| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 192/2025/09083/И/Н |
| Дугаар | 210/МА2026/00963 |
| Огноо | 2026-04-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2026/00963
******* болон ******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Хулан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 192/ШШ2026/02009 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* болон ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-д холбогдох,
88,400,000 төгрөг гаргуулах, шинэ байрнаас давхар, байршил эхний ээлжид сонгох эрхийг эдлүүлж, захиалгын гэрээ байгуулахыг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:
******* болон ******* нь *******-тай 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр "Хот суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ" болон "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээ" тус тус байгуулсан.
Гурван талт гэрээний 2.5-д " орон сууц өмчлөгчид төсөл хэрэгжүүлэх хугацаанд сар бүр төлөх түрээсийн урамшууллыг..., улиралд нэг удаа олгоно" гэж заасан.
1.1. ******* нь эзэмшиж байсан 6 орон сууцаа 2023 оны 07 дугаар сард суллаж өгсөн бөгөөд 2023 оны 08 дугаар сараас *******-аас түрээсийн урамшуулал авч эхэлсэн боловч урамшууллаа бүрэн өгөхгүй байсан учир 2024 оны 11 дүгээр сар хүртэл 15 сараар бодож шүүхэд нэхэмжлэл гаргасныг хангасан.
Энэ удаа АШ31/05, АШ31/14Б, АШ31/16 дугаартай гэрээний дагуу 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сарыг дуустал буюу 8 сарын түрээсийн урамшуулал 22,400,000 төгрөг, АШ31/06, АШ31/09, АШ31/11 дугаартай гэрээний дагуу 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 09 дүгээр сарыг дуустал буюу 11 сарын түрээсийн урамшуулал 33,000,000 төгрөг, нийт 55,400,000 төгрөгийг шаардаж байна.
1.2. ******* нь эзэмшиж байсан 3 орон сууцаа суллаж өгсөн бөгөөд *******-аас түрээсийн урамшуулал авч эхэлсэн боловч урамшууллаа бүрэн өгөхгүй байсан учир 2024 оны 11 дүгээр сар хүртэлх түрээсийн урамшууллыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж хангуулсан.
Энэ удаа АШ31/02, АШ31/03, АШ31/007 тоот гэрээний дагуу 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 09 дүгээр сарыг дуустал буюу 11 сарын түрээсийн урамшуулал 33,000,000 төгрөгийг *******-аас шаардаж байна.
Иймд *******-аас гэрээнд заасан түрээсийн урамшууллын төлбөрт 88,400,000 төгрөг гаргуулж, 55,400,000 төгрөгийг *******д, 33,000,000 төгрөгийг *******ад тус тус олгож өгнө үү.
1.3. ******* нь гэрээний үүргээ биелүүлэхгүй захиалгын гэрээ бидэнтэй байгуулахгүй, шинэ байрнаас давхар байршил эхний ээлжид сонгох бидний эрхийг зөрчиж, "шинэ барилгаас энэ гэрээгээр тохирсон хэмжээний орон сууцыг эхний ээлжид сууц өмчлөгчийн өмчлөлд шилжүүлнэ" гэсэн үүргээ биелүүлээгүй.
Иймд гэрээний үүргийн биелэлтийг хангаж, *******, *******д шинэ байрнаас давхар, байршил эхний ээлжид сонгох эрхийг эдлүүлж захиалгын гэрээ байгуулахыг *******-д даалгаж өгнө үү.
2. Хариуцагч ******* нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч *******-ээс 88,400,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч *******д 55,400,000 төгрөгийг, нэхэмжлэгч *******ад 33,000,000 төгрөгийг тус тус олгож, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах № АШ31/02, АШ31/05, АШ31/011, дугаартай дугаартай гурван талт гэрээ, Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээ-ний дагуу Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй шинэ орон сууцны барилгаас эхний ээлжинд сонгох эрхийг *******, ******* нарт эдлүүлэн, давхар, тоотыг тодорхой тусгасан нэмэлт гэрээ хийхийг хариуцагч *******-д даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,692,746 төгрөгийн 505,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн илүү төлсөн 1,187,596 төгрөгийг буцаан олгож, нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,183.266 төгрөгийн 403,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн илүү төлсөн 780,116 төгрөгийг буцаан олгож, хариуцагч *******-иас 505,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д, 403,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад тус тус олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх шийдвэртээ Арьс ширний 31 дүгээр байрны 14б тоот байрыг хамааруулсан. Гэтэл уг 14б тооттой холбоотой маргааныг тус шүүхийн шүүгч ******** хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа ба эцэслэн шийдвэрлээгүй. Хариуцагчийн төлөөлөгчийн хувьд дээрх хэргийг нэгтгүүлэх хүсэлтийг тухайн шүүгчид гаргасан боловч шийдвэрлэгдээгүй байгаа.
