Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/00336

 

Т.Згийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 129/ШШ2017/00435 дугаар шийдвэр,

      Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 20 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Т.З

          Хариуцагч: Б.Эд холбогдох

          Үндсэн нэхэмжлэл: Зээлийн гэрээний үүрэгт 9.990.000 төгрөг гаргуулах тухай,

        Сөрөг нэхэмжлэл: 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг

          Хариуцагч Б.Э, түүний өмгөөлөгч Б.А нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Э, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

     Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Б.Эд 2013.05.25-ны өдөр 4сая төгрөгийг 5 сарын хугацаатай сарын 7% хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн гэрээг 2014.10.25 болтол сунгасан. Зээлийн гэрээ сунгалттай учраас Б.Эыг зээлсэн мөнгөө өгчихнө гэж бодсон. Сүүлд нь Б.Этай уулзаад 4сая төгрөг дээр өгөөгүй хүүгээ нэмээд 6.550.000 төгрөгийн гэрээг хийж гарын үсэг зуруулсан. Гэрээгээ гурван ч удаа сунгасан. Би 4сая төгрөг зээлүүлсэн тул сар болгон ажил дээр нь очдог. Утсаар ярихаар “Хүүхэд өвчтэй байна...эмнэлгээр явлаа... Ганаа бид хоёр хоёулаа мэдэж байгаа...” гэдэг. Тухайн үед эднийх “кимчи”/халуун ногоо/ хийдэг байсан. 2014 онд 6 550 000 төгрөг дээр зээлийн гэрээ хийчхээд мөнгөө өгөхгүй болохоор дахин уулзахад “Намар зээлээ хөөцөлдөөд  мөнгөө өгнө” гэсэн. Тэгээд өгөөгүй бүх хүүгээ нэмээд 8 990 000 төгрөгөөр зээлийн гэрээ хийсэн. 8 990 000 төгрөгийн гэрээ хийчхээд 2016.01.25-ны өдөр ажилладаг сургууль дээр нь очиж гарын үсэг зуруулсан. “Энэ мөнгөө яг хэзээ өгөхөө хэл. 2013 онд зээлсэн 4 сая төгрөг зөндөө удчихлаа гээд сургуулийнх нь урлагийн заалны эхний эгнээнд сууж байгаад “8 990 000 төгрөгийг 2016 онд ихэвчлэн барагдуулна” гэж би өөрөө бичээд зөвшөөрсөн гэдэг дээр нь Б.Э эгчээр гарын үсэг зуруулж байсан. 2016 онд Б.Энжаргал эгч “Солонгос улс руу явна” гэж хэлж байсан. Уулзах болгондоо “Нөхөр чинь мэдэж байгаа юу?” гэхэд “Мэдэж байгаа. Бид хоёр энэ мөнгийг чинь төлнө. Хүүхэд өвдөөд мөнгөний боломж болсонгүй. Зээл бүтсэнгүй” гэдэг байсан. 2016 оны хичээлийн жил эхлэхэд очиж уулзахад Солонгос яваад ирсэн байсан. Мөнгөө гэхэд “Эгч нь 2 сар л ажилласан. Удахгүй эгч нь дахиад явна. Дахиж хөөцөлдөж байгаа” гэсэн. Тэгэхээр нь би худлаа ярьж намайг хий чулуу хөөлгөөд хэдэн жил ч хамаагүй явах юм байна гэж бодоод шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 8 990 000 төгрөгөөс хүү, алданги тооцож 16 сая төгрөг нэхэмжилж хандсан. Эхлээд Б.Э эгч эвлэрүүлэн зуучлагчтай уулзахдаа “Мөнгө төгрөг аваагүй, энэ мөнгийг нь төлж чадахгүй” гээд  явсан байсан. Гэрээ хийсэн нөхцөлд бэлэн мөнгийг хүлээн авсанд тооцно гэж заасан байгаа. 