нь дундын эд хөрөнгөд хамаардаг. Хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож шийдсэн боловч үр дагаврыг шийдээгүй орхигдуулсан гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэгчтэй 2018 онд гэрлэлтээ батлуулсан. 2020 онд маргаан бүхий байранд нүүж орсон. 2021 оны 9 сард гэрээ байгуулж ордер авсан. 2021 оны эхээр шүүх хурал болсон бөгөөд би гэр бүлээ авч үлдэхийн тулд өвөөтэйгөө зөвлөж бэлэглэлийн гэрээгээр эд хөрөнгийг шилжүүлэн буцаан авахаар тохиролцсон боловч хэрэг хянан шийдвэрлэх явцад өвөө нас барсан. Би гэр бүлдээ эд хөрөнгийн талын өгөхийг зөвшөөрсөн тул хөрөнгөө зараад шийдвэрийг биелүүлэх боломжтой. Би өвөөгийнхөө компанид ажилладаг. Өвийн асуудлын талаар мэднэ. Энэ хэрэгт ямар хамааралтайг нь ойлгохгүй байна. Гэр бүл салах үед эд хөрөнгийг авах тул итгэлтэй хүн рүү эд хөрөнгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1. Миний аав ******* нь 2024.03.20-ны өдөр зуурдаар нас барсан. Миний аав амьд сэрүүндээ энэ хоёрыг элэг бүтэн яваасай гэж хүссэн учраас тус байрыг бэлэглэлийн гэрээгээр өөрийн нэр дээр шилжүүлсэн. *******, ******* нар нь бидний үгэнд оролгүй гэрлэлтээ цуцлуулж шүүхээс эд хөрөнгийг 50 хувиар тооцож *******д олгохоор шийдвэрлэсэн. ******* нь ач хүүтэй минь хамт амьдарч байгаа учраас орон байр хэрэгтэй тул мөнгөө төл гэж шаардсан нь үнэн. Гэвч *******т мөнгө байхгүй учраас өөрийн нэр дээр байсан хөрөнгөө зарах шаардлагатай болсон. ******* нь гэр бүлээ авч үлдэхийн тулд өвөө рүүгээ бэлэглэлийн гэрээгээр байраа шилжүүлсэн нь үнэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ын тайлбар, татгалзлын агуулга:
4.1. ...Гэрээг хүчингүй болгох үндэслэл байхгүй бөгөөд өвийн маргаан үүссэн тул тус хэргийг шийдвэрлэх боломжгүй. Нэхэмжлэгч, хариуцагч нь нэг байр суурьтай байгаа бөгөөд талуудын хооронд 3 төрлийн маргаан үүссэнээс нэг маргаан нь энэ хэрэг. *******ы өмчлөлийн 9 эд хөрөнгөтэй холбоотойгоор *******д холбогдох хэрэг хянагдаж байгаа. Энэ талаарх лавлагааг хэрэгт өгсөн. Үүний хоёр нь энэ хэргийн маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө. Тус хэрэгт хариуцагчийн өмгөөлөгч ******* оролцдог. Мөн өв залгамжлагч болохыг тогтоохоор шүүхэд хандсан. Хариуцагчийн эд хөрөнгө гэж үзэж өвлөгдөх эд хөрөнгө биш гэж үзэн энэ хэргийг үүсгэсэн гэж хардаж байна. ******* нь нас барсан. Үүнээс хойш өвийн асуудал маргаан дагуулсан. Гэрлэгчдийн хэн нэг нь нас барвал нөгөө тал нь өөрт ногдох хэсгийг гаргуулах асуудал яригдана. Иймд 50 хувийг *******т, үлдэх 50 хувийг өвлөгчид хуваах талаар маргаж байгаа. Үүний дараа энэ хэргийн нэхэмжлэлийг гаргасан тул нөгөө хэрэгтэй хамааралтай гэж үзнэ.
