Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 366

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Хохирогч С.С.О-,

Шүүгдэгч Ц.Ц.О- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.О-д холбогдох эрүүгийн 191800005670406 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ц.О- 1972 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Звахан аймгийн Алдархаан суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 3/40 дугаартай  таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3-т зааснаар 1 жил 6 сар хорих ял,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,

-Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар биечлэн эдлэх ялын хэмжээг 3 сар 10 хоног баривчлах ялаар тогтоож байсан.

 

- Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ц.Ц.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 05-ны орой 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 9 дүгээр хэсгийн 7-108 тоотод байх өөрийн гэртээ эхнэр С.С.О-ийн эрх чөлөөнд халдаж, чулуугаар толгойг нь хагалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч Ц.Ц.О-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Тухайн өдөр Олон улсын худалдааны төв орж охиндоо хувцас авч өгөхөөр явж байгаад найзтайгаа таарч 2 шил архи уусан. Тэгээд гэртээ ирээд том охинтойгоо архи ууж байтал эхнэр ирээд уурлаж загнаад байхаар нь уурандаа чулуу аваад шидсэн6” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч С.С.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр манай нөхөр нилээн согтуу халамцуу байсан. Над руу дайраад байхаар нь би гэрээсээ гараад явсан. Манай том охин “ээж манай гэр рүү явах уу” гэхээр нь би тэгье гээд охиныхоо гэр рүү явсан. Ц.О-тай муудсанаас болоод зүрх салгалаад өвдөөд байхаар нь охиныхоо гэр рүү явах замдаа нэг шил архи аваад охинтойгоо цуг уусан. Дараа нь Ц.О-г унтчихсан байх гэж бодоод гэрлүүгээ явсан. Ц.О- унтаагүй байсан. Тэгээд бид хоёр маргаж байтал Ц.О- над руу чулуу шидсэн.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-5/,

-10x12 хэмжээтэй 1 ширхэг чулууг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 6/,

 

-Гэрч О.У- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гэртээ очсон чинь аав, ээж хоёр маргалдаад байхаар нь би “ээж, манайд очъё” гээд манай гэрт очоод ээж, бид 2 нэг шил 0.5 литртэй “Хараа” архи хувааж уугаад дуусаад ээж “одоо аав чинь сэрсэн байх, одоо очъё” гээд замдаа 0.75 литртэй “Түмний хишиг” архи аваад очсон. Аав, ээж хоёр дахиж маргалдаад тэгээд аав гадаа гараад хэрэлдэж байснаа ээж рүү чулуу аваад шидсэн чинь ээжийн толгой дээр нь оноод цус гарсан.” гэх мэдүүлэг /хэргийн 13/,

 

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламжийн хуудас /хэргийн 15-16/,

 

-“С.С.О-ийн биед дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь  тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 696 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 17-18/,

 

-Шүүгдэгч Ц.Ц.О-гийн согтуурлыг драгер багажаар үлээлгэн шалгахад 1.42 хувь гарсан тухай тэмдэглэгээ /хэргийн 33/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Ц.Ц.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 05-ны орой 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 9 дүгээр хэсгийн 7-108 тоотод байх өөрийн гэртээ эхнэр С.С.О-ийн эрх чөлөөнд халдаж, чулуугаар толгойг нь хагалж, эрүүл мэндэд нь “дагзны хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч буй этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэх ба шүүгдэгч Ц.Ц.О-, хохирогч С.С.О- нар нь эхнэр, нөхөр бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээд мөн байх тул шүүгдэгч Ц.Ц.О-гийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Ц.О-г гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч С.С.О-ийн эрүүл мэндэд “дагзны хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол учирсан /хэргийн 17-18/ ба хохирогч С.С.О- нь шүүхийн хэлэлцүүлэгт “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Ц.Ц.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 05-ны орой 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 9 дүгээр хэсгийн 7-108 тоотод байх өөрийн гэртээ эхнэр С.С.О-ийн эрх чөлөөнд халдаж, чулуугаар толгойг нь хагалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Ц.О-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.Ц.О- нь бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ц.Ц.О- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ар гэрийн амьдралын нөхцөл байдал, сард хэдэн төгрөгийн орлого олдог нь тодорхойгүй байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 400 цагийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт зам, талбай цэвэрлүүлэхээр нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

 Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10x12 хэмжээтэй 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц.О-г гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ц.О-д Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт зам, талбай цэвэрлүүлэхээр 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Ц.О- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Ц.О-д анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10x12 хэмжээтэй 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Я.ТУУЛ