4 сая төгрөг зээлснээс хойш хүүнд 280.000 төгрөг 2 удаа, 100.000 төгрөг 2 удаа, 60.000 төгрөг 1 удаа, 50.000 төгрөг 1 удаа, нийт 770.000 төгрөг өгсөн. Иймд 2013.05.25-2014.10.25 болтол 17 сарын хүү 4 760 000 төгрөгөөс 770 000 төгрөгийг хасч 3 990 000 төгрөг, 2014.10.26-с хойш 100 өдрийн алданги 2 000 000 төгрөг, үндсэн мөнгө 4 000 000 төгрөг, нийт 9 990 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч хариу тайлбарт: Т.Згээс зээлж авсан мөнгөө өгч барагдуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Би Т.Згээс 4сая төгрөг бэлнээр аваагүй, 1 сая төгрөг л авч байсан. Т.З хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж авдаг байсан. Тэгээд өөрөө нөхөөд биччихсэн байна. Үүнд гомдолтой байна. Гэрээгээ авъя гэж нэхсэн боловч надад гэрээний нэг хувийг өгөөгүй. Өөрөө л ингэж янз бүрээр яриад байгаа болохоос биш одоо ч гэсэн надад гэрээний нэг хувь байхгүй. Сүүлийн их мөнгөтэй гэрээн дээр намайг машин дотор оруулж дарамталж байгаад гарын үсэг зуруулсан. Сургууль дээр очиж янз бүр болоод, янз бүрийн мессеж бичээд байхаар нь би түүн дээр нь гарын үсэг зурсан байж магадгүй. Түүнээс биш би яг 4сая төгрөг бэлэн тоолж аваагүй. Манай нөхөр ч үүнийг нотолж байгаа. Сургууль дээр зодолдсон асуудал байхгүй. Гэрээ байгуулсан бол надад нэг хувь нь байх ёстой. Гэтэл надад ямар ч гэрээ өгөөгүй. Өөрөө л нотлох баримт болгон бичиж, гэрээн дээр надаар гарын үсэг зуруулж баримтжуулж байгаа гэжээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: 2013.05.25-ны өдөр зээлдүүлсэн 4 сая төгрөг, хүү 3.990.000 төгрөг, алданги 2 сая төгрөг, нийт 9.990.000 төгрөг нэхэмжилсэн байна. Би энэ өдөр 4сая төгрөг бэлнээр зээлж аваагүй. 2010 оны зун шиг санагдаж байна, би Т.Згээс 1сая төгрөг бэлнээр зээлж авсан. Энэ үед гэрээ хийх гэтэл Т.З дараа нь хийе гээд бичгийн гэрээгүйгээр авсан. Зээлсэн 1 сая  төгрөгийн хүү болон үндсэн зээлээ 2011-2012 онд төлж дууссан. Гэтэл Т.З нь утсаар байнга доромжилж дарамталдаг, ажил дээр ирж дуудаж ажил хийлгэхгүй дарамталж загнаж байгаад гэрээний хоёр ширхэг маягтан дээр гарын үсэг зуруулж зээлдэгчийн хаяг, индекс, утсыг надаар бөглүүлж, мөн нэг ширхэг хоосон цагаан цаасан дээр гарын үсэг зуруулж авч явсан. Гэрээгээ авъя гэхээр дараа ирж аваарай, би биччихээд дуудъя гээд өгдөггүй. Гэрээний нэг хувь нь одоо болтол надад байхгүй. 2013.05.25-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, надаар хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан. Миний гарын үсгийг ашиглаж гэрээг нөхөж хийсэн байна. Иймд 2013.05.25-нд хийсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

          Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Б.Эд 4 сая төгрөг зээлдүүлсэн ба энэ нь ямар нэгэн 1 сая төгрөгийн хүүг нэмсэн дүн биш. Би 2  зээлийн гэрээ болон хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж, дараа нь нөхөж бичээгүй. 4 сая төгрөгийн гэрээ нь 4 сая төгрөг зээлдүүлсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Хоёр гэрч асуулгаж байгаа нь хуурамч нотлох баримт бүрдүүлж байна гэж үзэж байна гэжээ.

       Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 129/ШШ2017/00435 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг тус тус баримтлан Б.Эаас 9.890.000 төгрөг гаргуулж Т.Зд олгож, нэхэмжлэлээс 100.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан 2013 оны 05 сарын 25-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах  сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан Т.Згээс төлсөн 174.790 төгрөгийг хэвээр үлдээж, хариуцагчаас 173.190 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас төлсөн 174 790 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

       Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 20 дугаар магадлалаар Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 129/ШШ2017/00435 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагч тал хяналтын гомдолдоо: Шүүх бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Бямбасүрэн  нэхэмжлэгчтэй найз учир нэг талыг барьсан шийдвэр гаргасан. ...2010 онд 1 сая төгрөг зээлж аваад 2011 онд төлж дуусгасан. Т.З миний гарын үсгийг ашиглаж 2013-05-24-ний өдөр 4 сая төгрөг зээлсэн гэж хуурамч гэрээ хийсэн байна. 2013.05.25, 2014.06.25, 2015.08.25 гэсэн 3 удаа зээлийн гэрээ хийсэн гэж хуурамч гэрээ гаргаж ирж байна. 2010 онд 1сая төгрөгийг зээлж түүнийгээ төлж барагдуулчхаад эргээд 9.990.000 төгрөгийг хүүд төлөх хүнд байна. Надад хүүгийн хүү, алданги тооцож байгаа нь шударга бус байна. Хүүд  төлсөн 870.000 төгрөг нь 2013-05-25-ны өдрөөс хойших дансны хуулга болон нэхэмжлэгчийн гар тэмдэглэлд огт байдаггүй. Өөрөөр хэлбэл, 2013-05-25-ны өдөр хийсэн гэх гэрээнээс өмнө 870.000 төгрөгийн хүүг төлсөн байдаг. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж дүгнээгүй.Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.  Т.З олон хүнийг залилан мэхэлж, хоосон гэрээн дээр гарын үсэг зуруулан авч түүнийгээ ашиглан гэрээг өөрөө нөхөн бичиж  байгаа талаар цагдаагийн байгууллагад гомдол гарган  эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа гэжээ.