4.2. Бэлэглэлийн гэрээний нэг тал нас барсан тул түүнийг оролцуулахгүйгээр хүчингүй болгох үндэслэлгүй. Өв залгамжлагч тодорхой болсны дараа өв залгамжлагчтай холбогдуулан ярих ёстой. Бэлэглэгчийг хариуцагчаар татаж өвлөгч нарыг оролцуулахгүйгээр ажиллагаа явуулсан нь буруу. Хүчин төгөлдөр эсэх маргааныг өвлөгч нарыг оролцуулж шийдэх ёстой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. ******* нь өргөж авсан охин нь бөгөөд хариуцагч нь түүний хүү. Талийгаач нас барсны дараа өвийн талаар маргасан...Гэрээг хүчингүй болгох асуудлын хувьд талууд заавал оролцох ёстой гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
5.1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үндэслэлгүй тул хариуцагч *******т холбогдох 2023 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр байгуулагдсан ******* дүүрэг ******* дугаар хороо, ******* дугаар хороолол *******ийн гудамж, ******* байрны ******* тоот хаягт байрлах 70,02 м.кв орон сууц бэлэглэх гэрээ, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ******* байрны ******* дугаар давхрын ******* тоот хаягт байршилтай 12,72 м.кв авто зогсоол бэлэглэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, тус эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч нь ******* мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг үндэслэн бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, тус эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч нь ******* мөн болохыг тогтоох шаардлага гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар гаргасан. Энэ тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар шийдэх ёстой.
6.2. Шийдвэрийн үндэслэх хэсэгт 2024.08.26-ны өдрийн 181/ШШ2024/03094 дүгээр шийдвэрийг тайлбарлахдаа маргаж буй бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн гэдгийг зөвшөөрч гэрээний зүйлийн ногдох хэсэгт мөнгөн хөрөнгө гаргуулах шаардлагыг зөвшөөрсөн байна гэж тайлбарласан боловч маргаж буй 2 үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн эсэх үйл баримтыг дүгнээгүй гэсэн нь ойлгомжгүй. Дээрх шийдвэрээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзэн тус эд хөрөнгүүдийн 50 хувийг мөнгөн дүнгээр тооцож нэхэмжлэгчид төлөхөөр шийдвэрлэсэн. Өөрийн өвөг эцэг *******д эд хөрөнгийг шилжүүлэхдээ нэхэмжлэгчээс зөвшөөрөл аваагүй нь үнэн гэсэн хариуцагчийн тайлбарыг үндэслэн дундын эд хөрөнгийг хуваарилж шийдсэн. Гэвч шүүх тус эд хөрөнгө нь гэр бүлийн дундын өмч мөн гэдэг нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-т нийцэхгүй.
6.3.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, хариуцагч болон гуравдагч этгээд *******ийн тайлбар, 2024.08.26-ны өдрийн 03094 дүгээр шийдвэр, “*******” ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан 2021.09.23-ны өдрийн ******* дугаар автомашины зогсоол худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн ******* дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудад ач холбогдол өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг тус тус зөрчсөн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
7. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
7.1. ...Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээнүүдийг 2024.08.06-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан анхан шатны шүүх анхаарч үзээгүй бөгөөд шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д заасныг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн дээрх шийдвэрээр нэхэмжлэгчийн гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болохыг анхаараагүй.
7.2. Хэргийн 47-р талд авагдсан “Хорскинг инвестмент” ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан 2021.09.23-ны өдрийн 508 дугаартай автомашины зогсоол худалдах-худалдан авах гэрээ, мөн өдрийн ******* дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээг, хэргийн 7, 9-р талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд болон бусад нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Энэхүү гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгүүдийг миний бие 2021.09.23-2023.01.06-ны өдрийг хүртэл 1 жил 4 сарын хугацаанд өмчилж байсан. Мөн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэдгийг 2024.08.26-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр тогтоосон. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
8. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн тайлбар, үндэслэлийн агуулга:
