Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 376

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгч Ж.Ж.М- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жантекей овогт Жолкейн Ж.М-д холбогдох эрүүгийн 1918006090432 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ж.М-  1981 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ж.Ж.М- нь 2019 оны 08 дугаар сарын 22-нд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан 2 дугаар багийн  7-3 тоотод байх өөрийн гэртээ өөрийн төрсөн хүү болох 11 настай А.А.А-г бага насны хүүхэд болохыг мэдсээр байж “аав, ээжийнхээ мөнгийг хулгайлж үрлээ.” гэдгээр шалтаглан төмөр аралтай өмдний тэлээгээр нуруун тус газарт нь олон удаа ороолгож, эрүүл мэндэд нь “зүүн мөр, дал, баруун, зүүн бугалганд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч Ж.Ж.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр уг гэмт хэрэг болсон. Миний цүнхэнд 650,000 төгрөг байсан. Бүгдийг нь авсан байсан” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/,

 

-96 урттай, 2 см өргөнтэй төмөр аралтай тэлээг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 6/,

 

-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 8-9/,

 

-Насанд хүрээгүй хохирогч А.А.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би том өрөөндөө орсон чинь ээжийн гар цүнх нь шүүгээн дээр байхаар нь онгойлгоод үзсэн чинь дотор нь нилээд их мөнгө байхаар нь янз бүрийн юм бодолгүй сонирхоод мөнгөнөөс атгаад авсан. Тэгээд шууд гэрээсээ гарч доод Шаазгайт гэх газраас найзыгаа дуудах санаатай Хайрхан багийн 12 дугаар байрны урд алхаж явтал хар хөх өнгийн жижиг тэрэг миний хажууд ирж зогсоод дотроос нь Т- ах бууж ирээд “ахын дүү мөнгө байна уу?” гэж асуухаар нь би “байна” гэж хэлсэн чинь “ахдаа өгчих, чиний надад захисан хоккейн хувцас бэлэн болж байгаа шүү.” гэж хэлээд миний мөнгийг аваад явсан. Учир нь би өөрөө хоккей сонирхдог учраас өмнө нь Т- ахаас хоккейн хувцас асууж байсан юм. Тэгээд би мөнгөө өгч явуулчихаад үлдсэн 40000 төгрөгийг нь аваад дэлгүүр орж зайрмаг, ундаа аваад үлдсэн хариулт мөнгөө халаасандаа хийгээд буцаад төв рүү алхаж явтал аав болох А- таараад “чи ээжийнхээ цүнхнээс мөнгө авсан уу?” гэж асуухаар нь би “авсан” гэж хэлээд өөрийн халаасанд байсан үлдэгдэл мөнгөө өгөөд мөн Т- ахад өгч явуулсан мөнгөний талаар хэлсэн.

...ээж надад уурлаж, намайг дагуулаад гэртээ харьсан бөгөөд “чи хүний хүүхэд гүтгэж худлаа яриад байна.” гэж надад уурлаад хүрэн өнгийн тэлээгээр миний нуруу болон гар руу хоёр удаа ороолгосон. Ингээд тэр өдөр өнгөрч, маргааш нь би гэртээ байж байхдаа ээжид гомдоод аавын төрсөн дүү болох А- ахын ууж хэрэглэдэг эм нь шүүгээн дээр байхаар нь авч 9 ширхэгийг уусан. Тэгээд юу болсон талаар санахгүй байна.” гэх мэдүүлэг /хэргийн 13-14/,

 

-Гэрч Т.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...мөнгө хэрэг болоод эхнэр Ж.М-ийн цүнхийг онгойлгоод үзтэл мөнгө нь дутуу байсан. Тэгэхээр нь би цүнхийг нь аваад эхнэр дээрээ дэлгүүрт нь явж очоод “ийм жаахан мөнгө байсан юм уу?” гээд асуухад эхнэр гайхаад мөнгөө тоолж үзчихээд ”650000 төгрөг дутуу байна.” гэж хэлсэн.

...халаасыг нь ухаад үзэхэд 35000 төгрөг гарч ирэхээр нь үлдсэн мөнгийг нь асуухад гэрийн ванны өрөөнөөс 40000 төгрөг гаргаж ирж өгсөн. Бусад мөнгийг нь нэг танихгүй ахад өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хайрхан багийн 15 дугаар байранд амьдардаг тэр залуугийн гэрт очиход нөгөө залуу гэртээ байсан ба тэр дор нь дагуулаад цагдаагийн байгууллага дээр ирж уулзсан. Тэгэхэд нөгөө хүүхэд “би мөнгө аваагүй шүү дээ, танай хүүхэд худлаа хэлээд байна” гээд гүрийгээд хэлэхгүй байсан.

