| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0356/Э |
| Дугаар | 365 |
| Огноо | 2019-10-09 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 365
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгч Г.Г.Б-ын өмгөөлөгч И.Атарбямба,
Шүүгдэгч О.О.Б-ын өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч Б.Б.Ц-ын өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ,
Шүүгдэгч Г.Г.Б-а, О.О.Б-, Б.Б.Ц-а нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-а, О.Б-, Б.Ц-а нарт холбогдох эрүүгийн 1918003400387 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, Г.Б-а, 1997 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч дүү нарын хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
2.Монгол Улсын иргэн, О.Б-, 2001 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хугацаат цэргийн албан хаагч, ам бүл 3, эх, дүүгийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
3.Монгол Улсын иргэн, Б.Ц-а, 1995 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Г.Б-а, О.О.Б- нар нь бүлэглэн, мотоцикль ашиглан:
-2019 оны 05 дугаар сарын 03-наас 05 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал 2 дугаар багийн “Цагаан нуур” гэх газраас Ш.Ш.Ц-ын мухар шар халзан эм хонь 1, улаан толгойтой эм хонь 1, нийт 2 тооны хонь хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн “Элсэн карьер” гэх газраас Б.Б.Д-гийн хар толгойтой хоёр тооны төлөг хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн “Ноён Хонгор” гэх газраас Н.Н.Т-ын хар толгойтой 1 тооны эр соёолон хонь хулгайлж 200.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Төмсөн толгой” гэх газраас Г.Г.Б-ийн нас гүйцсэн 1 тооны эр хонь хулгайлж 230.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн “Ноён Хонгор” гэх газраас Н.Н.Ц-гийн 2 толгой хонь хулгайлж 360.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Г.Б-а, Б.Б.Ц-а нар нь бүлэглэн, мотоцикль ашиглан:
-2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг, “Ноён Хонгор” гэх газраас Г.Г.Б-ын 1 тооны сувай эм хонь хулгайлж 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч Г.Г.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Б.Б.Д-гийн хар толгойтой 2 төлгийг О.О.Б-тай хамтран хулгайлж, хашаанд нь аваачиж нядлаад н.Н.Н- ченжид махыг нь өгсөн. Би О.О.Б-тай нийт 5 удаагийн үйлдлээр 8 тооны мал авсан. Харин Б.Ц- 1 удаагийн үйлдлээр 1 хонь авсан гэв“ гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч О.О.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Г.Г.Б-атай хамт Энхтал руу 2 удаа явсан. Дараа нь цагаан нуураас 1 хонь, дараа нь цагаан нуураас дахин 1 хонь, нийт 5 удаа явж, 8 тооны хонь хулгайлсан“ гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Б.Б.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Г.Г.Б-атай Ширээ нуруунаас 1 цагаан хонь авсан“ гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 8, 99, 144, 193, 239, 2 дугаар хавтаст хэргийн 44,
-Хохирогч Ш.Ш.Ц-аас Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 9/,
-Эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 10-11, 101-102, 146-147, 195-195,
-Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 12-13, 19-23, 103-106, 148-151, 198-201, 2 дугаар хавтаст хэргийн 3-4, 48-49
-Хохирогч Ш.Ш.Ц-д 2 ширхэг хонины арьс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 14/,
-Шүүгдэгч Г.Г.Б-ын эзэмшлийн “Даяун” маркийн 6310 арлын дугаартай, Г-5088470 моторын дугаартай улаан өнгийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 16-18/,
-Хохирогч Ш.Ш.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би Орхон сумын Энхтал 2 дугаар багийн “Майхан хүрэн” гэх газарт мал маллаж амьдардаг юм. Би 2019 оны 05 дугаар сарын 03, 05-ны өдрүүдэд 2 тооны хонио алдсан.
...мухар улаан толгойтой, баруун чих нь урдаа ухмал имтэй, ташаан толгой дээрээ цэнхэр будагтай, нөгөө хонь нь мухар шар халзан зүстэй, баруун чих нь урдаасаа ухам, зүүн чих нь араасаа ганзага имтэй, ташаан толгой дээрээ цэнхэр будагтай хонь байсан.
-хохирлын мөнгө 400000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 25-28/,
-Гэрч Н.Н.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... өөрийгөө Г.Б-а гэж танилцуулсан залуу ирээд “манай эгч Удвал шинэ зах дээр махны наймаа хийдэг юм аа, өнөөдөр ажил дээрээ байхгүй байна. Та хонины мах авах уу?” гэхээр нь ямар үнэтэй хэдэн хонь байгаа талаар асуусан чинь нэг хонь байна гэж хэлсэн. Хаанаас ямар учиртай хонь болохыг асуусан чинь миний өөрийн хонь байгаа юм, мөнгөний хэрэг гараад зарах гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би аваад ир гэж хэлсэн. Тэгээд Г.Б-а нэг найзын хамт ирээд нийт 41 кг жинтэй, 2 хонины махыг 295000 төгрөгөөр худалдаж авсан.
