Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 588

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүгч Л.Соёлмаа би Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Б.Занданбалд холбогдох “Зээл, зээлийн хүү, алданги 6.409.699 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:                     

Нэхэмжлэгч Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум Салхит 3-р баг 2-р хэсэг 014б тоотод оршин суух Бадарч овогтой Занданбал нь 2012 оны 05-р сарын 18-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас “Эмийн ургамал”-ын төсөл хэрэгжүүлэхээр 8.000.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Иргэн Б.Занданбалын зээлийн гэрээний хугацаа 2015.05.18-ны өдөр дууссан бөгөөд одоо болтол зээлээ төлж дуусаагүй байна .Имйд иргэн Б.Занданбалын үндсэн зээл 6.085.475 төгрөг, зээлийн хүү 167.785 төгрөг, алданги 156.439 төгрөг, нийт 6.409.699 төгрөгийг Б.Занданбалаас гаргуулан төрийн сангийн 131455401 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү гэжээ.    

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 3 дугаар баг 2-р хэсэг 107 тоотод оршин суух Алаг адуу овогт Осорын Бадарч /МЮ-64110961/  нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний хүү Занданбал нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Сум хөгжүүлэх сангаас 2012 оны 05-р сарын 18-ны өдөр 8.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Одоо нийт зээлийн үлдэгдэл болох 6.409.699 төгрөгийг төлж барагдуулна. Татгалзах зүйл байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Б.Занданбалд холбогдуулан “Зээл, зээлийн хүү, алданги 6.409.699 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан “...Миний хүү Занданбал нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Сум хөгжүүлэх сангаас 2012 оны 05-р сарын 18-ны өдөр 8.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Одоо нийт зээлийн үлдэгдэл болох 6.409.699 төгрөгийг төлж барагдуулна. Татгалзах зүйл байхгүй...” гэх тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 6.409.699 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 117.505 төгрөгийн тал хувь болох 58.752 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй. 

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Занданбалд холбогдох “Зээл, зээлийн хүү, алданги 6.409.699 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 6.409.699 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 117.505 төгрөгийн тал хувь болох 58.752 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                       Л.СОЁЛМАА