4.2. Талуудын хооронд арилжааны эрх зүйн харилцаа үүсээгүй. Арилжааны эрх зүйн харилцаа нь хуульд зааснаар талуудын солилцож буй эд хөрөнгө үнэ бүхий зүйл байхыг шаарддаг. ******* болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн өмчлөлд байсан хуучин орон сууцыг ашиглах, хэрэглэх, үнэлэх ямар ч боломжгүй. Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.6 дахь хэсэгт зааснаар ашиглалтын шаардлага хангахгүй болон орон сууцны доорх газар нь төрийн мэдэлд байхаар зохицуулсан. Үүнээс харахад арилжааны гэрээний харилцаа үүссэн гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.
4.3. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хүрээнд 3 талт гэрээг байгуулж, гэрээнд заасан үүргийг ******* бүрэн биелүүлж ажилласаар өнөөдрийг хүрч ирсээр байтал үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой Иргэний хуулийн холбогдох заалтыг баригдаж дуусаагүй барилгад захиалгын гэрээ нэмж хийлгэхийг даалгах замаар шийдвэрлэх нь ноцтой алдаа юм.
Захиалгын гэрээ хийснээр орон сууц шилжүүлсэнд тооцогдохгүй, 3 талт гэрээний 4.1.3-т заасан "Шинээр баригдсан орон сууцны барилгаас энэ гэрээгээр тохирсон хэмжээний орон сууцыг эхний ээлжид сууц өмчлөгчийн өмчлөлд шилжүүлнэ" гэх заалт барилга баригдаад дууссаны дараа, улсын комисс хүлээж авч, улмаар улсын бүртгэлд бүртгүүлэх эрх үүссэний дараах процесс ажиллагаа юм.
4.4. ******* нь 2024 оны 01 дүгээр сараас 2025 оны 07 сарыг хүртэл хугацаанд Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газарт гомдол гаргаснаар барилгын ажлыг бүрэн зогсоосон бөгөөд энэ хугацаанд ногдох түрээсийн төлбөрөө бүрэн авна гэж шүүхэд хандсан. Өөрөө өөрийнхөө барилгыг дахин төлөвлүүлж, шинэ барилгаа бариулж байж гомдол тэмцэл гаргасаар барилгын ажлыг бүрэн зогсоолгочхоод тэр цаг хугацааны түрээсийн зардлыг бүрэн авна гэж шаардах нь шударга ёсонд нийцэхгүй.
Мөн ******* нь нэхэмжлэгч нарт нийт 217,000,000 гаруй төгрөг төлсөн. Энэ төлбөр нь түрээсийн төлбөрөөс хэд дахин их төлбөр төлөгдсөн байгааг нотолж байна.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Надаас шалтгаалж барилгын ажил зогссон асуудал байхгүй. 14Б тоот гэрээний талаар би нэхэмжлэл гаргаагүй. Гэрээгээр тохиролцсон түрээсийн урамшууллаа шаардсан, энэ нь өмнө төлөгдсөнтэй давхцаагүй. Зарим асуудалд анхан шатны шүүх буруу дүгнэлт өгсөн байгаа боловч шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* оролцоогүй, гомдолд бичгээр тайлбар ирүүлээгүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын шинжтэй өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн АШ31/05, АШ31/14Б, АШ31/16 тоот гэрээний дагуу 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сарыг дуустал буюу 8 сарын түрээсийн урамшууллын төлбөрт 22,400,000 төгрөг, АШ31/06, АШ31/09, АШ31/11 тоот гэрээний дагуу 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 09 дүгээр сарыг дуустал буюу 11 сарын түрээсийн урамшууллын төлбөрт 33,000,000 төгрөг, нийт 55,400,000 төгрөгийг гаргуулах тухай,
нэхэмжлэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн АШ31/02, АШ31/03, АШ31/07 тоот гэрээний дагуу 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 09 дүгээр сарыг дуустал буюу 11 сарын түрээсийн урамшууллын төлбөрт 33,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл тус тус гаргасан.
