Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 1441

 

 

 

 

 

 

 

 “Эрдэнэ зам” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/03893 дугаар шийдвэртэй,

 

          Нэхэмжлэгч: “Эрдэнэ зам” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Монгол Улсын Засгийн газарт холбогдох

 

Концессын гэрээ байгуулсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

         Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.        

 

         Шүүх хуралдаанд:

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Мандах,

         Хариуцагчийн өмгөөлөгч:  Б.Баатарсайхан, М.Баяраа,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

           Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Эрдэнэ зам" ХХК нь Монгол Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтод хөтөлбөрийн хүрээнд Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 127 км хатуу хучилттай авто замын ажлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсан нээлттэй тендер шалгаруулалтад гүйцэтгэгчээр шалгарч барилгын ажлыг 62.9 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэхээр Зам, тээврийн яам, Хөгжлийн банктай 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гурвалсан гэрээ байгуулсан. Засгийн газрын 2011 оны 336 дугаар тогтоолоор тухайн чиглэлийн авто замын санхүүжилтийг Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар гүйцэтгэхээр шийдвэрлэсэн бөгөөд Эдийн засгийн хөгжлийн яам болоод Хөгжлийн банкны зүгээс 2013 онд уг төслийг санхүүжүүлэх бодит эх үүсвэр хүлээгдэж байгаа гэх үндэслэлээр гэрээт ажлыг эхлээгүй өнөөдрийг хүрсэн ба Монгол Улсын Засгийн газар 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр "Эрчим хүчний барилга угсралтын трест" ХХК-тай "Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 см хатуу хучилттай авто зам төслийн барих шилжүүлэх /ВТ/ концессын гэрээ байгуулжээ. Төрийн бодлого залгамж чанартай, харилцан уялдаа холбоотой байх зарчмын дагуу дээрх авто замын төслийг гэрээний дагуу хийж гүйцэтгэхээр манай компани Зам тээвриин яам болон Хөгжлийн банктай гэрээ байгуулж их хэмжээний материаллаг зардал гаргасан. Гэрээ хүчин төгөлдөр нөхцөлд Монгол Улсын Засгийн газар өөр аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан нь үндэслэлгүй бөгөөд гэрээ байгуулсан процессыг нууж улмаар … сайтад сая байршуулахад нэхэмжлэгч тал мэдсэн бөгөөд улмаар шүүхэд хандсан. Манай компанийн зүгээс дээрх авто замын төслийг гэрээний дагуу хийж гүйцэтгэхээр хүн хүч, хөрөнгө, техникийн татан авалт зэрэг нэлээдгүй зардлыг гаргасан бөгөөд уг авто замын төслийн ажлыг өнөөдөр ч хийж гүйцэтгэх боломж бололцоо байгаа тул холбогдох төрийн байгууллагууд болон Зам тээврийн яаманд өмнө удаа дараа гаргасан хүсэлтээ тодорхой илэрхийлсэн, концесс олгох уралдаант шалгаруулалттай холбоотойгоор компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байх тул Монгол Улсын Засгийн газар 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр "Эрчим хүчний барилга угсралтын трест" ХХК-тай “Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төсөл"-ийн барих шилжүүлэх /ВТ/ концессын гэрээ байгуулсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгчийн хувьд гэрээгээ хэрэгжүүлэх үүднээс удаа дараа эрх бүхий төрийн байгууллагад хандсан. Өөрөөр хэлбэл Аж үйлдвэрийн яамны үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байсан Эдийн засгийн хөгжлийн яаманд удаа дараа хандаж байсан. Уралдаант шалгаруулалт зарласан үйлдэлд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч энэ үйлдлээ хүчингүй болгосон учраас манайх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Өөрөөр хэлбэл энэ үйл баримт нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 456 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдсон гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Содбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын Их