| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжав Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 191/2026/00638/И |
| Дугаар | 210/МА2026/00976 |
| Огноо | 2026-05-01 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2026/00976
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2026/02360 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох,
Даатгалын гэрээний үүрэгт 30,255,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. Нэхэмжлэгч нь *******-тай 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ******* дугаар тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, ******* улсын дугаартай, Lexus RХ-450 маркийн тээврийн хэрэгслийг 78,000,000 төгрөгөөр үнэлж, даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохирлыг 100 хувь хариуцахаар харилцан тохиролцсон. Гэрээнд даатгалын хураамжийг 1 жилд 624,000 төгрөг байхаар тогтоож, гэрээ байгуулсан өдөр даатгуулагч ******* нь төлбөрийг бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлсэн. Гэтэл даатгуулагч нь гэрээний зүйл болох ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ******* нутаг дэвсгэрт зорчих үед, шөнийн цагаар гэрлийн гялбааны улмаас 3 тооны адуу мөргөж, зам тээврийн осол гарсан.
1.2. Энэ талаар *******-ийн даатгалын шуурхай утас болох ******* дугаарын утас уруу мэдэгдэн бүртгүүлж, улмаар даатгалын нөхөн төлбөр авахаар холбогдох материалыг бүрдүүлэн, гэрээнд заасны дагуу нөхөн төлбөр авах хүсэлтийг гаргасан. Гэвч *******-аас 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар албан бичгээр даатгалын тохиолдол бий болгох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Уг шийдвэрийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад даатгуулагчийн санаатай үйлдлийн улмаас даатгалын зүйлд хохирол учирсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэх үйлдлийг эрх бүхий байгууллагаас тогтоогоогүй байна. ...даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу олгож, ...хариу мэдэгдэнэ үү гэсэн хариуг ирүүлсэн. Гэтэл хариуцагч ******* нь нэгэнт гарсан шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэсэн хариу өгсөн.
1.3. Даатгагч *******-ийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэр нь үндэслэлгүй байх бөгөөд хурд хэтрүүлсэн гэх нөхцөл байдал нь баримтаар тогтоогдоогүй, даатгалын гэрээний 3.1.1-д заасан нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд хамаарахгүй. Учир нь ******* аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч *******ы 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн тодорхойлолт нь жолооч *******ыг хурд хэтрүүлсэн болохыг тогтоосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр биш юм. Түүнчлэн гэрээний 3.1.1-д замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол гэдэг зохицуулалт байхгүй бөгөөд даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан бол... гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, зам тээврийн осол нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд даатгуулагчийн зүгээс санаатайгаар адуу мөргөж, зам тээврийн осол гаргаж, даатгалын тохиолдлыг зориудаар үүсгэсэн зүйл байхгүй. Нөгөө талаар, даатгалын гэрээний зорилго нь дээрх байдлаар гэнэтийн аваар ослын улмаас учирч болох хохирлыг бууруулах зорилготой байхад даатгагч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээний 3.1-д заасан нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлгүй.
1.4. Даатгалын тохиолдол бий болсонтой холбоотойгоор тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг хийлгэхэд 29,440,000 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд даатгалын тохиолдол бий болсонтой холбоотойгоор оношилгоо хийлгэхэд 160,000 төгрөг, машин ачилтын төлбөр 180,000 төгрөг, даатгалын үнэлгээний хөлс 2,000,000 төгрөг, засвар үйлчилгээний хөлс 18,300,000 төгрөг, сэлбэг хэрэгслийн зардал 9,615,000 төгрөг, нийт 30,255,000 төгрөгийн зардал гарсан.
