| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/08707/И |
| Дугаар | 210/МА2026/01117 |
| Огноо | 2026-05-18 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2026/01117
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Гандиймаа, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/03231 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Би ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 23009 дугаартай тушаалаар арьс гоо заслын их эмчээр ажилд томилогдож, 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр цалин хөлсийг 5,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан.
1.2. Гэтэл ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр намайг ажлаас халж байгаа тухайгаа цаашдаа ирэх шаардлагагүй, өөртэй чинь хамтарч ажиллаж чадахгүй чамайг ажлаас халж байна гэж амаар мэдэгдсэн.
1.3. Би эрхэлсэн ажилдаа хайнга, хариуцлагагүй хандсан удаагүй, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд ямар нэгэн алдаа гаргаагүй, сахилгын зөрчил гаргаагүй, хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргаагүй буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болгох нөхцөл байдал бий болоогүй байхад хууль зөрчиж, намайг ажлаас чөлөөлсөн.
1.4. Миний гүйцэтгэж байсан ажил, чиг үүрэг, хөдөлмөрийн нөхцөлд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой атал ажил олгогч хууль зөрчиж надтай 5 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд тэр хугацаа нь ч дуусаагүй байхад хуульд заасан үндэслэлгүйгээр, ажлаас халах тухай мэдэгдэл болон тушаал гаргалгүйгээр намайг ажлаас чөлөөлсөн нь эрх зүйн үндэслэлгүй, хууль зөрчсөн үйлдэл юм.
1.5. Ажилласан 7 хоногийн цалин гэж 1,223,920.70 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр олгосон. ******* ХХК нь миний цалинг 5,000,000 төгрөгөөс тооцож, олгодог байсан боловч нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг 2022 оны 09 дүгээр сард 500,000 төгрөгийн цалингаас тооцож, 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарыг дуустал 4 сарын хугацаанд 1,200,000 төгрөгөөр тооцож, нийт 5 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, түүнээс хойших хугацаанд огт төлөөгүй.
1.6. Би жирэмсний амралтаа 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр авч, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ажилдаа буцаж орсон бөгөөд жирэмсний амралт авах үед нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байсан учир жирэмсний болон амаржсаны тэтгэмж авч чадаагүй.
1.7. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гомдол гаргасан боловч ажлаас халах тушаал байхгүй учир гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг утсаар ярьж мэдэгдсэн.
1.8. Ажил олгогчид удаа дараа ажлаас халах тушаал гаргуулъя, авъя гэж хэлсэн боловч өдийг хүртэл гаргаж өгөөгүй. Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь манай байгууллагад анх 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ажилд орсон бөгөөд 4 сар орчим хугацаанд ажиллаж 2023 оны 01 дүгээр сард ... жирэмсэн болсон учир үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон тул ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн.
2.2. Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөний дараа сайн дурын нийгмийн даатгалд хамрагдаж байгаад ******* дүүргээс жирэмсний болон амаржсаны тэтгэмж авсан. Манай компанид 4 сар ажилласны үр дүнд дээрх тэтгэмжүүдийг авах эрх үүсэхэд нь нөлөөлсөн гэж үзэж байна.
2.3. Нэхэмжлэгч нь хоёр жилийн дараа буюу 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дахин ажилд орох тухай хүсэлт өгч дахин ажиллаж эхэлсэн бөгөөд 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байгууллагын дотоод журам зөрчиж бүртгэл хийлгэхгүйгээр эмчийн тариа болон материалтай өрөөнд үйлчлүүлэгчийг авч орон дотроосоо түгжиж байгаад үйлчилгээ үзүүлсэн.
2.4. Энэ үйлдэл нь хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмыг зөрчсөн үйлдэл гэдгийг удирдлагын зүгээс хэлж, ийм байдалтай байвал хамтран ажиллах нөхцөл бүрдэхгүй гэхэд өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй удирдах албан тушаалтнуудтай маргалдаж ажлаа хаяж явсан. Ажлаа хаяж явахдаа дахиж танайд ажиллахгүй миний цалинг өнөөдөр шилжүүлээрэй гэж хэлээд гараад явсан. Ингээд 13 хоног ажилласны цалин болох 1,223,920.70 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч *******ын дансанд шилжүүлсэн.
2.5. Нэгэнт ажлаа хаяад явсан хүний тушаалыг байгууллагын зүгээс тэр дор нь гаргаагүй бөгөөд дотоод журамд заасны дагуу 30 хоног нь өнгөрмөгц ажлаас чөлөөлөх тушаалыг нь гаргаж тушаалаа ав гэж мэдэгдсэн боловч өөрөө ирээгүй.