...өөрийн малын мах гэж хэлж байсан. Мөн манай “Буян” зах руу мах орж ирэхдээ шинэ захаас орж ирдэг бөгөөд шинэ захаас ирлээ гэхээр нь гарал үүслийн гэрчилгээг нь асуугаагүй юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 29/,
-“Капитал зууч” ХХК-ны 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 43-44, 117-118, 164-165/,
-Хохирогч Б.Б.Д-гээс Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 100/,
-Хохирогч Б.Б.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хонь ямаагаа тоолсон чинь 2 тооны хонь дутсан. Тэгээд зүсээр нь хөөгөөд бодсон чинь хар толгойтой 2 тооны төлөг алга байсан. Тэгэхээр нь хажуу айлын малд нийлсэн байж магадгүй гэж бодоод хайсан. Тэгсэн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр манай хажуу талын айлын хүмүүс Дарханы цагдаа дээр хонь хулгайлж байсан хүн баригдсан байна гэхээр нь ирж өргөдөлд өгсөн юм.
...манай хонинууд чинь баруун талын им нь шоргоолжин имтэй, том хонинууд нь будаггүй, харин энэ жилийн төлөгнүүд нь сүүлний эхэнд шүршдэг цэнхэр өнгөөр будсан будагтай байгаа.
...хохирлын мөнгө болох 300000 төгрөгийг Г.Б-аас авсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 108-110/,
-Гэрч Б.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн өдөр намайг гэрт байж байхад туранхай 2 төлөгний мах авч ирээд “манай найзын ах ажлын хөлсөнд өгсөн юм, та хонины мах авах уу?” гээд асуухаар нь үзээд нэг нь 16 кг, нөгөө нь 14 кг, нийт 30 кг махыг 150000 төгрөгөөр зарсан юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 112/,
-Гэрч А.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн үед манай нөхөр, Г.Б-а хоёр 2 тооны хонь хулгайлсан. Одоо зүсийг нь санахгүй байна. Арьс нь хөтөл хорооллын хашаанд байгаа. Толгой гэдсийг нь нохойнд хаяж өгсөн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 114/,
-Хохирогч Н.Н.Т-аас Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 146/,
-Хохирогч Н.Н.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хонио бүртгэсэн чинь ганц эр соёолон хонь алга болсон байсан. Тэр үед тэр хавиараа хайж байгаад айлын хонинд нийлсэн байх гэж бодоод орхисон. Тэгсэн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр манай тэндхийн айлын хүмүүс Дарханы цагдаа дээр хонь хулгайлж байсан хүн баригдсан байна гэхээр нь цагдаа дээр ирж өргөдөл гаргасан юм.
...манай хонь 2 чих нь онь имтэй бөгөөд хондлой дээрээ оранж шар будагтай. Мөн манай алга болсон хонь нарийхан сүүлтэй, ноос нь мярнусан төрлийн үстэй байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 153/,
-Гэрч Н.Н.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...өмнө надад мах авчирч өгсөн залуу цуг ирж байсан найзтайгаа ирээд 31 кг жинтэй мах зарсан. Би 225000 төгрөгөөр худалдаж авсан. Харин нэгийг нь Г.Б-а гэж дуудаж байсан байх. Нөгөө залууг нэрийг нь мэдэхгүй, тэр залуу Г.Б-атай нийт 4 удаа хонины мах авчирч өгсөн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 159/,
-Хохирогч Н.Н.Т-ын 2018 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 161-163/,
-Хохирогч Г.Г.Б-ээс Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 194/,
-Хохирогч Г.Г.Б-эд 1 ширхэг хонины арьс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 197/,
-Хохирогч Г.Г.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 06-ны үед хонио зүсэлсэн чинь манай хонинд сэтэрлэсэн цагаан зүсмийн хонь алга байсан. Тэгэхээр нь ойр хавийн айлуудын малд нийлсэн байх гэж бодоод хайсан боловч олдоогүй. Тэгээд байж байтал 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр манай гэрт Дарханы цагдаа ирээд “хонь алдсан уу?” гээд хүүхдээс асуусан байсан. Тэгэхээр нь ирж алга болсон хонины талаар өргөдөл өгсөн юм.
...алдсан хонь маань ямар нэгэн им тэмдэг байхгүй, цагаан хонь байсан. Сүүлнийхээ хэсэгт улаан өнгийн бага будагтай байгаа.