1.5. Талуудын хооронд байгуулсан гэрээнд зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол үндсэн эрсдэлээс хамгаалагдахаар заасан бөгөөд гэрээний 2.2-т Даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохирлыг 100-иар тооцож, даатгагчаас даатгуулагчид нөхөн төлбөр олгоно гэж, гэрээний 2.4-т Даатгагч хохирлын үнэлгээний зардлыг даатгуулагчид олгох нөхөн төлбөрийн дүн дээр нэмж олгоно гэж тус тус заасан тул хариуцагч ******* нь даатгуулагчид учирсан дээрх хохирлыг бүрэн барагдуулах үүрэгтэй. Иймд хариуцагч *******-аас даатгалын нөхөн төлбөрт 30,255,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Даатгуулагч нь даатгалын тохиолдол бий болгосон гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Даатгуулагч гэрээ байгуулсан, хураамж төлсөн талаар маргаагүй. Харин 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ******* аймгийн Хотон сумын нутаг дэвсгэрт зорчих үедээ 3 тооны адуу мөргөсөн гэх дуудлага манайд ирсэн. Даатгуулагчийн нөхөн төлбөр хүссэн материалыг хянаж үзэхэд ******* аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тодорхойлолтод жолооч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний үзэгдэх орчныг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэж заасныг зөрчсөн байна гэж гарсан. *******-ийн зүгээс Цагдаагийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 болон даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээний 5.1.12-т заасны дагуу мэргэжлийн байгууллагаас дүгнэлт, тодорхойлолт гаргуулах шаардлагатай гэж үзээд Зам тээвэр, аялал жуулчлалын яам болон Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо, Зам тээвэр ажлын мэргэжлийн боловсролын институтийн гэрчилгээтэй этгээд болох Монгол Улсын зөвлөх инженер, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, техникийн ухааны доктор *******д хандаж, хурдыг тодорхойлох дүгнэлт гаргуулсан. 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2514 дүгнэлтээр даатгуулагч нь адуу мөргөж, зам тээврийн осолд орох үед хөдөлгөөний хурд нь 100 км/цагаас доошгүй байна гэж үзсэн.
2.2. Ослын газрын цагдаагийн бүдүүвч зургаас харахад даатгуулагч нь уг 3 тооны адууг мөргөхдөө эхний адууг мөргөөд зогсохгүй, цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлэн явсаар байгаад 3 адууг дараалуулан мөргөсөн байдаг. Эдгээр нөхцөл байдлаас харахад даатгуулагч нь хурд хэтрүүлсэн байна гэж үзэх үндэслэлтэй.
2.3. Түүнчлэн осол нь суурин газрын гадна болсон бөгөөд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км/цаг, суурин газрын гадна 80 км/цагаас хэтрүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчиж явсан нь баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа. *******гийн дүгнэлтийг даатгуулагчид 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр цахим хэлбэрээр танилцуулсан. Нэхэмжлэгч ******* нь даатгалын гэрээгээр зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол болон мал амьтнаас учруулах үеийн эрсдэлийг хамгаалсан боловч хурд хэтрүүлсний улмаас олон тооны адуу буюу 3 тооны адууг мөргөж, даатгалын тохиолдол бий болгох орчин нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэх баримт хангалттай байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.5.1-д зааснаар хариуцагч *******-д холбогдох 30,255,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 309,225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх ...хариуцагчаас шүүхэд ирүүлж, нэхэмжлэгч үгүйсгээгүй зам тээврийн ослын талаарх дүгнэлтээс үзэхэд тээврийн хэрэгсэл нь тухайн үед 100.58 км/цагийн хурдтай явсан нь тогтоогдсон..., энэхүү хурд нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т заасныг зөрчсөн болох нь эрх бүхий албан тушаалтан буюу Замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн гаргасан 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна... Иймд нэхэмжлэгч замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байгаа нь даатгалын гэрээний 3.1.1-д заасан нөхцөлийг бүрдүүлсэн гэх үндэслэлд хамаарч, ...нөхөн төлбөр төлөхөөс татгалзах үндэслэл бий болжээ. гэж хууль болон гэрээний агуулгыг буруугаар тайлбарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Өөрөөр хэлбэл, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь хэрэгт авагдсан зөвлөх инженерийн дүгнэлт, цагдаагийн тодорхойлолтоор тогтоогдож байх тул даатгалын тохиолдол бий болох орчин нөхцөлийг бүрдүүлсэн гэж үндэслэлгүй дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлохгүй, нэхэмжлэгчийн маргаж буй баримтуудыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
4.2. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасны дагуу даатгуулагчийн зүгээс хураамжаа төлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд даатгалын тохиолдол үүссэн даруй гэрээний дагуу холбогдох арга хэмжээг авч ажилласан. Гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болсон бөгөөд талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээнд зам тээврийн бүх төрлийн осол, гэмтлийг даатгасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй хариуцагч байгууллагыг буруугүй мэт дүгнэж, нэхэмжлэгчийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болохыг хариуцагч байгууллагын хүсэлтийн дагуу зөвлөх инженер гэх хүний гаргасан дүгнэлтээр тодорхойлж, хэрэгт 3 өөр байдлаар авагдсан ******* аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч *******ы тодорхойлолтыг хариуцагчид ашигтай байдлаар тайлбарласан нь үндэслэлгүй.