2.6. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-д холбогдох нэхэмжлэгч *******ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх ... хэрэгт авагдсан баримтаар ******* ХХК-аас цалин гэсэн утгатай орлогын гүйлгээ хийгдэж, *******т cap бүр цалин олгож байсан үйл баримт тогтоогдсон хэдий ч ажил олгогч нь 2023 оны 02 дугаар сараас ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, ... Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасан ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүргийг хэрэгжүүлээгүй, ... 2023 оны 01 дүгээр сард нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөнөөр өмнөх хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон, 2025 оны 08 дугаар сард ажилд орох үед ажил олгогч, ажилтан нарын хооронд хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, ажилд томилсон тушаал албажаагүй болох нь зохигч талуудын тайлбар, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ... гэх үндэслэлээр талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.
4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа *******ыг 2023 оны 01 дүгээр сард өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлан 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн OR/23/12 дугаартай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг тушаалд *******ын гаргасан гэх ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийн талаар огт тусгаагүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт заасны дагуу надад уг тушаалыг танилцуулсан, хүлээлгэж өгсөн, гэрийн хаягаар хүргүүлсэн баримт огт байхгүй.
4.3. Түүнчлэн, ажлаас чөлөөлөгдсөн гэх 2023 оны 01 дүгээр сараас хойш ******* ХХК-ийн эзэмшлийн ******* тоот данснаас ******* миний ******* банкны данс руу цалин гэх утгатай шилжүүлэг байнга хийгдэж байсан нь шүүхэд гаргаж өгсөн дансны хуулгаар нотлогддог. Өөрөөр хэлбэл, би 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 08 дугаар cap хүртэл *******-д ажиллаж байсан бөгөөд хариуцагчийн зүгээс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн OR/23/12 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн OR/25/0801 дугаартай Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн OR/24/012 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хуурамчаар нөхөж үйлдэн, шүүхэд гаргаж өгсөн.
4.4. Гэтэл анхан шатны шүүхээс 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн OR/25/0801 дугаартай Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн OR/24/012 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг үнэлээгүй атлаа 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн OR/23/12 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг үнэлж, шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна.
4.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан эсэхээс үл хамаарч ажилтан ажил олгогчтой тохиролцсон ажил үүргийг гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд ажилтан гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирох цалин хөлс авах, амрах зэрэг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээх нөхцөл бүрдэнэ. Гэтэл анхан шатны шүүх ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан гэх хугацаанаас хойш цалин хөлс олгосон нь банкны дансны хуулгаар тогтоогдсон хэдий ч ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэх үндэслэлээр уг хугацаанд хөдөлмөрийн гэрээний дагуу ажилласан гэж үзээгүй, мөн тухайн хугацаанд цалин авч байсан дансны хуулгыг нотлох баримтаар үнэлээгүй.
4.6. Түүнчлэн, ажил олгогч өөрийн хуульд заасан үүрэг болох ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүй байхад үүний сөрөг үр дагаврыг ажилтанд үүрүүлж, түүний эрх ашгийг хохироосон байдлаар шийдвэр гаргасан.
4.7. Ажил олгогчоос ажилласан 7 хоногийн цалин гэж 1,223,920.70 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр дансаар шилжүүлсэн. Мөн ажил олгогчийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан OR/25/012 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалд байгууллагын дотоод журмыг үндэслэсэн байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасны дагуу байгууллагын дотоод журам нь тухайн байгууллагын үндсэн ажилтнуудад үйлчилдэг. Үүнээс үзвэл, ажил олгогчийн зүгээс 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ-ний дагуу намайг үндсэн ажилтнаар ажиллуулж байсан нь тодорхой харагдана.
4.8. Түүнчлэн, талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй байсан ч ажилтан тухайн ажил үүргийг гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзнэ. Гэтэл шүүхээс дээрх үйл баримт болон холбогдох хуулийн зохицуулалт, Улсын дээд шүүхийн тайлбарыг үл харгалзан талуудын зөвхөн хариуцагчийн тайлбар, хариуцагчтай хамаарал бүхий 2 гэрчийн мэдүүлгийг үндэслэн талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна.