...би алдсан хонины мөнгө 230000 төгрөг авсан, санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 202, 204/,
...Гэрч Б.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн өдөр намайг гэрт байхад Г.Б-а өмнө ирсэн нөгөө найзтайгаа ирээд “хонины мах авах уу?” гэж асуусан. Тэгэхээр нь би авчирсан махыг үзсэн чинь гайгүй мах байхаар нь гэртээ идье гэж бодоод хиллэж үзээд 25 кг жинтэй махыг 170000 төгрөгөөр авсан.
...Г.Б-атай цуг ирсэн найз болон Г.Б-а тэр хоёр ажлын хөлсөндөө авсан юм гэж хэлээд байсан. Би хулгайн хонь гэдгийг мэдээгүй.
...тухайн үед хамаатны дүү ирсэн болохоор арай ч хулгай хийхгүй байх гэж бодсон юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 206/,
-“Капитал зууч” ХХК-ны 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн талаарх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 211-212/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 240-243, 2 дугаар хавтаст хэргийн 45-47/,
-Хохирогч Д.Г.Б-од 1 ширхэг гулууз мах болон хонины нэхийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 244/,
-Хохирогч Д.Г.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Ноён Хонгорын тарвагатайн ард хонио хариулж явж байгаад өдөр цай уух гээд гэртээ харьсан. Тэгсэн манай хүргэн над руу залгаад “нэг улаан мотоцикльтай 2 хүн нэг хонь аваад хөтөл хорооллын чиглэлд зугтчихлаа.” гэж утсаар ярьж хэлсэн. Тэгэхээр нь би араас нь мотоциклын мөрийг нь хөөгөөд хөтөл хороололд нэг айлын хашаанд ирсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудсан юм.
...хөх толботой цагаан хонь алдсан. Зөв чих нь урдаа догол имтэй. Манай хонинууд 2 чих нь урдаасаа цуулбар имтэй. Энэ алдсан хонь нь өнгөрсөн жил хүргэн ахаасаа авсан юм.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 7/,
-Гэрч А.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд Ж- нь дугуйгаа янзалж дуусаад нөгөө залуугаа дуудаад “явъя” гэсэн. Тэгэхээр нь би “хаашаа явах гэж байгаа юм бэ?” гэж асуусан чинь “Ноёнхонгор явна” гэхээр нь “яах гэж байгаа юм бэ?” гэсэн чинь “яахав дээ” гэж хэлэхээр нь дахин юм асуугаагүй. Тэгээд тэр хоёр 15 цаг болж байхад мотоциклио унаад яваад өгсөн. Тэгээд яваад 1 цаг болсон байх 16 цагийн үед зүсийг нь сайн мэдэхгүй байна амьд нэг хонь хашаан дотор чирээд аваад орж ирээд манай гэрт оруулж ирээд алсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 13-14/,
-“Капитал зууч” ХХК-ны 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн талаарх шинжээчийн дүгнэлт / 2 дугаар хавтаст хэргийн 21-22/,
-Хохирогч Н.Н.Ц-гийн 2018 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 52-54/,
-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 55-57/,
-Хохирогч Н.Н.Ц-д 2 ширхэг хонины арьс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 58/,
-Хохирогч Н.Н.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын эхээр 4 хонь алга болоод Цагдаагийн байгууллагад хандах болсон. Нэг том эр хонь нь сэтэрлээд хүзүүнд нь хадаг зүүсэн, эвэртэй хар толгойтой хонь байгаа юм. Нөгөө 3 нь эр хонь байгаа. Энэ 4 хонь зүүн чихэндээ урдаасаа хойшоо хайчилсан имтэй, хондлой дээр нь хар лакаар будаж тэмдэг тавьсан.