Хурлаас баталсан 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого, 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр баталсан Концессын тухай хуулийг тус тус баталсан. Концессын тухай хуулийн дагуу концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр санхүүжүүлдэг. Монгол Улсын төсөв хязгаарлагдмал учраас дэд бүтцийн болон нийгмийн салбарын төсөл хөтөлбөрийг судлан төр, хувийн хэвшлийн түншлэл /концесс/-ээр хэрэгжүүлдэг бөгөөд Концессын тухай хуулийн 6.1.1 дэх заалтын дагуу Засгийн газар 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 317 дугаар тогтоолоор "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ыг баталсан. Тус жагсаалтад авто замын барих-шилжүүлэх уралдаант шалгаруулалт явуулах нийт 12 төсөл орсон бөгөөд үүнд Баянхонгор-Алтай чиглэлийн 256.1 км хатуу хучилттай авто зам багтсан. Дээрх тогтоолын 2-т "Жагсаалтад тусгагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, төсвөөс эргэн төлөгдөх төлбөрийг ажил бүрийн улсын төсөвт үе шаттайгаар тусгахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалагсугай". 3-т "Жагсаалтад орсон авто зам, боловсролын салбарын төслүүдийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг зарлах болон шууд гэрээний хэлэлцээг хийхдээ багцалж эсхүл хэсэгчилсэн байдлаар зохион байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрсүгэй" гэж заасны дагуу Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүргийн дагуу тус яамнаас 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдрийн 13.00 цаг хүртэл Баянхонгор-Алтай чиглэлийн авто замыг 129.4, 126.7 км-ээр тус тус хэсэгчлэн зарласан. 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км авто ямын концесс олгох уралдаант шалгаруулалтыг дүгнэхэд оролцогч шалгараагүй тул тус шалгаруулалтыг хүчингүйд тооцсон. Үүний дараа Концессын тухай хуулийн 17.1.3 дахь "уралдаант шалгаруулалт зарласан боловч санал ирээгүй, эсхүл шаардлагад нийцсэн санал ирээгүй бөгөөд уралдаант шалгаруулалт дахин зарласан ч шаардлагатай хугацаанд санал ирэх магадлал бага гэж эрх бүхий этгээд үзсэн", заалтын дагуу Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн "Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай" 87 дугаар тогтоолын дагуу Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км авто зам төсөл"-ийн концессын гэрээг 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр "Эрчим хүчний барилга угсралтын трест" ХХК-тай байгуулсан. Концессын тухай болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиуд тус тусдаа өөр өөр харилцааг зохицуулдаг бөгөөд “Эрдэнэ зам" ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаа авах тухай хуулийн дагуу Зам тээврийн яам болон Хөгжлийн банктай Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам барилгын ажлын гэрээг байгуулсан байдаг. "Эрдэнэ зам" ХХК-ийн гэрээ байгуулсан 126.7 км хатуу хучилттай авто зам нь "Эрчим хүчний барилга угсралтын трест" ХХК-ийн байгуулсан гэрээнд заасан зам нэг зам юм. Засгийн газар 2013 оны 317 дугаар тогтоолоор "Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто, зам төсөл"-ийг Концессын тухай хуулийн дагуу хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд "Эрдэнэ зам" ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Зам, тээврийн яам болон Хөгжлийн банктай хамтран "Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төсөл"-ийн барилгын ажлын талаар байгуулсан гэрээ нь Концессын тухай хууль болон Засгийн газрын 2013 оны "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай" 317 дугаар тогтоолтой огт хамааралгүй байх тул Монгол Улсын Засгийн газар "Эрчим хүчний барилга угсралтын трест" ХХК-ийн хооронд “Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төсөл"-ийн барих-шилжүүлэх /ВТ/ концессын гэрээ байгуулсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох тухай "Эрдэнэ зам" ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү гэжээ.