4.9. Мөн анхан шатны шүүхээс ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалсан асуудлыг дүгнээгүй. Ажил олгогч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр надад цаашдаа ирэх шаардлагагүй, өөртэй чинь хамтарч ажиллаж чадахгүй чамайг ажлаас халж байна гэж амаар мэдэгдсэн. Түүнээс хойш хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосонтой холбоотой тушаал, мэдэгдэл огт танилцуулаагүй. Гэтэл шүүхэд 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн OR/25/0801 дугаартай Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан OR/25/012 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг гаргаж өгсөн.
4.10. 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн OR/25/012 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйл болон дотоод журмын 6.9.4-т заасныг тус тус үндэслэн Тус компанид арьсны их эмчийн албан тушаалтай ******* нь байгууллагын удирдлагатай ам мурийсны улмаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа 30 хоног тасалсан тул удирдлагын шийдвэрээр 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй гэж, мөн Нийгмийн даатгалын тайланд 08 дугаар сараар тасалбар болгон 09 дүгээр сард ажилдаа ирээгүй тул тайлагнахгүйгээр холбогдох тооцоог хянахыг нягтлан бодогчид үүрэг болгосугай гэж тус тус заасан байна.
4.11. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйл нь хөдөлмөрийн сахилгын шийтгэлтэй холбоотой зохицуулалт бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлийг заасан. Мөн хуулийн 80 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийг хуульчлан тогтоож өгсөн бөгөөд би эрхэлсэн ажилдаа хайнга, хариуцлагагүй хандсан удаагүй, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд ямар нэгэн алдаа гаргаагүй, сахилгын зөрчил гаргаагүй. Нөгөө талаар хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргаагүй буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болгох нөхцөл байдал бий болоогүй байхад хууль зөрчиж, ажлаас чөлөөлсөн агуулгатай тушаал байх тул хуульд нийцээгүй.
Мөн байгууллагын дотоод журам нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шинэчлэгдсэн байх бөгөөд дээрх тушаалын үндэслэлд дурдсан 6.9.4 гэсэн заалт дотоод журамд байхгүй.
Түүнчлэн, уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 83.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу ажил хүлээлгэн өгөх хугацааг тусгаагүй, тухайн шийдвэрийг надад танилцуулсан, хүлээлгэн өгсөн, шуудангийн хаягаар хүргүүлсэн зэрэг ямар ч баримтгүй, анхнаасаа хуульд нийцээгүй, үндэслэлгүй тушаал байсан.
4.12. Хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал болон хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт хоёр жилийн дараа буюу 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дахин ажилд орох тухай хүсэлт өгч дахин ажиллаж эхэлсэн гэсэн зэрэг баримтуудаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнийг ажил олгогч зөвшөөрч байхад шүүх ямар ч эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан.
4.13. Ажил олгогчтой 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр сарын цалин хөлсийг 5,000,000 төгрөг байхаар тохиролцсон. Ажил олгогчоос сүүлд 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 13-ны өдрийг хүртэлх 7 хоногийн ажлын цалин 1,223,920.70 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Уг дүнгээс нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцоход 174,845.81 төгрөг, сарын дундаж цалин 4,895,682.8 төгрөг болж байгаа.
4.14. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу тал бүрээс нь, бодитойгоор үнэлж, Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн дүгнэлт гаргасан. Нэхэмжлэгч нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2312 дугаартай тушаалаар дуусгавар болгосныг өөрөө хүлээн зөвшөөрдөг бөгөөд тухайн тушаалтай танилцсан талаар шүүх хуралдаанд тайлбар гаргасан.
5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах боломжийг, мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт ажилтанд шийдвэрийг танилцуулснаар хүчин төгөлдөр болохыг тус тус зохицуулсан. Иймээс нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцаа 2023 онд дуусгавар болсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.
5.3. Харин 2025 онд шинээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Тухайлбал, хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, ажилд томилсон тушаал байхгүй, байгууллагын үндсэн ажилтнаар бүртгэгдээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, байгууллагын дотоод бүртгэлийн системд ажилтнаар бүртгээгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.
5.4. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах үүргийг хуульчилсан бөгөөд нэхэмжлэгчийн дурдсан хугацаанд шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Гэрчүүд талууд цалин хөлсний талаар тодорхой тохиролцоо хийгдсэн эсэх нь тогтоогдоогүй, талуудын хооронд ийм тохиролцоо байсан эсэх нь тодорхой бус гэж мэдүүлсэн. Банкны дансаар мөнгөн шилжүүлэг хийгдсэн нь дангаараа хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнийг нотлохгүй бөгөөд тухайн шилжүүлэг нь түр хугацааны ажил, үйлчилгээ, эсхүл тооцоо нийлсэн төлбөр зэрэг өөр эрх зүйн харилцааны хүрээнд хийгдсэн байх боломжтой. Иймээс зөвхөн мөнгөн шилжүүлгийн баримтад үндэслэн хөдөлмөрийн харилцаа сэргэсэн гэж үзэх боломжгүй.