8.1. *******ыг оролцуулахгүйгээр энэ процесс шийдвэрлэгдэх боломжгүй. ******* нас барсан тул түүний хууль ёсны өв залгамжлагчийг тогтоосны дараа өв залгамжлагч нарт холбогдуулан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах асуудал яригдана. Талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд адил байр суурьтай оролцдог. ******* хүлээн зөвшөөрсөн гэж үзэж шийдвэрлэх боломжгүй. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө *******ын нэр дээр байсан, захиран зарцуулах эрхтэй урчаас бэлэглэлийн гэрээ байгуулсан. Хариуцагч мөрийтэй тоглоомын хамааралтай болж, өөрийн эд хөрөнгийг зарж, 300,000,000-400,000,000 төгрөгийн өрөнд орсон учраас байраа буцааж авсан. Шүүхийн шийдвэрээр гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж тогтоосон. Ногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр өгөхөөр шийдвэрлэсэн болохоос биет байдлаар буцаан өгөх асуудлыг шийдвэрлээгүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 2023.01.06-ны өдөр байгуулсан ******* дүүрэг ******* дугаар хороо, ******* дугаар хороолол *******ийн гудамж, ******* байрны ******* тоот хаягт байрлах 75,02 м.кв, 3 өрөө орон сууц бэлэглэлийн гэрээ, 2023.01.11-ний өдөр байгуулсан, мөн ******* байрны ******* дугаар давхар ******* тоот хаягт байрлах 12,72 м.кв авто зогсоол бэлэглэлийн гэрээгээр хариуцагч гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг гэр бүлийн гишүүний зөвшөөрөлгүйгээр *******д шилжүүлсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг, тус үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч ******* болохыг тус тус тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч болон гуравдагч этгээд ******* нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн бол гуравдагч этгээд ******* “бэлэглэлийн гэрээний нэг оролцогч нас барсан ба өв залгамжлагчдын хооронд шүүхийн маргаантай байгаа, хөрөнгийн өв залгамжлагчдыг тогтоосны дараа шийдвэрлэх асуудал” гэх үндэслэлээр эс зөвшөөрсөн тайлбар гаргажээ.
3.Зохигчдын гэрлэлтийг цуцалсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.08.26-ны өдрийн 181/ШШ2024/03094 дугаар шийдвэрээр гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлагын талаар “...маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлсэн 2023.01.06-ны өдрийн бүртгэлийн *******, 2023.01.11-ний өдрийн бүртгэлийн ******* дугаартай бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг зөвшөөрч, эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийн нийт үнэ 560,741,000 төгрөгийн 50 хувь болох 280,370,500 төгрөгийг шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэгч *******д төлөх, төлүүлэх” гэсэн агуулгаар эвлэрснийг шүүх баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-15-19/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт дахин нотлохгүй буюу хөндөхгүй.
4.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдэл зөв боловч нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хоёр хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, уг хэлцлүүдийн үр дагаврыг арилгуулахаар шаардлага гаргах эрхтэй эсэхэд дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгч уг шаардлагыг гаргах эрхгүйг анхаараагүй байна.
4.1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.08.26-ны өдрийн 181/ШШ2024/03094 дугаар шийдвэрээр гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж тодорхойлсон буюу одоо маргаж буй орон сууц, автозогсоолоос нэхэмжлэгч ******* өөрт ногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр гаргуулахаар эвлэрч шийдвэрлэснээр тухайн хөрөнгөтэй холбоотой аливаа шаардлага гаргах эрх түүний хувьд дуусгавар болжээ.
Тодруулбал, нэхэмжлэгч Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4-т зааснаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэхдээ дундын хөрөнгөөс мөнгөн хэлбэрээр хангуулж шийдвэрлэсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар тухайн хөрөнгийг өөрийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсан гэсэн үндэслэлээр дахин шаардах боломжгүй.
Иймээс нэхэмжлэгчийг эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн сонирхогч этгээд гэж үзэхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл зөв юм.
4.2.Нэхэмжлэгч хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг шаардах эрхгүй гэж дүгнэсэн тохиолдолд шүүх дээрх хоёр хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэх үндэслэлгүй. Учир нь тухайн хэлцлийн талаар шаардлага гаргах эрх бүхий этгээд нь нэхэмжлэгч биш байхад маргаж буй хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар шүүх дүгнэсэн нь талуудын зарчимд нийцэхгүй.
4.3.Хэдийгээр нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн ч хариуцагчийн зөвшөөрөл, эсвэл талуудын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх урьдчилсан нөхцөл хангагдах учиртай. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн байр суурьтай оролцсоноос улбаалан анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлээгүйг буруутгахгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй үндэслэлгүй.
5.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.4-т “шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа” гэж заасанд нийцээгүй байх тул уг гомдлыг давж заалдах гомдол гаргасан гэж үзэж эрх зүйн дүгнэлт өгөхгүйг дурдав.
6.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/11293 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
Г.НЯМСҮРЭН