     Нэхэмжлэгч хяналтын гомдол өгсөн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч хариу тайлбартаа: 1. Миний бие Б.Этай 2011 оноос эхлэн 7 удаагийн зээлийн гэрээгээр мөнгө зээлдүүлэн өгч, авалцаж байсан. Б.Э нь намайг залилсан мэтээр гомдол гаргажээ. ... хэрэв надад залилуулсан гэж үзэж байсан бол энэ тухайгаа шүүхийн шийдвэр гарахаас өмнө цагдаагийн байгуулагаар шалгуулж, эсвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гэрээнүүд хуурамч эсэх талаар мэргэжлийн шинжээч нараар дүгнэлт гаргуулах зэрэг үйл ажиллагаануудыг явуулах эрх нь нээлттэй байсан ... надад мөнгө төлөхгүй, мөнгө төлөхөө хойшлуулах гэсэн арга гэдэг нь тодорхой байна. Түүнээс биш анхан шатны шүүхээр шалгуулаагүй нотлох баримт дараагийн шатны шүүхэд хэрхэн үнэлэгдэх талаар мэдэхгүй өмгөөлөгч байхгүй гэж үзэж байна. 2. Шүүгчийг миний талд үйлчилсэн гэж нотолгоогүй, үндэслэлгүй хардан шүүгчийн нэр хүндэд зориудаар сэв суулгах гэсэн оролдлого гэж үзэж байна. ...давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгчээс татгалзаагүй хирнээ одоо шүүгчийг буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй арга ядсан тайлбар байна. ...бүрэлдэхүүнтэй гаргасан шүүхийн магадлалыг ганц шүүгч гаргасан мэтээр бичиж буй нь үндэслэлгүй. 3. Миний бие Б.Эын гарын үсгийг ашиглаагүй бөгөөд хариуцагч нь аваагүй мөнгөн дээр гарын үсэг зурах, ...зээлийн гэрээний сунгалтыг удаа дараа хийх, өгөөгүй саруудын хүүнийхээ мөнгийг үндсэн мөнгөн дээрээ нэмж гэрээ хийхгүй бөгөөд авсан мөнгөн дээрээ удаа дараа сунгалт болон өгөөгүй хүүний мөнгийг үндсэн мөнгөн дээрээ нэмж гэрээ хийх  зэрэг үйлдлүүдийг өөрийнхөө хүсэл зоригийн дагуу хийж байсан, энэ нь надад мөнгөө ямарч саадгүйгээр төлнө гэдэг илэрхийлэл болж байсан. Өөрөө ч байнга мөнгөө төлнө гэдгээ илэрхийлж шүүхэд нэхэмжлэл гаргуулахгүйгээр хугацаа авах аргыг удаа дараа хийж байсан. Мөн хүүний мөнгөө нэмж зээлийн гэрээг шинэчилж байгуулсан үйлдэл 2 удаа байсан ба мөнгөө өгөх талаар хугацаа хэлж, итгэл үнэмшил бүхий зүйлийг байнга ярьдаг байсан нь шүүхэд хандах хугацааг хойшлуулж, өгөхгүй байх аргыг хайж байсан явдал юм. Энэ хүний үгэнд үнэмшиж 5 жилийн хугацааг алдсан байна. Миний бие Б.Этай ямар нэгэн хууль зөрчсөн гэрээ байгуулаагүй бөгөөд хуулиар үндсэн зээл, хүү, алданги авах эрх надад бий. Хариуцагч гэрээний хариуцлагаа хүлээж байгаа нь шударга бус үйлдэл биш юм. Мөн Б.Э зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах үүрэг бий болгох иргэний эрх зүйн бүрэн чадамж бүхий хариуцлага нь өөртөө зээлийн гэрээний эрх үүрэг үүсгэж байгаа билээ. Өмгөөлөгч нь өөрийн үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалахдаа хуульд заасан эрхийнхээ дагуу гэрээг хуурамч эсэхийг шалгуулах эрхээ эдлээгүй хирнээ гомдолдоо хуурамч гэрээ гэж бичээд байгаа нь зохимжгүй бөгөөд ...870.000 төгрөгийг гэрээнээс өмнө хүү төлсөн гэдэг нь үндэслэлгүй тайлбар байна. ...хуулийн ямар заалтыг шүүх зөрчөөд байгаа нь тодорхойгүй байна. Мөн намайг ...цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа мэтээр үндэслэлгүй гүтгэсэн байна. ...хариуцагчийн өмгөөлөгч ёс зүүгүй бүдүүлэг аашилж байгаад гомдолтой байгаа бөгөөд өмгөөллийн ёс зүйн хороонд хандана. Иймд Б.Э бид хоёрын дунд байгуулагдсан гэрээ нь хуульд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болоогүй, тооцогдоогүй, хуурамчаар үйлдсэн үйл баримт нотлогдоогүй учир хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

      Т.З 2017-04-12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Б.Эаас үндсэн зээл 4.000.000 төгрөг, хүү 3.990.000 төгрөг, алданги 2.000.000 төгрөг нийт 9.990.000 төгрөг шаардсан байна. /хх1/

      Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч /хх10/ 2013-05-25-ны өдрийн гэрээг хуурч мэхэлж, хүч хэрэглэн хийсэн гэж хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл /хх 146/ гаргажээ.