5.5. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай шаардлагын хувьд хөдөлмөрийн харилцаа тасралтгүй үргэлжилсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, мөн нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэл хангалттай тогтоогдоогүй. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлд заасан ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох үндэслэлгүй.
5.6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нь 2023 онд хөдөлмөрийн харилцаа дуусаагүй, үргэлжилсэн, улмаар жирэмсний амралтаа авсан гэж тайлбарласан. Гэвч 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон талаар өөрөө хүлээн зөвшөөрсөн, мөн нийгмийн даатгалаа хувиараа төлсөн зэрэг нөхцөл байдлаас үзэхэд тухайн үеэс хойш ажил олгогчоос шимтгэл төлөгдөөгүй, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон нь тогтоогдож байна.
5.7. Нэхэмжлэгч хөдөлмөрийн харилцаа үргэлжилсэн гэж маргаж, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа уг агуулгаар гаргасан байдаг. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Харин сүүлд гаргаж ирсэн тушаалтай холбоотой асуудлын тухайд анхан шатны шүүх хуралдааны явцад уг асуудлын талаар тодорхой яригдаагүй бөгөөд утсаар холбогдож урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийсэн гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй. Иймээс уг хэрэгт урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зохих журмын дагуу хийгдээгүй гэж үзэх үндэслэлтэй.
5.8. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. ******* ХХК-аас *******ын нийгмийн даатгалын шимтгэлийг 2022 оны 09 дүгээр сард 500,000 төгрөгийн цалингаас тооцож, 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарыг дуусталх хугацаанд сар бүр 1,200,000 төгрөгийн цалингаас тооцож төлсөн;
3.2. ******* нь 2023 оны 02 дугаар сараас 2024 оны 07 дугаар сарыг дуустал сайн дурын нийгмийн даатгалд хамрагдсан;
3.3. ******* ХХК нь ******* банкны ******* тоот данснаас *******ын эзэмшлийн ******* банкны ******* тоот дансанд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 09 дүгээр сарын сүүл цалин гэсэн утгатайгаар 600,068 төгрөгийг, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ******* тоот данснаас ******* тоот дансанд 10 сар урьдчилгаа цалин гэсэн утгатайгаар 2,000,000 төгрөгийг, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ******* тоот данснаас ******* тоот дансанд 10 сарын сүүл цалин утгатайгаар 110,050 төгрөгийг, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 11 сарын урьдчилгаа цалин утгатайгаар 2,000,000 төгрөгийг, 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 11 сарын сүүл цалин гэсэн утгатайгаар 2,671,800 төгрөгийг, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 12 сарын эхэн цалин гэсэн утгатайгаар 1,250,000 төгрөгийг, 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 12 сарын сүүл цалин гэсэн утгатайгаар 1,239,863 төгрөгийг, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 1 сарын урьдчилгаа цалин гэсэн утгатайгаар 1,250,000 төгрөгийг, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 1 сарын сүүл цалин утгатайгаар 1,373,722 төгрөгийг, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 2 сарын эхэн цалин гэсэн утгатайгаар 1,250,000 төгрөгийг, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 2 сарын сүүл цалин гэсэн утгатайгаар 1,022,973 төгрөгийг, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 3 сарын урьдчилгаа цалин гэсэн утгатайгаар 1,250,000 төгрөгийг, 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 3 сарын сүүл цалин гэсэн утгатайгаар 1,899,450 төгрөгийг, 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 4 сарын эхэн цалин гэсэн утгатайгаар 1,250,000 төгрөгийг, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 4 сарын сүүл цалин гэсэн утгатайгаар 1,146,705 төгрөгийг, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 5 сарын эхэн цалин гэсэн утгатайгаар 1,250,000 төгрөгийг, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 5 сарын сүүл цалин гэсэн утгатайгаар 399,739 төгрөгийг, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 6 сарын эхэн цалин гэсэн утгатайгаар 1,250,000 төгрөгийг, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 6 сарын сүүл цалин гэсэн утгатайгаар 328,026 төгрөгийг, 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 7 сарын урьдчилгаа цалин гэсэн утгатайгаар 600,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн;
3.4. ******* ХХК-аас *******ын 2025 оны 08 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг 1,516,535 төгрөгөөс тооцож төлсөн;
3.5. ******* ХХК-аас *******ын эзэмшлийн ******* банкны ******* тоот дансанд 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 1,223,920.70 төгрөгийг цалин гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн;
4. Зохигчдын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэдэгт зохигч маргахгүй боловч хөдөлмөр эрхлэлтийн харилцаа хэдийнээс хэдийг хүртэл үргэлжилсэн, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон үндэслэл, өөрөөр хэлбэл хөдөлмөр эрхлэлтийн харилцаа ажилтны эсхүл ажил олгогчийн хэний санаачилгаар цуцлагдсан, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан нь үндэслэлтэй эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг давж заалдах шатны шүүхээс залруулна.
6. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад анх 2022 оны 09 дүгээр сараас эхлэн ажиллаж эхэлсэн, 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр жирэмсний амралт авсан, жирэмсний болон амаржсаны амралттай байж байгаад 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ажилдаа буцаж орсон, ажил олгогчийн зүгээс 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ажлаас халж байгаа талаар амаар мэдэгдэж хөдөлмөр эрхлэлтийн харилцаа ажил олгогчийн санаачилгаар үндэслэлгүй цуцлагдсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан бол хариуцагч нь нэхэмжлэгч 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 01 дүгээр сарын дуусталх хугацаанд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, 2025 оны 08 дугаар сараас дахин ажилд орох хүсэлт гаргаж дахин ажиллаж эхэлсэн боловч удирдах албан тушаалтнуудтай маргалдсаны улмаас өөрөө ажлаа хаяж явсан гэж маргасан байна.
6.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хариуцагч байгууллагад арьс гоо заслын их эмчээр 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн, ийнхүү ажлаас чөлөөлөгдсөнөөр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон, 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр дахин ажилд орж, 6 хоног ажил үүрэг гүйцэтгэн 6 хоногийн цалинд 1,223,920.70 төгрөг авсан боловч 2025 оны 08 дугаар сард ажилд орох үед ажил олгогч, ажилтан нарын хооронд хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, ажилд томилсон тушаал албажаагүй тул талуудын хооронд хуульд заасан хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг хийжээ.
6.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хариуцагч байгууллагад 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд ажилласан гэж үзэхдээ хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт болон хариуцагч байгууллагын захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн OR/23/12 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг үндэслэсэн байна.
Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор хариуцагч нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 01 дүгээр сарыг дуусталх хугацаанд төлсөн, мөн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалд ажилтны хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон дуусгавар болгож байгаа талаар дурдсан байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчид 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүр цалин хөлс олгосон байдлыг анхан шатны шүүх анхаараагүй байна.
6.3. Нэхэмжлэгчийн банкны дансны хуулгаар хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчид сар бүр цалин олгосон болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд хариуцагч байгууллагад ажилласан гэж үзэх үндэслэлтэй.
6.4. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагатай 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгоогүй, 2023 оны 07 дугаар сард жирэмсний амралт авсан, улмаар амаржсаны амралттай байсан, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ажилдаа эргэн орсон гэх боловч ажил олгогчийн зүгээс жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөг олгож байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь 2024 оны 07 дугаар сарыг дуустал хугацаанд сайн дурын нийгмийн даатгалд хамрагдсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийн гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болоогүй байсан гэх тайлбар үндэслэлгүй.
6.5. Дээр дурдсаныг нэгтгэвэл хариуцагч 2023 оны 01 дүгээр сараас хойш нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, нэхэмжлэгч өөрөө сайн дурын даатгалд хамрагдсан, ажил олгогчийн зүгээс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаал гаргасан зэрэг нь нэхэмжлэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд цалин хөлс авсан байдлыг үгүйсгэх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийг хариуцагч байгууллагад арьс гоо заслын их эмчээр 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж уг хугацаагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон гэж дүгнэх үндэслэлтэй ба анхан шатны шүүхийн дүгнэлтийг энэ агуулгаар залруулан дүгнэнэ.
6.6. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад дахин ажиллах хүсэлтийг гаргаж, улмаар 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг дуусталх хугацаанд арьсны их эмчийн ажлын байранд ажилласан болох нь зохигчдын гаргасан тайлбар, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн 2025 оны 08 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн баримт, хариуцагчаас нэхэмжлэгчид 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 1,223,920.70 төгрөгийг цалин гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн баримт зэргээр тогтоогдож байхад анхан шатны шүүх 2025 оны 08 дугаар сард ажилд орох үед ажил олгогч, ажилтан нарын хооронд хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, ажилд томилсон тушаал албажаагүй тул талуудын хооронд хуульд заасан хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцээгүй байна.