4.3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн гаргаж өгсөн дээрх 2 баримтыг няцааж, хэргийн үйл баримтыг гэрчлэхгүй гэж маргасан байхад хүлээн зөвшөөрсөн мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болохыг тогтоосон хангалттай баримт байхгүй бөгөөд дүрэм зөрчсөн нь гэрээний 3.1.1-д заасан орчин нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй юм. Учир нь даатгуулагчийн зүгээс зам тээврийн ослыг санаатайгаар гаргасан зүйл байхгүй буюу нөхцөл орчныг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Зам тээврийн осол нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд даатгуулагчийн зүгээс санаатайгаар адуу мөргөж, зам тээврийн осол гаргаж, даатгалын тохиолдлыг зориудаар үүсгэсэн зүйл байхгүй.
4.4. Осол нэхэмжлэгчийн хүчин зүйлээс бус, хатуу хучилттай авто замд малаа хариулгагүй үлдээсэн малчин буюу гуравдагч этгээдийн буруутай хүчин зүйл нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. Тиймээс үзэгдэх орчин хязгаарлагдмал шөнийн цагаар, эсрэг урсгалын хурц гэрлийн гялбаанд орсны улмаас үүссэн зам тээврийн осол нь даатгалын тохиолдолд хамаарна.
4.5. Нөгөө талаар, сайн дурын даатгал нь даатгуулагчийг аливаа төрлийн эрсдэлээс хамгаалах, гэнэтийн аваар ослын улмаас учирч болох хохирлыг бууруулах зорилготой байхад бодитоор учирсан даатгалын тохиолдолд даатгуулагчийг буруутгаж татгалзаж байгаа нь цаашид даатгалын компани байх эсэх, иргэд үйлчилгээ авах шаардлагатай эсэх нөхцөл байдлыг үүсгэж байна гэж үзэхээр юм. Хариуцагч буюу даатгагч нь гэрээний утга, агуулгыг ойлгомжтой тодорхойлох байтал гэрээний 3.1.1-т ...нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж тодорхой бус байдлаар тусгаж, даатгуулагчийн аливаа үйлдлийг уг нөхцөлд хамааруулж, татгалзаж байгаа нь хууль бус юм. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д заасан ...нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэх агуулгыг даатгалын компаниуд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөлөөс хамаарч гэрээндээ тодорхой, дэлгэрүүлэн заах ёстой байсан.
4.6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эрсдэл нь урьдчилан таамаглах боломжгүй гэнэтийн байдлаас үүсдэг учир даатгалын компани үүнийг даатгадаг гэж хэлж байна. Энэ үнэн, гэхдээ гэнэтийн гэх шинж нь тухайн жолоочийн өөрөө удирдан хянах боломжгүй нөхцөл байдлыг хэлж байгаа юм. Гэтэл хэдэн км.ц-ийн хурдтай явах вэ гэдгийг жолооч бүрэн хяналтдаа авч, хөдөлгөөнийг хийдэг. Энэ агуулгаар тохиолдол гэнэтийн байх ёстой, хэрэв даатгуулагч тухайн тохиолдол, орчин нөхцөлийг бүрдүүлсэн буюу гэнэтийн бус байдлаар, өөрийн хяналтад байх үед үүсгэсэн байвал энэ нь даатгалын тохиолдол биш. Тийм учраас даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй гэж Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д хуульчилсан. Энэ агуулгын хүрээнд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл бүрийг даатгах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Замын хөдөлгөөний үеийн эрсдэлээс хамгаалж байгаа боловч замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн заалт бүрийг даатгалын гэрээгээр хамгаалаад байвал энэ нь хууль ёсны зарчимд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 буюу хурдтай холбоотой зохицуулалтын хэм хэмжээ нь хориглосон хэм хэмжээ байдаг. Хориглосон хэм хэмжээг даатгалын гэрээгээр хамгаалахгүй учир Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д гол агуулга нь оршиж байна гэж ойлгож байна.