2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* нь АШ31/05, АШ31/11 тоот гэрээний дагуу, ******* нь АШ31/02 тоот гэрээний дагуу шинэ байрнаас давхар, байршил эхний ээлжид сонгох эрхийг эдлүүлж, захиалгын гэрээ байгуулахыг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Түүнчлэн нэхэмжлэгч ******* нь 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шинэ байрнаас давхар, байршлыг эхний ээлжид сонгох эрхийг эдлүүлэх, захиалгын гэрээ байгуулахыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэл гаргахдаа АШ31/14 тоот гэрээг дурдсан боловч нэхэмжлэлийн агуулга, үнийг тодорхойлж, тэмдэгтийн хураамж төлсөн байдал зэргээр АШ31/05 тоот гэрээний хүрээнд шаардлага гаргасан нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, АШ31/14 болон 14Б тоот гэрээнд холбогдох шаардлагыг нэхэмжлэлд тусгаагүй байна.
Иймд 14Б тоот гэрээнд холбогдох шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан, эсхүл уг гэрээнд холбогдох маргааныг өөр шүүгч шийдвэрлэж байхад давхардуулан шийдвэрлэсэн гэх агуулгаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.
Харин АШ31/14Б тоот гэрээний тухайд 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сарыг дуустал 8 сарын түрээсийн урамшууллын төлбөр шаардсан шаардлага анхнаасаа байсан бөгөөд ижил агуулгатай өөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болохыг дурдвал зохино.
2.2. Хариуцагч нь 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн нэхэмжлэлийн хувийг 2025 оны 09 дүгээр сарын 25, 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2025 оны 10 дугаар сарын 10, 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн нэхэмжлэлийн хувийг 2025 оны 10 дугаар сарын 16, 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрүүдэд тус тус гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй.
Иймээс хариуцагч талыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар маргаагүй гэж үзнэ.
2.3. Хариуцагчийн зүгээс хэрэг нэгтгүүлэх тухай хүсэлт гаргасан боловч зарим нь шийдвэрлэгдээгүй, түүнчлэн хэрэг нэгтгэх хүсэлт гаргасан болон хэрэг нэгтгэгдсэнтэй холбогдуулан хариу тайлбар гаргаагүй гэх агуулгаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
Учир нь хариуцагч нь хэрэг нэгтгэх тухай хүсэлт гаргахаас өмнө нэхэмжлэлийн хувийг гардан авсан байсан тул уг хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбараа шүүхэд гаргах үүрэгтэй.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар хэргийг нэгтгэж шийдвэрлэх эсэх нь анхан шатны шүүхийн эрх хэмжээний асуудал тул гомдолд дурдсан хэргүүдийг шүүх заавал нэгтгэж шийдвэрлэх ёстой байсан гэж дүгнэхгүй.
3. Нэхэмжлэгч нар нь Нийслэлийн засаг дарга болон хариуцагч *******-тай 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ байгуулж, гэрээгээр нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцыг суллаж хүлээлгэн өгөх, хариуцагч нь хүлээн авсан орон сууцны талбайн хэмжээгээр орон сууцны зориулалттай шинэ талбай олгохоор, төсөл хэрэгжүүлэх хугацаанд сар бүр түрээсийн урамшуулал тооцож, улиралд нэг удаа олгохоор тохиролцсон.
******* нь АШ31/05 тоот гэрээгээр 32.32 м.кв талбайтай орон сууц хүлээлгэн өгч, сар бүр 800,000 төгрөгийн түрээсийн урамшуулал хүлээн авахаар, АШ31/06 тоот гэрээгээр 68.25 м.кв талбайтай орон сууц хүлээлгэн өгч, сар бүр 1,200,000 төгрөгийн түрээсийн урамшуулал авахаар, АШ31/09 тоот гэрээгээр 55.92 м.кв талбайтай орон сууц хүлээлгэн өгч, сар бүр 1,000,000 төгрөгийн түрээсийн урамшуулал авахаар, АШ31/11 тоот гэрээгээр 34.89 м.кв талбайтай орон сууц хүлээлгэн өгч, сар бүр 800,000 төгрөгийн түрээсийн урамшуулал авахаар, АШ31/14Б тоот гэрээгээр 21.07 м.кв талбайтай орон сууц хүлээлгэн өгч, сар бүр 800,000 төгрөгийн түрээсийн урамшуулал авахаар, АШ31/16 тоот гэрээгээр 67.52 м.кв талбайтай орон сууц хүлээлгэн өгч, сар бүр 1,200,000 төгрөгийн түрээсийн урамшуулал авахаар,
******* нь АШ31/02 тоот гэрээгээр 44.97 м.кв талбайтай орон сууц хүлээлгэн өгч, сар бүр 1,000,000 төгрөгийн түрээсийн урамшуулал хүлээн авахаар, АШ31/03 тоот гэрээгээр 55.95 м.кв талбайтай орон сууц хүлээлгэн өгч, сар бүр 1,000,000 төгрөгийн түрээсийн урамшуулал хүлээн авахаар, АШ31/07 тоот гэрээгээр 53.09 м.кв талбайтай орон сууц хүлээлгэн өгч, сар бүр 1,000,000 төгрөгийн түрээсийн урамшуулал хүлээн авахаар тус тус хариуцагчтай харилцан тохиролцсон байна.