           

Шүүх: Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 127 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг "Эрчим хүчний барилга угсралтын трест" ХХК-иар гүйцэтгүүлэхээр Концессын гэрээ байгуулсан Монгол Улсын Засгийн газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч "Эрдэнэ зам" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол Улсын Засгийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч "Эрдэнэ зам" ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Содбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанаар Концессын тухай хуулийн 6 дугаар зүйл 6.1.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу 2012 онд Зам, тээврийн яамны "Эрдэнэ зам" ХХК-тай байгуулсан "Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төсөл"-ийн барилгын ажлын талаар байгуулсан гэрээ болон Концессын тухай хууль болон Засгийн газрын 2013 оны "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай" 317 дугаар тогтоолын дагуу 2015 онд байгуулагдсан концессын гэрээний шийдвэрт дурдсан авто замууд нь давхардсан” гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Концессын тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1.1-д "концесс гэж төрийн, эсхүл орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх зорилгоор энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээний үндсэн дээр эзэмших, ашиглах, шинээр бий болгох шинэчлэн сайжруулах онцгой эрхийг", хуулийн 3.1.2-т "концессын зүйл" гэж Засгийн газар, Аймаг, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан, концессын гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад тусгасан зүйлийг" гэж тус тус заасан. Монгол Улсын төсөв хязгаарлагдмал учир дэд бүтцийн болон нийгмийн салбарын төсөл хөтөлбөрүүдийг судлан төр, хувийн хэвшлийн түншлэл /концесс/-ээр хэрэгжүүлэхээр Концессын тухай хуулийн 6 дугаар зүйл 6.1.1 дэх заалтын дагуу Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 317 дугаар тогтоолоор "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ыг баталсан бөгөөд "Баянхонгор-Алтай чиглэлийн 256.1 км хатуу хучилттай авто зам төслийг концессын гэрээ байгуулан хэрэгжүүлэхээр заасны дагуу Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төслийн концессын гэрээг байгуулсан. Концессын тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиуд тус тусдаа өөр өөр харилцааг зохицуулдаг бөгөөд "Эрдэнэ зам" ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Зам, тээврийн яам болон Хөгжлийн банктай Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам барилгын ажлын гэрээг байгуулсан байдаг. Дээрх авто замын төслийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх эх үүсвэргүй болсон тул Засгийн газраас төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. "Эрдэнэ зам" ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Зам, тээврийн яам болон Хөгжлийн банктай хамтран "Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төсөл"-ийн барилгын ажлын талаар байгуулсан гэрээ нь Концессын тухай хууль болон Засгийн газрын 2013 оны "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай" 317 дугаар тогтоолтой огт хамааралгүй ба дээрх гэрээ, концессын эрх олгох шийдвэрт зам давхардсан гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхийг хүсье гэжээ.

 

                                                                 ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Эрдэнэ зам” ХХК нь хариуцагч Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 127 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК-иар гүйцэтгүүлэхээр Концессийн гэрээ байгуулсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч “Эрдэнэ зам” ХХК нь  2012 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Зам, тээврийн яам болон Хөгжлийн банктай Байдрагын гүүр-Алтай  чиглэлийн 127 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу байгуулсан байна. /хх-ийн 20-56 дугаар тал/.

 

Гэвч хариуцагч Монгол Улсын Засгийн газар 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Концессийн гэрээ байгуулах эрх олгох, тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 87 дугаар тогтоол гаргаж, “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК-тай  “Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн барих-шилжүүлэх (BT) концессийн гэрээг байгуулжээ. /хх-ийн 57-63, 81-85 дугаар тал/

 

            Монгол Улсын Засгийн газар болон “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК-ийн байгуулсан концессийн гэрээний зүйл нь нэхэмжлэгч “Эрдэнэ зам” ХХК-тай байгуулсан 2012 оны 12 сарын 3-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний зүйлтэй давхардсан болох нь талуудын байгуулсан гэрээ, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч “Эрдэнэ зам” ХХК-тай байгуулсан Байдрагын гүүр-Алтай чиглэлийн 127 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр байхад хариуцагч Монгол Улсын Засгийн газар тухайн гэрээний зүйлийг өөр этгээдээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэхдээ Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5, 6.2.6-д зааснаар концессын зүйлийн талаар судалгаа хийх, санал боловсруулах, концессын зүйлийн жагсаалтыг нийтэд мэдээлэх зэрэг хуулийн шаардлагыг хангасан эсэх нь нотлогдоогүй, хуулийн дээрх шаардлагыг хангаагүй, судалгаа тооцоогүй, ажлын уялдаагүй дахин гэрээ байгуулсан үйлдэл нь хуульд нийцсэн гэх үндэслэлгүй болно.    

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй нь орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/03893 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БАТЗОРИГ        

                                   

                                            ШҮҮГЧИД                                       Э.ЗОЛЗАЯА                                                                                    

                                                                                                  Г.ДАВААДОРЖ