5.2. Хариуцагчийн зүгээс зам тээврийн ослын гол шалтгаан нь нэхэмжлэгчийн хурд хэтрүүлсэн үйлдлээс үүдэлтэй болох нь хэрэгт авагдсан цагдаагийн тодорхойлолтууд, шинжээчийн дүгнэлтээр хангалттай тогтоогдож байна гэж маргасан. Нэхэмжлэгч тухайн тодорхойлолтуудыг үгүйсгэсэн баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй бөгөөд энэ талаар маргаагүй нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдана. Мөн хэрэгт 3 өөр огноотой, 1 хүний гаргасан эргэлзээтэй албан бичиг авагдсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж маргадаг. Гэвч цагдаагийн гаргасан тухайн тодорхойлолтод эргэлзээтэй зүйл огт байхгүй бөгөөд зөвхөн огноогоор ялгаатай болохоос тухайн баримтуудад нэхэмжлэгчийн хурд хэтрүүлсэн болохыг тодорхойлсон замын хөдөлгөөний дүрмийн талаар тусгасан байдаг. Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв дүгнэсэн гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт 30,255,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. *******, ******* нар 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г байгуулж, уг гэрээгээр ******* нь ******* улсын дугаартай, Lexus RX-450h AL10 маркийн тээврийн хэрэгслийг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2028 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаанд гэрээнд заасан эрсдэлээс хамгаалах, ******* нь нэг жилийн даатгалын хураамжид 624,000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцож, эхний жилийн хураамжийг төлсөн. /хх-5-7/
3.2. Даатгалын гэрээний хугацаанд буюу 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шилжих шөнө нэхэмжлэгч ******* уг тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа ******* нутаг Хөтөл нуур гэх газрын улсын чанартай авто замд 3 тооны адуу мөргөж, зам тээврийн осол гаргасан. /хх-12-13, 55-56/
3.3. Хас үнэлгээ ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний тайланд дурдсанаар тээврийн хэрэгсэлд 29,440,000 төгрөгийн хохирол учирсан. /хх-14-20/
3.4. ******* аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч *******ы 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тодорхойлолтод ... жолооч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр. /12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэж заасныг зөрчсөн гэжээ. /хх-55/
4. Зохигч дээрх үйл баримтын тухайд маргаагүй, харин нэхэмжлэгч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн нь талуудын хооронд байгуулагдсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 3.1.1-д заасан даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлд хамаарах эсэх нь маргааны зүйл болжээ.
5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэнийг зөв тогтоосон ба Нэхэмжлэгч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, даатгалын гэрээний 3.1.1-д заасан даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэх үндэслэлд хамаарч, мөн гэрээний 3.1-д заасан даатгагч нь нөхөн төлбөр төлөхөөс татгалзах үндэслэлийг бий болгосон гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.
5.1. Талуудын хооронд байгуулагдсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний Үндсэн эрсдэлийн хамгаалалт хэсэгт Зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол хамаарахаар заасан боловч нэхэмжлэгч ******* шөнийн цагаар зорчиж явахдаа хөдөлгөөний зохих хурдыг тохируулаагүйгээс гурван тооны адуу мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь ******* аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч *******ы 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тодорхойлолт болон Монгол Улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор *******гийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 25/13 дугаар дүгнэлтээр тогтоогдсон байна. /хх-57-63/
Даатгалын гэрээний 5.1.12-т зааснаар даатгагч нь даатгалын тохиолдол болсны улмаас учирсан хохирлын шалтгаан нөхцөл, хэмжээг үнэн зөв тогтоохын тулд хууль сахиулах байгууллага, Цагдаагийн газар, Онцгой байдлын ерөнхий газар болон бусад мэргэжлийн байгууллагад мэдэгдэж, акт тогтоолгох эрхтэй байх ба энэхүү эрхийн хүрээнд дээрх дүгнэлт гаргуулсныг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй.
Нөгөө талаар, ******* аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч *******ы 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн тодорхойлолт, мөн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тодорхойлолтод тус тус жолооч *******ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсгийг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар Эрх бүхий албан тушаалтны магадлагаа-д ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явах үүргийг зөрчсөн гэж дүгнэсэн нь агуулгын хувьд хоорондоо зөрчилгүй, нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж явах үүргээ биелүүлээгүйгээс зам тээврийн осол гарсныг тогтоосон байна.
Өөрөөр хэлбэл, жолооч осол гарах орчин, нөхцөлийг өөрөө бүрдүүлсэн буруутай байх бөгөөд шүүх эдгээр хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй тул энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.
5.2. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт Гэрээг тайлбарлахдаа түүний шууд утгыг анхаарна гэж, 198.2 дахь хэсэгт Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж тус тус заасан.
Жолооч хурд хэтрүүлсэн гэдгийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн тохиолдолд хамааруулах үндэслэлтэй ба даатгалын гэрээгээр үндсэн эрсдэлд зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн ослыг хамааруулахаар заасан хэдий ч даатгалын гэрээний 3.1.1-д даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн тохиолдолд даатгагч нөхөн төлбөр олгохгүй байхаар заасан, дээрх тохиролцоо нь гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцнэ.
Иймд даатгуулагч даатгалын тохиолдол бий болгох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй, хариуцагч ******* даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжлэгч *******ад олгохоос татгалзсан нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1, даатгалын гэрээний 3.1.1-д заасантай нийцсэн.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2026/02360 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 309,225 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Н.ГЭРЭЛТУЯА