3.1. Дээрх гэрээнүүдийг байгуулахдаа нэхэмжлэгч нар нь *******-тай 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээ-г мөн давхар байгуулж, хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг буулган шинээр орон сууц барьж, шинэ төлөвлөлтийн төслөөс орон сууц олгохоор, нэг өрөө орон сууцанд сарын 800,000 төгрөг, 2 өрөө орон сууцанд сарын 1,000,000 төгрөг, 3 өрөө орон сууцанд сарын 1,200,000 төгрөгийг байр ашиглалтад орох хүртэл хугацаанд төлөхөөр тохиролцсон.
3.2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/02125 дугаар захирамжаар нэхэмжлэгч *******, *******, *******, *******, ******* нарын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ-ний дагуу 2023 оны 08 дугаар сараас 2024 оны 11 дүгээр сар хүртэл хугацааны түрээсийн урамшууллын үлдэгдэл 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч ******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3.3. Хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд эдгээр үйл баримт тогтоогдож байна.
Анхан шатны шүүх маргаанд хамаарал бүхий хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар үнэлэлгүй орхигдуулсныг дээрх байдлаар залруулав.
4. Талуудын байгуулсан Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ болон Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээ нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүргийн харилцааны шинжийг агуулсан байна.
Учир нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэхэд төсөл хэрэгжүүлэгч, өмчлөгч, төрийн байгууллага оролцсон гэрээний үндсэн дээр эрх зүйн харилцаа үүсэхээр заасан бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт төсөл хэрэгжүүлэгч нь өмчлөгчтэй харилцан тохиролцож, орон сууцыг орон сууцаар солих зэрэг хэлбэрээр шилжүүлэн авах, улмаар шинэ орон сууц олгох үүргийг гэрээгээр хүлээх боломжийг тусгайлан зөвшөөрсөн байдаг.
Энэхүү зохицуулалтын хүрээнд ******* нь хуучин орон сууцыг буулган шинээр барих, өмчлөгчдөд ижил буюу нөхцөл сайжруулсан орон сууц олгох, түүнчлэн төсөл хэрэгжих хугацаанд түр суурьшуулах зардал буюу түрээсийн урамшуулал олгох зэрэг тодорхой үйлдэл хийх үүргийг гэрээгээр хүлээжээ. Харин өмчлөгчид нь уг үүргийг биелүүлэхийг шаардах эрхтэй.
Иймд дээрх гэрээ нь тусгай хуулиар зөвшөөрөгдсөн дахин төлөвлөлтийн харилцаанд үндэслэн үүссэн боловч агуулгын хувьд нэг тал тодорхой үйлдэл хийх үүрэг, нөгөө тал түүнийг шаардах эрх бүхий үүргийн харилцаа тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй.
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг арилжааны гэрээний харилцаанд хамааруулж буруу эрх зүйн дүгнэлт өгсөн байгааг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулна.
4.1. Шүүхээс түрээсийн урамшуулалд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.
Гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу ******* нь 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн АШ31/05, АШ31/14Б, АШ31/16 тоот гэрээний дагуу 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сарыг дуустал хугацаанд 1 сард 2,800,000 төгрөг буюу 8 сарын түрээсийн урамшууллын төлбөрт 22,400,000 төгрөг,
АШ31/06, АШ31/09, АШ31/11 тоот гэрээний дагуу 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 09 дүгээр сарыг дуустал хугацаанд 1 сард 3,000,000 төгрөг буюу 11 сарын түрээсийн урамшууллын төлбөрт 33,000,000 төгрөг, нийт 55,400,000 төгрөг,
******* нь 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн АШ31/02, АШ31/03, АШ31/07 тоот гэрээний дагуу 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 09 дүгээр сарыг дуустал хугацаанд 1 сард 3,000,000 төгрөг буюу 11 сарын түрээсийн урамшууллын төлбөрт 33,000,000 төгрөг шаардах эрхтэй байна.
Эдгээр шаардлагад хамаарах хугацаа нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/02125 дугаар захирамжаар гаргуулахаар шийдвэрлэсэн түрээсийн төлбөрийн хугацаатай давхцаагүй болно.