     Анхан шатны шүүх “... зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ...гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэн үндсэн зээл 4 000 000 төгрөг, хүү 3 990 000 төгрөг, алданги 2 000 000 төгрөг нийт 9 990 000 төгрөгөөс хүүнд төлсөн 870 000 төгрөгийг хасаж...” үлдэх 9 890 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулсныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна. 

      Шийдвэр, магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      1. Үндсэн нэхэмжлэлийн талаар

      Т.З шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн гэрээг үндэслэсэн байх бөгөөд үүнд “...Б.Эд 4.000.000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй нэхэмжлэгч зээлүүлэх...” үүрэг хүлээжээ.

   Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд гэрээ хуульд нийцсэн хүчин төгөлдөр байх тохиолдолд гэрээний үүргийг талууд шаардах эрхтэй. Хуульд зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул хэргийн оролцогч хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран гэрээ хүчин төгөлдөр эсэхийг шүүх тогтооно.  

      Хэрэгт авагдсан баримт болох Хаан банкны Т.Згийн дансны хуулга /хх 22-89/, нэхэмжлэгч өмнө хариуцагчид хүүтэй мөнгө зээлүүлдэг байсан тухай зохигчдын тайлбар, 2014-06-25 болон 2015-08-25-ны өдрийн /хх 103, 206/ гэрээ зэргээс нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагааг байнгын орлого олох хэлбэрээр эрхэлдэг бөгөөд уг үйл ажиллагааны явцад Б.Эд 4.000.000 төгрөг зээлүүлсэн гэж үзэхээр байна.

       Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т зааснаар зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлөөр эрхэлнэ.     

      Т.З нь зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй гэж үзэх баримт хэрэгт байхгүй тул 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр  хүчин төгөлдөр бус байна.

       Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ хүчин төгөлдөр бус байх тул Т.З хүү, алданги шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлээс хүү 3.990.000 төгрөг, алданги 2.000.000 төгрөг нийт 5.990.000 төгрөгийн шаардлагыг шүүх хангасан нь буруу гэж үзлээ.

      Харин, хариуцагч 2013-05-25-ны өдрийн гэрээгээр 4.000.000 төгрөг  хүлээн аваагүй гэх боловч уг тайлбараа баримтаар нотолж чадаагүй байна. Зохигчид гэрээг сунгаж, Б.Э зээлээс зарим төлбөрийг төлсөн нь тогтоогдсон тул Т.З Б.Эд 4.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн гэж хоёр шатны шүүх үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

      Хүчин төгөлдөр бус гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг хариуцагч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу буцааж төлөх үүрэг хүлээнэ. Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

       Б.Э нь 4.000.000 төгрөгийн нэхэмжлэгчээс авсан, буцааж 870.000 төгрөг төлсөн нь тогтоогдсон тул хариуцагчаас үлдэх 3.130.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

       3. Сөрөг нэхэмжлэлийн талаар

   Шүүх Б.Эын сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн  хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь дутагдалтай болжээ.       

      Хариуцагч “...хуурч мэхэлж, хүч хэрэглэж хэлцэл хийсэн...” гэсэн үндэслэлээр 2013-05-25-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага тавьсан байна.

      Б.Э сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгч хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн гэж үзэх боломжгүй буюу Иргэний хуулийн 59, 60 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй байна.

      Түүнчлэн, 2013-05-23-ны өдрийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй юм.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

      1. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 20 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 129/ШШ2017/00435 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Б.Эаас 3.130.000 төгрөг гаргуулж, Т.Зд олгож, нэхэмжлэлээс 6.860.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, 2 дахь заалтын “...56 дугаар зүйлийн 56.1..” гэснийг “...59, 60 дугаар зүйл...” гэж, 3 дахь заалтын “...173.190 /нэг зуун далан гурван мянга нэг зуун ер/...” гэснийг “...64.490 төгрөг...” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтуудын хэвээр үлдээсүгэй. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 174.790 төгрөгийг Б.Эд захирамжаар буцааж олгосугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                         Б.УНДРАХ