...Г.Б-а манай хоёр хонины үнэ болох 360000 төгрөгийг төлсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 61-63/,
-Гэрч А.От- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр үед манай нөхөр О.Б- бид хоёр манай нөхрийн Хөтөл хороололд байдаг хашаанд гэр барьж амьдарч байсан юм. Г.Б-а 2019 оны 04 дүгээр сарын дундуур манайд байх болсон. Энэ хугацаандаа О.Б-, Г.Б-а нар хонь авчирч нядлаад зардаг байсан. Ямар учиртай хонь юм гэхээр Г.Б-а найзынхаасаа авчирлаа гэдэг байсан. Тэр 2 нийт 5-6 хонь авч ирж манай хашаанд нядлаад зардаг байсан.“ гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 66-67/,
-Гэрч Н.Н.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг “Буян” зах дээр махаа зараад зогсож байхад 2019 оны 05 дугаар сарын 04-нд танихгүй нэг залуу “хонины мах авах уу? шинэ зах дээр Удвал эгчид өгөх гэсэн байхгүй байна.” гээд ирж асуухаар нь би нэрийг нь утасны дугаартай нь бичиж аваад худалдаж авсан юм. Уг хонины мах нь 23 кг болж 7200 төгрөгөөр бодож тэр залууд 165000 төгрөг өгсөн. Нэрээ бичүүлэхдээ Г.Б-а 7 дугаар баг, Сэргэлэнгийн 1-14 тоот, утас 99456940 гэж надад хэлж бичүүлсэн. Мөн 2019 оны 05 дугаар сарын 06-нд нөгөө залуу бас нэг залуугийн хамтаар ирээд манай найз мах өгөх гэж байгаа юм та авах уу гэхээр нь нэр, утасных нь хамт бичиж аваад уг малыг нь авсан юм. Уг хонины мах 31 кг болж 7300 төгрөгөөр бодож тэр залууд 225000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 68/,
-“Капитал зууч” ХХК-ны 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн талаарх шинжээчийн дүгнэлт / 2 дугаар хавтаст хэргийн 75-76/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Г.Г.Б-а, О.О.Б- нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 03-наас 05 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал 2 дугаар багийн “Цагаан нуур” гэх газраас Ш.Ш.Ц-ын мухар шар халзан эм хонь 1, улаан толгойтой эм хонь 1, нийт 2 тооны хонь хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн “Элсэн карьер” гэх газраас Б.Б.Д-гийн хар толгойтой хоёр тооны төлөг хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн “Ноён Хонгор” гэх газраас Н.Н.Т-ын хар толгойтой 1 тооны эр соёолон хонь хулгайлж 200.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Төмсөн толгой” гэх газраас Г.Г.Б-ийн нас гүйцсэн 1 тооны эр хонь хулгайлж 230.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн “Ноён Хонгор” гэх газраас Н.Н.Ц-гийн 2 толгой хонь хулгайлж 360.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Г.Б-а, Б.Б.Ц-а нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг, “Ноён Хонгор” гэх газраас Г.Г.Б-ын 1 тооны сувай эм хонь хулгайлж 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Г.Г.Б-а, О.О.Б-, Б.Б.Ц-а нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Ш.Ц-д 400.000 төгрөгийн, хохирогч Б.Б.Д-д 300.000 төгрөгийн, хохирогч Н.Н.Т-ад 200.000 төгрөгийн, хохирогч Г.Г.Б-эд 230.000 төгрөгийн, хохирогч Н.Н.Ц-д 360.000 төгрөгийн, хохирогч Г.Г.Б-од 200.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд хөрөнгийн үнэлгээний тайлангаар /1 дүгээр хавтаст хэргийн 43-44, 117-118, 164-165, 211-212, 2 дугаар хавтаст хэргийн 21-22, 75-76/ тус тус нотлогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1-т “бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1690000 төгрөгийг шүүгдэгч нар мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Г.Г.Б-а нь бусдын 9 тооны хонийг хулгайлж 1690000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч О.О.Б- нь бусдын 8 тооны хонийг хулгайлж 1490000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Б.Ц-а нь бусдын 1 тооны хонийг хулгайлж 200000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Г.Г.Б-а, О.О.Б-, Б.Б.Ц-а нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Г.Б-а, О.О.Б-, Б.Б.Ц-а нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Г.Г.Б-а, О.О.Б-, Б.Б.Ц-а нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Г.Г.Б-а, О.О.Б-, Б.Б.Ц-а нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Г.Б-ыг 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч О.О.Б-ыг 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Б.Б.Ц-ыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус үүрэг болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн, улсын дугааргүй, “Даяун” маркийн 6310 арлын дугаартай, Г-5088470 моторын дугаартай улаан өнгийн мотоцикль шүүгдэгч Г.Г.Б-ын өмчлөлийн эд хөрөнгө болох нь тогтоогдож байх тул улсын орлого болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г.Б-а, Б.Б.Ц-а нарт авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч О.О.Б-т цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Б-а, О.Б-, Б.Ц-а нарыг бусдын малыг хулгайлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Г.Б-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч О.О.Б-ыг 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Б.Б.Ц-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус үүрэг болгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Г.Г.Б-а, О.О.Б-, Б.Б.Ц-а нарт оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Г.Г.Б-а, О.О.Б-, Б.Б.Ц-а нарт анхааруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 7.5 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Г.Г.Б-ын өмчлөлийн “Хавцгай Аргалант” ХХК-ны хашаанд хадгалагдаж буй БНХАУ-д үйлдвэрлэсэн, улсын дугааргүй, “Даяун” маркийн 6310 арлын дугаартай, Г-5088470 моторын дугаартай улаан өнгийн мотоциклийг хурааж, улсын орлого болгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г.Б-а, Б.Б.Ц-а нарт авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч О.О.Б-т цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