Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2016/00228

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 30 өдөр

          Дугаар 181/ШШ2016/00228                Улаанбаатар хот

   

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

 

     Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Боржигон овогт Н.О /РД:............../-ийг төлөөлөн Г.Хгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Одон бор овогт З.Э /РД:УГ83100405/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 2.800.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

   З.Э нь Н.О-с 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 5.000.000 төгрөгийг 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй Зээлийн гэрээ байгуулж авсан. 2015 оны 03 сард дахин 500.000 төгрөгийг нэмж зээлээд нийт үндсэн зээл 5.500.000 төгрөг болсон.

2015 оны 09 сарын 03-ны өдөр талууд тооцоо нийлж, Тооцоо нийлж төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулан нийт 3.500.000 төгрөгийн төлбөрийг улиралд 500.000 төгрөг төлж, 2017 оны 5 сарын 28-ны өдөр хүртэл төлж барагдуулахаар төлбөр төлөх график гаргасан байдаг.

З.Э зээлийн төлбөрөөс 700.000 төгрөг төлсөн  бөгөөд, 2.800.000 төгрөгийг төлөөгүй үлдсэн тул З.Эээс 2.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

  

            Нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                                                      

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.О төлөөлөн Г.Х нь хариуцагч З.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 2.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч З.Э нь нэхэмжлэгч Н.Отэй харилцан тохиролцож, зээлийн гэрээ байгуулж  5.500.000 төгрөгийг зээлсэн, зээлийн үлдэгдэл төлбөр 2.800.000 төгрөг болох нь Зээлийн гэрээ, Тооцоо нийлж төлбөр барагдуулах тухай баримт,  данс эзэмшигч Н.Оийн “Голомт банк” ХХК-ийн 3050003995 дугаартай дансны хуулга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох  баримтуудаар тогтоогдсон, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй байна.

  2013 оны 12 сарын 24-ний өдрийн 7653 дугаартай зээлийн гэрээ болон 2015 оны 09 сарын 03-ны өдрийн Тооцоо нийлж төлбөр барагдуулах тухай баримтад Н.О, З.Энхичмэг нар хүсэл зоригийн илэрхийлэлээ гарын үсгээ зурж баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар З.Эээс 2.800.000 төгрөг гаргуулж Н.От олгох үндэслэлтэй байна.

Хариуцагч З.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар шүүхэд тайлбар гаргаагүй, татгалзлаа өөрөө нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, мөн талуудын мэтгэлцэх зарчмыг хангах үүднээс хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан боловч  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирэх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар  нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон

            ТОГТООХ нь:

                                                                                             

            1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар хариуцагч З.Эээс 2.800.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.От олгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Оийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59.750  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн  хураамжид хариуцагч З.Эээс 59.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.От олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.БААТАР