Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 384

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Б.Б.М-э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-эд холбогдох эрүүгийн 1918000950455 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б.М-э 1992 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ял,

-2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Б.М-э нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан захын барилгын материалын 13 дугаар лангуунаас иргэн Д.Д.Б-гийн 350000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

-Шүүгдэгч Б.Б.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “Жавхлант өргөө ХХК-д ажиллаж байгаад 700,000 төгрөгийн цалин авах ёстой байтал цалин өгөхгүй 500,000 төгрөг өгөөд 200,000 төгрөгийг өгөхгүй, дараа ав гээд байсан” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 7/,

-Хохирогч Д.Д.Б-гаас Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 8/,

 

-Хохирогч Д.Д.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Б.М-э нь 2018 оны 6 дугаар сараас хойш надтай хамт Дархан захын барилгын материалын лангууг түрээслэж ажиллуулдаг О- гэдэг хүний ачаа зөөгчөөр ажилд орсон хүн юм. Тэгээд би хааяа ачаа зөөлгөх шаардлага гарвал үнэ хөлсийг нь тохирч байгаад мөнгөөр ачаагаа зөөлгөдөг байсан. Тэгж л таньдаг болсон, тэрнээс биш садан төрлийн харилцаа холбоо байхгүй. Миний лангууны доор байсан орлогын мөнгийг авах хүртэлээ барилгын материалын зах дээр ажилладаг байсан.

...Б.М-э надаас хулгайлсан 350000 төгрөгөөсөө 2019 оны 02 дугаар сарын 02-нд миний өөрийн эзэмшлийн ХААН банкны 5108087123 дансаар 100000 төгрөг явуулсан.

...саяхан дансаа шалгахад миний дансанд 250000 төгрөг орсон байсан. Утга дээр нь Б.М-э рэж латинаар бичсэн байсан. Тэгэхээр нь хулгайлж авсан мөнгөний үлдэгдэл 250000 төгрөг юм байна гэж ойлгосон. Мөнгөө авчихсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 10-12/,

 

-Гэрч Д.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Б-г “чи лангуун дотор энэ хүүхдээр юм зөөлгөж оруулж байгаа юм уу?” гэж асуухад Д.Б- “үгүй шүү дээ.” гэж хэлсэн. Тэгээд удалгүй байж байгаад Д.Б- нь “лангуун дотор байсан мөнгө алга болчихжээ.” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 14/,

 

-Хохирогч Д.Д.Б-гийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 21/,

 

-Хохирогч Д.Д.Б-гийн ХААН банкны 5108087123 дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 23-25/,

 

-Хохирогч Д.Д.Б-гийн гар утасны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 27/,

 

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 30-31/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Б.Б.М-э нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан захын барилгын материалын 13 дугаар лангуунаас иргэн Д.Д.Б-гийн 350000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 350000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Б.Б.М-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Д.Б-д 350000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Д.Б- нь мөрдөн байцаалтын шатанд “...мөнгөө авчихсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 10-12/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Б.Б.М-ээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Б.Б.М-э нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан захын барилгын материалын 13 дугаар лангуунаас иргэн Д.Д.Б-гийн 350000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 350000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Б.М-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Б.М-э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч Б.Б.М-э нь урьд 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ял, 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан бөгөөд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 51 дугаартай шүүгчийн захирамжаар 2 сар 13 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбараар нотлогдож байх бөгөөд энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт юм.

 

Шүүгдэгч Б.Б.М-э нь бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б.М-ийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бичлэгтэй сиди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээхээр шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.М-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 350000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.М-эд 6 сарын /зургаан сар/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б.М-эд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Б.М-ийн энэ хэрэгт 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бичлэгтэй сиди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.М-эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б.М-эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Я.ТУУЛ