...ээж нь болох Ж.М- “чи хүний хүүхэд худлаа гүтгээд” гээд миний тэлээгээр 2 удаа ар дал хэсэг рүү нь ороолгох шиг болсон. Тэгээд тэр өдөртөө намжаад маргааш нь гэртээ бөөнөөрөө байж байтал хүү А.А- цаад өрөөнд орчихоод гарч ирэхгүй байхаар нь араас нь ортол унтаж байсан. Тэгэхээр нь янз бүрийн юм бодолгүй орой хоолыг нь өгөх гээд яваад ортол амнаас нь цагаан хөөс гарсан байсан. Тэгэхээр нь сандарч эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн.  Тэгээд өрөөг нь сайн хартал шалан дээр нэг ширхэг эм хэвтэж байхаар нь аваад үзтэл миний төрсөн дүү болох А- ууж хэрэглэдэг таталтын эмийг 9 ширхэгийг уусан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 16/,

 

-Насанд хүрээгүй гэрч Ө.Т- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гэртээ амарч байтал өдөр 12 цагийн үед манай гэр буюу Дархан баг 14-146 тоотын хаалгыг хүн нүдээд байхаар нь би очиж онгойлгосон. Тэгтэл А.А- гэх хүүхэд аав, ах нарыгаа дагуулаад ирсэн байсан ба аав нь над руу уурлаж “чи хүүхдээс мөнгө авлаа, одоо цагдаа дээр хамт очино” гэж хэлээд намайг дагуулж Шарын гол сумын Цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Тэгээд би цагдаад болон аавд нь А.А- гэх хүүхдээс мөнгө аваагүй талаараа хэлээд явсан. Харин тухайн үед хүүхэд нь намайг мөнгө авсан гээд гүтгээд байсан.“ гэх мэдүүлэг /хэргийн 18/,

 

-“А.А.А-гийн биед зүүн мөр, дал, баруун, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 727 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 22-23/,

 

-Аюулын зэргийн үнэлгээний тайлан /хэргийн 42-43/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Ж.Ж.М- нь 2019 оны 08 дугаар сарын 22-нд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан 2 дугаар багийн  7-3 тоотод байх өөрийн гэртээ өөрийн төрсөн хүү болох 11 настай А.А.А-г бага насны хүүхэд болохыг мэдсээр байж “аав, ээжийнхээ мөнгийг хулгайлж үрлээ” гэдгээр шалтаглан төмөр аралтай өмдний тэлээгээр нуруун тус газарт нь олон удаа ороолгож, эрүүл мэндэд нь “зүүн мөр, дал, баруун, зүүн бугалганд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч буй этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэх ба шүүгдэгч Ж.Ж.М-, хохирогч А.А.А- нар нь төрсөн эх, хүү бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээд мөн байх тул шүүгдэгч Ж.Ж.М-ийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Ж.М-ийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч А.А.А-гийн эрүүл мэндэд  “зүүн мөр, дал, баруун, зүүн бугалганд цус хуралт”  бүхий хөнгөн хохирол учирсан /хэргийн 22-23/ ба насанд хүрээгүй хохирогч А.А.А- нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Ж.Ж.М- нь 2019 оны 08 дугаар сарын 22-нд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан 2 дугаар багийн  7-3 тоотод байх өөрийн гэртээ өөрийн төрсөн хүү болох 11 настай А.А.А-г бага насны хүүхэд болохыг мэдсээр байж “аав, ээжийнхээ мөнгийг хулгайлж үрлээ” гэдгээр шалтаглан төмөр аралтай өмдний тэлээгээр нуруун тус газарт нь олон удаа ороолгож, эрүүл мэндэд нь “зүүн мөр, дал, баруун, зүүн бугалганд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Ж.М-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ж.Ж.М- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ж.Ж.М- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 450000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

 Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 96 урттай, 2 см өргөнтэй төмөр аралтай тэлээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ж.М-ийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ж.М-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч Ж.Ж.М-д оногдуулсан торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд сард 150000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ж.Ж.М-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй /арван таван мянга/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Ж.Ж.М-д анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 96 урттай, 2 см өргөнтэй төмөр аралтай тэлээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ж.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Я.ТУУЛ