4.2. Хариуцагч нь нэхэмжлэгч нарт нийт 217,000,000 төгрөг төлсөн гэж тайлбарласан боловч уг төлбөр нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хугацаанд төлөгдсөн болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй.
Түүнчлэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нь 2024 оны 01 дүгээр сараас 2025 оны 07 дугаар сар хүртэл хугацаанд Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газарт гомдол гаргасны улмаас барилгын ажлыг бүрэн зогсоосон, иймд дээрх хугацаанд түрээсийн төлбөр гаргуулах үндэслэлгүй гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Учир нь уг нөхцөл байдлыг нотлох аливаа баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хариуцагч нь өөрийн гомдолд дурдсан үндэслэлийг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
4.3. Иймд анхан шатны шүүх хариуцагч *******-аас 55,400,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д, 33,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ад тус тус олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцжээ.
Харин шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа найруулгын алдаа гаргасныг залруулж, өөрчлөн найруулна.
5. Анхан шатны шүүх шинэ байрнаас давхар, байршил эхний ээлжид сонгох эрхийг эдлүүлж, захиалгын гэрээ байгуулахыг даалгуулах тухай шаардлагыг шийдвэрлэхдээ гэрээг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үндэслэл бүхий тайлбарласан байна.
5.1. Зохигчийн хооронд 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ-ний 2.2-т сууц өмчлөгчид шинэ орон сууц олгохдоо ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны талбайн хэмжээгээр орон сууцны зориулалттай шинэ талбай олгоно, 4.1.3-т шинээр баригдсан орон сууцны барилгаас энэ гэрээгээр тохирсон хэмжээний орон сууцыг эхний ээлжид сууц өмчлөгчийн өмчлөлд шилжүүлнэ гэж,
мөн өдөр байгуулсан Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээ-ний 2.4-т гэрээ байгуулах үед барилгын зураг төсөл эрх бүхий байгууллагаар баталгаажаагүй байж болох бөгөөд зураг баталгаажсаны дараа олгох орон сууцны байрлах давхар, тоотыг тодорхой тусгасан нэмэлтийг хийнэ, 5.3-т энэ гэрээгээр хүлээлгэн өгөх талбайн сонголт, давхрыг захиалгын гэрээний харилцаагаар зохицуулна, 11.2.3-т шинэ орон сууцны байрнаас давхар, байрлал сонгох давуу эрх эдэлнэ гэж тус тус тохиролцжээ.
5.2. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Түүнчлэн Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт төсөл хэрэгжүүлэхэд төсөл хэрэгжүүлэгч, өмчлөгч болон Засаг дарга оролцсон гурван талт гэрээ байгуулахаар, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт төсөл хэрэгжүүлэгч нь өмчлөгчтэй харилцан тохиролцож орон сууцыг орон сууцаар солих зэрэг хэлбэрээр гэрээ байгуулахаар тус тус зохицуулжээ.
Дээрх зохицуулалт болон талуудын гэрээний агуулгаас үзвэл хариуцагч ******* нь шинэ орон сууц барьж, өмчлөгчид гэрээнд заасан хэмжээний орон сууц олгох, улмаар шинэ байрны давхар, байршлыг сонгох эрхийг эдлүүлэн, энэ талаар нэмэлт буюу захиалгын гэрээ байгуулах үүргийг хүлээсэн, харин нэхэмжлэгч нар уг үүргийг гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна.
5.3. Иймд анхан шатны шүүх Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй шинэ орон сууцны барилгаас эхний ээлжид сонгох эрхийг нэхэмжлэгч нарт эдлүүлж, давхар, тоотыг тодорхой тусгасан нэмэлт гэрээ байгуулахыг хариуцагч *******-д даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцжээ.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын шинжтэй өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7. Шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэлд хамаарахгүй боловч анхан шатны шүүх зөвхөн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэх үндэслэлээр *******ын нэхэмжлэлтэй хэргийг энэ хэргээс тусгаарлаж, улмаар буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2, 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт нийцээгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 192/ШШ2026/02009 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас 55,400,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д, 33,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ад тус тус олгож,
2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах АШ31/02, АШ31/05, АШ31/011 тоот гэрээнүүд болон Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээ-ний дагуу Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй шинэ орон сууцны барилгаас давхар, байршил эхний ээлжид сонгох эрхийг ******* болон *******ад эдлүүлж, давхар, тоотыг тодорхой тусгасан нэмэлт гэрээ хийхийг хариуцагч *******-д даалгасугай. гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 гэснийг хасаж, 56.1, гэсний дараа 58 дугаар зүйлийн 58.1, гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 908,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Д.ХУЛАН
Т.БАДРАХ