6.7. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэснээс үзэхэд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтныг буруутгах үндэслэлгүй.
Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээ байгуулах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүйгээр нэхэмжлэгчээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтны нэгэн адил авч үзэх ба зохигчдын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж дүгнэнэ. Анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлтийг дээрх байдлаар залруулна.
6.8. Зохигчдын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон үндэслэлийг нэхэмжлэгч нь ажил олгогчийн зүгээс 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ажлаас халж байгаа талаар амаар мэдэгдэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар үндэслэлгүй цуцалсан гэж тайлбарласан бол хариуцагч нь нэхэмжлэгч ажил олгогч байгууллагын удирдах албан тушаалтнуудтай маргалдсаны улмаас өөрөө ажлаа хаяж явсан гэж өөрөөр тайлбарлажээ.
6.9. Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч ажлын байраа өөрөө орхин явсан тул 30 хоногийн хугацаанд хүлээсний эцэст ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгчийн ажилласан хугацааны цалинг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөр тооцож, 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр түүний дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн ажилласан хугацааны цалинг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөр тооцож, 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр түүний дансанд шилжүүлснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.5 дахь хэсэгт заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосонтой холбоотой цалин хөлсний тооцоог хийсэн гэж үзэх үндэслэлтэй.
6.10. Хариуцагч нь 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн огноотой OR/25/012 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг шүүхэд гаргасан, уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйл болон Дотоод журмын 6.9.4-т заалтыг тус тус үндэслэн арьсны их эмч албан тушаалтай ******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа 30 хоног тасалсан тул 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж байгаа талаар дурдсан байна.
Уг тушаал нь хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгон цалин хөлсний тооцоог хийж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон үйл баримттай зөрчилдөхийн зэрэгцээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийн алийг нь баримталсан нь тодорхойгүй, тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт заасны дагуу ажилтанд танилцуулж, нэг хувийг нь хүлээлгэн өгсөн байдал тогтоогдоогүй тул тухайн тушаалыг зохигчдын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр гэж үзэхгүй.
6.11. Хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийг харилцааг үндэслэлгүй дуусгавар болгосон болох нь тогтоогдож байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулна.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс давж заалдах журмаар гомдол гаргасан 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт нийт 31,219,255 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч *******т олгоно.
7.1. Өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрын хэмжээг тооцохдоо хариуцагчаас нэхэмжлэгчид 7 хоногийн хугацаанд олгосон цалин хөлс болох 1,223,920 төгрөгийг 7-д хуваан гарсан дүн 174,845 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс давж заалдах журмаар гомдол гарсан 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх ажлын 179 өдрөөр тооцоход 31,219,255 төгрөг болсон болно.
7.2. Зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаагүй, нэхэмжлэгч нь арьсны их эмчийн ажлын байрны сарын цалин 5,000,000 төгрөг гэж, хариуцагч нь уг ажлын байрны сарын цалин 3,000,000 төгрөг гэж тус тус маргаж, хариуцагч талаас зохигчдын хооронд өмнө нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан гэх 3,000,000 төгрөгийн дүн бүхий хөдөлмөрийн гэрээг, нэхэмжлэгч талаас мөн өдөр байгуулагдсан гэх 5,000,000 төгрөгийн дүн бүхий гэрээг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн, эдгээр гэрээ нь өмнө үүсч дуусгавар болсон хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд хамааралтай тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, Дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчид олгосон цалин хөлсний дүнгээс дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцсоныг дурдах нь зүйтэй.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах нь ажил олгогчийн үүрэг тул нэхэмжлэгч *******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч ******* ХХК-д даалгана.
9. Хариуцагч нь нэхэмжлэгчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосонтой холбоотой тушаал шийдвэрийг танилцуулж, нэг хувийг нь хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийг хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх хуульд заасан журам зөрчсөн гэж үзээгүй болно.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо нь техникийн шинжтэй алдааны улмаас 2025 оны 03 дугаар сарын 24 гэж огноологдсон байгааг мөн дурдав.
Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/03231 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ыг ******* ХХК-ийн арьсны их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 31,219,255 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгч *******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч ******* ХХК-д даалгасугай гэж,
2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 314,046 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 320,557 төгрөг, 70,200 төгрөг, нийт 390,757 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Б.УУГАНБАЯР